UBLife Logo
Ц.Мөнхтүвшин: Талаар нэг тарсан мэдлэг, мэдээллийг цэгцэлсэн төв цэг нь ESAN байх болно
Боловсрол

Ц.Мөнхтүвшин: Талаар нэг тарсан мэдлэг, мэдээллийг цэгцэлсэн төв цэг нь ESAN байх болно

Гурван жилийн хугацаанд 48’000 мөр код бичиж бүтээсэн “ESAN” төслийн системийн нээлт өнгөрсөн сард болсон. Бакалаврын дипломын ажил, бие даалтуудаас эхлээд эрдэмтэн судлаачдын бүхий л бүтээл, цаашлаад ном, сонин, сэтгүүл, архивын материалууд зэргийг багтаасан, эш татах соёлыг бий болгох, хуулбар шалгагч систем зэрэг олон функцээс бүтсэн цахим номын сан ESAN.mn эрдэмтэн, судлаачид болон багш нараас өндөр үнэлгээ авсан билээ. ESAN төслийн санаачлагч, “Steppe Link” компанийн Ерөнхий захирал Ц.Мөнхтүвшинтэй ярилцлаа.

-“ESAN”-гийн нээлтийн зочдыг их дээд сургуулийн удирдлага, багш, ажилтнууд болон оюутнуудын төлөөллөөр бүрдүүлсэн байсан. Арга хэмжээний талаар ямар сэтгэгдэлтэй үлдсэн бэ?

-Нээлтээ бид он гаргаад хийх төлөвлөгөөтэй байсан. Арга хэмжээгээ их, дээд сургуулиудын удирдлагуудын хүрээнд цомхон хийх бодолтой байсан ч сургуулиудын зүгээс багш, ажилтнууд болон оюутнуудынхаа төлөөллийг оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч арга хэмжээгээ өргөн цар хүрээнд зохион байгуулсан. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй хувийн 72 их, дээд сургуулийн 64-ийнх нь төлөөлөл оролцсон бөгөөд шат шатны төлөөллүүд санал бодлоо солилцсон сайхан арга хэмжээ болж өнгөрлөө. ESAN төслийн нээлтийн үеэр зургаан сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг зурсан бол дараа нь 10 гаруй сургууль бидэнтэй холбогдоод, ажил хэргийн түвшинд яриа хэлэлцээр явж байна.

-Нээлтийн өмнө зөвхөн “Сэрүүлэг” их сургуультай гэрээ байгуулж, хамтран ажиллаж байсан гэсэн. Харин дараа нь богино хугацаанд хамтран ажиллах сургуулиудын тоо нэмэгдсэн нь юутай холбоотой гэж бодож байна вэ?

-Ер нь манай систем их нүсэр. Ердийн цахим номын сан биш, боловсролд зориулсан нарийн функцуудтэй, их мэдээллийг бага системд шахсан платформ учраас хүмүүс эхэндээ бүрэн ойлголтгүй байсан. Нээлтийн үеэр төслийн танилцуулгыг хийж, хэлэлцүүлэг өрнүүлж, дараа нь их сургуулиудаар биечлэн явж уулзалт хийснээр хүмүүс бүрэн дүүрэн ойлголттой болж, хамтран ажиллах сургуулиудын тоо эрс нэмэгдэж байна.

-Системийн үр өгөөжийг хүртэх их, дээд сургуулийнхны хэлсэн урмын үг юу байв?

-Энэ систем, ийм төрлийн ажил хийгдэх цаг нь болсон, үнэхээр хэрэгтэй гэдгийг бүгд хэлж, хүлээн зөвшөөрч байсан. Яагаад гэвэл оюутан болон багш нарт дараах хоёр асуудал байнга тулгардаг. Нэгдүгээрт, мэдээлэл хүртээмжгүй, олдоцгүй байдаг. Хэрэгтэй мэдээллээ олох гэж ихээхэн цаг хугацаа, хүчин чармайлт зарцуулдаг. Хоёрдугаарт, оюуны хулгай, бусдын бүтээлийг эш таталгүйгээр шууд хуулбарлан ашиглах явдал газар авч байна. Харин манай системд бакалавраас докторант хүртэлх, цаашлаад эрдэмтэн, судлаачдын судалгааны ажил, ном товхимолууд байршсанаар хэрэгтэй мэдээллээ түргэн шуурхай олох, хуулбар шалгах, эшлэл татах боломжтой болж байгаа юм.

-Хамгийн түгээмэл асуулт юу байв?  

-Системийн төлбөр тооцооны талаар нэлээд асуусан. Оюутнуудын хувьд өөрийн сургуулийн бүтээлүүдийг үнэ төлбөргүй ашиглана. Бусад байгууллага болон зохиолчдын бүтээлүүд үнэгүй, гишүүнчлэл, төлбөртэй, багцын гэсэн дөрвөн төрлөөр байршиж байгаа. Эндээс хүссэн мэдээллээ үнэ төлбөргүйгээр эсвэл худалдаж аваад ашиглах боломжтой. Манай системийн бүх арга, ажиллагаа монгол хэл дээр учраас хялбар, бас ойлгомжтой.

