Саяхан өөрийн "Hangard Gang 777, Chapter I" цомгийг гаргасан, бас сошиал ертөнцөөр ихээхэн шуугиан тариад байсан Bhiisma-тай бид энэ удаа ярилцлаа. Түүний дотоод ертөнц, уран бүтээлийн тухай энэ ярилцлагаас уншиж, бусдын хэлж ярьснаар бус өөрийн мэдрэмжээрээ хүлээн авч, ойлгоорой.
-Таны гаргасан цомгийн дуунуудыг сонсож үзсэн. Тэр дундаас “Ойрхон” гэж дуу сонирхлыг минь маш их татсан л даа. Та энэ дууны үг, аяыг яаж бодож олсон бэ?
-Би хоёр удаагийн аяллаар бодож олсон. Сүүлийн гурван жилийн хугацаанд би маш их аялсан. Эхний удаа Гачууртын ууланд хоногоор аялаад, тэндээ бясалгал хийж байхад анх энэ дууны санаа орж ирсэн дээ. Эхний бадаг нь бичигдээд, хоёр дахь бадаг нь бичигдэхгүй байх үед Өмнөговь аймагт Ёлын ам руу аялахдаа 45 км замд 1 литр устай гурвуулаа уртын алхалт хийж яваад бичсэн. Энэ дуу хүн төрөлхтөнд зориулагдсан, хүн төрөлхтөн болоод ертөнц, байгаль гэдэг нь ямар учиртай вэ, энэ зүйлс хоорондоо ямар зохицолтой юм бэ гэдгийг харуулсан. Гэр гэдэг нь хүний дотор орших зүйл гэдгийг харуулахыг зорьсон доо.
-Ер нь гадаад улс орноор их аялдаг уу? Өөр орчинд бичсэн дуу, эх орондоо бичсэн дуу хэр ялгаатай байна?
Би аялах дуртай. Австрали, Филиппин, Турк, Хятад, Хонг Конгоор аялж байсан. Одоо бас Тайланд руу аялалд гарах гээд л байж байна. Хятадад байхдаа би тэнд өөрийн хамтлагтай байсан л даа. Гэхдээ бараг арав гаран жилийн өмнө юм байна. Энэ цомгийн бараг бүх дууг би Монголдоо бичсэн. Миний бүх зүйл одоо л эхэлж байна. Хоёр дахь цомгийнхоо продакшн дээр би одоо ажиллаж байгаа. Хоёр дахь цомог маань англи хэл дээр гарах болохоор би гадаад явах гэж байгаа юм л даа. Өөрийн улс орныг төлөөлөн олон улсад цомгоо гаргаж байгаа болохоор би өөрөө олон улсын төвшинд байх ёстой. Тиймээс дэлхийн том том хотуудаар амьдраад, амьдралын хэв маягийг хөгжүүлээд явах юм.
-Таны уран бүтээлээ туурвиж буй энэ хөгжмийн урсгалыг юу гэдэг вэ?
Би яг анх хип хоп хийдэг байсан. Бараг арав гаруй жил хөгжмийн аж үйлдвэрт хип хоп хөгжлийг авчрахын төлөө зүтгэсэн. Хип хопоос нэлээн дээрээс больж, трап хөгжим хийж эхэлсэн. “Hustla Music” гээд Desant, Black болон найзуудтайгаа нийлж 2012 онд Монголын анхны гоё трап цомгийг гаргаж байсан. Миний одоо хийж байгаа зүйл трап хөгжим л дөө. Гэхдээ эхний цомог маань юугаараа онцлог вэ гэвэл эхлээд трап байж байгаад хоёр дахь хэсгээсээ өөрчлөгдөөд явж байгаа. Миний хөгжимд цаашдаа асар олон өөрчлөлт хийгдээд явна. Миний амьдралын хэв маяг өмнө нь трап байсан. Одоо бол тийм биш, бүр илүү сайн сайхан зүйл рүү явж байгаа. Энэ ертөнцөд өөрийнхөө өгөх ёстой зүйлийг өгөхийн тулд л явж байна. Одоо өөрийн хийж байгаа хөгжмийн төрлийг би “Hangard Style” гэж хэлнэ. Ер нь цогцоороо соёл явж байгаа юм. Хувцаслалт, дизайн, сэтгэл зүй гээд бүх тал дээр.
