UBLife Logo
Бусад

IELTS-ийн шалгалтанд өндөр оноо авсан монгол залуусын зөвлөгөө

Ub.life
Ub.life
IELTS-ийн шалгалтанд өндөр оноо авсан монгол залуусын зөвлөгөө

Шинэ оны эхэнд олон залуус хэлний мэдлэгээ сайжруулах, шалгалт өгөх зорилго тавьсан гэдэгт итгэлтэй байна. Иймд англи хэлний түвшин тогтоох олон улсын хоёр том шалгалтын нэг болох IELTS-ийн шалгалттай холбоотой монгол залуусын зөвлөгөөг хүргэхээр бэлдлээ.

Тууштай, системтэй бэлтгэл хийж чадвал 7.5-8 оноо авах нь  хүрэхэд хэцүү зорилго биш гэдгийг та бүхэнтэй туршлагаасаа хуваалцах гэж буй монгол залуусын түүх гэрчлэх болно. Тэдний өгсөн зөвлөгөөнөөс харахад шалгалтын бүтэц, онцлог, техникийг маш сайн судалж, гартаа оруулахын сацуу өөрийн гэсэн хэл сурах арга барилыг олж авахын чухлыг онцлон хэлж байсан юм.

Ө.Рэнцэндорж (БНСУ-ын JC PND барилгын төслийн менежментийн компанийн төслийн менежер)

1.  IELTS-ийн оноо: Band Score – 8. (Listening-8, Reading -8, Writing -8, Speaking -8.5)

2.  Шалгалтанд бэлдэхээс өмнө хэлний мэдлэгийн түвшин: IELTS дээр 8 гэсэн оноог авахын өмнө бол хэд хэдэн удаа өгч байсан болохоор боломжийн түвшинд байсан гэж бодож байна.

3.  Хэдэн удаа шалгалт өгсөн: Нийтдээ 3 удаа өгч байсан ба анх 6 оноо, дараа нь 7,5 сүүлд 2018 оны 2-р сард өгөхдөө 8 оноо авсан. Хугацааны хувьд тооцож үзвэл сүүлийн 2 жилийн турш энэ оноог авахын тулд идэвхтэй суралцаж бэлдсэн гэж үзэж болох ч 7,5 авснаас хойш төд удалгүй 8 гэсэн тоонд хүрсэн. Эцсийн зорилгодоо хүрэхийн тулд бага багаар дадлага туршлага хуримтлуулсаны эцэст энэ оноонд хүрч чадсан гэж боддог.

4.  Өдөрт шалгалтанд бэлдэхэд зарцуулсан цаг: Шалгалт өгөхийн өмнө их сургуулийн журмаар англи хэл дээр судалгааны ажил хийж байсан учраас хангалттай хэмжээний цаг зарцуулсан гэж боддог. Өдөрт дунджаар 5-6 цагийг цэвэр унших, бичихэд зориулж байв.

5.  Шалгалтанд бэлдсэн арга барил: Анх би англи хэл дээр ном унших их дуртай байсан бөгөөд сүүлд хичээл сургуулиас шалгаалж дан гадны судалгааны материал, эрдэм шинжилгээний өгүүллэгийг англи хэл дээр унших болсноор хэлний мэдлэг сайжирсан. Товчхондоо маш их уншсаны ачаар гэж хэлж болно. Олон төрлийн судалгааны ажил уншина гэдэг олон төрлийн үгтэй таарах, албан бичгийн хэлбэр, бүтцийг ойлгох, дуурайж бичих, өгүүлбэр зүйн бүтэц хийгээд хэрэгтэй нэршил томъёог цээжлэх зэргээр өдөр тутамд англи хэлтэй ямар нэг байдлаар харьцаж байсан тул өндөр оноо авахад гол түлхэц болсон болов уу.

