Хайх зүйлээ бичнэ үү

Малчин Пэрэнлэйн Лхагвасүрэн

...Саальчин ээжийн хүү билээ

Саальтай энгэрээс унасан билээ, би

Саргүй шөнийн саран билээ... Энэ дууг аав минь дуулах дуртайсан. Ээж минь саальчин байсан ч болоосой, тэр саальтай энгэр гэдэг нь ямар гоё юм байдаг бол гэж бодогдтол. Тийм намуухнаар. Төв аймгийн Алтанбулаг сумаас төрсөн анхны улсын аварга саальчин эмэгтэйтэй уулзахаар явах замд бага наснаас үлдсэн ийм нэг дурсамж санаанд орж байв. 

Зорьж очсон хүнтэйгээ уулзлаа. Алтанбулагийн Аргал багийн саальчин П.Лхагвасүрэн жилийн дөрвөн улирлын халуун, хүйтэн, нартай, салхитай бүхий л өдрийг хээр гадаа үхэр тугал, сааль сүү гэсээр өнгөрүүлсэн гэхээргүй цайвар шаргал царайтай эмэгтэй юм. Түүний нөхөр Д.Цэндбаяр аймгийнхаа аварга малчин, сумын алдарт уяач хүн. Тэд одоогоос 42 жилийн өмнө гэрлэж, саальтай энгэрээс унаж, саргүй шөнийн саран болсон таван хүүгийн аав ээж, 10 гаруй ачийн өвөө, эмээ болцгоожээ. Тэгэхээр П.Лхагвасүрэн гуай зөвхөн саальчин төдийгүй ээж, эмээ бас гэрийн эзэгтэйн хөдөлмөр эрхэлдэг гэсэн үг. Ерөөс малчны хөдөлмөрийг цаг наргүй, дуусаж дундардаггүй, хүнд хүчир гэдэг. Тэд үүрийн гэгээ татахаас өмнө орноосоо босож, үдшийн бүрий тасарсан хойно гэртээ ордог. Шөнө унтаж байсан ч гэрийн гадаах чимээнээр л хүүе хаая хийн босцгооно. 

Хэрэв цаг хугацаа эргэж, дахин нэг сонголт хийх боломж олдвол 15 настай П.Лхагвасүрэнд юу гэж зөвлөхийг түүнээс сонирхсон юм. Харин 60 настай П.Лхагвасүрэн огт эргэлзэхгүйгээр “Эцэг эхээ ачлах шийдвэр гаргасан хүн хэзээд алздаггүй хойно хоёр хөгшиндөө тус болохоор мал дээр гарна гэснээрээ л гарах байсан даа” хэмээв. П.Лхагвасүрэн гуай Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул. Багадаа төрсөн аав Хэнмэдэхийн ахынд өргөгдсөн өссөн бөгөөд аав ээж нь насан өндөр болсон тул тэднийгээ асарч, туслахаар долдугаар анги төгсөх 1973 онд эвлэлийн илгээлт авч, тухайн үед Монгол, Солонгосын “Хөдөлмөр” нэгдлийн саальчин болжээ. Ийнхүү нутгийн үүлдрийн арван гунж саалинд сурган авчээ. Саальчид жилд 500 литр сүү тушаах нормтой байхад П.Лхагвасүрэн үнээ бүрээс 800 литрийг саан төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн амжилтаараа онцгойрч, 16-хан настайдаа буюу 1974 онд сумын аварга болж байлаа. Сумынхаа аваргаар дөрвөн удаа шалгарч, монгол үнээнээс 700 литр сүү саах нормтой байхад 1000 шахам литрийг авч, аймгийн аваргын болзлыг хоёр удаа биелүүлсэн гавьяатай. Социализмын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед аймаг, сумын аварга болох шалгаруулалтыг их олон үзүүлэлтээр явуулдаг байж. Ганц ч төлийн эндэгдэлгүй бойжуулах, хадлан бордоогоо өөрсдөө авах гээд малчны хөдөлмөрийн бүхий л төрөлд хошуучилж байж л аваргын алдарт хүрдэг учиртай. 

“2019 оны Монгол Улсын аварга саальчин” хэмээх эрхэм хүндтэй шагнал эзэндээ “Буянт малынхаа сүү, цагаан идээг боловсруулах эртний сайхан улажлалыг энэ цагт өвлөн, өвлүүлэн сургаж байгаа түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж...” хэмээсэн тодорхойлолттой иржээ. П.Лхагвасүрэн гуай өнгөрсөн оны зургадугаар сараас есдүгээр сарын хугацаанд голланд бяслагны “Лийгийн ухаа” үйлдвэрт монгол үүлдрийн үнээний 6 орчим тонн шахам сүү нийлүүлсэн байна. Үүр, шөнийн 03 цагт босч үнээгээ саахаас эхэлдэг түүний ажил үдшийн 23 цагт арайхийн дууссан янзаараа, яг ийм 45 жилийн уйгагүй хөдөлмөрийг нь төр үнэлжээ.

