Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Б.Санжаа: Зодог шуудаг төгс загвараа гээх тусам монгол бөх төгөлдөр байхаа болино


Монгол хүчтэний сүр жавхаа, гоо үзэмжийг илтэн харуулдаг бөхийн зодог шуудаг зөвхөн өмсгөл төдийгүй барилдааны мэхийн барьц хангах аргатай салшгүй холбогддог, үндэсний соёлын өв бүтээл билээ. Булган аймгийн Сайхан сумын харьяат “бага” хэмээн алдаршсан Б.Санжаа гуай зүлэг ногоон дэвжээнээ барилдаж эхэлснээс хойш өнөөг хүртэл 70 шахам жил бөхөөс холдоогүй. 

Үндэсний бөхийн түүхэнд бөхчүүд бэргэдэг, учраа таарахаас халширдаг “Армийн таван халуун” хэмээн нэрлэгдсэн нэгэн үеийн эрмэг цэргүүд 1960-1970 онд ихэд алдаршсан нь улсын аварга С.Цэрэн, арслан Ө.Эрдэнэ-Очир, заан “том” Ц.Санжаа, Т.Зундуй, “бага” Б.Санжаа тав байлаа. Б.Санжаа чөлөөт бөхийн шигшээ багт орж олимп, дэлхийн дэвжээнд улсаа төлөөлөн арваад жил хүчийг сорьсон залуу насны цадиг, 20 гаруй жил үндэсний бөхийн засуул хийсэн идэр цагийн түүхтэй. Тэрбээр 1996 оныг хүртэл өөрийн гараар зодог шуудаг урласан бөгөөд түүний хүү С.Нямдорж ааваасаа энэхүү ур ухааныг нь уламжлан өвлөж, эрхэм энэ гэр бүл Монголын хүчтэнүүдэд зориулан мянга гаруй зодог шуудаг хийгээд байна.  


-Таныг үндэсний бөхөөр ид барилдаж байхдаа зодог шуудаг хийж эхэлсэн гэж бөхчүүд ярьдаг. Яагаад зодог шуудаг хийх болсон юм бэ?

-Намайг бага залуу байхад бөхчүүдийн зодог шуудгийг гол төлөв Төв аймгийн Дэлгэрхаан сумын Гончиг гуай хийдэг байсан. Сүүлд нь Говь-Алтайн Лүгдэв, Завханы Тавхай хоёр зодог шуудаг хийж сураад, ингээд гурван хүн хийгээд байхад л хүрэлцээ тааруу болж ирдэг юм. 1950-иад он гэдэг маань манай улсад ард иргэдийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх бодлогын хүрээнд үндэсний бөх улам түгээмэл болж ирсэн юм шүү дээ. 1950 онд Бүх ард түмний спартакиад монгол хүн бүрийг эр эм, хөгшин залуу гэлгүй спортын төрөл бүрт оролцуулсан том арга хэмжээ болсон юм. Настай улсыг гэхэд л үр төлөө голсон таван хошуу малыг аргадах уралдаанд хамруулан аваргыг нь шалгаруулах жишээтэй. Тэр үед жилд хоёр удаа цэрэг татаж байсан цаг учраас алба хааж буй эрчүүд олноороо барилдана. Ж.Лхагвасүрэн генерал улсын наадмын комиссын даргын хувьд зодог шуудгийн хүрэлцээгүй байдлыг шийдэхийн тулд цэргүүдээр өөрсдөөр нь оёулах үүрэг өгсөн юм. Ингээд улсын арслан Ц.Бадамсэрээжидээр эсгүүлж, бидний хэдэн барилддаг цэргүүдээр оёулж, ширүүлж үзэв. Тэр дундаас С.Цэрэн бид хоёр гайгүй уртайд тооцогдож, тэр наадмаар анх 64 зодог шуудаг нэг дор хийж билээ. Түүнээс хойш Цэрэнтэйгээ хэсэг хийсэн дээ. Гэхдээ дунд нь би больж, нэлээд хугацаагаар завсарласан юм шүү дээ. Даян аварга С.Цэрэн маань 1992 онд таалал төгсөх хүртлээ бөхчүүдийн зодог шуудгийг оёж ширэхэд тун их анхаарч явсан хүн. Манай бөхчүүд надад “Одоо танаас өөр зодог шуудгаа бөхийн галбирт тааруулан эсгэж, бөх бат оёж ширэх хүн байхгүй” гэлцэх болов. Тэр үед би насаараа ажилласан 28 дугаар баазаас тэтгэвэртээ гарч таарсан юм. Зах зээл дөнгөж эхэлж байх тухайн үед Улаанбаатар хотыг бүх аймагтай худалдаагаар холбож байсан “Төрөл бүрийн барааны импекс” нэгдлийн харьяанд “Торгон зодог” компани байгуулагдлаа. Би тэнд цехийнх нь дарга нэртэй ч гав ганцаараа ажиллалаа. Эсгүүрчин, оёдолчин, индүүчин, нярав, худалдагч, цэвэрлэгч, манаач гээд хийхгүй ажилгүй боллоо доо. Ажиллах гэж их үзсэн, гэвч нэг л болж өгөөгүй. “Ах нь одоо больё” гээд би гарсан, “Торгон зодог” компани нь ч зогссон. Тэгээд гэртээ суутал бөхчүүд манайхаар ирж надад захиалга өгч зодог шуудгаа хийлгэдэг болсон. Одоо бол миний хүү С.Нямдоржийг зорьж ирдэг.