Гэхдээ хамгийн чухал нь тухайн шалгалтын арга барилыг сайтар ойлгох юм. Шалгалт бүр өөр өөрийн онцлог стратеги болон тактиктай байдаг. Жишээлбэл, бичих хэсэгт л гэхэд тухайн шалгалтыг засаж буй хүний юу хүсэж байгааг мэдэх, түүнд нь тааруулж бичих, үгийн тоонд анхаарч аль болох академик төрлийн үгс ашиглах, өгүүлбэрүүдийг логик уялдаатай бичих, зөв холбоос ашиглах, цогцолборын эхлэл төгсгөлийг зөв хийх зэрэг олон мэдлэг, чадварыг эзэмшиж байж өндөр оноо авах, 6-6,5 дээр гацахгүй ахих боломжтой гэж боддог. Түүнчлэн унших, сонсох хэсгүүдэд өөрийн гэсэн арга барил эзэмшиж, тест, дасгал ажлуудыг уйгагүй хийх, асуулт нэг бүр дээр ач холбогдол өгч чанартай хийх нь эцэстээ үр өгөөжөө өгдөг. Би шалгалт өгөхийнхөө өмнө дор хаяж 10 ба түүнээс дээш тооны бодитой тест ажиллах (унших, сонсох, бичих, ярих гээд бүгд орсон байх) зорилго тавьдаг. Ингэхдээ асуулт бүрийн хариултыг шинжилж, яагаад зөв эсвэл буруу байгааг ойлгож авах нь үр дүнтэй санагддаг. Тест их ажилласнаар шалгалтын үеэр цагийн баримжаатай болох, цагтаа амжиж хариулах зэрэг олон чадварыг хөгжүүлэхэд үр дүнтэй. Мөн богино хугацаанд хурдтай гүйлгэж уншаад (skimming) гол санааг ойлгож авах чадвар мэдэгдэхүйц сайжирдаг. Нэмээд олон салбарын үгийн баялагтай болох, олон хариултаас зөвийг нь богино хугацаанд олох, урт текст, үг өгүүлбэрүүдтэй харьцаж сурах, бодит шалгалт дээр сандралаа дарж сурах зэрэг дурдаж барамгүй олон чадваруудыг эзэмшдэг.

Ерөнхийдөө бол унших, найруулж бичих, товчилж бичих, эссэ зохиох зэрэг нь IELTS –ийн унших, бичих хэсэгт өндөр оноо авахад хамгийн чухал үзүүлэлт юм. Сонсох хэсгийн хувьд мөн л бүх сонсох тестүүдийг хийж, хариултуудад нь анализ хийх нь зүйтэй. Нэг тестийг хэзээ ч нэг удаа сонсож болохгүй. Дахин дахин сонсож алдсан хэсгээ хайж олох, сонсолгүй өнгөрүүлсэн үг өгүүлбэрийг барьж сонсох хүртлээ давтан сонсоорой. Би нэг тестийг гурав, дөрөв бүр таван удаа сонсох, алдсан хэсгээ заавал барьж авч сонсоод алдаагаа ойлгох хүртлээ давтаж хийдэг байсан. Харин ярих хэсгийн хувьд найз хамтрагчтай болох, өөрийн дуу хоолойг бичиж аваад эргүүлэн сонсох, аль хэсгийг буруу ярьж буйгаа олж мэдэх, хэрхэн ярьвал зүгээр болохыг суралцах, youtube ээс 8 болон 9 онооны ярианы хичээлүүдийг үзэх, бодитоор хүмүүс хэрхэн ярьж байгааг сонсох, дагаж ярих гэж хичээх зэргээр аль болох өдөр тутам өөртэйгээ ярих, бусадтай ярих идэвхтэй байх нь чухал. Миний шалгалтанд өндөр оноо авсны нууц нь ердөө олон дахин унших, бичих, тэгээд дадлага тестийг уйгагүй бөгөөд чанартай хийсэнд л оршино.

Миний шалгалтанд өндөр оноо авсны нууц нь ердөө олон дахин унших, бичих, тэгээд дадлага тестийг уйгагүй бөгөөд чанартай хийсэнд л оршино.

Мэдээж өндөр оноо авахад хугацаа хэрэгтэй байдгийг санах хэрэгтэй.

