UBLife Logo
2017 оны ОНЦЛОХ

2017 оны хамгийн шилдэг хавтастай 10 НОМ (Гадаадын)

UBLife
UBLife
2017 оны хамгийн шилдэг хавтастай 10 НОМ (Гадаадын)

Хамгийн дэгжин хавтастай номыг жагсаана гэдэг ухаалаг бүсгүйчүүдийг өмнөө зогсоогоод “Хэн илүү гоёмсгоор нүдээ будаж вэ?” гэж цэгнэхтэй адил. Гэвч гартаа барьсан номоо дарс адил шимж, үг үсэг бүрийг мэрэх дуртай хэрсүү уншигчдын хувьд номын хавтас ч чухал билээ. Ингээд өнгөрөн одож буй 2017 онд номын ертөнцөд өнгө нэмсэн шинэ бүтээлүүдийг онцолж байна. 

1. The Clockwork Dynasty

Зохиолч: Дэниэл Х.Уилсон Зураач: Майкл Холлик Өнөөг хүртэл хэвлэгдсэн зөгнөлт зохиолуудаас эрс ялгарах бичлэгийн өнгө аяс, хэлбэр найруулга бүхий шинжлэх ухааны роман. 1725 онд ах дүү хоёр ирээдүй, өнгөрсний заагийг илтгэх хүн-роботтой нүүр тулж буйгаар эхлэх адал явдлыг зураач цаг хугацааны аяллаар дүрсэлжээ. 300 жилийн аян зам, хүний амьдралын давтагдашгүй мөн чанарыг тэр “хүүрнэх” болно. 

2. Is That Kafka?

Зохиолч: Райнер ШтахЗураач: Эрик Картер Нэрийг нь “Кафка мөн үү?” гэж хөрвүүлж болохуйц, Франц Кафкагийн амьдралын тухай бидний мэдэхгүй 99 баримт бүхий намтарчилсан ном. Зураач Эрик Картер Кафкагийн тухай ямар ч номын хавтсыг хар өнгө, эрс шулуун загваргүйгээр төсөөлөх учиргүй гэж үзээд олон арван хувилбараас үүнийг сонгожээ. Кафкагийн хамгийн алдартай хөргийг уусан алга болж буйгаар дүрсэлсэн нь түүний олноос нууц дотоод ертөнц, оршихуйг илтгэж буй. 

3. The Zoo of the New 

Зохиолч: Ник Лэйрд, Дон Патерсон Зураач: Ричард Грин Орчин цагийн яруу найрагт Шекспир, Т.С.Элиотийн өнгө аясыг эргүүлэн авчирсан гэж тодорхойлогдоод буй зохиол. Хавтас нь ч өөрийн давтагдашгүй онцлогтой. Энэ тухай зураач “Шүлгийн мөр, бадаг бүр өөрийн хэлбэртэй байж гэмээнэ яруу найраг болдог. Тэр жишгээр энэхүү зохиолын цор ганц шинжийг геометрийн хурц содон дүрсүүдээр илэрхийлэхийг хүссэн” гэж өгүүлжээ.

4. Voices from the Jungle

Зохиолч: Чикагогийн их сургууль Зураач: Жонатан Грэй “Номын хавтас бүтээнэ гэдэг хоол хийхтэй адил” гэж Ж.Грэй хэлж байв. 2002 оноос хойш нэр хүндтэй олон номын хавтсыг бүтээлээрээ чимсэн түүний “хоол” бүр өөр орцтой. Захиалгын дагуу бус хүсэл таашаалынхаа зоргоор бүтээлдээ ханддаг нь оны эхээр бүтээгдсэн дээрх номоос бэлхнээ харагдана. 