-Та шашин шүтдэг үү?
Би шашин шүтдэггүй. Гэхдээ би энэ гоё ертөнцөд итгэдэг. Мөнх тэнгэр, бурхан гээд л хүмүүс янз бүрээр л ярьдаг л даа. Гэхдээ би тэр зүйлд итгэдэг. Тэр зүйлтэй ойрхон байхыг үргэлж хичээдэг.
- “Догь залуус” гээд нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Яагаад үргэлжлүүлэхээ больсон юм бэ?
Миний амьдралд одоо нөгөө гаруудын сенсаацлаад байгаа асуудал гарсан. Би шоронд орсон. Гэхдээ яагаад тэгж яриад байгаа юм бэ, шорон тийм муухай газар биш шүү дээ. Хүмүүс алддаг, тэгээд тэнд засрахын тулд ордог. Би тэр хугацаандаа ном маш их уншиж, бясалгал хийдэг байсан.
-Та өөрийгөө олж чадсан гэж боддог уу?
Би өөрийгөө маш дээр үед олсон байсан. Ер нь өөрийгөө хэтэрхий олох нь их аюултай шүү дээ. Миний ойлголтоор бол хүн өөрийгөө эхний ээлжид олж, нээж мэдээд түүнийхээ дараа өөрийгөө алах л хэрэгтэй юм билээ. Устгах хэрэгтэй. Тэгээд өөрийн дотроос өрөөл бусдыг олох хэрэгтэй юм байна гэдгийг би ойлгосон. Би өөрийгөө өмнө нь маш дээр үед олж байсан. Түүнийг миний өмнө нь хийж байсан хөгжим ч илэрхийлдэг юм билээ. Бүр хуучны дуунуудаа сонсоод заримдаа гайхдаг. “Wow”, би дээр үеэсээ л ийм байсан юм байна шүү дээ гээд л.
-Өөрийн бодлыг өөр өнцгөөс, өөр хэрэгсэл ашиглан түгээх санаа байгаа юу? Дуу хөгжмөөс өөрөөр?
Би өөрийгөө маш олон төрлөөр илэрхийлэхийг хүсдэг. Одоогийн байдлаар маш олон төсөл дээр ажиллаж байгаа. Дуу хөгжмөөс өөр бүх салбар дээр л манай “Hangard Gang” амьдралын хэв маяг маань явж байгаа. Хувцас загвар, гоёл чимэглэл, жишээ нь энэ зүүлт гэх мэт олон зүйл дээр бид ажиллаж байгаа. Гэхдээ ямар нэг зүйлийг бүтээхэд нэг хийгээд л гаргачихдаг юм биш. Мөн чанарыг нь бүтээхийн тулд цаг хугацаа орно. Одоо бол цаг хугацаа ороод л явж байна. Бид аяллаа дөнгөж эхлүүлээд явж байна. Дөнгөж гурван жил болж байгаа. Би одоо дөнгөж 31-тэй залуу. Энэ амьдралд зөндөө их юм хүлээж байна.
-Уран бүтээлийн ажлаа хэзээнээс хийж эхэлсэн юм бэ?
Уран бүтээл хийх хүсэлтэй, хийх юмсан гэж их урт хугацааг өнгөрүүлсэн. Миний яг өөрийн хийж эхэлсэн гэвэл Hangard Gang 777, Chapter I гэх энэ цомог юм. Цэвэр өөрийн уран бүтээлч сүнсийг сэрээж, уран бүтээлч сэтгэлгээгээр ажилласан.
-“Hangard Gang” анх яаж бий болов? Одоо хэдэн гишүүнтэй вэ?
