UBLife Logo
Лю Сяо Лин Тон: Би төрөхдөө л сармагчны сүнстэй байсан
-

Лю Сяо Лин Тон: Би төрөхдөө л сармагчны сүнстэй байсан

“Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” уран сайхны кино МҮОНТ-ээр гарч, үзэгчдийг байлдан дагуулж байсныг та санаж байгаа байх. Тэгвэл “World of Chinese” сэтгүүлийн өнгөрсөн сарын дугаарт уг цувралын Сунь Укун буюу Сармагчны хааны дүрд тоглосон БНХАУ-ын жүжигчин Лю Сяо Лин Тонтой хийсэн ярилцлага нийтлэгдсэнийг орчуулан хүргэж байна.

Лю Сяо Лин Тонтой метроны буудлын дэргэдэх кафед болзов. Бээжингийн төвд байрлах энэ кафе мөрийтэй тоглогчийн “нуувч” байхад л тохирох мэт, бүүдгэр, тамхины утаатай, бас чимээ шуугиан ихтэй юм. Магадгүй би хэн нэгэнтэй ярилцлага хийхэд хамгийн тохиоромжгүй газарт ирсэн байх л даа. 1980-аад оны Хятадын телевизийн супер од, “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” цувралын Сунь Укуны дүрээр алдаршсан Лю Сяо Лин Тонтой уулзах тухайгаа найзууддаа хэлэхэд тэдний атаархсан, биширсэн өнгө аясыг мэдрэх амархан байв. Эргэлдсэн нүд, шалмаг хөдөлгөөн нь хормын зуур санаанд бууна.

53 настай Лю Сяо Лин Тон мөнөөх кафений жижигхэн өрөөнд орж ирэхэд соёлын бэлгэ тэмдэг болсон нэгэн гэхээсээ илүү буурьтай эцэг мэт харагдлаа. Гэвч бейсболын улаан саравчтай малгай, харааны шил зүүсэн түүнээс урьдын адил хүчирхэг, эрч хүчээр дүүрэн амьсгал мэдрэгдэж байна.  

“Саяхан би “National geographic”-т дэлгэрэнгүй ярилцлага өгсөн учраас зарим нэг давхацсан сэдвээр ярьж, улигламааргүй байна шүү” гэсээр сум мэт шулуун үгтэй Лю Сяо Лин Тон надтай гар барилаа. Бидний ярилцлагын эхний 30 минут тийм ч халуун дотно байсангүйгээр үл барам, тэрбээр Хятадын их сургуулиудаар лекц уншиж яваагаас өөр ямар ч шинэ мэдээлэл хэлсэнгүй. Ярилцлагын гол нуруу маань юу билээ? Түүний амьдрал нь болсон ажил, бас “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” цувралд донтсон тухай нь. XVI зууны үед Ву Чений бичсэн энэ зохиол бүх Хятадын дөрвөн агуу сонгодог зохиолын нэгд тооцогддог бөгөөд Буддын лам Хуанзаны Энэтхэг хүрэх аяллын тухай гардаг. Энэ зуур түүнийг диваажингаас хөөгдсөн Шорой, хагас хүн, хагас торой болох Зу Баже, сармагчны хаан Сунь Укун нар дагалдаж, хамгаалдаг авай.

“Сунь Укун бол Хятадын хөдөлмөрчдийн бэлгэ тэмдэг, төлөөлөл болсон дүр” хэмээн тэр хэлээд цайгаа оочлов. “Гэвч гарал угсаа, улс төрийн үзлээсээ үл хамааран хятадууд бүгдээрээ Сунь Укуныг хайрладаг. Учир нь тэр бол эв нэгдлийн бэлгэ тэмдэг юм. Хятадын нийт ажилчдын 80-90 хувь нь сонгодог зохиол болох “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”-ийг андахгүй мэддэг болсон. Мэдээж тэд номыг нь бариад суугаагүй л байх”. Лю Сяо Лин Тон буруу таамаглаагүй ээ. Hunantv.com цахим хуудаст “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”-ийг үзээгүй нэг ч хятад хүн байхгүй” хэмээн онцолж байсан юм. 1987 онд уг цуврал телевизээр цацагдахад Хятадын ард түмний 87.4 хувь нь үзсэн гэх тооцоо ч бий. Тодруулбал, уран зохиол сонирхдог, ойр байдаг хүмүүс бүгд уг цувралыг үзсэн ажээ. 

