Улаанбаатар хотын хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэхийн зэрэгцээ автомашины түгжрэл ихэссээр... Өглөө ажил сургуульдаа явах, орой гэртээ харих гэдэг хотын иргэд бидний хувьд хүндхэн асуудал болжээ. Та ч бас өдөр бүр нийтийн тээвэр хүлээн, түгжрэл дунд урт хугацаа зарцуулдаг бол дараах алхмуудыг хэрэгжүүлээд үзээрэй.
1. Нийтийн тээврийн цагийн хуваарийг тооцоолох
Энэ аппликейшнийг ашиглан таны суух нийтийн тээвэр хаана явж байгааг харан цагаа тооцоолж болох юм. Эсвэл 7 хоногийн хугацаатай “ажиглалт” хийж, таны суудаг чиглэлийн нийтийн тээвэр хэр давтамжтай ирдгийг тэмдэглээрэй. Дараа 7 хоногт нь та илүү хүлээх шаардлагагүй болсон байна.
2. Подкаст сонсох
Нийтийн тээвэртээ амжиж суусан ч, түгжрэл дунд “хайран” цагаа хүлээж өнгөрөөдөг үү? Тэгвэл гар утсаараа тоглоом тоглож, дуу сонсохын оронд өөрт хэрэгтэй подкаст сонсохыг хичээгээрэй. “Хэл сурна” гэсэн зорилготой ч хангалттай цаг зав олддоггүй бол түгжрэлд өнгөрөөх цагаа өдөр бүр ашиглахад л хангалттай.
Танд санал болгох нийтлэл:
TOEFL-ийн шалгалтад өндөр оноо авахад тань туслах 10 подкаст
2018 онд сонсох 22 сонирхолтой подкаст
Таны сонсож байгаагүй тасархай 5 монгол подкаст
3. “Бодлын тэмдэглэл” хөтлөх
Түгжрэлд “гацах”-ыг хэн хүсэх билээ? Гэвч өдөр бүр амьдралынхаа тодорхой хугацааг өнгөрүүлж байгаа тул энэ хугацааг өөрийгөө дүгнэх багахан чөлөөт цаг болгоорой. Өглөөдөө “Энэ өдөр миний амжуулах 5 зүйл” гэсэн сэдвээр, оройдоо “Өнөөдөр миний сурсан 5 сургамж” гэсэн сэдвээр өөртөө дүгнэлт хийхэд л хангалттай. Та өөрөө төвлөрч чадвал эргэн тойрон, хүмүүсийн яриа, замын түгжрэлийг төдийлөн анзаарахгүй болов уу.
4. Шинэ үг цээжлэх
Шинэ үг цээжлэхийн тулд зориуд цаг гаргах шаардлагагүй. Танд таны тэмдэглэлийн дэвтэр юм уу, гар утас л байхад хангалттай. Өмнө нь сурч байгаад мартах дөхсөн гадаад хэлээ ч сэргээж болох юм.
Танд санал болгох нийтлэл:
Мартсан гадаад хэлээ сэргээх 5 арга
Хялбар аргаар шинэ үг цээжлэх 10 арга
Гадаад хэл сурахад тань саад болдог 5 бодол
Шинэ зүйл сурахад тань туслах 5 вебсайт
5. Танихгүй хүнтэй ярилцах
Өдөр бүр нэгэн хэвийн мэт танд хааяа санагддаг уу? Тэгвэл яагаад өдөр бүрийг “өөр” байлгаж болохгүй гэж? Үүний тулд өдөр бүр 1 шинэ хүнтэй яриа өрнүүлэхээс эхлээрэй. Эхний удаа танд эвгүй мэдрэмж төрж, тухайн хүн дургүйцлээ ч илэрхийлж магадгүй юм. Гэсэн ч та бүү шантраарай. Илүү нээлттэй хүн байхаар зорьж байгаа бол айдсаа давах хэрэгтэй. Шинэ танил, шинэ найзтай болох ч юм бил үү? Гэхдээ мэдээж хэтэрхий ил задгай ярих, эсрэг хүйсний хүнээ таагүй байдалд оруулахаас сэргийлэхэд гэмгүй. Таны зорилго өөр шүү дээ.
6. Ном унших
Нийтийн тээвэрт ном унших...Хүмүүс таныг эвэртэй туулай харсан мэт харж магадгүй. Таны ном уншиж байгааг харсан дараагийн хүн ч бас зориглоод цүнхээ уудлах ч юм билүү? Их хотдоо ном унших соёлыг хамтдаа дэлгэрүүлцгээе.
7. “Миний анзаардаггүй нэг аз жаргал” тоглоом тоглох
Орой бүр гэртээ харих замдаа нэг онцгой зүйлийг анзаарахыг хичээгээрэй. Бид өдөр тутмын завгүй амьдрал, хэт их технологижилтоос болж жижиг зүйлсийг анхаарахаа больсон байдаг. Замаар гарч яваа хүн рүү инээмсэглэх, жолоочид хандан “Баярлалаа” гэж хэлэх зэргээр өөрийн зүгээс хамаарах жижиг ч гэсэн баяр хөөртэй үйлдлийг хийгээрэй. Энэ мэтчилэн өөртөө зориулан “Миний анзаардаггүй нэг аз жаргал” тоглоомыг зохиогоорой.
8. Дасгал хийх
Нийтийн тээвэрт зогсож явахдаа ч хөлний дасгал хийж болох юм. Үүний тулд дараах алхамыг дагаарай.
-Хөлдөө мөрний хэмжээтэй зай аван зогсоно. (Бариулаас нэг эсвэл хоёр гараар барьсан байна)
-Өлмий дээрээ зогсоод 10 удаа доош бууна. (Өөрийгөө хүчлэлгүй аль болох аажуу хийхийг хичээгээрэй )
-Өлмийгөө дотогш харуулан зогсоод мөн дээрх байдлаар доош зөөлөн бууна.
9. Алхах
Түгжрэлийг өнгөрөөх хамгийн амар хялбар арга мэдээж алхах. Ялангуяа Улаанбаатар хотод гэрлэн дохио, 4 замын уулзвар зэрэгт түгжрэл үүсэх хандлагатай байдаг тулд нийтийн тээвэрт суухаасаа өмнө аль болох эдгээр “ноцтой” цэгүүдийг өнгөрөөвөл цаг хэмнэнэ. Өвлийн цагт дулаан хувцаслаж, халтиргаа гулгаанаас сэргийлэхээ мартуузай.