Дуучин Д.Уламбаяртай саяхан өндөрлөсөн “The Voice of Mongolia” шоу болоод удахгүй болох “Don’t stop” тоглолтынх нь талаар ярилцлаа. Хүүхэд насных нь дурсамж, хувь хүнийх нь тухайд ч сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Таалан болгооно уу.
-Өнгөрсөн ням гарагт “The Voice of Mongolia” шоуны ялагч тодорлоо. Танай багийн гишүүн Ц.Энгүүн түрүүлж, та хязгааргүй аз жаргалтай харагдаж байсан. Шоуны тухай сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Залуучуудын хүсэл мөрөөдлийг аз жаргалтайгаар биелүүлсэн шоу боллоо. Хамгийн гол нь дэлхийн стандартад нийцсэн, монголчууд маань ажлаа хэд дахин давуулан биелүүлсэн шоу болсон. Энэ багт орж, хамтарч ажилласандаа туйлын их баяртай байгаа. Сонгогдож ажилласандаа баярлаад л ажиллаад байлаа.
-Үзэгчид таны дууны сонголтод нэлээн сэтгэл өндөр байсан.
-Анх сонсоод л надад мэдрэмж төрүүлсэн дуунуудыг сонгосон. Энэ нь ч зүйтэй санагдсан. Оролцогчдын өөрсдийнх нь дуртай, эсвэл сурсан дууг дуулуулахад сэтгэлд хүрэхгүй байсан тохиолдол ч бий.
-Ялагчтай хамтарсан уран бүтээл гаргах уу?
-Тэр тухайд продакшнтай нь ярилцаж байж болно. Шийд нь гараагүй байгаа.
-Шоуны ялагч Ц.Энгүүн “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Д.Уламбаяр шүүгчээс суралцах зүйл их байсан учраас сонгосон” гэсэн байсан. Ер нь Ц.Энгүүнтэй хамтарч ажиллахад ямар байсан бэ?
-Энгүүнийг дуу, авиа гаргах бүрт нь би шүтдэг л дээ. Дуу хоолойг нь сонсоод уйлахгүй, гайхахгүй байхын аргагүй үнэхээрийн сонин содон хоолойтой оролцогч. Анх дуулахыг нь сонсоод л чих баясаж, сэтгэл догдолсон. Хамгийн гол нь манай багт ороход нь би үнэхээр итгээгүй. Арга барилаа олчихсон оролцогч. 17-хон настай гэхэд заасан зүйлийг маш хурдан тусгаж авдаг. Болох болоод болохгүй зүйлийг бодит байдлаар нь хүлээгээд авчихдаг маш ухаалаг, өөрөөрөө байж чаддаг, өөрийгөө олчихсон охин. Цаашдаа улам илүү өөрийгөө хөгжүүлээд ажиллавал мундаг сайхан зүйлс Энгүүнээс гарна гэж найдаж байна.
-Дуучин, уран бүтээлч хүнд байх ёстой зарчим юу вэ. Залуучууд урлагийн салбарыг их сонирхож байна. Уран бүтээлчид ямар байх ёстой гэж боддог вэ?
-Урлагийн хүн гэлтгүй аливаа салбарыг тэргүүлье гэвэл өөрөө тун зөв зүйтэй л байх хэрэгтэй. Шударга, хөдөлмөрч, ёс бус зүйл хийдэггүй байх хэрэгтэй. Ёс суртахуунгүй зүйлийг хийх сэдэлгүй, түүнд автдаггүй байвал болох байхаа. Өөрийнхөө мэдэрч буй жаргалыг бусдад мэдрүүлэхийг хичээсэн хүмүүс амжилтад хүрдэг гэж боддог. Найз нөхдөө ч зөв сонгох хэрэгтэй. Бусдад хайр энэрлийг түгээдэг байвал хүн амжилтад хүрдэг шүү дээ.
-Ирэх долоо хоногт “Don’t stop” цомгийнх нь баяр болох гэж байна. Мөн “Don’t stop” дуу нь Азийн шилдэг хип хоп дууны жагсаалтад багтжээ. Энэ тухайгаа уншигчидтай хуваалцана уу?
