UBLife Logo
-

"Oxford Royale" академийн зөвлөсөн ЭССЭ бичих 7 ҮЕ ШАТ

UBLife
UBLife
"Oxford Royale" академийн зөвлөсөн ЭССЭ бичих 7 ҮЕ ШАТ

Тэтгэлэгт хамрагдахын тулд өөрийн зорилго, зорилтыг илэрхийлэхүйц чадварлаг эссэ бичих шаардлага тавигддаг. Зарим их дээд сургууль дүнгийн голч оноо, гаргасан амжилтаас илүү өөрийгөө тодорхойлсон эссэнд өндөр ач холбогдол өгөн тэтгэлгийн эзнийг шалгаруулдаг билээ. Тэтгэлэгт өрсөлдөхөөс гадна, академик боловсрол эзэмшихээр суралцах үед эссэ бичих шаардлага алхам тутам тулгарна. Тиймээс үр дүнтэй, бүтээлч эссэ бичихийн тулд дараах 7 үе шатыг баримтлахыг Оксфорд Их Сургуулийн дэргэдэх "Oxford Royale" академийн багш нар зөвлөжээ.

1. Сэдвээ нарийвчлан сонгох.

Сэдэв өгөгдсөн бол түүнийг нарийвчлах, дэлгэрүүлэх, хазайлгах, утга шилжүүлэх зэргээр хувирган баяжуулах хэрэгтэй. Харин сэдвийг өөрөө сонгох бол эссэний хэлбэр, өнцгөө нарийн тодорхойлоорой. “Таны цаашдын зорилт” гэсэн асуултад хариулахын тулд “Brainstorming” аргыг ашиглаарай. Үүний тулд цаасан дээр сэдвээ бичээд чөлөөт сэтгэлгээгээр хандан, холбоотой сэдэв, дэд сэдвүүдийг бичиж, үүнээсээ нарийвчилсан сэдвээ гаргах арга юм. 

2.  Санааныхаа гол шугмыг олоорой.

Сэвдээ нарийвчлан сонгосон бол түүнээ бүтээлчээр баяжуулах хэрэгтэй. Юун түрүүнд өөрт төрсөн бүх бодлоо бичиж дууссаны дараа зохион байгуулж, дэс дараагаар нь байрлуулж болно. Мөн зорилгоо эссэнийхээ толгой хэсэгт бичих нь эссэг эцсийн байдлаар буулгах үед өөр сэдэв рүү хэт хазайхаас сэргийлнэ. Ялангуяа тэтгэлгийн эссэ бичиж байгаа бол юун түрүүнд "Таны бусдаас ялгарах давуу тал юу вэ?", "Амьдралын онцлог юу вэ?" гэдэгт онцгой анхаарал хандуулаарай. Тантай адил хэдэн мянган оюутан яг л тан шиг эссэ бичихээр хичээллэж байгааг сана.

3. Гол санааг илэрхийлсэн хэсгийг тодотгох.

Эссэнд олон санаа, дүрслэл холилдсоноор гол утгыг уншигч ойлгох аргагүй болох аюултай. Тиймээс уншигчид “Аан энэ гол утга нь байна” гэсэн бодол төрөхүйц тодорхой болгох хэрэгтэй. Мэдээж таны эссэг мэргэжлийн багш нар, чадварлаг судлаачид унших тул логик дэс дараатай, "ухаалаг" эссэ бичихийг чухалчлаарай. Жишээ нь, та “Улсын ерөнхийлөгчийн тухай бодлоо хуваалцана уу?” гэсэн эссэний эхний хэсэгт ерөнхийлөгчийн тухай бичих бол, дараагийн хэсэгт “Ерөнхийлөгчийн улс орны харилцаанд нөлөөлөх байдал” зэргээр нарийвчлах хэрэгтэй. Өөрийгөө тодорхойлох эссэнд “Би шилдэг оюутны шагнал хэд хэдийг авсан” гэлгүй “Би өөрийгөө сорих, тэмцэх дуртай. Тиймээс шилдэг оюутанд өрсөлдөхдөө баяртай байсан” зэргээр тэмдэг нэрээр бус, үйл явдал, аргументээр санаагаа дэмжээрэй.

4. Араг ясыг буулгаарай.

Дээрх 3 үеийн дараа эссэний ерөнхий төрх байдал буух болно. Үүнийг зөв найруулан, холбоосыг гарган буулгаарай. Нэг параграф буюу цогцолбор нь нөгөөгөө дэмжих, дэлгэрүүлэх, уялдаж байх хэрэгтэй.

5. Шигтгээ оруулах

Үүний дараагаар эссэндээ сонирхолтой мэдээлэл, үйл явдал, эшлэл зэрэг орсныг нягтлаарай. Ямар өнцгөөс хэрхэн буулгав? Зорилгодоо хүрэхэд нэмэлт шигтгээ санааг хэрхэн оруулах уу? гэдэгт анхаараарай. 

6. Товч танилцуулга бичих

Өөрийн эссэний тухай цөөн өгүүлбэрээр тодорхойлоорой. Эрдэм шинжилгээний ажил, өгүүлэлд утга санаагаа танилцуулсан товч тайлбар хэрэгтэй болдог. Яг үүн шиг товч тодорхойлсноор тэтгэлгийн ярилцлагийн  үеэрх асуултад ч хариулах чадвартай болно.

7. Хянан нягтлах

Эссэг бичиж дуусгасны дараа үс үсэг, утга найруулгыг маш сайн хянах нь зүйтэй. Мэргэжлийн багш нарт үзүүлж санал зөвлөмж авах нь үр дүнтэй ч тэднийхээр утга санаагаа бүрэн өөрчлөх хэрэггүй. Таны өөрийн санаа цор ганц давтагдашгүй байх нь чухал юм шүү. Ингээд эссэгээ тэтгэлэгт илгээхээс өмнө ахин нягталаарай. Мөн таны эссэ “байдаг л нэг” болсон эсэхийг интернэтэд тавигдсан эссэтэй харьцуулж болох юм. 

Эх сурвалж: Oxford-royale.co.uk

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
9
11
27
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.