Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Алтан үзэг| Аниргүй гоморхол

“Алтан үзэг” наадамд зориулан бүтээв.


 “Алтан үзэг” наадамд зориулан бүтээв. Аниргүй гоморхол. 
 
 
Мэдрэмж
 
“Зөвхөн охид л тэрхүү мэдрэмжийг мэдэрч, ойлгодог байх” хэмээн яриагаа эхэлсэн охиныг Н.Номуунбилэг гэдэг. Тэрээр Үндэсний лаборатори “Ган зам” 20-р сургуулийн 10-р ангид суралцдаг. Анхны уулзалтан дээрээ л би түүнтэй уулзсан хүн бүр түүнийг хөөрхөн гэж боддог байхдаа гэж бодсон юм.  
 
Хорвоогийн хамаг сайхныг харж яваарай гэж заяасан юм шиг л тормогор нүд, бумбайсан хацар, бумбагар уруул, цагаахан дугуй царай, солонгос охидынх шиг зассан шингэн чолк, эгдүүтэй жижигхэн бие, япон охидынх шиг хувцасласан нь түүнийг бүхэлдээ л анимийн гол дүр шиг харагдуулж байлаа. Тиймээ түүнтэй уулзсан хэн ч бай түүнийг “супер эгдүүтэй охин” гэж нэрлэх байх.
 
Түүний зан чанарын тухайд гэвэл эвлэгхэн хөөрхөн яриатай, хэний ч өмнө өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чадахуйц өөртөө итгэлтэй, нийгмийн идэвх сайтай нэгэн. Сургууль дээрх төрхийг нь дүрсэлвээс анги хамт олноо манлайлах, тэднийгээ удирдан нэгтгэх чадвартай. Мөн дуулж, гитар тоглохдоо ямар сайн гэж санана.
 
Н.Номуунбилэг бол бусад охидын адилаар хөвгүүдийн өдөөн хатгалтанд өртөн яг тийм гэж нэрлэх боломжгүй сонин мэдрэмжид өртсөөр байгаа охидын нэг. Тэрхүү мэдрэмжийг би ч мэдэрч байсан юм. Хэрвээ тэр мэдрэмжийг тодорхойл гэвэл айдас, эргэлзээ, түгшүүр гурвын нэгдэл гэж нэрийдэх байсан биз ээ.
 
Сүрэг
 
Монгол хэлний их тайлбар толинд сүрэг гэдэг үгийг амьтны аймаг, олуулаа, хэсэг бүлгээрх бөөгнөрөл гэж тайлбарлажээ. Энэ тайлбарын дэлгэрэнгүйг үзвэл сүрэг гэдэг үг нь бүхэлдээ адгуустай холбогдон тайлбарлагдаж байгаа юм.
 
Дийлэнх хөвгүүд олуулаа явж байхдаа ганцаараа явж байгаа охин харав уу, үгүй юу цөс нь хөөрч, нэгнийгээ түлхэж, ард урдаас нь шүгэлдэн, үгээр идэж ёстой л хүн гэж хэлэхэд ч хэцүү, сүрэг адгуус мэт үйлдэл гаргадаг нь эмгэнэлтэй.
 
Энэ оны есдүгээр сарын хоёрны орой 21 цагийн үед Н.Номуунбилэг дэлгүүр орохоор явах замдаа “сүрэг банди нар”-тай таарчээ. Тэрээр эхэндээ нэлээн айдастай байсан боловч зоригоо чангалан тэдний хажуугаар өнгөрч амжаагүй байтал тэдгээр хөвгүүдийн нэг нь “энэ охиныг хүчиндчихье л даа” гэтэл найзууд энэ үгэнд хөөрөн баясаж бөөн инээдэм болж. Тэр бүү хэл тэдний дунд Н.Номуунбилэгийг таньдаг хүн байсан ба тэр нь хүртэл бусдыгаа хөхиүлэн дэмжиж “наадах чинь Номуунаа байна шүү дээ” гэж инээлдсэн байна.
 
Дээрх жишээтэй адил нөхцөл байдлаар буюу дэлгүүр орохоор зорьсон Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан Э.Түвшинжаргал дэлгүүрийн үүдэнд машинтай бүлэг ах нартай таарчээ. Аравдугаар сарын 10-ны шөнө хорин дөрвөн цагийн үед нэгж нь дууссан тул Шөнийн дэлгүүрийг зорьсон байна. Дэлгүүрийн үүдэнд байх бүлэг залуус Э.Түвшинжаргалын явах замыг машинаараа хаах оролдлого хийн нэг нь цонхоо онгойлгон “сайхан амьтныг нэг бавчих юмсан даа” гэж хэлжээ.
 