-Азийн шилдэг хип хоп дууны жагсаалт энэ жил анх удаа гарч байгаа юм билээ. Хятад, Энэтхэг, Япон, Солонгос, Хонгконг, Монгол гэсэн азийн зургаан орноос шилдэг хип хоп дуунуудыг шалгаруулсан. Манай улсаас миний “Don’t stop” болон Mrs.M-ийн “Bang” гээд хоёр дуу орсон байна. Энэ цомог үнэхээр “алцгар” цомог болсон байна лээ. Азийн хип хоп дуунуудыг сонсоход манай монгол хэл илүү гоё сонсогдсон. Mrs.M-ийн дуу гэхэд л “моодны” санагдсан шүү.
-Энэ таны дөрөв дэх цомог. Цомгийнхоо нээлтийг “бут” авах гээд л бэлтгэлээ шаргуу хийж байгааг харлаа.
-Энэ цомгийн өмнө “Хөгжим” цомгоо гаргаж байсан. Тухайн үед жирэмсэн байсан болохоор цомгийнхоо баярыг хийж чадаагүй. “Don’t stop” цомгоо “Voice” шоуны их ажлын хажуугаар хийж, дуусгалаа. Халуун дээр нь цомгийнхоо баярыг хийхээр зориглоод орсон нь энэ. Зургаадугаар сарын 8, 9-нд “Crocus Event Hall”-д “Don’t stop” цомгийн шоу тоглолт болно.
-Тоглолтын сюрприз юу байх бол?
-Гэнэтийн бэлэг тухайн үедээ задарна. Ямар ч байсан хоёр цагийг “шөрмөсөө тасартал” бүжиглэж, дуулж өнгөрүүлнэ дээ.
-“Don’t stop” гэснээс “Яг түүн шиг” шоунд оролцогч, жүжигчин С.Тэмүүжингийн баззерт дуучин Д.Уламбаяр таарсан. Үзүүлбэрийг нь үзсэн үү, ямар санагдсан бэ?
-Тийн, үзсэн үзсэн. “Алцгар” байна лээ.
-”Гэрэг” сэтгүүл Монголын нөлөө бүхий 50 хүнийг олон нийтийн санал асуулгаар жил бүр тодруулдаг. Өнгөрсөн жилийн нөлөө бүхий 50 хүний нэгээр таныг нэрлэсэн. Ингээд бид дуучин, продюсер Ангирмаагаар таны тухай хөрөг нийтлэл бичүүлсэн юм. Ангирмаа танаар бахархаж явдгаа илэрхийлсэн шүү дээ. Та дуучин Ангирмаатай олон жил хамтран ажилласан. Түүний хэлсэн үгнээс сэтгэлд тод үлдсэн дурсамжаа хуваалцаач?
-Ангирмаа багшаас би ажиллах арга барилаа суралцсан. Өвлөж авсан гэж хэлж болно. Ангирмаа багш хэзээд, юу ч тохиолдсон товлосон цагаа хатуу баримталдаг хүн. Ажлаа маш сайн хийдэг. Энэ бол том чадвар. Мөн хүн ямар нэг шантрах, гутрах зүйл тохиолдоход Ангирмаа багш “Үгүй ээ, нар манддаг” гэж хэлдэг. Энд ямар нэг гарц байж таараа, өөр талаас нь хар” гэж зөвлөдөг. Энэ бүгдийг түүнээс сурсан даа.
-Та 10, 20, 30 жилийн дараах Ука ямар байна гэж төсөөлж байна вэ?
-Ука зөв зүйтэй, сайхан амьдарсан хүн байна гэж дурсагдахын төлөө л амьдарна гэж боддог. Байж болох хамгийн зөв зүйтэйгээрээ, жаргалтай амьдармаар байна. Мэдээж хүний амьдралд ямар нэг зүйл тохиолдох л байх. Маргаашаа муухай болгохгүйн тулд өнөөдөртөө зөв зүйтэй амьдарах юмсан гэж боддог.
-Энэ зун цомгийнхоо нээлтийг хийх юм байна. Үүний дараа ямар нэгэн аялал хийх үү. Зуныхаа төлөвлөгөөг гаргасан уу?
-Зуны төлөвлөгөөнд тоглолтууд багтсан байна. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд нэлээд урьж байна. Цаг агаар сайхан бол охиноо, гэр бүлээ аваад явна даа. Хүүхэд балчир учраас шийдэх зүйл ихтэй.
-Урлагийн хүн олон зүйл золиосолдог гэж ярьдаг шүү дээ. Урлагийн хүн болоход Танд золиосолсон зүйл байдаг уу?
