Өнөөгийн нийгэмд хүн бүр бие махбод, сэтгэл санааны хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлагатай болжээ. Бидний өдөр тутмын амьдралд тохиолддог жижиг үйлдлүүд ч бусдад дарамт шахалт мэдрүүлдгийг та мэдэх үү? Өөрийн мэдэлгүй бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлж, нөхөрсөг гэж бодсон хошигнол тань бусдад хүчирхийлэл мэт айдас төрүүлэхийг хүсээгүй л бол дараах 17 зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Эдгээр нь эрэгтэй, эмэгтэй хэн байхаас үл хамааран эрүүл, таатай харилцааг бий болгоход тустай үйлдлүүд юм.
1. Тэд онцгойлон асуугаагүй л бол бие махбодийнх талаар сэтгэгдлээ хэлэх хэрэггүй.
Өөрийн мэдэлгүй эсрэг хүйсний хүнийхээ гадаад төрх, биеийн онцлогийнх нь талаар үг хаячихдаг уу? Тэгвэл аль болох хэлэхгүйг хичээгээрэй. Тэд асуугаагүй л бол эерэг, сөрөг эсэхээс үл хамааран хариулт тань таагүй сэтгэгдэл төрүүлэх вий.
2. “Үгүй” л гэсэн бол “Үгүй”.
Уулзахыг, болзоонд явахыг хүссэн хүн тань байн байн татгалзаад байна уу? Тэгвэл тэднийг дотроо дуртай хэр нь гаднаа үгүйсгэж байна гэж бодох хэрэггүй. Үгүй л бол үгүй шүү дээ. Таны удаа дараагийн гуйлт түүнд дарамттай санагдаж болох юм.
3. Бусдын зургийг зөвшөөрөлгүй дарах хэрэггүй.
Тэд зургийг нь дарж өгөхийг хүсээгүй л бол харахыг хүсэхгүй нь лавтай.
4. Зөвшөөрөлгүй бусдын биед хүрэх хэрэггүй.
Албан ёсоор үерхсэн, гэрлэсэн хүмүүс биш л бол бусдын биед дураараа хүрэх хамгийн бүдүүлэг гэдгийг санаарай.
5. Бүдүүлэг найзыгаа нүдээ аниад өнгөрөхөө боль.
Хамт яваа хүн, найз тань бусдад дарамт үзүүлж, дэргэдүүрээ өнгөрөх охид/залуусыг үгээр доромжилдог уу? “Би биш, тэр” гэж бодохоо больж, дуугүй байх нь ч хүчирхийллийн нэг хэсэг гэдгийг санаж яваарай.
6. Эрх мэдлээ ашиглан, хувийн харилцаа үүсгэхээс сэргийл.
Та эсрэг хүйстнээсээ эрх мэдлээр давуу буюу дарга, багш, удирдах албан тушаалтан нь байж болно. Тэр бүсгүй/залуу танд таалагдсан ч эрх мэдлээ ашиглан хувийн харилцаа үүсгэх нь түүнд дарамт шахалт болно гэдгийг бүү март.
7. Таны зурвас, дуудлага, и-мэйл, уулзах хүсэлтэнд удаа дараа татгалзсан бол ахин оролдох хэрэггүй.
Та түүнд баяр хөөр, догдлол биш айдас төрүүлж байгаа юм биш биз?
8. +18 утгатай онигоо, хошигнол хэлэхдээ болгоомжил
Хамт олон, найз нөхөдтэйгөө ийм хошигнолоор хөгжилддөг үү? Тэгвэл хэний дэргэд юу ярьж буйгаа анхаараарай. Таны инээд өрөөл бусдад “ханиад” болох вий.
9. Гудамжинд шүгэлдэж өдөх хэрэггүй.
Танихгүй хүндээ таалагдаж буйгаа арай эелдгээр ойлгуулж болно шүү дээ.
10. Согтсон л бол таны хүсэлтэнд зөвшөөрнө гэж бодохгүй байх
Залуу/бүсгүй согтсон л бол удирдлагаа алдсан гэсэн үг. Тэднийг тайван орхиод, эрүүл үед нь ярилцаарай.
11. Хайртай л бол үргэлж бэлгийн харилцаанд орохыг хүснэ гэсэн бодлоо орхих.
Тэдний хүслийг хүндэтгээрэй. Тэр таны эхнэр/нөхөр л бол бие нь 7 хоногийн 24 цагт таны эрх мэдлийн дор байх ёстой гэсэн үг биш.
12. Үнэхээр дотны найзууд биш л бол бэлгийн амьдралыг нь шалгаахгүй байх.
Та энэ талаар хүн бүхэнд ярихыг хүснэ гэж үү?
13. Зургийг нь бусдад үзүүлэхгүй байх.
Хэн нэгэн танд итгээд зургаа илгээсэн бол бусдад дамжуулах хэрэггүй.
14. Бусдын амьдралд хөндлөнгөөс оролцохгүй байх
Хэзээ хүнтэй үерхсэн, бэлгийн харилцаанд хэзээ анх орсон, гэрлэсэн, салсан зэргээр ярихыг хүсээгүй үед нь бусдыг шалгаах хэрэггүй.
15. Бусдыг инээгээч, нүүрээ будаач, битгий будаач зэргээр шахалт үзүүлэхгүй байх.
Гадаад төрхөө хэрхэн авч явах, сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэх нь тэдний л сонголт.
16. Дарамтын дэргэдүүр дуугүй өнгөрөхгүй байх
Дээрх бүх дарамт шахалтыг та биш ч дэргэдэх хүн чинь бусдад үзүүлдэг үү? Тэгвэл өөрийн хүч чадал, ухаан мэдлэгээ ашиглан хохирогчид туслаарай. Та тэдний хувьд баатар мэт санагдах болно.
17. Хохирогчийг хэзээ ч бүү буруутга.
Ойр дотны хүнээ дарамт, хүчирхийлэлд өртсөн талаар та олж мэдлээ гэж бодъё. Тэгвэл хэзээ ч бүү хохирогчийн буруу мэтээр тэднийг зэмлээрэй. Тэдний юу туулж, давсныг та мэдэхгүй шүү дээ. Өөртөө хүсдэг сайхан бүхнээ бусдад хүсээрэй.
Эх сурвалж: Buzzfeed.com