Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Longreads | Хүүхэд насыг "дайрсан" хүн бүхэнд зориулав

Сульдсан хоёр амьтныг ээж, аав хоёр тэврээд гэрт оруулахад шил толь шиг гялалзаж байсан гэрт маань бүрэн бүтэн юм бараг л үлдээгүй, ундуй сундуй харагдана. Гэхдээ л “Тэр ахиж ирэхгүй” гэдэг үг сонсоод сэтгэл маань дүүрээд явчихсан билээ.


Нагац эгч маань оюутан болж, бага эрэгтэй дүүтэйгээ манайд байх болсноос хойш ээж маань ажилдаа явахдаа ганган улаан цүнхээ хайж баахан уддаг, тэгэх бүртээ орон гэрийнхээ хамаг л байж болшгүй газруудаас олоод гайхашаа баран явдаг байсныг сайн санаж байна. Яагаад гэвэл хэргийн эзэн би байсан болохоор тэр. Ээжийгээ ажилд нь явуулахгүй гэхдээ улаан цүнхийг нь усны савны ард, орны дор, хувцасны шүүгээнд нууна, нэг удаа бүр зооринд хийчихснээс болж ээж ажилдаа цүнхгүй явсан тохиодол ч бий. Мэдээж таван настай хүү бүтэн өдөржин ээжтэйгээ байвал жаргалтай, баяр хөөртэй байх нь тодорхой. Гэхдээ энэ тохиолдолд айдас намайг ийм алхам хийхэд хүргэдэг байлаа. 

***

Манайх гэдэг айл хэзээний л хүний хөлөөр тасарддаггүй байв. Аав маань 11 хүүхэдтэй айлын дунд хүү, ээж болохоор таван дүүгийн эгч, энэ бүгдээс хотод төвхнөсөн анхны айл нь манайх байсан болохоор өглөө сэрэхэд л шалаар нэг хүмүүс зулчихсан байдаг гэнэтийн зураглалд багаасаа дасжээ. Аав, ээж маань хоёул олон хүүхэдтэй айлд өссөн болохоор түвэгшээх янзгүй, ах бид гурав ааруул хурууданд хууртагдаад анзаарах сөхөөгүй л дэрвэдэг байж. Шуугисан олон хүмүүс буцах болоход шуудай ааруул, цаасан хайрцагтай хувцас, идэшний махтай хамт нэг оюутан ёс юм шиг үлдэж, хотын амьдралд хөл нийлүүлэн дастлаа ам бүлийн маань тоонд багтдаг байв. Энэ зуур хэчнээн хамаатан маань манайхыг түшиж хөлөө олцгоосныг мэдэх юм алга. Харин аав, ээж хоёр маань тэднийг аятай тухтай байлгах гэж ах бид гурваас илүү халамжилдаг байсныг л санах юм. Манайх гурван өрөөтэй, шинээр ирэгсэд хүүхдийн өрөөнд бидэнтэй хамт байрлана. Эхлээд газраар зулдаг байсан тэд шуудайтай ааруул дуусахын хэрд бидний орныг эзлэснээр төгсөж, надад ахархах бас нэг ах, эсвэл эгч нэмэгдсэнийг тунхагладаг байв.

Багад ээжийн найзууд намайг “Энхтуяагийн англи шар” гэж хочилдог байлаа. Мөрөө бараг л шүргэсэн шав шар үс, чёлктой, тэрнийх нь завсраар дэлдэн чих нь цухуйчихдаг, улцан шар хүүхэд байснаас тэр. Зунжин гадаа тоглодог байсан хэр нь борлодоггүй, арьс нь хуулраад араас нь цоо шинэ шав шар арьс төлждөг тийм л шар гээд ойлгочих. Дэгдэж яваад байнга л хөл гараа юманд цохьчихно, тэр тоолонд улцан шар арьс маань дорхноо л солонгороод ирдэг байсансан. Харин нагац ах, эгч хоёр ирсэн тэр намраас хойш нимгэн шар арьс маань байсхийгээд л солонгордог болов. Яагаад, юунаас болоод вэ гэдгийг нь би одоо ч бодоод олдоггүй. Шоглох, хорлох хоёрын заагийг жаахан хүүхэд ч мэдэрнэ. Хүүхэд байхдаа бид цав цагаахан цаас л байдаг шүү дээ, харин үүн дээр тэд дураараа сараачдаг байв. Тийм болохоор би ээжийнхээ ганган улаан цүнхийг хаа сайгүй нуудаг болсон юм. “Ээж байвал тэд намайг яах ч үгүй”. Бяцхан ухаандаа бодож олсон логик энэ. Гэхдээ би хагас цагаас илүү торгоож чаддаггүй байж билээ. Ээж маань цүнхээ аваад хаалга хаагдах чимээ ой тоонд минь тодоос тод үлджээ. Яагаад гэвэл тэрхэн зуурт орон гэр маань аймшигтай тарчилгааны газар, эсвэл шорон шиг болж хувирдаг байв. Гэрт байгсадын дуу чангарна, аяг ааль нь дэврүүн болно. Нэг удаа зуухандаа нүүрс нэмж хийчихээд таглах гэтэл гай таарч галын хайч гараас мултарч унахдаа чимээ гаргачихаж. Би ердөө чимээ гаргасныхаа төлөө нэвширтлээ зодуулж билээ. Нагац ахын сэтгэцэд би одоо ч эргэлздэг.