-Одоохондоо үүнийг хэлж мэдэхгүй байна. Өнөөдрийг хүртэлх бүх зүйлдээ сэтгэл хангалуун байна. Өмнө нь юу ч болоод өнгөрсөн бай бүхий л зүйлдээ хангалуун байгаа учраас золиос гэж нэрлэхээр зүйл байхгүй юм болов уу.
-20 настай Ука, одоогийн Ука хоёрын хооронд хайр дурлалын төсөөлөл өөрчлөгдсөн л байх. Хайрыг гурван дуугаар илэрхийлбэл?
-Ариунаа эгчийн сүүлд гаргасан дуунд би маш их дуртай. “Хань минь чамдаа би…” гээд дуу байдаг даа. Энэ дууг сонсох бүрт би аз жаргалтай болдог. Сэтгэл хөдлөөд. Яг одоо хайрыг энэ дуугаар мэдэрч байна. Мөн Болд ахын гаргасан цомгуудыг сонсож, хайрын сэдлүүдийг олж авдаг. Мөн Мээдэ ахын цомгийг сонсдог.
-Та гаднын уран бүтээлчтэй ажиллахаар болбол хэнтэй хамтран ажиллах вэ?
- Ёстой бүү мэд. Бодож үзээгүй юм байнаа.
-Монголчуудын дунд дуучин Ука “алцгар” гэдэг үгийг дэлгэрүүлсэн гэхэд буруудахгүй. Энэ тухайд та юу бодож байгаа вэ?
-Энэ үгийг найзуудтайгаа ярихдаа хэлсээр байгаад л аманд орчихсон. Утгийг нь нарийн мэдэхгүй байсан л даа. Тэгээд шоун дээр санаандгүй хэлсэн. Хэлснийхээ дараа “Ямар муухай утгатай үг хэлдэг юм” гэж загнуулсан шүү. Түүнээс хойш эфирт энэ үгийг хэлээгүй. Миний хувьд энэ үг “ганган” ч гэх юм уу даа, тийм л утгатай байсан. Аль болох бага багаар энэ үгээ татаж байгаа.
-Ямар хүмүүс загнасан юм бэ. Сонирхолтой санагдаж байна.
-Багш нар маань л загнахгүй юу. “Чи чинь зурагтаар юу яриад байгаа юм бэ” гэж байна лээ. Би уучлалт гуйсан.
-Маргааш хүүхдийн баяр болох гэж байна. Та энэ өдрийг яаж өнгөрүүлэх вэ?
-Хүүхдүүд жоохон болохоор баярлуулаад ч сайн ойлгохгүй байх л даа. Том нь гурван настай, бага нь ой хүрч байна. Цаг агаар нэлээд халуун байгаа болохоор сэрүүхэн газар бараадаад, салхинд гарах байх. Ээж маань Алдарт эхийн одонгоор шагнуулж байгаа болохоор ээжийгээ баярлуулна.
-Сайхан мэдээ байна. Ээж тань Алдарт эхийн хэддүгээр одон авч байгаа юм бэ?
-Нэгдүгээр одон авч байгаа. Бид эхээс зургуулаа. Би айлын дөрөв дэх хүүхэд. Гурван эгч, эрэгтэй, эмэгтэй дүүтэй.
-Олуулаа болохоор хөгжилтэй зүйлс их тохиолддог байсан биз дээ. Хүүхэд насныхаа дурсамжаасаа хуваалцаач?
-Бид нар Хүүхдийн баяр болохоор бүгдээрээ гангарч байгаад л гадуур гардаг байсан. Би сахилгагүй болохоор баярынхаа өмнө шинэ хувцасаа халтар болгочихоод түүнийгээ өмсөхгүй. Тэгээд л эгч, дүүгийнхээ ямар нэгэн хувцасыг авах гээд булаацалдана. “Өгөхгүй бол би гарахгүй” гээд бөөн юм болдог байлаа. Гадуур явахдаа Сүхбаатарын талбай орж, тоглоомууд дээр сууж зургаа авахуулна, дараа нь урагшаа парк явна. Дүүрэн хүнтэй, бас л халуун байдаг байсан. Тэр үеийн бөөнөөрөө зогсоод авахуулсан бид нарын багын зураг сэтгэлд тод үлджээ. Тэгээд л лагер луу эмээгийнхрүү явдаг байсан даа. -Ах, эгч нарын үг гэрт хууль мэт л үйлчилдэг шүү дээ. Та эгч нартаа хэр зарагддаг байсан бэ?