Бид хэд ч цөөхүүлээ дээ. Гэхдээ бас маш их гэмээр ч юм шиг. Бүлэг ч гэмээр юм уу хөдөлгөөн ч гэмээр юм уу ийм нэг ойлголт дээр үеэс явсаар л байсан. Одоо бол дараагийн төвшинд хүрч, нэг соёлыг бүтээгээд явж байгаа. Өмнө нь би бизнесийн тал, менежмент бүх юмаа хариуцаад явдаг байсан бол одоо зөвхөн өөрийн уран бүтээлийг хийх тал дээр анхаарлаа хандуулах боломжтой болсон. Учир нь миний ард бүхэл бүтэн баг ажиллаж байгаа. Тэр хүмүүс маань манай энэхүү “Hangard Gang” юм. Манайхан цомхон, дандаа залуу хүмүүс байгаа. Бүгд өөрсдийгөө хөгжүүлэх, энэ соёлыг бүтээх тал дээр өдөр болгон ажиллаж байгаа. Энэ цомог болон өөр олон зүйл цаашаа гараад энэ бүхнийг харуулах байх. Би итгэлтэй байна.
-Чөлөөт цагаараа уран бүтээлээсээ гадна юу хийх дуртай вэ?
Би байнга бүжиглээд л байж байдаг. Дуу дуулах дуртай. Ер нь чөлөөт цагаараа хөгжилтэй л байх дуртай. Найзуудтайгаа янз бүрийн сэдвээр ярилцаж, ном их уншина. Ном бол үнэхээр гайхамшигтай.
-Та сүүлд ямар ном уншив? Хүмүүст ямар ном санал болгомоор байна?
Бүх уншигчдад би Пауло Коэльогийн “Алхимич” гэдэг номыг санал болгомоор байна. Энэ ном хүн төрөлхтний дотоод гайхамшгийг харуулсан, маш гоё адал явдалтай, сонирхолтой ном. Яг одоо бол Садгуругийн “Inner Engineering” номыг унших гээд, эхний хуудаснуудыг эхлүүлээд явж байгаа.
-Хүмүүсийн шүүмжлэлийг та юу гэж хүлээж авдаг вэ?
Хүмүүс ингэж их үзэн ядаад, сөрөг хандаж байгаа нь миний хувьд сайхан хэрэг болж байгаа. Яагаад гэвэл энэ нь намайг зөв зам дээрээ явж байгаа гэдгийг харуулж байгаа. Ямарваа нэгэн дуучин, хөгжимчин гарч ирэхэд тэр нь өмнө нь байсан ямар нэгэн уран бүтээлчтэй, бүтээлтэй адилхан байх юм бол хүмүүст шууд таалагдчихдаг. Далд ухамсарт нь танил болохоор, ямар нэг танил загвар байгаа болохоор түүнийгээ таалаад, “өө энэ гоё байна” гэж хүлээж авч болдог. Шал өөр, өмнө нь байгаагүй сонин юм гарч ирэхээр хүмүүс эхэндээ ойлгохгүй “таг” гээд шинэ юмтай нүүр тулдаг. Ихэнхдээ хүмүүс мэдэхгүй зүйлээсээ л айж, зугтдаг. Мэдэхгүй зүйлээ үзэн яддаг. Харанхуйгаас айдаг шүү дээ. Тийм болохоор хүмүүс үзэн ядаж, муулаад байгаа ч гэсэн тэр нь нээх буруу биш. Аажимдаа миний хөгжим цааш гарсаар байх үед энэ хүмүүс “Өө энэ чинэ нээрэн гоё л юм хийж байсан юм байна. Бид нар ойлгохгүй байсандаа л тэгсэн юм байна” гэж л бодох байх. Яагаад гэвэл миний хийж байгаа зүйл шал өөр байгаа. Тиймээс хүмүүс их цочмог хүлээж аваад байгаа.
-Та өмнө нь бас олон нэртэй байсан юм байна лээ. Ийнхүү нэрээ солиод байдгийн учир юунд байна вэ?
