Техник технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед хүүхэд гадаа тоглох нь бүү хэл, гэртээ ч хөдлөх нь багасч, хөдөлгөөний дутагдалд орж байгаа тухай Охайо Их сургуулийн эрдэмтэд дэлгэрүүлэн судалжээ. Тэд 10 жилийн турш 4979 харааны бэрхшээлтэй хүүхэд залууст судалгаа явуулсан бөгөөд хүүхдүүд бага насандаа хязгаарлагдмал орчинд удаан байх нь харааны бэрхшээлд хүргэдгийг нотолжээ. Хараанд ээлтэй гэгддэг ямар ч ухаалаг утасны дэлгэцийн долгион биеийн хөгжил нь гүйцэд явагдаагүй бага насны хүүхдийн хараанд нөлөөлж насан туршийн харааны гажгийг бий болгодог аж.
"Компьютерийн хамгаалалттай шил зүүх, нүдээ амраах зэрэг нь сөрөг долгионыг саармагжуулдаг ч бүрэн хамгаалж чаддаггүй. Учир нь хүүхэд ухаалаг утсыг хэт ойроос хардаг тул холын хараа муудах эхлэл болдог. Эцэг эх нь хоёулаа харааны бэрхшээлтэй бол хүүхэд нь харааны бэрхшээлтэй болох магадлал 60 хувиар нэмэгдэнэ." гэж тэд үзжээ.
Насанд хүрсэн хүн ч хязгаарлагдмал орчинд удаан суух нь аажмаар харааны бэрхшээлтэй болгож, энэ хэвээр удаан явбал хурдацтай даамжирдаг байна. Харааны бэрхшээлтэй бага насны хүүхдийн хараа муудсан ч энэ талаар ойлголтгүй байдаг тул мэддэггүй аж. Тиймээс хүүхдээ долоо хоногт дор хаяж 14 цаг гадаа талбайд тоглуулж, боломжтой бол аялалаар явж, уул толгод, алсын зураглалд дасгах хэрэгтэй гэж Охайо Их сургуулийн судалгааны баг зөвлөжээ.
Эх сурвалж: CNN