-ESAN.mn-ийг хийх анхны санаа төрсөн цэгээс бодит ажил болох хүртэл ямар зам туулав. Хамгийн анхны том шалтгаан юу байсан бэ?

-ESAN бол бидний хийж байгаа болон хийхээр төлөвлөж буй олон ажлуудын ердөө нэг салаа мөчир нь. Залуу хүний хувьд би Монгол Улсдаа зөв, хэрэгтэй юм хийж, чадах хэмжээндээ хувь нэмэрээ оруулахыг хүсдэг. Энэ ажлын эхлэлийг 2008 онд тавьсан гэж болно. Дубай руу явж сурсан нь миний амьдралыг олон талаар өөрчилж, олон зүйл сурч, анзаарахад нөлөөлсөн. 

-Сонин сонголт байна. Яагаад заавал Дубай гэж. Мөн тэр газар орон, тэнд суралцсан он жилүүдээс юуг голчлон сурч мэдэв?

-Гадагшаа явж сурахаар шийдэхэд хамгийн эхний сонголтууд АНУ, Англи, Австрали, Канад, Сингапур зэрэг улсууд байсан. Яг үнэндээ эдгээр орон руу жил бүр хэдэн зуун монгол оюутан сурахаар явдаг. Эдгээр хүмүүстэй ижилхэн сэтгэж, нэг өнцгөөс харахын оронд тэс өөр соёлд суралцаж, өөр зүгт алхахыг зорьсон юм. Тэр үед Дубай ид моданд орж, хөгжлөөрөө дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байсан.

Олзуурхууштай нь тэд Монголтой олон талаараа адилхан байв. Арабын нэгдсэн Эмират  нь манайхтай ялгаагүй газрын баялаг ихтэй орон. Түүхийг нь харвал бүгд малчин, нүүдэлчин. Ганцхан ялгаа нь тэд газрын баялгаараа эдийн засгаа босгож, биднээс 20 жилийн урд алхсан явдал юм.

Гэвч яг үнэндээ тэдэнд тансаг сайхан амьдрал, үнэтэй байшин, машин байгаа ч амьдралын хэв маяг, боловсрол, төлөвшилд нь гадны соёл нэвт шингэсэн байсан. Нефтийн орлогоос орж ирсэн мөнгөний 90 хувь нь буцаад л гадагшилдаг. Хамгийн үнэтэй, бүхний дээдийг эдэлж хэрэглэж байгаа боловч өөрсдийн гэсэн үндэсний үйлдвэрлэл байхгүй, дархлаа нь суларсаар, араб соёлоо алдаж байна. Тэд хэсэгтээ сайхан амьдрах боловч 2050 он гэхэд АНЭУ-ын хөгжил зогсоно гэж судлаачид хэлдэг. Нефтийн нөөц нь дуусахад энэ улс “үгүй болно”.

Үүний цаад учрыг бодоод үзэхээр аливаа улсын тогтвортой, урт хугацааны хөгжлийн гол цөм нь газрын баялаг биш тухайн орны ард иргэдийн боловсрол, бас мэдлэгт тулгуурладаг юм байна гэдгийг ойлгосон. Энэ их үнэтэй сургамж байсан шүү.

-Монголын боловсролын системийг харж, харьцуулахад ямар ялгаа харагдаж байна вэ?  

-Уламжлалт боловсролын системд сургуулиуд өөрсдийн багш, эрдэмтэн, судлаачдын боловсруулсан сурах бичиг, ном, гарын авлагын хүрээнд сурагч, оюутнууддаа мэдлэг олгодог. Харин гадаадын өндөр хөгжилтэй улс орнууд оюутнууддаа компьютер, гар утаснаасаа өөрийн хүссэн чиглэлд мэдлэг, мэдээлэл олж авах, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлж өгчээ. Өөрөөр хэлбэл зөвхөн мэргэжлийн дагуу суралцах уламжлалт тогтолцоог халж, салбар бүрийн мэдлэгтэй, чадварлаг мэргэжилтэнг бэлтгэх чиглэлд анхаарч байна. Энэ сайн жишгийг Монголдоо нэвтрүүлж байж манай боловсролын чанар сайжирч, дэлхийд өрсөлдөхүйц мэргэжилтэнг бэлтгэх боломжтой болно.

-Энэ бодол явсаар ESAN төслийн эхлэл болжээ. Энэ төсөл хэрэгжсэнээр ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-ESAN бий болсноор монгол хэлээр хэвлэгдсэн өнөөгийн болон хуучны бүх материалыг дэлхийн хаанаас ч үзэж ашиглах боломжтой болно. Мэдээллээр хангагдахаас гадна мэдлэг нь тэлнэ. Өнөөдөр мэдээллийг ил тод, нээлттэй, хялбар олж авна гэдэг ямар их үнэ цэнэтэй билээ. Бүх юм хаалттай байсан социализмын үеэс өдийг хүртэлх бүхий л мэдээ, сонин бичиг, шийдвэрүүдийг орчин үеийн техник технологи ашиглан нээх цаг нь болсон.

