UBLife Logo
Урлаг

“Shark Tank” нэвтрүүлэг гарахаас өмнө таны мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ

UBLife
UBLife
“Shark Tank” нэвтрүүлэг гарахаас өмнө таны мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ

Дэлхийн 30 гаруй оронд амжилттай зохиогдоод буй бизнесийн ертөнцийн халуун өрсөлдөөнийг харуулдаг ABC телевизийн “Shark Tank” реалити шоу манайд зохиогдохоор болсон билээ. Тус шоу нэвтрүүлэг нь Америкийн телевизийн салбарын шилдэг бүтээлийг шалгаруулдаг “Эмми” шагналд 9 удаа нэр дэвшиж, 3 удаа “Шилдэг телевизийн шоу”-гаар шалгарсан бизнесийн салбарын тэргүүлэгч нэвтрүүлэг гэдгээрээ алдартай.  

Бизнесийн гараагаа эхлүүлж байгаа хувь хүн, албан байгууллага, жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулах, өрсөлдөөн бий болгодог тус нэвтрүүлэг 2009 оноос өнөөг хүртэл амжилттай зохион байгуулагдаж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс 5.8 сая тогтмол үзэгчтэй гэсэн судалгаа ч бий. 

Өнөөг хүртэл 8 улирлын дугаар цацагдсан бөгөөд эхний 6 улиралд л гэхэд шүүгч болох бизнесийн салбарын "аварга загас"-ууд 495 өөр компанид 63 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийжээ. Бизнесийн гүн гүнзгий далайд аварга загас байх уу, жараахай байх уу гэдгээ оролцогчид төрөл бүрийн сорилт, сонирхолтой даалгавраар таниулах юм. 

Шоуны бүх цаг үеийн хамгийн амжилттай оролцогч Жамес Мартин "Copa Di Vino" дарсны компанидаа 600 мянган ам.долларын хөрөнгө оруулалтыг нэвтрүүлгийн хамгийн хүчирхэг "аварга загас" бизнес эрхлэгч Кевин О’Лиригээс авч чадсан удаатай. 

Салбартаа амжилттай яваа манлайлагч тэрбумтангууд шүүгчээр ажиллан, олон төрлийн сорилт, шалгуурын дараа шалгарсан оролцогчдийн бизнес санааг хэрэгжүүлэхэд хэрэгцээт хэмжээний мөнгөн хөрөнгө оруулах юм. “O’Leary”, “Softkey” компаний үүсгэн байгуулагч Кевин О’Лири, “The Corcoran” группийн үүсгэн байгуулагч Барбара Анн Коркоран, “FUBU” группийн захирал Даймонд Жон зэргээр шоуны тэрбумтан "аварга загас"-уудын жагсаалт үргэлжилнэ. 

Тэгвэл үзэгчиддээ үргэлж шинэ содон нэвтрүүлгээр бэлэг барьдаг “Монгол HD” телевиз "Shark Tank” нэвтрүүлгийг монгол "аварга загас", монгол оролцогчидтойгоор хэрэгжүүлэхээр болжээ. Бизнесийн ертөнцөд орон зайгаа бий болгосон бизнес эрхлэгчдийн төсөөлөшгүй сорилтын дор залуус хэрхэн өрсөлдөх бол? Тэд хөрөнгө оруулалт татаж, бизнесээ бүтээн босгож чадах бол уу? Нэвтрүүлэг 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй бөгөөд салбартаа нэр хүндтэй яваа эрхмүүд байх юм. "Өгөөж Чихэр Боов" компанийн Ерөнхий захирал С.Түмэнгэрэл, "МАК" компанийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, "Гацуурт" компанийн ерөнхий захирал Л.Чинбат, "Хас" банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, "Монгол базаалт" компанийн ерөнхий захирал Л.Ариунболд нар тус нэвтрүүлгийн шүүгч, хөрөнгө оруулагчид болох юм.  Мөн явцын дунд зочин шүүгч, гэнэтийн сорилт даалгаврууд оролцогчдийг хүлээж байна. 

Ингээд ням гараг бүрийн 19:30 цагаас “Монгол TV”-ээр бизнесийн болоод бүтээгдэхүүний хөрөнгө оруулалт хайж байгаа зорилго, тэмүүлэлтэй төсөл хэрэгжүүлэх залуусын сонирхолтой өрсөлдөөнийг шимтэн үзэж, өнөөгийн бизнесийн ертөнцийг тольдохоор тэсэн ядан хүлээх цаг ирлээ. Тэд бэлэн. Та бэлэн үү? 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.