Саяхныг хүртэл би Сараагийн дуунуудад дургүй байлаа. Нагац эгч маань хичээлээ тарж ирээд фм тоглуулахад түүний дуу түлхүү явж таардаг байснаас тэр байх. Тэгээд нэг л таагүй, тухгүй мэдрэмж аяндаа төрдөг байсан, одоо зүгээр. Тэр намайг “Солонго” ундаа, напалеон тортонд гүйлгэнэ. Үнэр нь одоо ч үнэртэх шиг. Үзүүрээс нь өчүүхэн жоохон, бүр мэдэгдэхгүй, бараг мм-ийн нарийвчлалтай хазна. Багын маань мөрөөдлийн нэг нь наполеон торт ганцаараа, бүгдийг нь идэж үзэх байсныг одоо саначихлаа. Бас “Disco” печень, “Snickers”. Хэрвээ чи хоёр ахтай бол олдсоноо заавал гурав хувааж хүртэнэ. Хэрвээ чи түүн шиг нагац эгчтэй бол авчирсан наполеоноос нь үүрмэг нь ч чамд ногдохгүй. Одоог хүртэл наполеон тортны гомдол маань дотор маань ийм хүчтэй оршиж байна гэхээр ядаж ганц хазуулчихдаг болоосой гэж их л хүсдэг байсан байх нь. Зовлонг нь мэдэх болохоор одоо би дүү нараасаа юм хармалж чаддаггүй.  

***

Үнэхээр жаргалтай хүүхэд насыг өнгрөөсөн хэрнээ ихэнхийг нь би одоо нэхэн санадаггүй. Харин мартахыг хэчнээн хүсэвч нэг дурсамж ой тооноос ер гардаггүй юм. Би долоодугаар ангийн сурагч байсан санагдана. Том ах маань ТМС-д сурахаар Сэлэнгийн Сантыг зорьсон, дор өгүүлэх хүний шоронгоос гараад манайхыг зорих сургаар нагац ах, эгч хоёр нутгаа зорьсон үе. Бага ах бид хоёрын тэднээс салж санаа амарсны баяр хөөр нэг их удаан үргэлжлээгүй, нэг зовлон нөгөөгөөрөө солигдохдоо юу гээч аймшиг биднийг угтаж байгаа тухай өчүүхэн ч сэдэл төрүүлээгүй билээ.  

Тэр маш нямбай, хэтийдсэн гэмээр цэмцгэр хүн. Шоронд өнгөрүүлсэн гурван жил нь хүртэл түүнийг гундааж чадаагүй. Булчин шөрмөс сайтай, царайлаг түүний араас олон эмэгтэй дурлана. Гэхдээ нэг их удаан тогтдоггүй байсан даа. Сурлага сайтай, сурагч байхдаа ойрын зайн гүйлтийн улсын аварга болж байсан тэр жилээ байрны хоёрдугаар давхраас унаж толгойдоо гэмтэл авснаас хойш түргэн уур, догшин зантай болчихсон гэдэг юм. Биднийг багад орост дамын наймаа хийж удсан болохоор төсөөлөл багатай ч иймэрхүү ерөнхий мэдээлэл сонсоод байв. Хойноос ирээд нутагтаа очсон, удалгүй хүн зодсон хэргээр шоронд орсон, тэндээс одоо бидэн рүү ирж яваа хүн.