6.  Залууст хандаж хэлэхийг хүсч буй гол зөвлөгөө: Гурван зүйлийг онцолж хэлье. Нэн тэргүүнд өгөх гэж буй шалгалт танаас яг юу хүсч буйг олж мэдэх хэрэгтэй. Энэ нь тухайн шалгалтыг зөв хийх арга барил, стратеги тактик юм. Энэ чадвар дутагдвал 7 онооноос дээш гарч чадахгүй. Үүний дараа тодорхой хугацааны турш янз бүрийн онлайн, онлайн бус тестүүдийг заавал бүрэн гүйцэд хийх замаар төлөвлөгөөтэй бэлдэх хэрэгтэй. Хүмүүсийн туршлагыг харахад богино хугацаанд өндөр оноо авах гэж системтгүй бэлдсэнээр зайлшгүй эзэмших ёстой чадваруудаа орхигдуулдаг. Сүүлийн анхааруулах зүйл бол шалгалтыг хугацаанд нь амжуулж гүйцэтгэх чадвар юм. Энэхүү чадвар нь өмнө хэлсэнчлэн маш их бэлтгэл, дадлагын үр дүнд суудаг чадвар. Дадлага тест ажиллахдаа анхнаасаа цагаа хараад, стандарт хугацаандаа хийж сурах ёстой. Үгүй бол жинхэнэ шалгалтын үеэр сандрах, чаддаг асуултуудаа алдах, өндөр оноо бүхий сүүлийн хэсгүүдийг дутуу хийх, тааж бөглөх зэргээр оноогоо алддаг.

7.  Энэ алдааг л битгий давтаарай: Анхаарлаа төвлөрүүлж сурах. Сонсох хэсэгт сонсонгоо шууд бөглөдөг тул дор дор нь хийх юм уу сонсож чадалгүй алдсан тохиолдолд орхиж дараагийнхаа асуултад анхаарлаа төвлөрүүл. Туршлага муутай,  анх өгч буй хүмүүс анхаарлаа төвлөрүүлэхийн чухлыг төдийлөн анзаараагүйгээс болж шалгалтын үеэр өөр юм бодох, эргэн тойрны зүйлд анхаарлаа сарниулснаас алдах нь элбэг. Ялангуяа сонсгол болон ярианы хэсэгт анхаарлаа сайн төвлөрүүлэхгүй л бол хариултаа сонсож чадахгүй өнгөрөөх, өмнөх хариултаа бодож байгаад дараагийн асуултаа алдах, ярих хэсэг дээр шалгагч багшийн тавьж буй асуултыг буруу ойлгох, сонсолгүй өнгөрөөх, ташаа хариулах зэрэг алдаа гарах нь түгээмэл байдаг. Тиймээс шалгалтанд бэлдэж байхдаа анхаарал төвлөрүүлэх дасгал хийж уг чадварыг хөгжүүлээрэй гэж захья.

М.Бямбасүрэн (Тайванийн Засгийн газрын тэтгэлэгт, олон улсын улстөрийн магистрын ангийн 1-р курсын оюутан)

1. IELTS-ийн оноо: Band Score – 8.5 (Listening-9, Reading -9, Writing -7.5, Speaking -8.5)

2. Шалгалтанд бэлдэхээс өмнө хэлний мэдлэгийн түвшин: Upper intermediate

3. Шалгалтанд бэлдсэн хугацаа: 21 хоног

4. Хэдэн удаа шалгалт өгсөн: Нэг удаа

5. Өдөрт шалгалтанд бэлдэхэд зарцуулсан цаг:  3-4 цаг

6. Шалгалтанд бэлдсэн арга барил: Миний бодлоор хүн өөрт таарсан хэл сурах арга барилаа олчихвол ямар ч хэлийг сурахад хялбар болдог шиг санагдсан. Анх англи хэл сурахдаа өөрийн дуртай, биед амар арга барилыг олж эзэмшсэний дараа турк, хятад, герман, япон, сүүлд индонез хэлийг тэр арга барилаараа сурсан. Орос хэлийг багадаа өөрийн сурах арга барилаа олоогүй байх үедээ сурсан болохоор нэлээн зовж байж сурсан. Миний хувьд кино үзэх их дуртай, аяласан газар бүрийнхээ кино театр руу хамгийн түрүүнд очдог. Нэг удаа кино үзээд буцах онгоцноосоо хоцорсон тохиолдолд ч бий. Гэхдээ хүн бүр кино үзэж хэл сурах албагүй. Хэлэх сурах олон арга зам бий. Миний сурсан арга барилаар өөр нэг хүн хэл сурна гэдэг хэцүү. Харин өөрийнхөө сонирхол, хоббины тусламжтайгаар сурах нь илүү үр дүнтэй.

Анх англи хэл сурахдаа өөрийн дуртай, биед амар арга барилыг олж эзэмшсэний дараа турк, хятад, герман, япон, сүүлд индонез хэлийг тэр арга барилаараа сурсан.