Сансарын туннелиэс 13-р хороолол хүртэл километр хүрэхгүй газарт нийт 33 шөнийн цэнгээний газар болон караокенууд байдаг аж. Шөнө орой гэлтгүй бүрэнхий болох үед тэдгээр газруудын үүдэнд бүлэг залуус ангаа отож буй анчид шиг л гараад ирдэг талаар Сансарт гэр нь байх Д.Хулан охин дурдсан. Хэрвээ хэн нэгэн охин урдуур нь өнгөрвөөс зүгээр өнгөрөөхгүй нь ойлгомжтой. Долдугаар сарын эхэн үеэр орой 21 цагийн үед найзтайгаа зураг угаалгаад гэр рүүгээ харьж явсан Д.Хулан тэдний өдөөн хоргоолтонд өртжээ. Бүлэг залуусын хоёр нь түүний хоёр талаас нь сугадсанаа “хамт караоке орчих” гэсэн байна. Мэдээж айж балмагдсан охин чинь үгүй л гэнэ шүү дээ. Гэтэл нөгөөдүүл  нь бүр даварч, бэлхүүснээс нь барьж, гарнаас нь хүчтэй татан “хамт орчихье л доо, орохгүй юмуу даа” гэх мэт ёс бус үйлдэл гаргажээ. Түүнд иймэрхүү балмад явдал нэг бус удаа тохиолдсон ба сүүлдээ энэ нь байдаг л зүйл мэт санагддаг болсноо хэлж байлаа.
 
Зөвхөн эдгээр охид л дээрх нөхцөл байдалтай тулгарч байсан уу гэвэл үгүй.
 
Эргэлзээ ба зориг
 
Монгол Улсын үндэсний статистикийн хорооноос гаргасан 2017 оны судалгаагаар нийт хүн амын 114’593 нь өсвөр насны охид байна. Тэгвэл тэдгээр охидын дийлэнх хувь нь бүлэг хөвгүүдтэй таарахаараа ямар нэгэн байдалд орж үлддэг аж. Хэдий зарим хөвгүүд нь зүгээр зөрөөд өнгөрдөг ч, бүлэг хөвгүүдийг харсан охид одоо яг яах бол, тэд ямар үйлдэл гаргах бол, намайг дээрэмдчих вий, зүгээр л зөрөөд өнгөрчих юмсан, бүр хүндээр бодвол ямар нэгэн газар руу дагуулж яваад хүчиндчих вий ч гэсэн айдас дагуулам асуултуудыг өөрөөсөө асуудаг байна.
 
Н.Номуунбилэгийн хувьд ч тэр, эхэндээ нэлээн айдастай, дэлгүүр рүү орох уу эсвэл буцаад гэр рүүгээ буцах уу гэсэн эргэлзээнд орсон. Харин тэр эргэлзээгээ даван зориглоод хажуугаар нь өнгөрсөн боловч эцэстээ доромжлолд өртөөд үлдэж байгаа юм.
 
Чимээгүй хашгираан
 
Бүлэг хөвгүүдийн доромжлолд өртсөн хэн ч бай гэсэн гаднаа ямар нэгэн үйлдэл, дуу авиа гаргахгүй ч дотроо хашгирч уйлж, хэн нэгний тусламжийг хүсдэг. Үүнийг нь би чимээгүй хашгираан гэж нэрийдье.
 
Шинжлэх ухаанаар батлагдаагүй ч чимээгүй хашгираан нь нэгэн төрлийн сэтгэлийн дарамт. Гадуур явах бүртээ бүлэг хөвгүүдийг харахаараа айж, эмээж, эргэлзэж, түгшүүртэй байдалд автана гээд боддоо. Хэн ч ийм байдалтай удаан явахыг хүсэхгүй. Тийм биз?
 
Өдгөө 16 настай Н.Номуунбилэг дээрх үйл явдал болох үед ердөө арван тавхан настай байсан юм. Тэрээр бүлэг залуусын өдөөн хатгалтанд 14 настайгаасаа өртөж эхэлжээ. Түүний ярьж буйгаар ихэвчлэн ахлах сургуулийн хөвгүүд болон хорь давсан залуус иймэрхүү үйлдэл гаргадаг гэнэ. Тэд ихэвчлэн шүгэлдэх, дуудах, зарим тохиолдолд үгээр доромжилж, цаашилбал биед нь хүрдэг байна. Эдгээр үйлдлүүд нь бэлгийн болон сэтгэл санааны хүчирхийллийн нэгээхэн хэсэг. Тэдний иймэрхүү балмад үйлдэл нь хүнд яаж тусах бол гэж нэг нь ч бодож байгаагүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Ингэснээрээ тэд өөрийн мэдэлгүй бэлгийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсээр байгаа нь харамсалтай. Н.Номуунбилэгийг элдэв бусаар хэлэхдээ ч юу ч бодолгүй, зүгээр амнаас нь гарч байдаг энгийн нэг үг шиг хэлсэн нь илэрхий. Энэ нь тэдэнд инээдэм болж болох ч, охидод ханиадам болдгийг дээрх жишээнүүдээс харж болно.
 