Эхний хэдэн өдөр онцын зүйлс мэдрэгдсэнгүй. Инээд алдсан найрсаг нагац орон гэрийг маань орвонгоор нь эргүүлсэн дээ. Тэр үеийг эргээд санахаар барааны саван үнэртдэг юм. Угааж арчаад л, эмхэлц цэгцлээд л... Бүх юм шил толь. Гурван өрөөтэй байшингийн маань булан тохойгоос угааж, арчих юм яаж хийгээд л олчихно, тэр зуураа биднийг ч бас зүгээр суулгахгүй. Ямарсайндаа арчих юм үлдээгүй болохоор сервант доторх хундагануудаа өдрийн гурван удаа арчиж, зүгээр суугаагүйгээ нотлодог байх вэ дээ. Үд өнгөрөхөөр нэг их ажилтай хүн гараад явна. Түүнээсээ өмнө баяр ёслол, хүндэтгэлийн зоогт оролцох гэж байгаа аятай л юм болдог байв. Үсээ гялалзтал тослоно, костюмныхаа өмдийг гар исгэтэл шовхлон индүүднэ, гутлаа хүний царай харагдтал тосолно, энэ зуур нь бид пальтог сойдно. Цаг гаруйн ажил болсны эцэст хамгийн сүүлд нь хямдхан сүрчиг сэнгэнүүлээд гарч одно. Харин хаачдаг вэ гэдгийг нь бид мэддэггүй байлаа. Орой хэрд харин халамцуу хүн орж ирэхдээ ой ухаанд оромгүй хачин жигтэй зүйлс авчирдаг байлаа. Урт залгаатай жижиг вок, нярай хүүхдийн хослол, баахан гутлын тос, лаа, чихэвч. Заримдаа гоё, гоё эгч нар дагуулж ирнэ.  

Өдөр хоног өнгөрөх тусам түүний нууцууд ил болж ирлээ. Заримыг нь тэр өөрөө илчилнэ. Шоронгийн амьдралын тухай баахан ярина. Зодоон цохион, гэмт хэрэг, шорон санааны талаар бахархангуй өнгө аястай ярих нь буцаад тийшээгээ очихыг хүсдэг ч юм шиг. Амьдралын тухай баахан эргэцүүлж, тэндээс олон юм сурч авснаа гайхуулна. Ямартай ч түүний шоронгоос сурсан нэг зүйл нь хулгай байжээ. Гангалж гангалж гараад “Нарантуул” зах руу очоод шоронгоос сурсан бүхий л заль, зальхайгаа ашиглан хулгай хийж ирснээ манайх руу зөөдөг нь тийм учиртай аж. Юуг, яаж, ямар аргаар хулгайлснаа ах бид хоёрт нүдэнд харагдтал ярина. Өөрөө түүгээрээ бахархдаг байсан юм. Нэг удаа настай эмээ хүнсээ цуглуулаад хоёр гаран дахь даавуун тортой юмаа дааж ядан алхахыг хараад “Би өргөөд явъя” гэж саймшраад тэр чигтээ зугтаачихсан тухайгаа ч хэлсэн. Ээж, аав хоёрт энэ тухайгаа ер хэлэхгүй, биднийг ч ам нээж болохгүй гэдэг байв. Харин нэг удаа ахыг хамтдаа “Нарантуул” зах явъя гэснийг нь ээжид үнэн зорилготой нь хамт хэлээд, маргааш өдөр нь зодуулсан. Гурван эрэгтэй хүүхэд байнга эв түнжинтэй байна гэж үгүй, хоорондоо гал манартал зодолдсон түүхүүд бишгүй. Гэхдээ нагац ахын маань биднийг зодох, шийтгэх аргачлал тэр бүхнээс онхи ондоо. Хутга халааж байгаад арьсан дээр наана, сандал зориуд хэмхчээд шруптэй хэсгээр нь гуя руу зооно. Ингэхдээ тэр нүүр, гар зэрэг ил харагдах хэсгүүд дээр ямар ч ул мөр үлдээхгүй сайн мэддэг байсан. Заримдаа ямар ч шалтгаангүй зодуур, тамлагаа хүртдэг болов. Шил толь шиг цэмцгэр гэрт маань ингэж хийх ажил урган гарч ирнэ. Ширдэгт нэвчсэн цусаа эхлээд хусуураар хусна, дараа нь вооктой усаар хөөсөртөл сойтогдоно. Байсхийгээд л сандал, ширээгээ дээш харуулаад хадаж гарна. Мөн ч олон аяга, шаазан хагарсан даа. Гэхдээ тэр нэг гараад л олоод ирдэг байсан.

Орон гэр маань там болж хувирлаа. Нагац ах маань орой болгон согтуу ирнэ, тэгэх тоолонд ах бид хоёр болзошгүй аюулаас сэргийлдэг болов. Нар жаргамагц хутга, заазуураа нууна. Зодуулж, цохигдох боломжтой бүхнийг далд хийнэ. Хашааны хаалганы чимээ чагнана, хэрэв дуугарвал нь давхийтэл цочоод өөртөө ямар нэг ажил бодож олно. Тавдугаар ангиас долдугаар анги хүртэлх он жилүүдийн маань дурсамж гэхээр юм одоо санаанд ордоггүй. Бүхэлдээ л нэг тийм бараан, харанхуй. Би ч ер уудлая гэж хичээдэггүй юм.   