Шалгалтын тухайд англи хэлээр ус цас шиг байлаа ч IELTS, TOEFL зэрэг шалгалтуудад өндөр оноо авч чадахгүй байх тохиолдол бий. Учир нь иймэрхүү шалгалтууд өөрийн гэсэн арга барилтай байдаг. Тэдгээр арга барилыг хүнд хамгийн сайн төлөвшүүлдэг материал нь Кэмбриджээс гаргадаг IELTS-ийн номнууд, өмнөх жилийн текстүүд юм. Жишээ нь, би Кэмбриджийн номоо хариултын цаастайгаа хамт хэвлэж аваад цагаа хажуудаа тавьж байгаад ядартлаа бэлддэг байлаа. Эссэгээ өөрөө засч, баяжуулж, ярих хэсэгт янз бүрийн сэдвийн хүрээнд өөртэйгээ ярьдаг байсан. Тухайн үед ямар нэгэн сургалтанд суугаагүй, бэлдүүлэх багш, тэр бүү хэл хамт бэлдэх хүн ч байгаагүй.

7. Залууст хандаж хэлэхийг хүсч буй гол зөвлөгөө: Юун түрүүнд шалгалтын системтэйгээ маш сайн танилцах хэрэгтэй. Зөвхөн дөрвөн хэсэгтэй гэдгийг мэдэх хангалтгүй, ямар хэсэг нь ямар төрлийн асуултуудтай, тэдгээр асуултуудад хэрхэн оновчтой хариулах, аль хэсэг нь хэр их цаг зарцуулах гэх мэт зүйлсийг сайн ойлгосны дараа бэлдээрэй гэж зөвлөе.

8. Энэ алдааг л битгий давтаарай: Бичих хэсэгт үгийн тооноосоо хэтрүүлж, хэт нуршиж бичиж болохгүй. 150, 250 үгэндээ тааруулаад эссэгээ оновчтой, тодорхой бичээрэй.

9. Хамгийн сайн гэж бодож буй санал болгох нэг эх сурвалж: http://ieltsliz.com/

Би энэ сайтаас маш олон зүйл сурсан. Үнэгүй видео хичээл, зөвлөгөө их байдаг. Бичих хэсгийн таск 1,2-ийн ялгаа, өндөр оноо авах аргуудыг сайн судлах хэрэгтэй. Ярих хэсэгт сандралгүй, санаагаа удаанаар ч хамаагүй илэрхийлэх хэрэгтэй. Энд таныг англиар өөрийгөө илэрхийлж чадаж байгаа эсэхийг шалгахаас шинжлэх ухаан, нийгэм түүхийн мэдлэгийг тань шалгах гээгүй. Мөн тасралтгүй ярих нь маш чухал.

Эцэст нь хэлэхэд, хамгийн чухал нь хичээл зүтгэл, туйлбартай байдал юм. Өдөр бүр олон цагаар суугаад тест хийх мэдээж амаргүй. Гэхдээ энэ бүхний ард зүгээр нэг оноо биш ирээдүйн хүсэл мөрөөдөл чинь байгаа болохоор зорилго тавиад түүнийхээ төлөө зоригтой, хүчтэй байгаарай гэж хэлье.

Э.Гэрэлчимэг (“Ard Insurance”-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга)

1. IELTS-ийн оноо: Band Score – 7.5 (Reading-8, Listening-8, Writing-6.5 Speaking-6.5)

2. Шалгалтанд бэлдэхээс өмнө хэлний мэдлэгийн түвшин: Advanced

3. Шалгалтанд бэлдсэн хугацаа: 1 сар орчим бэлдсэн. Тухайн үед диплом бичиж байсан болохоор хангалттай бэлдэх цаг байгаагүй. Өмнө нь 10 жилдээ TOEFL өгч байхад хэлний мэдлэг хангалттай байгаагүй болохоор 67 оноо авч байсан. Их сургуульд ороод мэргэжлийн хичээлүүд ихэвчлэн англи хэл дээр унших материалтай байсан болохоор их уншдаг байсан, орчуулга их хийнэ ээ. Мөн би кино үзэх их дуртай болохоор киногоо татаж аваад subtitle-тай байнга үздэг байсан. Одоо ч тийм. Киноноос их зүйл сурсан гэж боддог шүү.

