Монголын рок попын ертөнцөд өөрийн өнгө төрх, авьяас чадвараараа од мэт гялалзан гарч ирсэн “Харанга” хамтлаг өдгөө 29 дэх жилдээ уран бүтээлээ туурвиж байна. Тэд 30 жилийн ойгоо угтан үзэгч, шүтэн бишрэгчиддээ зориулан “Хайрла” тоглолтоо энэ сарын 8, 9-нд хийхээр болжээ. Ингээд “Харанга” хамтлагийн тухай сонирхолтой 13 баримтыг хүргэе.
1. Харанга хамтлаг 1989 онд байгуулагджээ.
Харанга хамтлаг 1989 онд Драмын Театрын дэргэд байгуулагжээ. Гитарчин, МУГЖ Ц.Энхманлай тухайн үед театрын дарга байсан МУАЖ Н.Сувдад хандаж, "Монголын анхны Соёл Эрдэнэ хамтлаг Ардын Дуу Бүжгийн Чуулгын дэргэд байгуулагдаж байсан. Чуулгаас тийм хамтлаг мэндэлж байхад Драмаас яагаад хамтлаг гарч болохгүй гэж" хэмээн ятгасан гэдэг.
2. Харангынхан багаасаа биеэ даасан хөвгүүд байжээ.
Хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш 13 настайдаа цэргийн хөгжимд орсон бол дуучин Х.Лхагвасүрэн ч мөн адил замаар замнажээ. Харин Ц.Чулуунбат 15 настайдаа хөгжимчин болохоор Сэлэнгэ аймгийг зорьж байж.
3. Харангын "Бүүвэй".
1980-аад оны эхэн үед тэд зэрэг шахуу аав болцгоож, Ц.Энхманлай "Бүүвэйн дуу"-гаа зохиож байсан гэдэг.
4. Германы алдарт компаниуд Харангын цомгийг хэвлүүлж байжээ.
Германы Мерседес Бенц, Сиеменс Никсдорф, Даймлер Крайслер компаниуд "Харанга" хамтлагийг дэмжиж, цомгийг нь хэвлүүлж байсан түүх бий. 1990-ээд оны дундуур Герман улсад Монголын соёлын өдрүүд болж, тэд очиж тоглолт хийсэн байна. Олон олон Германчууд тэднээс CD-гээ өгөөч гэж хүссэн гэдэг. Гэвч тэр үед хараахан цомоггүй байжээ. Ингээд тухайн үед соёлын Атташе байсан, Гадаад хэргийн сайд асан Пүрэвсүрэнд хандаж ивээн тэтгэгч олж өгөхийг хүссэнээр дээрх компаниуд хамтлагийг дэмжсэн байна.
5. Хүнд рокоос сонгодог рок болсон түүх.
Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангал, Хөгжмийн зохиолч Х.Булган болон Ардын жүжигчин С.Гончигсумлаа, 1995 он.
Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангалын хүү Булган агсан "Харанга"-ын 6 дахь гишүүн юм. 1993 онд тэрбээр хамтлагт орсноор "Миний рок" тоглолтоос эхлээд тэдний хөгжмийн дуугаралт илүү өргөн цар хүрээтэй болсон байдаг. Өмнө нь гурван гитартай хүнд рок чиглэлээр уран бүтээлээ хийдэг байсан бол Х.Булган агсан орж ирснээр даралтат хөгжим нэмэгдэж, прогрессив, сонгодог рок болж өөрчлөгдсөн байна.
6. Хэзээ ч хуучрашгүй хит уран бүтээлүүд.
1993 оны “Миний рок” тоглолтоос тэдний олон хит дуунууд гарсан байдаг. Жишээлбэл, Х.Лхагвасүрэнгийн үг аяыг нь зохиосон “Бодлын тэнгис”, яруу найрагч С.Оюуны үг, Ц.Чулуунбатын ая “Үгүйлэн санана”, Х.Лхагвасүрэнгийн үг, Я.Одсүрэнгийн ая “Их хаадын сүнс” зэрэг олон олон дуу нь одоог хүртэл “шинэхнээрээ” байгаа билээ.
7. Хамтлагийн гишүүд.
МУГЖ Ц.Энхманлай /хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, дуучин/, МУУГЗ Ц.Чулуунбат /аргил гитарчин, дуучин/, МУГЖ Х.Лхагвасүрэн /гоцлол дуучин/, МУСТА Я.Одсүрэн /хэмнэлт гитарчин, арын хоолой/, МУСТА Н.Пүрэвдаш /бөмбөрчин, цохилуур хөгжимчин/, Техникч МУСТА Ц.Мөнх-Эрдэнэ, Хамтардаг хөгжимчин, А.Болорхүү /төгөлдөр хуурч, даралтат хөгжимчин/, Д.Батбилэг /аргил гитарчин, "Fire" хамтлаг/, Бука /аргил гитарчин/ нар юм.
8. “Бодлын тэнгис”
Дуучин Х.Лхагвасүрэн 23 насандаа “Бодлын тэнгис” дуугаа зохиожээ.
9. "Харанга" хамтлагийн цомгууд.
“Харанга” хамтлаг нь “Эрин зууны хөг” (1997), “Best of Haranga” (1997), “Бодлын тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003), “Special Edition Gold” (2007), “Амьдрал-2” (2017) цомог гаргажээ.
10. “Амьдрал” дуу бүтсэн түүх.
Хамтлагийн ахлагч Ц.Энхманлай "Амьдрал" дууныхаа үгийг биччихээд Я.Одсүрэнд ая хий гээд өгсөн байна. Гэвч Я.Одсүрэн ая хийх гээд суухад Ц.Энхманлайгийн өмнө зохиосон нэг ая орж ирээд болохгүй байсан гэдэг. Ингээд тэрээр Ц.Энхманлайгийн үг, ая хоёрыг анх нийлж байгааг олж хараад "Амьдрал" дуу бүтсэн түүхтэй.
11. “Харанга” хамтлагийн зарим клипийг HD форматруу хувиргаж байна.
“On&off” продакшн өөрсдийн хийсэн “Харанга” хамтлагийн клипүүдээ HD болгон хувиргаж тоглолтынх нь өмнө бэлэг барьж байна.
12. “Алдрын од” шагнал
Тэдний рок поп хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 2016 онд "Харанга" хамтлагт Алдрын од гардуулсан юм. Соёлын төв өргөөний гадна талбайд тус хамтлагт зориулан хүндэтгэлийн индэр босгосон билээ.
13. Ирэх жил хамтлаг байгуулагдсаны 30 жилийн ой болно.
Тэд ирэх 2019 онд хамтлагаа байгуулсны 30 жилийн ойгоо тэмдэглэнэ. Гэсэн ч тэд үүнээс олон жилийг хамтдаа өнгөрөөжээ. Учир нь 1975 онд Ц.Энхманлай, Я.Одсүрэн нар хамтлаг байгуулна гэж ярилцаж, дуулж байх үеэс эхлэн “Харанга” хамтлагийн түүх эхэлнэ гэж фенүүд нь ярьдаг.