Илэрхийлэл
 
Хөвгүүд ганцаараа явж байхдаа зүгээр байдаг хирнээ, олуулаа болчхоороо яагаад сүрэг адгуус мэт аашилдаг вэ?
Зөвхөн одоо үеийнхэн л ганцаараа явж буй охидыг өддөг байх гэвэл эндүүрэл. Учир нь биднээс өмнөх үеийнхэн болон тэднээс өмнөх үеийнхэн ч охидыг өдөж хоргоодог байсан нь ойлгомжтой. Тэдний охин өдөж, хоргоож буй шалтгаан нь ч адилхан. Тэр нь юу вэ гэвэл тэд зүгээр л “хөгжилтэй байх зорилго”-оор охидыг өдөж хоргоодог байх нь. Харин гол ялгаа нь өдөөн хоргоолтоо илэрхийлж буй арга нь өөрчлөгдсөн төдий юм. Жаран настай Т.Ганбаатар гуай “Миний үед таалагдсан охиныхоо анхаарлыг татах гэж ‘сайн уу’, ‘чамтай танилцаж болох уу’ гэдгээс хэтэрдэггүй байлаа. Түүнээс биш тийм айхтар сүрхий үг хэлж, биед нь хүрнэ гэсэн ойлголт байхгүй байлаа шүү дээ.” гэлээ. Мөн гучин настай Б.Болд “Манай үед охин өднө гэдэг бол үнэхээрийн хүнд асуудал байлаа. Таалагдсан охинтойгоо ганц хоёр үг солино гэж ичиж түгдэрсээр байгаад таарна дөө. Тэгээд ер нь гудманд охин өднө гэж барагтаа л байхгүй. Тухайн үед таалагдсан охиныхоо сургууль, гэрийг нь найзуудаараа дамжуулж олно. Угаасаа бид нар гэрээс сургуулийн хооронд л явдаг байсан болохоор тэр. Тэгээд л өнөөх охин руугаа захидал бичнэ. Захидлаар л бүхнийг илэрхийлнэ.” гэсэн юм. Эдгээр жишээнүүдээс харахад л илэрхийллээ зөв  аргаар, зөв үйлдлээр, зөв үг хэллэг, зөв зорилгоор илэрхийлдэг байж. Энэ нь тэдний хүмүүжил болон өсөж торнисон нийгэмтэй шууд хамааралтай.
 
Харин одоо үеийнхэн илэрхийлж буй аргаа бүхэлд нь сөргөөр гаргаж байна. Н.Номуунбилэгийг таньдаг бусдыгаа хөхиүлэн дэмжиж байсан О.С гэх хөвгүүнээс зарим нэг зүйлийг тодруулваас  тэр “найзууд маань холоос ирчихсэн байсан болохоор хөгжилдөх зорилгоор л тэгж хэлсэн.” гэлээ. Охин айлгаж хөгжилддөг болчихсон юмуу? Хөгжилдөх хөгжилдөхдөө “хүчиндчихье л даа” гэдэг үгийг ашиглах шаардлага байсан уу? Илэрхийлж буй үг, үйлдэл зэрэг чинь зөв болчихвол охид биендээ баймгүй тэр их айдсыг үргэлж тээж явахгүй гэдэгт би итгэж байна.
 
Хуулийг зөвхөн хуульчид мэдэх ёстой биш
 
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд “олон нийтийн газарт бусдыг өдөөн хатгаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэж биеэ авч явах, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хүнийг нэг зуун нэгж буюу зуун мянган төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэжээ. Харин Арабын Нэгдсэн Эмират улсын Эрүүгийн хуулийн 359-р зүйлд гудманд эсвэл олон нийтийн газарт эмэгтэй хүнийг үг хэлээр болон үйлдлээр доромжилж, өдөөн хатган нэг төрийг нь гутаахыг оролдсон тохиолдолд хүнийг нэг жилээс хэтрэхгүй хугацаагаар хорих ялаар шийтгэж, эсхүл арван мянган дирам буюу Монгол мөнгөөр долоон сая гаруй төгрөгөөр торгоно гэж заасан байна. Нэг ижил асуудал дээр жишмээргүй их ялгаа гарч байна. Үгүй гэж үү? Энэ байдлаас тэд эмэгтэйчүүдийн эрхийг хэр хүндэлдэг нь харагдаж байгаа юм. Арабын Нэгдсэн Эмират улсад хууль нь ийм хатуу, хүмүүс нь ч хууль болон эмэгтэйчүүдээ хүндэлдэг учраас хөгжлийнхөө хувьд манай улсаас эрс ялгаатай байх нь аргагүй ч юм шиг. Монгол Улсын хувьд хуулийн заалтдаа ийм бага торгуул, богинохон хугацааны ял шийтгэл тусгаж өгсөн нь охин өдөж хоргоох нөхцөлийг бүрдүүлж буй нэгээхэн хэсэг болж байгаа юм. 
 