4. Хэдэн удаа шалгалт өгсөн: 7-8 цаг

5. Өдөрт шалгалтанд бэлдэхэд зарцуулдаг цаг:  3-4 цаг

6. Шалгалтанд бэлдсэн арга барил: Шалгалтанд хувиараа бэлдсэн учраас төлөвлөгөөгөө 7 хоногоороо гаргаж, өдөр бүр нэг нэгээр нь бэлддэг байсан. Цээжлэх шинэ үгсээ жагсааж бичээд өгүүлбэрт оруулж бичихээр үр дүнтэй байдаг. Орчуулга хийж, мэдээ уншаад байвал шинэ үгнүүд нь ер нь аяндаа цээжлэгддэг дээ.

7. Залууст хандаж хэлэхийг хүсч буй гол зөвлөгөө: Шантарч, бууж өгч болохгүй шүү. Хангалттай бэлдсэн байхад үр дүн нь гарч л таарна. Гол нь шалгалтынхаа бүтцийг нэгд нэгэнгүй мэддэг байх хэрэгтэй шүү. Шалгалтын үеэр энэ юу билээ, яаж хариулах ёстой билээ гэж бодохгүйгээр хийгээд эхэлвэл цаганд ч хэмнэлттэй. Би шалгалтанд бэлдэхээс ч өмнө BBC, VOA-ийн мэдээ, кино их үздэг байсан. BBC-ийн мэдээ үзээд байвал англи аялга сайн таньдаг болно. Уйтгартай, ойлгохгүй байсан ч үргэлжлүүлээд сонсоод байгаарай. Мөн хэл сурч буй хүмүүст зориулсан дүрэм, үгтэй BBC 6 minute гээд аппликэйшнийг нь утсан дээрээ татаж аваад сонсвол үр дүнтэй. Сонсох хэсгийг нэгдүгээр хэсэгт хоёр хүний харилцан яриа явагддаг учраас хоолойг нь сайн ялгаж таних хэрэгтэй. Утасны дугаар, хүний нэр амархан мэт боловч хурдан хэлээд өнгөрдөг тул анхаарлаа сайн төвлөрүүлээрэй. Хэсэг тус бүр эхлэхээс өмнө бага зэрэг хугацаа өгдөг. Үүнийг үр дүнтэй ашиглаж, хариултын үг нь нэр үг эсвэл тэмдэг нэр, үйл үг байх нь уу гэдгийг ойлгоод авах хэрэгтэй. Сонсох хэсэгт хариултууд нь дэс дараагаараа байдаг учраас хариултыг нэг л удаа хэлнэ гэдгийг ойлгож, нэг асуултын хариултыг сонсож амжаагүй бол хугацаа алдалгүй дараагийн асуултдаа анхаарлаа төвлөрүүл. Унших хэсэгт нэг цагийн дотор гурван том параграф уншиж, асуултуудад хариулах учраас бэлдэж эхлэхдээ л цагтаа амжуулж сурах хэрэгтэй. BBC-ийн мэдээ, шинжлэх ухааны нийтлэл, академик үгсийг сайн судлаарай. Өгөгдсөн цагт бүх текстээ уншиж амжихгүй учраас асуултын төрлүүдээ мэдэж аваад техникийг нь судлах, унших явцдаа хүний нэр, он сар зэргийн доогуур зураад давхар өөр асуултад хариулахад бэлдэх хэрэгтэй гэж зөвлөе.

Шалгалтын үеэр энэ юу билээ, яаж хариулах ёстой билээ гэж бодохгүйгээр хийгээд эхэлвэл цаганд ч хэмнэлттэй.

8. Энэ алдааг л битгий давтаарай: Ярих, бичих хэсгээ илүү сайн бэлдэх хэрэгтэй байж гэж боддог. Хамт бэлдэх хүн байгаагүй болохоор юун дээр алдаад байгаагаа мэдэхгүй байсан.

9. Хамгийн сайн гэж бодож буй санал болгох нэг эх сурвалж: IELTS Master Lee IELTS Liz гэх мэт Youtube channel-үүдийг дагаад видео хичээлүүдийг нь үзээд байхад их зүйл сурдаг шүү. Мөн Кэмбриджийн номнууд хүндэд тооцогддог болохоор тэндээс бэлдсэн нь зүгээр.