-Бүгд л хуваарилагдаад гэрийн ажлаа хийнэ. Ихэвчлэн эгч нар “тэг, ингэ” гээд л тушаачихна. Би тушаалыг нь гүйцэтгэхдээ сайхан ааштай байвал ажлаа яг таг хийнэ. Хүсээгүй байхад шахаад байхаар гэрийн ажлаа “халтуурдана”. Тэгэхээр “Энэ ёстой юу ч хийж чадахгүй” гээд л... Миний яг дээд талын эгч гэрийг ёстой цэмцийлгэдэг байсан. Би ер нь ажлаас зугтдаг, дэлгүүр явах, ус авах гэх мэтчилэн гэрийн гадаах ажлууд хийхдээ сайн хүүхэд байлаа. Ихэвчлэн хүнд хэцүү, “кок” авах ажил хийх дуртай. Тэгээд л ээж, аавыгаа уурлах үед нь “Би шинэ дуу дуулж үзүүлье” гээд дуулж, бүжиглээд л, хогийн шүүрийг гитар болгож тоглоод инээлгэх дуртай байсан. Хүний арга эвийг нь олохдоо сайн хүүхэд байсан даа.
-Харин Та өөрөө хоёр дүүгээ хэр зардаг байв?
-Дүү нараа зардаггүй байсан. Яагаад гэхээр эгч нар яаж зарж, тушаадгийг мэддэг болохоор дүү нараа аль болох жаргалтай байлгахыг хичээдэг байсан.
-Та одоо зөвхөн уран бүтээлч биш хоёр хүүхдийн эх, гэргий болсон. Уран бүтээлч байх, ээж хүн байх, гэрийн эзэгтэй байх үүргээ хэрхэн зохицуулж, амжуулдаг вэ?
-Заримдаа 24 цаг багадах тохиолдол ч байдаг. Тэр үед гэр бүлийнхэн маань л намайг маш сайн дэмжиж, надад тусалдаг. Хайрлаж, урамшуулна. Хийсэн ажлынхаа үр дүнг үзэхээр ингээд ажиллаж болох юм байна гэсэн итгэлийг олдог. Ер нь аливаа зүйлийн үр дүнг харчихаараа түүнээсээ урам зориг авч, ажиллах эрч хүчтэй болдог. Би яг ийм завгүй “режимээр” ажиллаж, амьдраад 15 жил болжээ. Дандаа л ийм ачаалалтай байсан. “Киви” хамтлагт байхдаа л ачаалалтай ажиллах чадварыг продюсер Ангирмаа багшаасаа сурсан. Цагийг хий өнгөрүүлж байгаа хүмүүсийг харахаар харамсдаг. Эсвэл би өөрөө цагаа дэмий өнгөрөөгөөд байхаар хуурамч амьдарч байгаа юм шиг санагддаг. Яагаад гэхээр бид нар энэ цаг үедээ л ажиллаж, үр шимээ мэдэрч байх ёстой. Тэгэхгүй бол хэзээ нэгэн цагт заавал харамсана. Хүн зогсолтгүй ажиллах эрч хүчийнхээ үр дүнд дэвшиж, дээшилдэг гэж боддог. Өнөөдөр хэзээ ч өчигдөр шиг байхгүй, маргааш ямар байхыг мэдэхгүй учраас өнөөдрөөрөө, яг одоо цагтаа бүхнийг хийж, гүйцэтгэх хэрэгтэй гэж бодон, ажилладаг.
-Гэртээ өнжиж, амрах үедээ гэрийнхэндээ хийж өгөх дуртай хоолоо нэрлэнэ үү?
-Ер нь цаг л харна. Тухайн үеийн цаг зав, гэр бүлийн гишүүдийн маань хэр их өлсөж байгаагаас хамаарч л хоол хийж өгдөг шүү. Янз бүр. Сэтгэл хөдөлсөн үедээ зохиогоод хоол хийнэ. Ээж надад бэлэн бууз бэлдээд өгчихдөг юм. Цаг зав бага үедээ буузаа жигнээд л иднэ дээ. Заримдаа бэлэн хоол захиалах үе ч бий.
-Таны хамгийн хурдан шуурхай эсвэл сайн хийдэг ямар хоол байдаг вэ?
