Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

П.Баярсайхан "САРМАГЧИН БОЛ САРМАГЧИН" номоос унших 15 "ХҮНЛЭГ" санаа

Монголын хүүрнэл зохиол дахь нэн хүнлэг бичвэрүүд


Пүрэвжавын Баярсайхан бол наяад оны хүүрнэл зохиолд өөрийн гэсэн бичлэгийн өнгө аяс, уянга сэтгэлзүйн уран дүрүүдээрээ уншигчдын талархлыг хүлээсэн зохиолч. П.Баярсайханы зохиол бүтээлүүд нэн хүнлэг, гэгээтэйн сацуу аргадангуй зөөлөн хөвөрсөөр эцэст нь агшин зуурт л уншигчийн сэтгэл зүйг цочроон "шархдуулах" ховор содон хүүрнэлийн арга барилаараа ялгардаг. Тэгвэл монголын үгийн урлаг дахь ийм нэгэн онцгой хүүрнэлчийн "САРМАГЧИН БОЛ САРМАГЧИН" нэрт шилмэл бүтээлийн номоос нь дараах 15 хүнлэг, уянгалаг дүрслэл, санааг уншигчиддаа хүргэж байна.


1

Салхи уйтгартайяа гиншинэ. Урьд нь Баялагмааг ямаршуу явааг улс амьтнаас бага сага дуулж байсан болохоор тэр эргэж ирсэн нь өөрт нь ч сайн болно доо гэж бодож байлаа. Хамгийн гол нь хүн алдаагаа ойлгож, түүнээ засаж чадах сэтгэлийн хүч тэнхээтэй байвал л болох нь тэр. Алдаагаа ойлгосон байх ахул чамд хэн нэгэн ямагт тусалж, ямагт хань болж чадна шүү.

2

Цас лавсаж байгаа ч биш, бударч байгаа ч биш гэхээр орж байв. Салхи нэг үе намсаж, нэг үе ширүүснэ. Хүйтэн, хүнд, мөлгөр чулуун сандал нүдэнд нь тусахад “Энэ чинь яагаад ингэж их танил санагддаг билээ” гэж гайхширав. Аа тийм, нөгөө бүсгүй уйлж суусан шүү дээ. Чулуун сандлыг цас хучиж байв. Одоо энэ сандалд мөддөө суух хүнгүй. Харин цас л сууж байна. Цасны ачаа гэдэг энэ. Тэгвэл үүн шиг сэтгэлийн ачаа гэж байх уу? Тийм ачаа бий. Сэтгэлийн ачаа нь хүндрэхээр бүсгүй дааж явахад хэцүү бэрх болоод энэ хүйтэн чулуун сандалд аргагүй суусан байна. Ачаа хярхаг хязгаартаа тулбал...

3

Аз жаргал ч өөрийн нулимстай.

4

Хүн гэдэг нас нэмэхийн хэрээр найз нөхөд цөөрдөг юм байна. Байгаль хүнд чамгүй их нас заяаж. Идэр залуухан байхад ирж очдог байсан нөхдөөс одоо хоёр гуравхан нь л орж гардаг болжээ. Зарим нь намайг гээж, заримыг нь би гээчихлээ. Байгалийн жам ёс хүнийг авслахаас өмнө хүн өөрийгөө авсалчих юм. Өөрийн хийсэн авсан дотроо амьдарсан болж өнхөрч байгаад сүүлд нь өрөөлийн хийсэн авсанд орж хэвтээд нэг мөсөн дуусах юм.

5

“Сөнөхдөө хүрвэл хот сөнөдөг юм байна” гэж бодно. Хот яагаад тийн мөхөв өө?! Хүмүүс нь сүйрсэн хотод л тийм гашуун хувь тавилан оногддог биз. Түүнээс биш эзэн нь байгаа цагт хот байх л болно. Үе удам тасраагүй цагт, үр удмаа хүн алдаагүй цагт хот байх л болно. Өөрийгөө хот доторх бас нэг хот гэдгээ хүн ер ухаардаг болов уу?

6

Өвгөн өөрийгөө өрөвдөн хайрлаж явсангүй. Хүнийг өрөвдөж хайрлаж, хүний төлөө л уйлж явлаа. Энэ өглөө мөн л уйлав. Нутгийн хүү нь ажил сурлагаа яриад нутаг усаа дуудаж, сүү саалийн үнэр нэвчсэн бор гэрээ зүүдэлдэг гэж хуучлахаар нь сэтгэл өмөлзөөд явчихжээ. Өөрийнх нь нэрийг хүндлэн дуудаж, өөрийнх нь эсгий гэрийг зүүдэлдэг гэж ярьсан  шиг санагдаж байжээ

7

Нас хөгширчээ. Байгаль дэлхий ч бас хөгширдөг байлгүй. Аль эсвэл “мөнхийн рашаан” хүртсэн гэмээр цэл залуу хэвээрээ байдаг юм уу. Юу ч гэсэн энэ бяцхан ухаагийн өвөр дэх удган мод хэдийдээ ч юм өмхөрч унаад сэрдгэр хожуул нь л үлджээ. Байгаль дэлхий ч хөгширдөг л байлгүй дээ. Өвгөн миний нас өтлөөд бөгцийж ирж байгаа чинь байгаль дэлхий л өтөлж байгаа хэрэг.