***

Өвлийн нэгэн өдөр байлаа. Үдээс хойш хичээлээ тараад дэгдэж явах зуур хөршийн маань охин залгаж, хамтдаа долоон буудлын бөөний дэлгүүр рүү явъя гэсэн юм. Тэднийх манайтай залгаа, найман нэрийн хүнсний дэлгүүртэй. Яагаад ч юм тэр үед би гэрээс гадуурх хэрэгтэй, хэрэггүй бүхий л зүйлсийг зөвшөөрдөг байв. Гэртээ ороод цүнхээ тавьчихаад гараад ирье гэж найздаа хэлээд хурдлав. Гудамж руугаа эргэтэл гэрийн цонх харанхуй харагдсанд гайхав. Гэтэл хөршүүдийн цонх бүгд гэрэлтэй. Цахилгаан төлбөрөө төлөөгүй гээд тог таслачихсан юм биш байгаа гэж санаа зовж амжив. Харин дотор ороход санаа зовох зүйл маань энэ огт биш байлаа.

Үүдний өрөөнөөс эхлээд хамаг юм сундуй, өрөөний гэрлүүд цөм хагарчихсан, сандал ширээ хэдэн хэсэг болсны дээр, сандалны нэг хөл түүний гарт байлаа. Ширээн дээр лаа асаатай байна. Түүний сүүмгэр гэрэлд хамаг бие нь хөх няц болсон бага ах маань том өрөөний буланд чармай нүцгэн чичирч зогсоо нь үзэгдэв. Нагац ах сандалын өрөөсөн хөлийг бариастай чигээрээ “Сайн хүн санаагаараа...” гэж хэлээд намайг хувцсаа бүрэн тайлахыг шаардсан нь угтах цаг хугацаа хэрхэн өнгөрөхийн өмнөтгөл болов. Урьд өдөр нь дагуулж ирсэн бүсгүйн хоёр нүд таг хөхрөөд хавдчихсан, бас үүдэн шүд нь уначихаж. Түүнтэй хамт ирсэн ямар ч эмэгтэй хоёр дахиа уулздаггүй нь энэ шүү дээ!

Тэр бүрнээ солиорчихсон байлаа. Зөвхөн буруу хэрэг тарьсан үед л хүн ямар нэг хэмжээгээр шийтгэл амсдаг гэж боддог “хууль” энэ удаа үйлчилсэнгүй. Түүний алганы амтыг гурвуул ээлжилж хүртэхдээ хэн маань ч дуу гаргасангүй. Их өвдөлт нулимсны урсгалыг хүртэл хаачихдаг юм билээ. Ингэхдээ тэр зөвхөн шоронд л баймаар аймшигтай аргуудыг хэрэглэсэн юм. Ах бид хоёрыг цохиж унагаад, хөдлөх тэнхэлгүй болсон биесийг маань зэрэгцүүлэн хэвтүүлээд, шилэн хүзүүн дээр маань хугарсан сандалны хөл тэгнэн тавиад дэвсэхэд ухаан балартав. Нэг сэргэхэд ах бид хоёр ханан түшээд зогсчихсон, харин тэр орон дээр хэвтээ өнөөх бүсгүй рүү хашгичиж байлаа. Тэр мөчид би ахруугаа хараад “Гүйе” гэж сэмээрхэн хэлээд л шууд л жирийчихэв. Чармай нүцгэн би хүйтэн цасан дээгүүр хөлөө хайруулан гүйсээр хөршийнхөө дэлгүүр рүү яваад орсон. Мэл гайхсан найз маань дэлгүүрээ хаагаад, намайг гэртээ дагуулж ороод хэвтүүлэв. Би түүнээс “Ээж рүү залгачих” гэж гуйгаад, ухаан балартжээ. Шөнө дунд сэрэхэд ах маань бас хажууд хэвтэж байхыг хараад сая нэг нулимс урссан санагдана.

Аавын ажлын газрын шинэ жилээс оройтож ирсэн ээж, аав хоёр маань тэр дор нь цагдаа дууджээ. Харин тэр эгч яасныг бид мэдээгүй. Сульдсан хоёр амьтныг ээж, аав хоёр тэврээд гэрт оруулахад шил толь шиг гялалзаж байсан гэрт маань бүрэн бүтэн юм бараг л үлдээгүй, ундуй сундуй харагдана. Гэхдээ л “Тэр ахиж ирэхгүй” гэдэг үг сонсоод сэтгэл маань дүүрээд явчихсан билээ.

***

Одоо тэр хүн энэ дэлхий дээр байдаггүй. Хэзээ хойно нас барсан тухайг нь дуулсан. Оршуулах ёслолд нь би оролцоогүй.  

Энэхүү нийтлэл сэтгүүлч Ж.Тэгшжаргалын "25" эсээ, тэмдэглэлийн номд багтсан болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.