Б.Азжаргал (Австралийн Квийнслэндийн топ 10 сургуулийн нэг Griffith University-ийн Нисэгчийн ангийн хоёрдугаар курс)

1. IELTS-ийн оноо: Band Score – 8 (Listening 9, Reading 7, Writing 7, Speaking 8)

2. Шалгалтанд бэлдэхээс өмнө хэлний мэдлэгийн түвшин: Intermediate

3. Шалгалтанд бэлдсэн хугацаа: 14 хоног (Эхний удаа өгөхдөө)

4. Хэдэн удаа шалгалт өгсөн: Хоёр удаа

5. Өдөрт шалгалтанд бэлдэхэд зарцуулсан цаг:  Хоёр 7 хоног эрчимжүүлсэн сургалтанд суугаад өгөхдөө 7.5 авсан. Тухайн үед өдөртөө 6-8 цагийн бэлтгэлд зарцуулдаг байсан. Надад бичих хэсэг хамгийн хүнд санагдаж байсан, учир нь надад 10 жилийн зохион бичлэгнээс өөр ямар нэг туршлага байгаагүй. Харин саяхан өгөхдөө 8 авсан.

6. Шалгалтанд бэлдсэн арга барил: Чимээгүй орчинд ганцаараа суугаад бэлдэх нь хамаагүй үр дүнтэй. Харин ярих хэсгээ олон хүнтэй нийлж  группээр бэлдвэл зүгээр. Миний хувьд хэл сурах гол арга барил бол сурч буй хэлээрээ бодож, сэтгэхийг хичээх. Үүнээс гадна шалгалт яг ямар бүтэцтэйг ойлгож, нэг төрлийн асуултанд хэр их хугацаа зарцуулахаа тооцоолсон байх хэрэгтэй. Дараа нь  ямар хэсэгт аль аргыг ашиглан хариулах вэ гэдгээ тооцоолох нь зүйтэй. Энэ миний хувьд хамгийн үр дүнтэй аргуудын нэг байсан. Анх шалгалт өгч байх үед номнууд нь үнэтэй санагдаж интернэтээс Кембрижийн номны хамгийн анхны хувилбарыг хэвлэж аваад бүгдийн хийж дуусгасан. Дараа нь сүүлийн үеийн тестийг харахад миний хийж байснаас хамаагүй хялбар санагдсан. Хүнд материал хийж байсан болоод ч тэр үү жинхэнэ шалгалт төсөөлснөөс боломжийн байсан.

Үнэхээр хичээж бэлдсэн бол 110 хувь хийсэн юмаа үзүүлчихээд гарч ирэх хэрэгтэй

7. Залууст хандаж хэлэхийг хүсч буй гол зөвлөгөө: Битгий залхуур! Залуусыг хараад байхад маш орой босч, 24 цагт амжихгүй байна гэж ярьдаг. Яг үнэндээ төлөвлөгөө гаргаж, ажлаа зохицуулахад цаг гаргах амархан шүү дээ.

8. Энэ алдааг л битгий давтаарай: Хүмүүс гарч ирчихээд “За одоо өнгөрсөн” гэж ярихыг их сонсож байсан. Чи үнэхээр хичээж бэлдсэн бол 110 хувь хийсэн юмаа үзүүлчихээд гарч ирэх хэрэгтэй. Тиймээс битгий сандар.

9. Хамгийн сайн гэж бодож буй санал болгох нэг эх сурвалж: Write Right номноос их зүйл сурсан

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
55
0
38
0
3
0
1
5

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эрүүл үерхэлд байгаа эсэх ээ мэдэхгүй байна уу? 

Эрүүл үерхэлд байгаа эсэх ээ мэдэхгүй байна уу? 

Бид бүгд л харилцаагаа аз жаргалтай, эрүүл байлгахыг хүсдэг. Гэсэн хэдий ч, бүх харилцаа жаргалтай хийгээд хүнд үеийг даван туулдаг учраас хэзээнээс эрүүл биш болсон гэдгийг мэдэх нь үргэлж амаргүй байдаг. Тэр дундаа дөнгөж үерхэж эхэлж буй өсвөр үеийнхэнд бүр ч хэцүү.   

Өсвөр насандаа санхүүгээ зөв удирдах 8 хялбар арга

Өсвөр насандаа санхүүгээ зөв удирдах 8 хялбар арга

Өсвөр насанд биеэ дааж, мөнгөтэй харьцаж сурах зайлшгүй шаардлага гардаг. Нэг л мэдэхэд мөнгөө юунд зарцуулснаа мэдэхгүй үрчхээд байна уу? Тэгвэл хэцүүхэн сорилттой тулгараад буй өсвөр үеийнхэндээ санхүүгээ удирдаж, мөнгөө зөв захиран зарцуулах 8 хялбар арга зааж өгье.