 

9

Хөх туурийн талын зэрэглээн дунд  явахад Лувсан эхнэрийнхээ нулимст нүдийг санадаг байлаа. Агь залгичихсан юм шиг хоолой нь гашуун оргиж, нулимс нь тунардаг байв. Сэтгэлийн гашуун  болохыг нь ээ!

10

Сугар ч эцгээ нутаглуулж яваа байх нь. Очиж чадалгүй мөс муутай юм боллоо. Өчигдөр дэмий уйдаж хэвтэхийн оронд гэрээр нь шагайдаг байжээ. Болсон ч болоогүй ч “Ажил төрөл нь гүйцэв үү? Бүтэж бүрэлдэхгүй юм байна уу?” гэж лавлаад мэдээд гардаг санж, хүний сэтгэл юм хойно баярлаад л хоцорно. За яахав дүүрч, тэртэй тэргүй нас нь өтлөөд жамаараа нүд аньсан амьтныг тэд тэгтлээ сүр бадруулах ч үгүй. Номынх нь ёсоор даруухан мөлгөрхөн гаргаж таарна. Авс нь л бүтчихвэл хөгшин хүнд өөр юу хэрэгтэй вэ?”

11

Хатаж өмхрөхөд ойртсон нэг муу чавганц шургаж унаад хүүхдүүд ухаантай шүү юмнууд нь аргагүйн эрхээр аваачиж хаях ажил гараа биз. Гаднаа ээжийгээ алдсан хүн шиг гашуудан уйлж хайлавч дотроо гэрийн бугаас хоёр яс хагацлаа гэж баярлаж л яваа. Тэр утасны шон шиг гоохгор эрийг л харахгүй юу?! Хэдхэн мөч тэвчээд явчихаж чадахгүй гишгэх бүртээ унах шахан холбилзон, нугас нь тасрах гэж байгаа юм шиг ярвайж ярзайгаад мөрөн дээрхээ хариугүй авч чулуудах нь ээ. Хүлцэж үз ээ! Залуу минь! Наад самган чинь та нарыг бүх насаараа л өргөж тэтгэж явсныг бүү март! Чамд харин хариу өгөх азтай мөч тохиожээ. Ийм мөч хүний амьдралд ганц л ирдэг юм шүү!”

12

Хорвоогийн амьдрал ямар ч утга учиргүй юм гэхэд “амьдаараа” үхэх нь тэрнээс илүү ухаангүй явдал биш үү?! Хөлдүү харанхуйд, хөрсөн доор хөгцөрч хэвтсэнээс өлсөж цангаад ч болов, өвдөж зовоод ч болов наран доор, газар дээр мөлхөж явсан нь хамаагүй сайхан юм. Амьд явна гэдэг бүхнээс үнэтэй.

13

Хүний амьдрал гайхаш тасрам түмэн янз юм аа. Зарим нь хорвоогийн амьтан бүхнийг тэжээх тэтгэхийн өвчин тусаж жингэр ч бай хамаагүй нохой бол амь тавин энхрийлж илбэж, үр хүүхэд шигээ угааж арчин, түүндээ зориулж торгон шуудаг эсгэдэг байхад зарим нь мах цусны тасархайгаа орон гэртээ багтаах шингээх аргагүй болж үхтэл ташуурдан элдэж хөөх...

14

Согтуу хүн хэнээс ч ичиж эрээлхэхгүй, юунаас ч айж цэрвэхгүй болдог шиг байна. Эрлэг ирсэн ч хүзүү толгойгоо нийлүүлээд хөхрөлдөн сууж чадах юм. Балгачихаад харьдаг байж. Халамцуу согтуу ороод сайх хүүхнийг үзвэл тоохгүй дээ, өшиглөөд хөөх байсан уу? Үнсэн үлгэх  байсан уу? Ямар чиг л гэсэн ингэж өмдөндөө шингэнээ савируулаад буруулж зугтаахгүй байсан даа.

15

Хүн бүхэн өөрийн хүсэл, өөрийн зорилготой. Бас өөр өөрийнхөөрөө л амьдрах тавилантай. Хүссэн ч эс хүссэн ч ийм л байдаг. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
16 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

solongoo 2019.02.17 66.181.184.61

mash goy nom shuuu

0 Хариулах