Оройн зөв хооллолтын тухай зөвлөгөө, мэдээллийг Анагаах ухааны доктор (PhD), "Herbalife Nutrition" компанийн шим тэжээлийн зөвлөх Ч.Оюуны бэлтгэснээр хүргэж байна.
1. Та оройн хоолноосоо бүү татгалзаарай!
Дан ганц эрүүл хүнс хэрэглэхийг зөв хооллолт гэвэл өрөөсгөл ойлголт болно. Эрүүл хоол хүнсийг зөв цагт, зөв хэмжээгээр буюу тэнцвэртэйгээр хэрэглэсэн цагтаа л та өөрийгөө эрүүл хооллож байна гэж үзэх учиртай.
Оройдоо зөв хооллохын тулд өдрийн турш тэнцвэртэй байдлаар эрүүл хоол хүнсийг хэрэглэх нь чухал байдаг. Өөрөөр хэлбэл хүний хоногийн био хэмнэл буюу биоритм нь биеийн тэнцвэрт байдлыг бий болгох бөгөөд энэхүү хэмнэл хэвийн байхад хүний бие бялдар эрүүл, хоолны дуршил сайн, сэтгэл санаа тайван амгалан, эрч хүчтэй амьдардаг. Тухайлбал, хоногийн био хэмнэл нь өдрийн цаг хугацаанаас хамаарч хоолны дуршил, хоол боловсруулалтыг дэмжих, нүүрс ус ба өөх тосны бодисын солилцоо, шим тэжээлт бодисыг шингээж шимэгдүүлэх, ходоодны шүүс ялгарч хоол боловсруулах ферментүүдийн үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй.
Үүнтэй холбоотойгоор үдээс хойш 16 цагийн үед хүн бие организмийн болон сэтгэл зүйн хувьд ядарч сульдах үе эхэлдэг. Энэ үйл явц үргэлжилсээр орой 19 цагийн үед сэтгэл зүйн болоод бие махбодийн хувьд идэвхгүй болж, ядарч сульддаг.
Тиймээс үдийн дараах (ойролцоогоор 16 цагийн үед) хооллолтондоо хоолны шингэцийг сайжруулах хачир, салат зэрэг хөнгөн хүнсийг их биш хэмжээгээр хэрэглэж заншаарай. Үдийн дараах хоол болох хөнгөн зуушны илчлэг 200-300 ккал-аас илүүгүй, орц найрлага нь макро, микро шим тэжээлийн хоногийн хэрэгцээний 10 орчим хувийг нөхөх байдлаар тэнцвэржүүлсэн байх учиртай.
2. Хэзээ оройн хоолоо идвэл зохистой вэ?
Оройн хоол (ойролцоогоор 18-19 цагийн үед) өдөрт зарцуулсан их хэмжээний илчлэгийг нөхөх, биеийн алжаал ядралыг тайлах зорилготой учраас унтахаас дор хаяж 3-4 цагийн өмнө идэх хэрэгтэй. Оройн хоолны илчлэг 300-400 ккал-аас илүүгүй, орц найрлага нь макро, микро шим тэжээлийн хоногийн хэрэгцээний 15-20 хувийг нөхөх байдлаар тэнцвэржүүлсэн байх ёстой. Бүсгүйчүүд жингээ барих гэж оройн хоолноос татгалзах нь бий. Эмч нар оройн хоолноос татгалзах нь хүний бие организмд тустай бус, бүр хортой үр дагавартай гэж нотолж байна. Хамгийн гол нь унтахын өмнө идсэн хоол ходоодноос гэдсэнд шилжиж амжихаар хөнгөн байх ёстой.
3. Оройн зөв хооллолтын шалгуурууд:
4. Орой юу идвэл зохих вэ?
Хүнсний ногоо, хөц, гурвалжин будаа, загас эсвэл тахиа, ногооны салат, өндгөөр хийсэн хоол хэрэглэвэл зохимжтой. Тараг, хурц биш шөл, омлет, нялуун биш амттай жимс нь ходоодонд нэгээс хоёр цаг болдог. Харин загас, өөхгүй хар мах, цагаан будаа, чанасан төмс, амтат жимс болон салат нь ходоодонд хоёроос дөрвөн цаг байдаг.
Өөхтэй, шарсан мах, шош, цардуул бүхий цагаан талх, гоймон, төмсийг ходоод дөрвөөс илүү цагаар боловсруулдаг.
Харамсалтай нь өдөржин өлөн явчихаад хэт орой хэтрүүлэн идэх эсвэл тэнцвэргүй хооллох хандлага монголчуудын дунд түгээмэл анзаарагддаг. Өнөө үед хүмүүс ихэвчлэн оройн хоолоо оройтуулж идэн, оройтож унтаж байна. Хоногт авах ёстой бүх илчлэгийн 20 хувийг оройн хоолноос авахыг зөвлөдөг байтал бид хоногийн ичлэгийнхээ 40 гаруй хувийг оройн цагаар авч байна. Хэрвээ та оройн хоолондоо шарсан мах, төмс майонезтай салат, цагаан талх, хийжүүлсэн амтат ундаанууд, десертэд нь бялуу бэлтгэсэн бол энэ буруу хооллолт юм. Эдгээр нь орой идэхэд хамгийн тохиромжгүй хоол хүнс юм.