-Хүйтэн өдөр банштай цай хийж иддэг. Манай хүү тахианд дуртай. Тиймээс тахианы махаар хоол хийнэ. Мөн хавирга битүү чанагчинд буцалгаад, будаа хаяж иддэг. Янз бүр л дээ. Заримдаа загас шарна. “Voice Mongolia” шоу эхэлснээс хойш ням гараг бүр ажилтай. Даваа гарагаас эхлээд бэлтгэлтэй, завгүй байсан.
-Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлээд л “Харвинтай болж байна, таргалж байна” гэж гомдолдог. Өөртөө анхаарал хандуулах цаг зав хомс болдог. Харин таны хувьд хоёр хүүхэд төрүүлснийхээ дараа ч гоо сайхнаа хадгалсаар л байна. Баримталдаг жор байгаа юу?
-Хүн өөрийгөө байнга хайрлаж, арчлах юм бол бусдыг ч хайрлаж чаддаг байх. Тиймээс идэх ёстой хоол ундаа зөв зүйтэй зохицуулаад идчих хэрэгтэй юм болов уу гэж боддог. Дасгал хөдөлгөөн ч их чухал. Найман настай хүүхдээс наян настай буурал хүртлээ байнгын л хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Өөрийн гэсэн дуртай спорттой. Өөрийн гэсэн дуртай очих газартай байх хэрэгтэй. Цагийг дэмий өнгөрүүлэх хэрэггүй. Идээд л, зүгээр суухад л харвинтай болно. Тиймээс дуртай спортоо олох хэрэгтэй. Миний хувьд газрын теннисээр хичээллэдэг. Өвөлдөө сноубоардаар гулгадаг. Жилийн дөрвөн улиралд зааланд дасгал хийнэ. Мэдээж бүжиг, дууны бэлтгэлээ хийдэг. Мөн хүүхдүүдээ ч асарна. Байнга л хөдөлгөөнтэй байх хэрэгтэй.
-Хоолны дэглэм барьдаг уу?
-Хоолоо зөв зохистой идэхийг боддог. Хэн ч идээд, зүгээр суувал таргална. Гурилан бүтээгдэхүүнийг өглөө, өдөр, орой байнга идвэл шингэж амжихгүй л дээ. Гал асаагаад, уугиж дуусаагүй байхад нь нүүрс нэмээд байгаатай адил. Нүүрс ус буюу гурил болон төмстэй хүнсийг өглөө идвэл хүний бие өдрийн турш мөнөөхөө зарцуулаад, шатаагаад дуусна. Үдээс хойшдоо махтай, уургийн төрлийн зүйл идэх хэрэгтэй. Харин оройн цагаар ислэг зүйл идвэл сайн. Идэж болохгүй хоол нэрлэх үед л хүн кодлогдчихсон юм шиг санагддаг. Ингэхээр идэх зүйл байхгүй юм байна гэж бодоод, шантардаг. Тиймээс би бусдад зөвлөгөө өгөхдөө идэж болох хүнсний зүйлсийг хэлэхийг илүүд үздэг. Гурилан бүтээгдэхүүн үнэхээр идэхийг хүсдэг бол долоо хоногийнхоо нэг өдөр аз жаргалтайгаар идэх л хэрэгтэй. Хоолны цэсүүдийг байнга өөрчлөөд байвал зүгээр байх. Өөрийгөө амьдрах сонирхолгүй болтол хэтэрхий их ажиллаж, цалин авч, гэр ажил хоёрын хооронд шогшоод байвал хэцүү. Өөрөө их олон зүйлд санаачилгатай, зөв зүйтэй байх хэрэгтэй. Өөрчлөлтийг өрөөсөө эхлэх хэрэгтэй. Түүнээс Ука яаж ажиллаж, амьдарч, хэдэн төгрөгийн цалин аваад, юуг өөртөө нааж, энэ юу өмсөж зүүв гэж сонирхох бол буруу. Хүн өөрийгөө л судлаад, өөртэйгээ ажиллах хэрэгтэй болов уу. Би юу идвэл, яаж явбал, хэнтэй нөхөрлөвөл, хэн надад муухай үг хэлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Өөрт таалагдахгүй бүхнийг өөрөөсөө холдуулж чаддаг байх хэрэгтэй. Энэ тохиолдолд хүн сэтгэл хангалуун амьдардаг.
