Өнгөрсөн оны наймдугаар сард фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг хоёр дахь охиноо өлгийдөн авсан. 7 сар хүрч буй Август охиныг төрөхөд эцэг эх нь гайхалтай ил захидал бичсэнийг хүргэж байна.
Аав Марк Цукерберг, ээж Присцилла Чан нараас нь хайрт охин Августдаа:
-“Хорвоо ертөнцөд тавтай морил, охин минь. Чамайг хэн болох бол гэхээс аав ээж хоёр нь ямар их догдолж байна гээч. Эгчийг чинь төрөхөд бид яг л одоогийнх шигээ захидал бичин, түүнд сайхан амьдрал, сайн боловсролыг хүсэн, өвчин зовлонгүй, хүчирхэг, эрх тэгш нийгмийг бэлэгшээж байснаа санаж байна. Одоо энэ бүхнийг чамдаа ч мөн хүсэн сууна. Биднийхээс илүү сайхан, шинжлэх ухаан, технологийн ололт амжилтаар дүүрэн нийгэмд чиний үеийнхэн амьдрах болно. Тэрхүү нийгмийг бүтээн бий болгох нь бидний үүрэг хариуцлага. Өнөөдөр бид ирээдүйг сөргөөр харж, болохгүй байгаа зүйлсд анхаарлаа хандуулдаг ч, та нарын үеийнхэн илүү гэрэл гэгээтэй нийгэмд амьдрах болно гэдэгт итгэж байна.
Өсч том болохын тухай биш, хүүхэд насаа гайхалтай өнгөрөөх тухай бид яримаар байна. Дэлхий ертөнц өөрөө гайхалтай. Тиймээс л гадаа гарч тоглох хамгийн чухал юм шүү дээ. Чи насанд хүрээд маш завгүй болох болно. Тэрнээс урьтаж бид чамайг анхилам цэцэгсийг үнэртэж, хувин дүүрэн навчис цуглуулаасай гэж хүсч байна. Хамгийн дуртай үлгэрийн номуудаа ахин дахин уншиж, хожим нь өөрийн түүхээ бичээсэй гэж бид хүснэ. Морин дэлэн дээр дүүлж, унтлагын өрөөнөөсөө задгай талбай хүртэл хүссэнээрээ гүйн наадаасай гэж хүснэ. Тэгээд чи минь бөх гэгч нь нойрсох болно. Чамайгаа сайхан амарч, нойр аваасай гэж хүснэ. Зүүдэндээ хүртэл бидний хайрыг чи минь мэдрэх болно.
Хүүхэд нас бол ид шид. Хүн нэг л удаа хүүхэд байна. Тиймээс ирээдүйнхээ төлөө санаагаа чилээх хэрэггүй. Аав ээж хоёр нь үүнд санаа тавьж чадна. Бид чи болон чиний үеийн бүх хүүхдүүдэд илүү дээр, сайхан нийгмийг бий болгохын төлөө ажиллах болно.
Август, бид чамд үнэхээр их хайртай. Чамтайгаа адал явдалтай, сайхан амьдралыг бүтээхээс тэсэн ядаж байна. Чамдаа аз жаргалтай, хайр, итгэл дүүрэн амьдралыг хүсье.
Хайрт аав ээж хоёр нь.
Эх сурвалж: Fortune.com