“Би төрөхдөө л сармагчны сүнстэй байсан” хэмээн тэр хэлсэн. Лю Сяо Лин Тон дуурийн дуучны гэр бүлд, 11 хүүхдийн отгон нь болж мэндэлжээ. Түүний эцэг нь Мао Зэдунд сайшаагдаж явсан мундаг дуучин байж. Харин түүний ах Зан Жиншин нь Сармагчны хаанд хамгийн тохирох нэгэн байсан гэнэ. “Аав минь түүний төгс Сунь Укун болно гэдэг байсан. Гэвч тэр 17 насандаа цус багадах өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Ах маань эмнэлгийн орон дээр хэвтээд “Би удахгүй үхнэ” гэсэн. Тэгэхэд нь би “Үхэл гэж юу юм бэ?” гэж асуухад тэр “Үхэл гэдэг чи намайг дахин ч хэзээ ч харахгүй болохыг хэлнэ” гэж хариулсан. Би дахиад л “Тэгвэл би таныг дахиад хармаар санагдвал яах вэ?” гэхэд тэр “Хэрвээ чи миний оронд Сунь Укуны дүрд тогловол намайг дахин харах болно” гэж хэлсэн”.

Энэ товчхон харилцан яриа Лю Сяо Лин Тоны амьдралыг орвонгоор нь эргүүлжээ. Соёлын хувьсгалын үеэр гэр бүлийн бизнес нь доройтож, аав, хүү хоёр модны бизнес эрхлэв. “Мод бэлтгэж байхад ч аав минь намайг Сунь Укуны дүрд бэлтгэж байсан. Бид модны жижиг хэрчмийг Сунь Укуны алтан саваа болгож, тулалддаг байв.” Энэ дасгал түүнд өөрийгөө нээхэд тусалжээ. “Би маш ичимхий хүүхэд байсан. Багш самбарын өмнө зогсоод 1+1 тэнцүү хэд вэ гэхэд хариуг нь мэдэж байгаа хэрнээ би гараа өргөдөггүй байсан” хэмээн дурсаж байсан удаатай. Ахлах сургуулиа төгсөөд тэрбээр сонгодог урлагийн “Zhejiang kunju” сургуульд элссэн бөгөөд 23 насандаа “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”-ийн Укуны дүрд тоглох санал гарджээ. “Энэ киноны амин сүнс нь Сунь Укуны дүр гэдгийг продюссер маань хатуу сануулсан. Хэрвээ цуврал дэлгэцээр цацагдсны дараа Зу Баже юм уу Шоройгийн дүр хүмүүсийг хамгийн ихээр татвал төсөл бүхэлдээ нурлаа л гэсэн үг хэмээн тэр хэлсэн”. Харин тэр продюссерийн хэлснийг биелүүлсэн болов уу?

“Өнөөгийн хүүхдүүдэд зурагтаар үзэх зүйлийн сонголт арвин байна. Харин намайг бага байхад манайа өнгөт зурагтгүй байсан бөгөөд Сунь Укуныг харахаар хөрш айлындаа өдөр бүр орж, тэрхүү цувралыг үздэг байсан” хэмээн Хубэй мужийн 30 настай гэрийн эзэгтэй Зоу Ванфан бидэнд ярьсан. Тэгэхээр Лиу үүргээ сайн биелүүлсэн гэсэн үг.

Цувралын найруулагчаар томилогдсон Ян Жие сармагчны хааныг олох гэж Бээжингийн бүхий л нэртэй жүжигчдийг шалгаруулалтад оруулжээ. Гэвч хэн нь ч сэтгэлд нь нийцсэнгүй. Гэнэт тэр өмнө нь жижигхэн театрт “Өмнөдийн сармагчны хаан”-ыг тоглож байсан Лю Лин тон (Лю Сяо Лин Тоны эцэг) санаж, түүнд хандахад тэрбээр Лю Сяо Лин Тоныг санал болгосон гэдэг. “Найруулагч надтай анх уулзахдаа “Чиний авъяасд эргэлзэхгүй байна, харин нүдэнд чинь ямар ч гал алга” гэсэн. Тэгээд л би нүдний хөдөлгөөн дээрээ ажиллаж, өдөр бүр нарны өөдөөс харж, дасгал хийдэг байсан”. Энэ бүгд мэдээж тийм ч амар байсангүй. Гэвч ахынх нь захиас түүнийг зоригжуулж, богино хугацаанд тэр өөрийн зан араншингаа захирч, өөрчилж чаджээ. “Найруулагч надтай дахин уулзаад “Шалгаруулалтын үеэр чи сайн байсан, гэхдээ ямар ч зэрлэг, галзуу төрх чамаас харсангүй. Яг одоо яаж хувирч чадахаа надад харуул” гэсэн. Урлаг хүнийг өөрчилдөг юм билээ. Багын найзууд маань намайг урьдын ичимхий хүү биш болсныг одоо хараад итгэж чадахгүй байх”.