Хуулийг зөвхөн хуульчид мэдэх ёстой биш. Хуулинд зааснаар энэ нь гэмт хэрэг гэдгийг охид гэлтгүй хөвгүүд, эцэг эх болоод иргэд, бүгд мэдэж байх хэрэгтэй. Үүний тулд эцэг эх, асран хамгаалагчид, багш нар үр хүүхэд болон шавь нараа зөв хүмүүжүүлэх хэрэгтэй.
 
Иргэдийн хуулийн мэдлэг дутмагаас тэр бүр хуулийн байгууллагад хандаад байдаггүй. Үүний адилаар Н.Номуунбилэг ч үүнтэй холбогдох хууль тогтоомжийг мэддэггүй. Түүнд энэ талаарх хуулийг танилцуулан ахин бүлэг залуусын өдөөн хоргоолтонд өртвөл хуулийн байгууллагад хандах эсэхийг асуухад “хуулийн байгууллагад хандлаа ч нэмэр болохгүй байх, иймэрхүү явдал түгээмэл болдог болохоор тэр бүр авч хэлэлцэхгүй нь ойлгомжтой шүү дээ.” гэсэн юм. Мөн уулзсан охид маань ч Н.Номуунбилэгтэй төстэй хариултуудыг өгч байлаа. Ингэснээрээ тэд гэмт этгээдийг тухайн үйлдлийг үйлдэх сэдлийг нь өдөөж өгдөгөө ойлгохгүй л яваа. ЦЕГ-ын хошууч Д.Будзаан “Цагдаагийн байгууллагад жилд дунджаар сая гаран дуудлага ирдэг. Тэр бүрийг нь төрлөөр нь ангилж программд оруулдаг ба одоогоор ийм төрлийн хэргийн талаарх дуудлага ирээгүй байна” гэлээ. 
 
Хууль нь байсаар байтал нөхцөлийг нь бүрдүүлэхгүй байгаа иргэдийг буруутгах уу эсвэл ийм хөнгөн хуулийн заалттай улсдаа гомдоод суух уу эс бөгөөс хууль бус, балмад үйлдлийг хэвийн үзэгдэл мэт хүлээж авсаар, өөрсдийгөө хохироох уу зэрэг олон асуулт бидний өмнө тулгараад байна.
 
ХИС-ийн Сэтгүүлч - Орчуулагч 2-р ангийн оюутан Б.Сэргэлэн
 
"Алтан үзэг" сэтгүүл зүйн оюутны улсын наадмын дэд байрны шагналт бүтээл.
Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
12 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.02.05 202.9.42.113

Эмэгтэй хүнийг зүгээр явуулахгүй өдөх, худлаа нэгийгээ түлхэх, үдээсээ үдэж байгаам болж гэнэт тонгойж цочоочихоод инээх зэрэг нь Нээх тэнэг золбин санагддаг. Төлөвшөөгүй тэнэг бацаан гэдгээ л харуулж байгаа юм

0 Хариулах


BbBbbbb 2019.01.16 150.129.141.166

Bi ch 30tai l daa. 10 jil oyutan nasaa europed unguruusiin. Mongoldoo ergeed suurishaad zun havar gaduur yawahad yostoi hetsuu yum bn lee. Us tsatsna, gent changa orilj hun ailgah gej oroldno, muuhai bohir zuils shidne, aalz geed buugnuruulsen us shidsen, avtobusnii jolooch shil archigniihaa usiig neg tsatssan. Er n taivan yawuulahgui, egeetei l baga angid taalagdsa ohiniihoo usiig zulgaadad bsn batsaan zangaasaa salaagui sanagdsan shu zaluuchuud.

0 Хариулах


rty 2019.01.08 202.21.106.113

yurn bol unen iim zuil baigaa huil zuin tal deer niigem tsevershih bus ulam bohirdoj bn shuud horiod baival ulam bohirdon gehees tsevershihgui tegeed manai mongoliin odoogiin niigem tus tusdaa salbarlah bus ulam holbotoi bolood odoogiin turiin bodlogo holboh tulhuur bolood baina ymar ch tsevershig bolomj oldohgui sonin sanagdaad baidag shuu odoo tsagt zuv hun harah hetsuu bolj dee

0 Хариулах