5. Nineteen Eighty-Four

Зохиолч: Жорж ОруэллЗураач: С.Ричардсон Алдарт зохиолч Жорж Оруэллийн сор бүтээл “1984” өнөөг хүртэл янз бүрийн 42 хавтастайгаар хэвлэгджээ. 1949 онд анх хэвлэгдсэн уг бүтээлийн сүүлийн буюу өнгөрсөн гуравдугаар сард хэвлэгдсэн хувилбарыг 42 дахин сайжирсан гэж дүгнэж болохгүй ч шилдгүүдийн нэг хэмээн итгэлтэйгээр нэрлэж болно. 

6. Men without women

Зохиолч: Харүки МүракамиЗураач:  Чип Кидд2016 оны нөлөө бүхий дизайнеруудын тоонд багтсан уран бүтээлч Чип Киддийн бүтээл. Тэрээр хүүрнэл зохиолын мастер Харүки Мүракамитай хамтран ажиллаад удаж буй. Үүнээс өмнөхөн “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд” номын хавтсыг бүтээснээр бид сайн мэднэ. Х.Мүраками өнгөрсөн тавдугаар сард хэвлэгдсэн “Men without women” зохиолынхоо дүр төрхийг ч мөн түүнд даалгажээ. Зураач эдгээрээс гадна орон орны зохиолчдын 1500 гаруй номыг уран бүтээлээрээ чимээд байна.

7. Bloodprint 

Зохиолч: Аусма Зеханат ХанЗураач: Макаела Алкаино  Австралийн гэрэл зурагчин, зураач, дизайнерын энэ оны онцлох бүтээлийн нэг. Европт өвөрмөц хэв маягаараа танигдсан залуухан эмэгтэй зураачийн зургууд өнгө, хээ, нарийн чимгүүдээрээ эрхгүй ялгардаг. “Уран бүтээлчийн арга барилаа хадгалах хэрэгтэй ч бүтээл бүртээ сүнслэг, этгээд байдлыг шингээхийг хүсдэг. Тиймээс номоо хэд дахин уншиж, бүрэн мэдэрсэн хойноо л ажилдаа эргэлт буцалтгүй ордог” хэмээн тэрбээр ярьжээ.

8. The Children of Jocasta Natalie Haynes

Хавтасны дизайныг: Эми Смитсон Зураач: Петра БёрнерЭми Смитсон ажлаа дүгнэхдээ “Цоо шинэ ертөнцийг агуулсан ном барин суух уншигчийн хувьд хавтас бүхнийг илэрхийлэх түлхүүр болдог. Тиймээс ч би гоё сайхныг бус үнэнийг илтгэхийн тулд Петрагийн зургийг ашиглан хавтсыг бүтээсэн” гэжээ. Түүний зураг, дизайн романы агуулгад бүрэн нийцсэнийг та олж харна. 

9. Such Small Hands 

Зохиолч:  Андрес Барба Зураач: Дан Могфорд Аав нь нас барж, ээж нь ухаангүй болсон  Марина охин өөрийн нэрээр хүүхэлдэйгээ нэрлэнэ. Тэр асрамжийн газарт амьдрах болсон ч үеийн охидоосоо тэс өөр байлаа. Сэтгэл түгшээм, уяраам атлаа сонирхол татам энэ түүхийг магад өөр хэн ч ийм ер бусын дүрсэлж чадахгүй байсан биз ээ. 

10. Warren the 13th and all-seeing eye

Зохиолч: Таня дел РиоЗураач: Вилл Стэйхл Хавтсаас гадна хуудас бүртээ үйл явдлын шигтгээ зургуудтай энэхүү хэвлэлд улаан цэнхэр өнгийг нэгтгэжээ. Ид шидийн хүүрнэл, адал явдалт зохиолын баатруудын санаанд оромгүй адал явдлууд үргэлжилнэ. Зарлага хүү дэн буудлын хонгилд орсноор ад зэтгэрийн атлаа сэтгэл догдлоом ертөнцөд хөл тавих болно. Эхнээсээ дуустал огт өөр ертөнцөд таныг хөтлөх зурагт бүтээл. 

Харин таны бодлоор хамгийн шилдэг хавтастай ном аль нь вэ?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
30
10
10
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.