Би нэр гэдэг энэ тоглоомд их дуртай. Рэпперүүд янз бүрийн олон нэртэй байдаг шүү дээ. Нэр болгоны ард нэг характер байдаг. Нэр гэх зүйл яг л миний хөгжлийн явц гэж би ойлгодог. Одоогоор миний нэр “Bhiisma” болсон байгаа. Энэ бол санскрит нэр. Үүнийг би өөрөө бодож олоогүй, миний хүндэлж явдаг хүн надад энэ нэрийг өгсөн.
-“Bhiisma” гэж юу гэсэн утгатай нэр вэ?
Энэ нь бодлын хүчийг эрхшээгч гэсэн утгатай үг. Миний нэрүүд миний хөгжлийн цэгүүд л юм уу даа. Хурдтай, дээш, доош янз бүрийн цаг үеийг туулсаар одоо их хөгжилтэй цаг үе дээрээ ирсэн байна. Намайг цаашид ямар сонирхолтой зам хүлээж байгааг мэдэхгүй ч би тийш урагшилсаар л байна.
-Та сүүлд ямар шивээс хийлгэв?
Хамгийн сүүлд гэвэл энэ зүүн гар дээрх шивээсийг долоо хоногийн өмнө хийлгэсэн. Энэ бол очир. Маш хүчтэй, гоё бэлгэ тэмдэг. Очир бол маш цэвэр тунгалаг бас асар их хүч чадлыг бэлгэддэг. Баруун гар дээрээ харин цагийн хүрдийг шивүүлсэн. Энэ бас саяхных. Яг энэ шивээсийг хийлгэж байхдаа би ойлгосон. Үүнийг шивүүлсэн цагаас цаг хугацаа ердөө миний талд л үйлчлэх юм, цаг хугацаа бол миний дайсан биш харин итгэлт анд, миний хамгийн үнэнч боол гэдэг зүйлийг би ухаарсан. Шивээсэнд би үнэхээр ач холбогдол өгч ханддаг. Манай үеэл Халзаа шивээс хийдэг. Би түүнд 100 хувь итгэдэг. Тэр ч бас миний шивээснүүдээр өөрийгөө илэрхийлдэг. Зарим нь зүгээр миний өөрийн хүслээр ч биш Халзаа барьж аваад, зурах ч үгүй хийсэн “freestyle” шивээс. Би шивээсэнд их гэгээлгээр ханддаг юм аа.
-Таны амьдралын дүрэм юу вэ?
Хип хоп гэх зүйлд “Pussy, Money, Weed”, “Money, Power, Respect” гэх мэт зүйлс байдаг шүү дээ. Өмнө нь миний амьдралд тийм зүйл байсан. Гэхдээ одоо миний амьдралын дүрмүүд бүгд өөрчлөгдсөн. Одоо миний амьдралд шударга ёс, талархал, хайр гэсэн дүрмүүд л үйлчилж байна даа.
-Хүмүүс өөрсдийн баригдмал байдлаас хэрхэн салдаг юм бол? Таныг би аль хэдийн баригдмал байдлаасаа салсан юм болов уу гэж харж байна.