Ингэж хэлээд тэр цүнхнээсээ нэгэн ил захидал гаргаж ирэв. Үүн дээр “40 жил урлагт үнэнч зүтгэсэнд танд баяр хүргэе, ноён Лю Сяо Лин Тон” хэмээн алтан үсгээр бичжээ. Харин ил захидлын нүүрэн талд Сунь Укуны дүрд тоглож байх үеийнх нь эргэлдсэн алаг нүд, зальжин төрхтэй зураг харагдав. “Тансан ламын баруун этгээдэд зорсон тэмдэглэл” цувралаас хойш тэр 11 бүтээлийн гол дүрд тогложээ. Тухайлбал, “1939: Энлай төрхөмдөө буцсан нь”, “Хятадын магтуу”, философч Ху Шиний “Энх тайвны найрамдал” цувралын гол дүрд тоглож, мөн “Шинэ он” кинонд дунд сургуулийн багшийн дүр бүтээсэн байна. “Би цөөнгүй кинонд тоглосон. Гэвч өдгөө ч хүмүүс надаас зөвхөн Сунь Укуны тухай л асуудаг” гэлээ. “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” түүний карьерийг тэнгэрт тулгаад зогсохгүй, амьдралынх нь нэгээхэн хэсэг болжээ. Үүнийг “донтох үзэгдэл” гэдгийг тэр өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Эл кино Хятадад төдийгүй Ази, Европ тивийн олон сая үзэгчийг байлдан дагуулсан юм.

“Урьд цагт Буддын нэгэн лам ном залахаар Энэтхэгийг зорьж л дээ. Хожим түүнийгээ бүх Хятад даяар түгээн, номлосон хэмээдэг. Тэгвэл өнөө цагт тэрхүү ламын эхлүүлсэн ажлыг би үргэлжлүүлж, “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”-ийг дэлхий даяар түгээж явна. Ялгаа бий гэж үү?”. Лю Сяо Лин Тон зөвхөн Сун У Куний дүрд тоглосон жүжигчин төдий биш, олон сая хятад хүний сэтгэлд тэр бол жинхэнэ Сун У Кун билээ. “Гамлетыг үзсэн хүмүүс түүнийг дотроо янз бүрээр л төсөөлөх байх. Харин Сун У Куний тухай ганцхан төсөөлөл бий, тэр нь би. Миний дүр дархлаажсан, хэн ч үүнийг хэзээ ч дахин хуулбарлаж чадахгүй” хэмээн тэр итгэлтэйгээр хэллээ. “Залуу байхдаа би өөр олон дүрд хувирч, өөрийгөө сорихыг хүсдэг байсан. Жишээ нь, кинон дээр Сунь Укун 72 төрөлд хувирч чаддаг шидтэй тухай гардаг. Би яагаад чадахгүй гэж, би бүр 73 төрөлд хувирч чадна” хэмээн Лю Сяо Лин Тон хэлээд инээлээ.

Тэрбээр уг зохиолыг бичсэн Ву Ченэний төрсөн нутагт 2004 онд “Сунь Укуны музей” байгуулжээ. Учир нь энэ дүр түүний жүжигчний карьерийн Эверест нь байсан хэмээн тэр ярих дуртай. Мөн удахгүй “Сармагчны хаан” нэртэй ресторан, “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”-ийн бэлгэдэл болсон цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаа тээж яваа тухайгаа хуваалцав. Харин өдгөө түүний амьдралын салшгүй хэсэг нь лекторын ажил болсон бөгөөд тэрбээр долоон жилийн дотор дор хаяж 80 их сургуульд лекц уншсан гэнэ. “Би тэдэнд жинхэнэ сонгодог зохиол гэж юу вэ, түүнийг хэрхэн амилуулах ёстой вэ гэдгийг таниулж явна. Энэ бол үлдсэн амьдралын маань хамгийн том зорилт. Сармагчны соёлыг би бүх Хятад даяар түгээхийг хүсэж байна” гэж хэлсэн.

Лю Сяо Лин Тон цааш нь “Сунь Укун 500 жил ууланд даруулж, шийтгэлээ эдэлсний дараа тоор идэж, эрвээхийн нислэгийг ажиж суудаг. Тэгэхдээ өнгөрсөн алдаагаа эргэцүүлж, ирээдүйн төлөвлөгөөгөө гаргадаг. Би ч мөн адил, яг одоо өнгөрснөө эргэцүүлж, одоотойгоо нүүр тулж, ирээдүйгээ төлөвлөж байна” гэлээ.

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
23
42
39
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.