Дэлхий дахинд сонгогчдын сэтгэл хөдлөлийг харгалзан пиар явуулах шинэ алхам эхэлсэн бол манайд дээл, мориноосоо хэтрэлгүй дараагийн циклтэй золгож байна. Магадгүй уг улигт хандлага сонгогчдыг улс төрөөс нүүр буруулах гол шалтгааны нэг байж мэднэ.
Гавьяаг олоорой!
Нэг л өглөө сэрэхэд хотын гудамж дөрвөн жилийн гай, гавьяа хэнд ногдохыг сануулсан том самбараар дүүрч, иргэд гавьяаг хайх хөгжилтэй тоглоомын оролцогчид болчихсон байв. Чингисийн талбайгаас, “Гудамж төсөл” хэрэгжүүлсэн гавьяа хэнийх вэ” гэсэн асуултаар эхэлсэн пиарын аян харамсалтай нь нийгмийн сүлжээнд хошигнолын эможи болж төгссөн юм.
Жишээ 1:
Энэ бол улс төрийн пиарын төгс “муу” хувилбар. Том самбар, уриа лоозон зөвхөн социалист нийгмийн имиж биш гэдгийг энэ удаагийн явдал хариуллаа. Үр дүнд нь ардчилсан орны социалист паирчдын хөдөлмөр талаар болж, самбарын мөнгөө салхинд хийсгээд өндөрлөв. Гавьяаг хайж олох тоглоомд ялагч байсангүй. Ялагч байгаагүй учраас ялагдагч ч бас байсангүй.
Морь, дээлний дууль
Мексикийн Ерөнхийлөгч Энрике Нието 2012 оны сонгуулийн сурталчилгаандаа сонгогчдын тархины долгион, зүрхний цохилт, нүүрний хувирлыг ашиглаж байхад манайхан торгон дээл, дурдан бүс, эсгий малгайтай хуудсуудаа энд тэнд нааж явжээ. Дараа жил нь болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн ганцхан жишээг дурдахад энэ бүхэн хангалттай. Халуун зунаар дөрвөн талтай үстэй малгай, хүрэн дээлтэй нэр дэвшигч Ц.Элбэгдорж цаст талаар хос морьтой давхиж явна. “Илүү эрчээр, илүү хөгжил рүү” гэсэн уриа үгтэйгээ зургаа зохицуулахаар хичээсэн бололтой. Хотод төрж өссөн, машиныг мориноос хурдан гэдгийг мэддэг залууст бол энэ тийм ч үнэмшилтэй харагдахгүй. Гэхдээ тэр монголчуудын үндсэрхэг үзэлд найдсан нь илт.
Жишээ 2:
Түүний өрсөлдөгч Б.Бат-Эрдэнэ мөн л дээл, морь, эсгий малгайг сонгосон. Ялгаа нь тэр морио хөтөлчихсөн, хамрын тамхи нэрсэн шиг алсыг харж сууна. Энэ нь “Эвийг эрхэмлэнэ, зөвийг дэмжинэ” гэсэн үгтэйгээ нэгдээд үнэхээр л гэрийнхээ хоймрыг ханхайтал дүүргээд, хэдэн бор хүүхдээ харцаараа сургаж суугаа эцэг шиг харагдуулна. Ганцхан ялгаатай нь түүний зураг дээр зун байх аж.
Жишээ 3:
Гурав дахь өрсөлдөгч Н.Удвал ногоон торгон дээл өмсч, нэгэнтээ эмэгтэй хүнд морь хөтлөх нь зохисгүй гэж үзсэн үү, зүгээр л зүрхэн тушаа гараа тавьжээ. Цаад дэвсгэрт нь хонь мал нь налайсан хот айл харагдана.
Жишээ 4:
Бүгд л монгол хүний язгуур төрхийг бүтээхийг оролджээ. Даанч тэдний хичээл зүтгэлд хүний сонирхол татах, сонгогчдод итгэл төрүүлэх ганц ч элемент байгаагүй бөгөөд сонгуулийн үр дүнг дуулгавартай монгол зангийн гавьяа гэж ойлгохоос өөр аргагүй.
Илбэ
Одоогоос зургаан сарын өмнө, Чингисийн талбайд олон илбэчид халааснаасаа тагтаа гаргаж нисгэсэн хачирхалтай явдал болсон. “Авьяаслаг монголчууд” шоу арай эхлээгүй байсан үе л дээ. Удалгүй тэд илбэчид ч биш, МАН-ынхан байсныг гэрэл зураг гэрчилжээ. Өд сөдийг нь сугартал атгасан тагтаануудаа суллан тавихдаа тэд ард түмний эв нэгдэл, эрүүл энхийн бэлгэдлийн төлөө хэмээн шивнэсэн аж. Монголын улс төрийн пиар энэ мэтээр инээд, наргиантай үргэлжилнэ.
Жишээ 5:
Яг энэ үеэр Түүхийн музей сонирхож яваад “1921-1990 оны хооронд манай бүх зүйл ЗХУ-ын мэдэлд байлаа” гэсэн тайлбартай нэгэн зургийг үзсэн юм. Харахад л Да Винчийн “Сүүлчийн оройн зоог”-ийг санагдуулмаар тэрхүү бүтээлд Христ болоод түүний шавь нарын оронд АН-ынхныг буулгасан байв. Улмаар том ширээний хоймор этгээдэд, зургийн төв хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийг Нийслэлийн Засаг даргын хамт тов тодорхой дүрсэлжээ.
Жишээ 6:
Сонгогчдын сэтгэл хөдлөлийг сурталчилгаандаа ашигладаг Барууны пиар маркетингаас хол зөрүүтэй, бүр социализмын үеийн удирдагчдын ард түмнийхээ дунд ажил хийж яваа түүхэн зургуудаас ч дор агуулгатай өнөө цагийн монголжуу пиар, болхи кампанит ажил, ямар ч зорилго чиглэлгүй, толгой холбосон уриа үгс олон нийтийг, тэр дундаа нийгмийн идэвхтэй залуу үеийг сонгогчийн сонирхлоос түлхсээр байна.