Өөрийн дотор хөгжүүлж байгаа тэр нэг бяцхан “гичийгээс” л салах хэрэгтэй. Тэр бол хүмүүс эго гэж нэрлээд байгаа хар юм л байх шиг байгаа юм. Үүнээс зүгээр нэг үйлдэл хийгээд салчихгүй юм аа. Тэр зүйлээс салах арга нь нэг үйлдлийг амьдралынхаа турш хэв маяг буюу “lifestyle” болгож хэрэгжүүлэх юм. Тэр үйлдэл нь юу вэ гэхээр “өгөх”, үйлчлэх. Өөрийн эгогоос салмаар байвал хамгийн түрүүнд хайртай хүмүүсээ хайрлаад, гэрийг нь цэвэрлэдэг ч юм уу яаж чаддаг, түүгээрээ л тэр хүмүүст үйлчлэх. Үйлчлээд ирэхээр яваандаа дотор байх хар юм багассаар байгаад, бусдад үйлчлэхийн аз жаргалыг олоод танихгүй хүнд ч бай, хэнд ч бай очоод үйлчлэхэд бэлэн болдог юм билээ. Хүмүүс бие биедээ их муухай хандаж байгаа шүү дээ. Түүнийг болихын тулд эхлээд дор хаяж зөвхөн хайртай хүмүүстээ бууж өгөөд, үгэнд нь ороод, үйлчлэх л хэрэгтэй. Мөнгө олохын төлөө амьдрах биш бусдын сайн сайхны төлөө, үйлчлэхийн төлөө л амьдрах хэрэгтэй. Энэ хугацаанд би өөр дээрээ туршилт хийсэн. Үүнээс миний ойлгож авсан зүйл бол энэ.
-Дуу хөгжимд таны ярьж байгаа энэ зүйлийг өгөх чадал байгаа юу?
Дуу хөгжим бол гайхамшигтай хүч чадал. Дуу хөгжим ямагт хүмүүсээс түрүүлж явж байдаг. Энэ хүч чадлыг мэдэрч байж хүмүүс харанхуйгаас гэгээрч, зүгээр байхдаа л аз жаргалтай байх тэр мэдрэмжийг олдог. Миний эхний цомгийн хувьд бол би өөрийгөө үүнд бүрэн өгсөн. Үүнээс эхлэн миний уран бүтээл гарч байна гэдэг нь би үйлчилж байгаа юм. Өөрийгөө гаргуунд нь гаргаад, бүх юманд бууж өгөөд, би яг юу хийх ёстой юм тэрийгээ хийе гээд бүх юманд буугаад өгсөн. Энэ дуунууд бол цаанаасаа л хийгдэх ёстой юм нь надаар хийгдэж байгаа миний үйлчилгээ. Миний дуунууд их эерэг энергитэй, өөрчлөлтийг хэрхэн авчрах вэ гэдэг арга замыг заасан газрын зураг шиг “shit” байгаа юм. Би өөртөө яаж туршилт хийгээд, яасан бэ гэдгийг өгүүлсэн амьдралын түүх. Энэ цомог хүмүүст сайн үр дүнгээ өгөөд, эерэг энергийг үржүүлээд явна гэдэгт итгэлтэй байдаг.
-Таны цомогт хэдэн дуу багтсан бэ? Одоо яг худалдаанд гарсан байгаа юу?
Найман дуутай. Онлайнаар, дижитал байдлаар зарагдаж байгаа. Бүх түгээлтийн сүлжээнүүдэд мөн зарагдаж байгаа. CD хувилбараараа гараагүй байгаа. Гэхдээ удахгүй гарна. Дуунууд бүгд үгтэйгээ юүтүб дээр тавигдсан. Надад харамлах зүйл алга. Тийм биз дээ? Заавал миний цомгийг худалдаж аваад, миний дууг сонс гээд хүмүүсийг боогоод байгаа ч юм шиг тэ? Намайг дэмжээд, намайг энэ зүйлээ дахиад хурдан сайхан хийгээсэй гэж бодсон хүмүүс нь тэр “CD”-ийг авна биз. Би хэн нэгнийг худалдаж ав гэж хүчиндэхгүй. Миний дууг сонсмоор байвал юүтүбээс ороод сонсчих, хүсвэл бүр юүтүбээс татаад ч сонсчих. Намайг дэмжмээр байвал зүгээр татахгүйгээр ороод сонсчих, “I don’t care”. Бүгд зүгээр л энэ эерэг энергийг хоорондоо хуваалцаад бие бие рүүгээ инээмсэглээд сайхан л байж байвал надад сайхан байна.
-Ойрын хугацаанд тоглолт хийх төлөвлөгөө байгаа юу?
