UBLife Logo
Бөх

Луис Декубас: Н.Төгсцогт, Клаудио Марреро хоёр жинхэнэ тулааны машинууд

Луис Декубас: Н.Төгсцогт, Клаудио Марреро хоёр жинхэнэ тулааны машинууд

Монголын мэргэжлийн боксчин Н.Төгсцогт (10-0, 9 КО) нэгдүгээр сарын 26-нд WBC болон IBO холбооны дэлхийн аварга болж байсан, одоо WBC холбооны чансаанд 57,2 кг жинд хоёрт бичигдэж буй Доминикан улсын боксчин Клаудио Марреротой (23-2, 17 КО) 12 үе тулалдахаар болсон билээ. Тэдний хэн ялсан нь WBC холбооны 57,2 кг-ийн жингийн аварга АНУ-ын Гэри Расселлтай (29-1, 17 КО) аваргын бүсийг нь булаан авахын төлөө тоглох эрхтэй болно. Холбооноос энэ талаар албан ёсоор зарласан тул Гэри Рассел энэ хоёр боксчны хэн ялсантай тулалдахаас өөр аргагүй болж байгаа юм. 

Клаудио Маррерогийн дасгалжуулагч, куба мэргэжилтэн Луис Декубас ирэх тулааныг энэ жингийн хамгийн сонирхолтой тулаан болно гэж үзэж байна. Луис Декубас “Энэ жингийн хамгийн хүчтэй хоёр боксчин таарлаа. Тэднээс аваргууд ч айж эмээж байгаа. Аваргын бүсийн төлөө тоглох тамирчид амар өрсөлдөгч тааруулаад дээш гарч ирдэг бол энэ хоёр үнэхээр хэцүү тулаан хийж, бүсийн төлөө тоглох эрхтэй болох гэж байна. Хуучны сайхан цагт боксчид яг энэ хоёр шиг л зам туулж байж, дэлхийн аваргын бүсийн төлөө тоглох эрх авдаг байлаа. Н.Төгсцогт, Клаудио Марреро хоёр жинхэнэ тулааны машинууд. Тэд устгахаар бүтээгдсэн машин тул тоглолт бүтэн 12 үе болох нь эргэлзээтэй. Марреро сүүлийн тулаанаа маш сайхан хүнд цохилтоор дуусгасан. Туг ч бас өрсөлдөгчөө цохиж унагаасан. Ялсан нь аваргын бүсийн төлөө тоглох эрх авахаас гадна хагас хөнгөн жингийн жинхэнэ “аймшиг” болно” гэж ярьжээ.Марреро, Н.Төгсцогт нар хэн хэн нь хамгийн сүүлд өнгөрсөн хавар тулалдсан. Клаудио дөрөвдүгээр сард эхний үед Хорхе Ларуг ялсан бол Туг тавдугаар сард дэлхийн аварга асан Оскар Эскандоныг гуравдугаар үед унагаасан билээ. 

Энэ тулааны дараа манай тамирчин “Би аваргын бүсийн төлөө тулалдах эрхтэй. Юуны өмнө WBA-гийн супер аварга  Лео Санта Крус, WBA-гийн аварга Абнер Марес хоёрын ялсантай тулалдмаар байна. Бусад холбооны аваргуудын бүсийг ч булаан авах хүсэлтэй. IBF-гийн аварга Жош Уоррингтон, WBC-гийн аварга Гэри Расселл, WBO-гийн Оскар Вальдес, Карл Фрэмптон нарын бүс ч сонирхол татаж байгаа. Энэ аваргуудын хэнтэй ч тулалдсан чадна. Хэн байх нь хамаа алга. Би Эскандон, Расселл хоёрын тулааныг үзсэн. Эскандон хатуу ширүүн, сайн тамирчин. Гэхдээ түүнийг би зүгээр нэг ялах биш, өөрийгөө харуулсан сайхан ялалт байгуулах хүсэлтэй байлаа. Би энэ оны төгсгөл гэхэд цолны төлөө тулалдахад бэлэн байна. 55,3 кг, 57,2 кг-ийн жинд авагын төлөө үзэлцмээр байна. Түүхийг бүтээмээр байна. Монгол орноо дэлхий дахинд төлөөлж байгаадаа би аз жаргалтай байдаг” гэж BoxingTalk-д ярилцлага өгөхдөө хэлж байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
30
47
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.