Монгол Улсын аварга саальчин П.Лхагвасүрэн өнгөрсөн хугацаанд төвлөрсөн төлөвлөгөөт социалист эдийн засаг, зах зээлийн чөлөөт эдийн засаг гэх хоёр өөр системд нэг л ажил хөдөлмөр эрхлэв. Түүний ажил амьдралд чухам аль нь илүү үр өгөөжөө өгснийг сонирхоход “Аль нь ч адилхан. Чөлөөт эдийн засгийн үед ч ажлаа сайтар төлөвлөсөн, цагтай уралдаж амжуулсан, өөрийнхөө нөөц бололцоог шавхан дайчилсан хүн л амжилттай, одтой хийморьтой амьдардаг. Би ажил хөдөлмөрийн заншлаа өмнөх нийгмээс олсон хүн дээ” гэж хариулав. “Залуу байхад ядарна гэдгийг мэдэхгүй, сайхан байж. Хор шартай ч байж. Айлууд үхрээ бэлчээхэд манайх зэлэн дээрээ хоцрох вий гээд 03 цагт босож, үнээндээ гарна. Нэгдлийн үхэрчин өглөө тогтмол цагт айлуудын үхрийг нийлүүлж бэлчээрт нь гаргадаг байлаа. Тэгэхэд үнээгээ сааж дуусаагүй байна гэдэг саальчдын хувьд их ичгэвтэр, бараг шившигтэй явдал байлаа. Аль болох л түрүүлж сааж дуусах гэж, айлуудын сүүлд орохгүй үхрээ бэлчээх гэж хүн бүр мэрийнэ шүү дээ. Өндөр төлөвлөгөөтэй, төлөвлөгөө тасалдвал зэмлэл шийтгэл хүлээдэг учраас үхрээ түрүүлж бэлчээхийн тулд дутуу саана гэж байхгүй” гэж П.Лхагвасүрэн гуай бидэнд хуучиллаа.  

Малч ухаан, хөдөлмөрч зан чанар гэдэг саальтай энгэрээс удамшдаг ажээ. Амьдралын ухаан удам дамждаг, хүний өссөн орчин цаашдын амьдралд ямар чухал нөлөөтэйг энэ гэр бүлээс харж болмоор санагдсан. П.Лхагвасүрэн гуайн аав Хэнмэдэх сумын аварга, ээж нь аймгийн аварга, гэрийн эзэн Д.Цэндбаяр гуайн ээж сумын арван хэдэн удаагийн аварга, аймгийн аварга байж. Төрсөн ээж, хадам ээж хоёр нь улсын аваргын болзлыг хангасан ч цолоо авч чадаагүй, нутаг усандаа цуутай саальчид байсан бөгөөд П.Лхагвасүрэн гуай улсын аварга болсноо өөрөө авсан гэхээсээ ээжүүдийнхээ авч чадаагүй цолыг авсандаа баярладаг гэнэ лээ. Тэдний удмын бахархал үүгээр дуусахгүй ээ. Ах дүү, хамаатан саднууд нь бараг бүгд мянгат малчин, сум, аймаг, улсын аваргууд. Ах Х.Нямжав нь улсын аварга, дүү Х.Нямдорж нь аймгийн аварга, нагац ах Мөнх-Очир нь улсын хошой аварга, тэдний хүүдүүд сум, аймгийн аварга болцгоожээ.  