Байгаа байгаа. Нэгдүгээр боть цомог ийнхүү гарлаа. Хоёрдугаар боть цомгийн дуунууд цацагдаж эхлэх үеэр “Hangard Gang 777, Part I” гээд бүрэн хэмжээний аялан тоглолт болох юм. Хугацааг зургаадугаар сард гэж төлөвлөж байсан ч юмс бодит байдал дээр өөр л байдаг юм билээ. Одоогийн байдлаар бид намар болтол хойшлуулаад байна. Цаг хугацаа харуулна. Гэхдээ ямар нэг зүйлийг цаг хугацаагаар хэмжихгүй үйлдлээр хэмжих нь илүү амжилттай юм байна гэдгийг ойлгоод байгаа. Цаг хугацаагаар хэмжвэл зөндөө их хийх юм байгаад, түүнийгээ хийх гээд л өөрийгөө шахаж бухимдуулж байснаас аажмаар хийгээд болох цагт нь болгочихвол гоё л юм билээ.
-10 жилийн дараа гэхэд та яаж өөрчлөгдсөн байх бол?
10 жилийн дараа ямар ч байсан би маш олон зүйл хийсэн байх болно. Тэр үед миний оюун санааны, миний сүнсний, биеийн төвшин шал өөр төвшинд байна байх. Тэр үед би одоо мэдэхгүй маш олон хэмжээстийг өөртөө нээсэн байна байх. Тэр үед би одоо өгч байгаа ярилцлагаа хараад өөрийгөө хайрлаж хүндлэх байх. (инээв)
-Таныг олон залуу уран бүтээлчдийг таниулахад тусалсан гэсэн байсан?
Desant бид хоёр олон жил хамтарч ажиллаж байсан. “Hustla Music” гээд төсөл хийхэд маш олон рэпперүүд байсан. “Click Click Boom”-ийн Black, “Street Man”-ий Mekh ZakhQ, Baby Cash бас Maaraa бяцхан хүүхэд байхаасаа намайг ах аа гэж хүндэлдэг байсан. Бид хоёр ах дүүгийн харьцаатай. Анхнаас нь л хамтдаа ажиллаж байсан. Нямбаа гээд авьяастай залуу байгаа. Тэр бас гоё шаана. “Young Nation” гээд хөдөлгөөн байдаг юм. Ер нь хамгийн залуу хөдөлгөөн. Тэд бүгд л намайг мэднэ. Бүгд миний бяцхан хөөрхөн дүү нар, хамт сайхан цаг хугацааг өнгөрөөж байсан. Манай шинэ залуу авьяастай дүү нар зөндөө байгаа. Хааяа хааяа уулзаж, энэ тал дээр зөвлөгөө өгдөг. Миний энэ 10 жилд хуримтлуулсан туршлага бол хэрхэн залуу рэпперийг дотроос нь нээж, өөрийг нь олуулж, сайн сайхан зүйлд хүргэх вэ гэдэг юм. Миний хийсэн төслүүд амжилтгүй болж байгаагүй. Одоо “Desant”-ийн нэр хүндийг хар л даа. Тэр одоо Монголд “хамгийн” л байна.
-Хүмүүс ийм төрлөөр уран бүтээл хийж байгаа залуусыг амьдралын буруу хэвшилтэй гэж харах гээд байдаг талтай.
Тийм, гэхдээ манай гангийн залуучууд бол огт архи, тамхи хэрэглэдэггүй. Спортоор хичээллэж, өөрсдийгөө маш сайн анхаардаг. Бие, бодол бүх юмаа л хайрладаг. Амьдралын ийм хэв маягийг хэрэгжүүлээд гурван жил болж байна. Тэгэхээр гоё л юм билээ. Бүх зүйл маш цэгцтэй, ойлгомжтой болдог. Цомог ч гэсэн үүнийг илэрхийлнэ. “Өглөөний хүн” гээд дуу байгаа. Тэр бол миний амьдралыг өөрчилсөн тийм бүтээл. Өөрийгөө хайрлах гоё. Өглөө эрт босох гоё. Спортоор хичээллээд биеийнхээ чилээг гаргах гоё.
