UBLife Logo
Боловсрол

TOEFL ба IELTS-ийн шалгалтын ялгааг илтгэх 11 БАРИМТ

UBLife
UBLife
TOEFL ба IELTS-ийн шалгалтын ялгааг илтгэх 11 БАРИМТ

Олон улсын их дээд сургуульд суралцахын тулд англи хэлний мэдлэгтэй байх шаардлага нэн тэргүүнд тулгардаг билээ. Англи хэлний мэдлэгийг бататгах чанарын гэрчилгээ олгодог TOEFL ба IELTS шалгалтууд хоорондоо ямар ялгаатайг нэгтгэн хүргэж байна. (TOEFL-ийн шалгалтыг IBT TOEFL буюу интернет суурьтай шалгалтаар авч үзсэн болно)

1. Хүлээн зөвшөөрдөг орон

TOEFL-ийн шалгалтыг АНУ, Австрали, Шинэ Зеланд тэргүүтэй 130 орны 10 мянга гаруй их дээд сургууль хүлээн зөвшөөрч, стандарт шалгуур болгодог. Харин IELTS-ийн шалгалтыг Их Британи, Канад тэргүүтэй орны 9000 гаруй их дээд сургуульд стандарт болгодог. (Сүүлийн жилүүдэд олон улсын их дээд сургуулиуд тус хоёр шалгалтын оноог харьцуулан жиших байдлаар аль алиныг нь хүлээн зөвшөөрч байна)

Таны суралцахыг зорьж буй сургууль аль шалгалтыг стандарт болгодгийг эндээс эсвэл эндээс хараарай.

2. Шалгалт авах арга хэрэгсэл

TOEFL-ийн шалгалт компьютерт явагдах бол IELTS-ийн шалгалт цаасан хэлбэрээр явагддаг. 

3. Шалгалт авах хугацаа

TOEFL-ийн шалгалт 4 цаг үргэлжилдэг бол IELTS 2 цаг 45 минутад явагдаж дуусдаг. 

4. Шалгалт авах байршил

TOEFL-ийн шалгалт АНУ-д 500 гаруй байршилд, дэлхий даяар 4500 гаруй байршилд албан ёсоор явагддаг бол IELTS-ийн шалгалт АНУ-д 59 байршилд, дэлхий даяар 900 гаруй байршилд албан ёсоор явагддаг аж. 

Эндээс TOEFL-ийн шалгалтын хуваарийг, эндээс IELTS-ийн шалгалтын хуваарийг тус бүр үзэх боломжтой. 

5. Шалгалтын өртөг

TOEFL-ийн шалгалт дунджаар 160-200 ам.долларын үнэтэй бол IELTS-ийн шалгалт дэлхийн аль ч улсад 200 ам.долларын өртөгтэй.

6. Шалгалтын дүн

TOEFL-ийн шалгалт 0-120 хүртэлх оноогоор дүгнэдэг бол IELTS-ийн шалгалт 0-9 хүртэлх оноогоор үнэлэгддэг. 

TOEFL ба IELTS-ийн шалгалтын дүнгийн жишилт хүснэгт. 

7. Шалгалт явагдах хэл

TOEFL-ийн шалгалт Баруун Америкийн аялгыг суурь болгодог бол IELTS-ийн шалгалт англи хэлний бүхий л аялгыг хамруулах нь бий. 

8. Ярианы хэсгийн ялгаа

TOEFL-ийн шалгалтын ярианы хэсэг дуу хураагуурын тусламжтай явагдах бол IELTS-ийн шалгалт шалгагч багштай биечлэн ярилцах зарчмаар явагдана. 

9. Бичгийн хэсгийн ялгаа 

TOEFL-ийн шалгалтийн бичгийн хэсэг 2 үндсэн хэсэгтэй бөгөөд нэг хэсэгт нь өгөгдсөн текстийг уншиж, сонсон ойлгосон зүйлээ нэгтгэн 200 гаруй үгтэй эссэ бичих, дараагийн хэсэгт 300-аас багагүй үгэнд багтаан өгөгдсөн сэдвээр эссэ бичих даалгавартай.

Харин IELTS-ийн шалгалтын үеэр эхний хэсэгт өгөгдсөн график, хүснэгт, газрын зураг зэрэг мэдээллийг тайлбарлан 150 үгтэй эссэ бичих, дараагийн хэсэгт өгөгдсөн сэдвийн дагуу 250 гаруй үгтэй эссэ бичих даалгавар өгөгддөг. 

10. Сонсголын хэсгийн ялгаа

TOEFL-ийн шалгалтад лекц, их сургуулийн орчим явагдах харилцан яриаг сонсон, тэмдэглэл хөтөлж, асуултуудад хариулна.

Харин IELTS-ийн шалгалтад асуултууд олон төрлүүдтэй  байх бөгөөд сонсох явцдаа хариулах шаардлагатай. 

11. Уншлагын хэсгийн ялгаа 

TOEFL-ийн шалгалтын энэ хэсэгт 3-4 академик текст өгөгдөх бөгөөд тус бүрийг 20 минутын хугацаатай уншин танилцана. Ингээд асуулт өгөгдөх бөгөөд хариултууд олон сонголтоос сонгох “multiple choice” хэлбэртэй байна. Харин IELTS-ийн шалгалтад 3 академик текст өгөгдөх бөгөөд тус бүрийг 20 минут уншин өгөгдөх асуултуудад хариулна. Хариултууд нь сонгох, хоосон зайг бөглөх, тохируулах, холбох гэх мэт төрлүүдтэй. 

Танд аль шалгалт нь илүү тохиромжтойг мэдэхийг хүсвэл дараах асуултуудад хариулаарай. 

“А” хэсэг

-Компьютертой харьцах хялбар санагддаг уу? Тийм/Үгүй

-Микрофоноор ярихад надад хүндрэл тулгардаггүй? Тийм/Үгүй

-Би хурдан шивж чадна. Тийм/Үгүй

-Америк дуудлагатай англи хэлийг илүүд үздэг. Тийм/Үгүй

-Олон хариулттай асуултад хариулах хялбар байдаг. Тийм/Үгүй

-Миний сонсдог, үздэг, уншдаг англи хэл дээрх эх сурвалжууд энтертайнтмент гэхээсээ илүү албан хэллэгээр бичигдсэн байдаг. Тийм/Үгүй

Дээрх асуултуудад ихэвчлэн “Тийм” гэж хариулсан бол TOEFl-ийн шалгалт танд тохиромжтой. 

“B” хэсэг

-Би хүнтэй биечлэн ярилцахдаа гаргууд. Тийм/Үгүй

-Би англи хэлээр гаргацтай үнэн зөв бичиж чаддаг. Тийм/Үгүй

-Би ямар ч дуудлагатай хүний яриаг алдаагүй сонсож чаддаг. Тийм/Үгүй

-Надад олон хариулттай асуулт, хоосон зайг бөглөх асуулт болон үнэн/худлыг ялгах асуултуудад хариулах хялбар санагддаг. Тийм/Үгүй

-Англи хэлээр албан бус зүйл ярих таатай байдаг. Тийм/үгүй

-Миний сонсдог, үздэг, уншдаг англи хэл дээрх эх сурвалжууд албан бус хэллэгтэй, хөгжилтэй агуулгатай байдаг. Тийм/Үгүй

Дээрх асуултуудад ихэвчлэн “Тийм” гэж хариулсан бол IELTS-ийн шалгалт танд илүү хялбар санагдах болно. 

 

Эх сурвалж: ets.org/toefl, ielts.org. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
25
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.