Эхний ээлжинд бид мэдээллээр хангах, боловсролын чанарыг сайжруулах, түүхийг таниулах чиглэлд анхаарна. ESAN дотроо жижиг, жижиг олон функцтэй. Эхний ээлжинд боловсрол руу анхаарч байгаа бол дараа нь олон нийт, оюуны бүтээл туурвигчид, сэтгүүлчид рүү чиглэн ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Улс орон болгон өөрсдийн соёл, эдийн засгийн онцлогтой ба тэр хэв маягт таарсан платформ хэрэгтэй байгаа орон зай дээр ESAN гарч ирсэн.

-Энэ төслийн анх эхлүүлэхэд эргэн тойрныхон чинь хэр их итгэж, дэмжиж байсан бэ?

-Анх энэ төслийн санаагаа хэлэхэд гэр бүл, найз нөхөд маань маш их дэмжиж, хүлээж авсан ч хэрэгжүүлэх явцад олон олон асуудлууд тулгарч, шантрах үе их байсан. Гэвч багийнхныхаа итгэл найдварыг хүлээсэн учраас тэднийг мохоох, урам зоригийг нь унтраах эрх надад байгаагүй. Тиймээс өөрийгөө зоригжуулаад, тууштай зүтгэсэн.

-Амжилттай хэрэгжсэн төсөл бүрийн ард чадварлаг баг, хамт олон байдаг. Энэ том төслийг хийж, бүтээлцсэн багийнхаа тухай яриач.

-Баг бүрдэнэ гэдэг үнэхээр хэцүү. Чадвартай сайнаас гадна хүсэл тэмүүлэл, хийх гэж байгаа зүйлдээ итгэсэн хүмүүстэй л ажиллах нь чухал юм билээ. Ажлаа эхлэхээс өмнө бид маш том судалгаа хийж, боловсролын чанараараа дэлхийд тэргүүлэгч улс орнуудын жишгийг судалсан. Хагас жилийн судалгааны дүнд 166 хуудас репорт гаргаж ирсэн.

-Тэр судалгааны гол баримтууд юу байв?

-Америк, Англи болон Австрали зэрэг дээд боловсролын чанар болон хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг улс орнуудын их, дээд сургуулиуд өөрсдийн хөгжлийн чиг хандлагаа тодорхойлохдоо мэдээллийн технологийн давуу талуудыг өргөнөөр ашиглаж байна. Жишээлбэл, зөвхөн АНУ-д гэхэд 560 сургуульд 28,000 гаруй онлайн сургалт санал болгож байна. Мөн 2002-2005 онуудын хооронд АНУ-д хийгдсэн 74,000 оюутныг хамарсан судалгаагаар нийт оюутнуудын 38% нь цаасан, 54% нь цахим эх сурвалжаас ямар ч эшлэл хийлгүйгээр шууд судалгаандаа авч ашигласан гэсэн цочирдом үр дүн гарсан. Иймээс оюуны өмчийг дээдлэх, бусдын бүтээлийг шууд хуулбарлахыг хориглох үүднээс онлайн хуулбар шалгагч програмыг дэлхий нийтээр ашиглаж эхэлсэн. Дэлхийн 140 орны 15,000 их, дээд сургуулиуд “Turnitin” хуулбар шалгах програмыг нэвтрүүлснээр оюутнуудын оюуны бүтээлийн голч дүн 53%-иар нэмэгдсэн гэсэн судалгаа бий. Энэ бол маш өндөр хувь. Нийт багш нарын 93% нь хуулбар шалгадаг энэ програмыг “үнэхээр хэрэгтэй” гэж үнэлсэн байдаг. Иймээс бид хуулбар шалгуурын програмыг бүтээж, ESAN-д нэгтгэсэн. Дээрээс нь эшлэл татах хэцүү, олон янзын материал шүүж, эш зүүлт бэлдэж цаг алддаг байдлыг ESAN хөнгөвчилж, хялбар болгосон гэхчлэн олон давуу тал бий.

-Ойрын жилүүдэд бид ESAN-гаас юу хүлээж болох вэ?

-ESAN ойрын жилүүдэд боловсоръё, сурч мэдье гэж байгаа хүн болгоны хамгийн сайн найз нөхөр, туслагч болъё гэсэн зорилт тавьсан. Хоёр дахь жилээс хараагүй хүмүүст зориулж аудио ном, цаашлаад видео хичээлүүд орно. Зөвхөн академик мэдлэг, мэдээллээс гадна ном, сонин, сэтгүүл, архивын материал, тушаал шийдвэрүүдийг нэг дороос олох боломж нээгдэнэ. Үндсэндээ талаар нэг тарсан мэдлэг, мэдээллүүдийг нэг дор цуглуулсан сан болох зорилготой.

-Аппликэйшн гаргах уу?

-Тийм ээ. Ирэх оны нэгдүгээр сардаа багтаан аппликэйшн маань гарна. Мөн гуравдугаар сараас “Kindle”-тэй хамтрах том ажилтай сууж байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.