-“Өглөөний хүн” дуу “Хийморийн сан” гэх нэрээр хүмүүс дунд их тархаад байсан.
Аан тийм, тийм. Тэгээд байсан. Гэхдээ яадаг юм, би лав уран бүтээлдээ хайртай, уран бүтээлээ хүндэлдэг. Хэн юу гэх нь надад хамаагүй. Би яг 365 хоног дараалан өглөө болгон бороотой ч бай цастай ч бай гүйгээд л, нар мандахыг харж байхдаа тэр дууг өглөө болгон дуулдаг байсан. Тэр дуу надаар бүтэн жилийн хугацаанд асар их юм хийлгэсэн. Өглөө тэр дууг дуулаад л учраа олчихдог. Миний хувьд яг мантра шиг. Хүн бодлоо цэгцлэхийн тулд мантраг ашиглавал их дажгүй шүү дээ. Ямар нэг зүйл хийхээс цааргалаад, эсвэл болохгүй байвал дотроо, “За, би энэ зүйлийг хийнэ ээ” гээд хэлэхэд л тэр хүний бодол цэгцрээд явчихдаг. Үг гэдэг маш хүчтэй үйл. Юм бодонгуут л тэр бодол биелдэг гээд байхад чинь үг гарч байгаа юм чинь түүнээс хүчтэй үйл байгаа биз дээ? Тиймээс энэ дуу надад хүчтэй нөлөөлсөн, олон хүнд ч нөлөөлнө гэдэгт итгэдэг. Манай залуучууд ч бас үгийн хүчийг ойлгоорой. Нэг үг хэлээд, тэр гарсан л бол үүрд гарсан. Муухай үг хэлэх муухай... гээд хэлэнгүүт л муухай байгаа биз дээ? (инээв) Гоё юм гоё шүү гэхээр гоё байгаа биз дээ?
-Энэ урт хугацаанд шантрах зүйл олон байсан байх. Тэр бүхнийг яаж давж гарах бүрдээ юуг сурч авсан бэ?
Шантрахгүй байхыг сурч авсан (инээв) Тийм үе дандаа л байдаг. Амьдралын нэг хэсэг болчихдог шүү дээ. Байнга л новшийн зүйл тохиолдоно.
-Сүнслэг байдал, энергийн тухай их ярилаа. Та өөрийгөө танин мэдэх энэ аялалд хэзээнээс гарч, эдгээр зүйлд татагдах болов?
Гиюүрэхээс л эхэлсэн байх даа. Би хувьдаа хүн юу ч хийхгүй байж байж л өөрийгөө ойлгох байх гэж боддог. Жишээлбэл би боловсролын системд их шүүмжлэлтэй л ханддаг. Бяцхан хүүхдийг 12 жил уйгагүй хичээл, даалгавар гэх зүйлээр дарж, гиюүрэх чөлөө зав өгөхгүй байгаагаас болоод буруу үр дагавар гараад яваад байгааг би анзаарч ойлгосон. Хамгийн гол нь хүн өөрөө өөртэйгөө ойлголцох юм бол гайгүй л юм шиг байна лээ.
-Манай уншигчдад хандан хэлэхийг хүссэн зүйлээ хэлнэ үү.
Миний цомгийг сонсоорой. Хэрэв ойлгогдохгүй байвал “it’s okay”, зүгээр, санаа зоволтгүй. Эхэндээ бүх юм ойлгогддоггүй юм аа (инээв) Гэхдээ яваандаа энэ зүгээр л эерэг энергийн урсгал юм гэдгийг ойлгочих юм бол бүх юм сайхан болно. Хэдий хүмүүс буруу, муухай гэж хэлж байсан ч гэсэн өөртөө итгэлтэй бай, өөрийнхөөрөө дүгнэлт гарга, сонсоод өөртөө хүлээж аваарай, баярлалаа.