-Таниас охид, бүсгүйчүүд үлгэрлэж, уран бүтээл болоод хувь хүнийх нь үүднээс ч эрч хүч авдаг. Харин Та юунаас эрч хүч авч, хэнээс үлгэрлэдэг вэ?
-Хүмүүсийн бүтээсэн амжилтаас эрч хүч авдаг. Би юунаас дутахав гэж бодох үе бий. Ер нь нөхрөөсөө маш их эрч хүч авна. Манай нөхөр ажил хэрэгч хүн. Байнгын дасгал, хөдөлгөөн хийнэ. Хэзээ ч түүнийгээ таслахгүй, хүн бүхэнд тусалж, дэм болдог болохоор энэ зан чанараас нь сурах гэж хичээдэг. Манай нөхрийг Эрдэнэчулуун гэдэг. Олон улсын худалдааны чиглэлийн мэргэжилтэй, хятад, англи, орос хэлтэй. Англид докторын зэргээ хамгаалсан, ирэх долдугаар сард дипломоо авна даа. Шоуны үеэр ням гараг бүр шууд нэвтрүүлэгтэй байхад нөхөр маань л ар гэрийнхээ ажлыг зохицуулаад л үлдэнэ. Бүх цаг үед дандаа хамт байж, ядарсан үед намайг сэргээж, эрч хүч өгдөг. Ямар үед, яаж намайг сэргээх, хэрхэн орчин сольж ядаргаанаас салгахаа сайн мэддэг. Манай нөхөр кино театр орох, сайхан ресторанд урих гэхчлэнгээр орчин солих менежментийг сайн хийдэг шүү. Өвдөж, зовохгүй өсч байгаа хүүхдүүддээ, намайг маш сайн ойлгодог ханьдаа их талархдаг даа. “The Voice”-ын үеэр хөтлөгч Анхаагаас “Миний алтан гадас” гэдэг гоё үг сурсан. Миний амьдралын алтан гадас бол нөхөр минь. Харин урлагийн алтан гадас маань Болдоо ах юм. Болдоо ахаас үлгэр дуурайл авч, маш их зүйлийг сурдаг. Урлагийн төлөө, амьдралынхаа төлөө биеэ үнэхээр гоё авч явж, хөдөлмөрлөдөг, маш хүчтэй, мундаг эр хүн. Түүнээс маш их үлгэрлэдэг гэдгээ Войс шоуны үеэр мэдэрсэн, үүнийгээ ч өөрт нь хэлсэн.
-Та дөрөв “The Voice” шоуны үеэр хошин шогийн мэдрэмж ч сайн байсан санагдсан шүү.
-Тэр бүхэн чинь өөрөө Болдоо ах байхгүй юу. Болдоо ахыг хэзээ ч тийм гэж бодоогүй, урьд нь ойроос ярилцаж ч үзээгүй, нэг ширээний хойно ч хамт сууж үзээгүй байсан. Ер нь Болдоо ах орчны уур амьсгалыг маш сайхан бүрүүлдэг юм билээ. Ононбат ах, Отгоо ах бид гурав Болдоо ахтай ярихдаа савж унана. Бусад үед Төрийн соёрхолт шигээ царай гаргана аа, бас. Яг үнэндээ биднийг хайрладаг, хүндэтгэдэг, сайхан хүн. Ононбат ах, Отгоо ах маань байна. Намайг их дэмжиж, тусална. Шантарсан үед ах нар минь сэтгэл сэргээгээд л өгнө. Ер нь миний амжилтын ар манай гурван ах байлаа. Дашрамд хэлэхэд, ах нараасаа зөндөө их зүйл сурлаа, намайг хүндэтгэж, хүрээлэлдээ урьж байлгасанд үнэхээр их баярласан. Та нар минь байгаагүй бол би өдий зэрэгтэй явахгүй байсан шүү. -Хүүхдийн баяр болох гэж байна. Ээж тань Алдарт эхийн одон авна. Ээждээ манай сайтаар дамжуулаад сэтгэлийнхээ үгийг хэлээч?
-Ээж, аавынхаа ачийг хариулахын тулд сайн хүн байхыг үргэлж хичээж явдаг. Энэ сайхан эрүүл бие, царай зүсийг бий болгосон та хоёртоо маш их баярлалаа. Та хоёрынхоо нэрийг байнга сайн сайхнаар гаргаж явахыг хичээх болно. Олон сайхан үндэс мөчрийг цаашдаа бий болгоно оо.
-Ярилцсанд баярлалаа.