Ийм гэр бүлийн удмыг залгаж яваа хөвгүүд муу малчин байх учиргүй билээ. Д.Цэндбаяр, П.Лхагвасүрэн нарын таван хүүгийн ууган Борхүү, удаах хүү Нямбуу, дөрөв дэх хүү Даваахүү нь малчин болж, үлдсэн хоёр нь техникийн мэргэжил эзэмшин хот суурин газар барааджээ. “Би таван хүүтэй хэрнээ охинтой байх минь яалаа гэж ганц удаа ч бодож үзэлгүй өдийг хүрчээ. Үүнээс хойших өтөл нас ирэхээр тэгж санахыг бүү мэд дээ. Миний хань болон таван хүү минь гэрийн ажилд ч, гадаах ажилд ч намайг ер ганцаардуулж үзээгүй юм шүү. Ер нь айлын амьдрал, аз жаргал гэдэг чинь ажил нь цагтаа амжиж л байвал болчихдог юм байна гэж би өөрийн туршлагаас бодож олсон. Манайх хувь, хувьсгалын 40-өөд үнээтэй байхад хоёр том хүүгээ ээлжээр босгож үнээ ивэлгүүлээд, өвгөн бид хоёр саана. Би хүүхдүүдээ өвөл бол өдрийн богинод эрт босож байж ажил амжина гэж, зун бол нарнаас өмнө ажлаа амжуул гэж сургаж, хүмүүжүүлсэн. Одоо бэрүүддээ “Айлын мал бэлччихсэн байхад малаа хотондоо байлгах муухай шүү” гэж захидаг юм. Эрт босоорой гэж байгаа нь тэр” хэмээсэн. Мөн “Идэрхэн насандаа малаа өсгөхийн төлөө зүтгэж, 2000 гаруй толгой хүргэсэн. Отор нүүдэл их хийдэг байлаа. Бэлчээр доройтсон энэ үед олон малтай байх хэцүү. Хүний нутагт очихоор хөөгдөнө, ад үзэгдэнэ. Нас ахиад ирэхээр тэгж явах амаргүй болж, малаа цөөлье гэж шийдсэн. Өвгөний бие сайнгүй, залуугийнх шиг зүтгэх чадалгүй боллоо. Төр засаг ч тоонд биш чанарт анхаар гээд байна. Таван хүүгээ тусад нь гаргахын тулд малдаа хүрэхээс аргагүй болсон. Одоо манайх мянга гаруй толгой малтай. Нутагтаа суурьшиж, малынхаа тоог барин, ашиг шим өндөртэй үүлдэр угсаагаар чанарыг нь сайжруулах зорилго тавиад байгаа. Өвөлжөө, хаваржаа, намаржаагаа сайжруулж додомдчихвол мал дээр гарсан хүүхдүүд минь подхийчихнэ дээ” хэмээн хэтийн зорилгоо хуваалцав.

П.Лхагвасүрэн гуай хөвгүүд, ахмад бэрүүдээ бүгдийг нь нимгэн, зузаан сэлгээний үстэй дээлтэй болгосон. Одоо шинэ бэр, ач нараа дээлтэй болгохоор хурганы арьс элддэг ажилтай. Үүнд ач нараа ч мөн дайчилна. Хотынх юм, балчир юм гэлтгүй эдний ач нар зун бүр хөдөө мал дээрээ гардаг учраас тун ч малд нүдтэй, ажлын дөртэй болцгоосонд эмээ нь сэтгэл хангалуун байна. Саяхан шиг өвгөнтэйгөө багийн хуралд сууж нэлээд оройтоод иртэл ихэр ач болох 10 настай Б. Алтангэрэл, Б.Алтангадас хоёр айлын гаднаас адуугаа авчирч хашаад, өвс тэжээлийг нь тавиад өгчихсөн, болоогүй бүр оройн хоолныхоо юмыг бэлдээд сууж байсанд хоёр хөгшин ихэд баярласнаа бахдан ярьлаа. “Сүүлийн үед зурагтаар хүүхэд хамгаалал гэж их ярьж байна. Миний ухаанаар бол, хүүхдээ хамгаална гэдэг чинь хүний үг сонсдог, даадаг болгож хүмүүжүүлэх, нас биед нь таарсан ажилд сургахыг хэлдэг гэж боддог” гэж таван хүүгийн ээж өөрийн туршлагаасаа өгүүлсэн. П.Лхагвасүрэн гуай түүнчлэн залуу малчид, эсвэл цөөн тоотой малчид тогтмол орлогогүй, амжиргааны боломжгүйгээс нийгмийн даатгалын шимтгэлээ сар бүр төлж чаддаггүй, цөөн сарын дараа тэдэнд нөхөн төлөх боломж олгохгүй байгаа нь хожим малчдын амьдралд сөрөг нөлөө үзүүлэх том хүчин зүйл гэдэгт санаа зовниж явдгаа биднээр уламжилсан юм.

Биднийг түүний зургийг авахаар өндийхөд хөвгүүд нь “Ээж ээ, гоёлоо зүүгээрэй” хэмээснээр ээж жигнэмгийн төмөр хайрцагт нандигнан хадгалсан одон, тэмдгүүдээ гарган зүүв. П.Лхагвасүрэн гуайн саальтай энгэрийн гоёл дээр түүний гэр бүлээсээ авч, хөвгүүддээ өвлүүлсэн малч уламжлал гялалзаж байна. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADHAN 2019.07.18 197.210.52.99

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах


зочин 2019.06.22 122.201.22.16

Тав аймгийн Алтанбулаг бол соц-нийгмийн үеэс Улаанбаатар хотыг сүүгээр хангаж байсан одоо ч хувийн фермерүүд сүүүээ өгч байна Иймээс энэ хүн бол Улаанбаатарчуудын бахархалт Ээж гэж бодох юм Миний ээж ч бас саалчин байсан ээжийнхээ өмнөөс баярлаж байна Найзаа

0 Хариулах


Уншигч 2019.06.18 27.67.21.31

Маш сайхан нийтлэл байна. Баярлалаа.

0 Хариулах


Зочин 2019.06.13 202.179.27.119

Лхагвасүрэн эгчдээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

0 Хариулах