-Таны нэр дурдсан зодог шуудаг хийдэг хүмүүс дандаа эрэгтэйчүүд байх юм. Энэ ямар учиртай юм бол?

-Бөх хүн мөр гар, толгой тэргүүндээ хэн дуртайг хүргэх дургүй. Ер нь өндөр настай эр, эм хүний мөрөн дээр гар тавихыг хүртэл цээрлэж хорьдог ёсон бий шүү дээ. Хүний сүлд толгой, мөрөнд оршдог гэж бэлгэдэн үздэг учраас тэр. Монгол эрчүүд бүсгүй хүнээр дээлээ оёулж өмсдөг атлаа яагаад бөхчүүд нь зодог шуудгаа, харваачид нь нум сумаа, хурдан морины уяа сойлгыг ч эрчүүдээр хийлгэдэг байв гэвэл, эрийн гурван наадмын ёс жаяг, уламжлал соёл гэдэг маань бэлгэдэл зүйн асар гүн ухааныг тээж ирсэнтэй холбоотой. Одоо бол цаг өөрчлөгддөг жамаар эрийн гурван наадмын эртний уламжлалт жаяг алдагдаж, ёс горим нь ч гээгдсээр байна. Гэвч монгол заншлыг энэ хэдэн бөх л хамгийн ихээр өвлөн тээж, дараа дараагийн үедээ үлдээх нь гарцаагүй гэдэгт би итгэдэг юм.

-Эрт үед бөхийн өмсгөлийг ямар эдээр хийдэг байсан юм бол?

-Ямар өнгийн, ямар эд сонгох нь тухайн бөхийн зэрэг дэв, нутаг устай холбогддог талаар түүхэн сурвалжуудад баримт бий. Чисчүү, торгоор голдуу, хамбаар цөөхөн хүн хийлгэдэг байсан юм билээ. Манай нутгийн домогт аварга, Даншигт 10 удаа түрүүлсэн Ш.Намхай жилд 2-3 зодог авч өмсдөг хүн байж. Нас барсны нь хойно гэхэд 30 шахам тооны зодог шуудаг үлдсэн гэдэг. Түүнээс нь худалдаж авсан хүн надад нэг торгон зодог өгснийг би хоёр наадамд өмсөөд эзэнд нь буцаагаад өгчихсөн. Юугаар ширсэнийг нь үзэхэд залаа утас байсан. 

-Одоо бол мяндсан утсаар ширдэг шүү дээ. Залаа гэхээр бидний мэдэх ямар материал юм бол?

-Залаа гэдэг ч яг мяндас биш торгомсог эд л дээ. Буриад малгайн оройгоос олноор нь унжуулсан утаснууд бий дээ, түүнийг залаа гээд байдаг. 

-Өнгөний бэлгэдэл гэж байх уу?   

-Намхай аваргын үед Богдоос шагнасан бол улаан далбаа, ноёноос шар, төрийн шагнал хөх далбаа байж.Бидний үеийн бөхчүүд аймаг аймгаараа өмсгөлийнхөө өнгөөр ижилсдэг байсан. Дорнодынхон шар, Баянхонгорынхон ногоон зодог өмсдөг жишээний. Одоо бол өөрт хийморь дуудна гэж үзсэн, эсвэл хүсэл сонирхлоороо өмсгөлийнхөө өнгийг сонгоцгоодог болсон байна. 

-Зодог шуудаг хийхэд бусад төрлийн хувцас оёхоос юугаараа ялгаатай вэ?

-Дээл хувцсыг хүний биеэс авсан хэмжээсийн дагуу эсгэж оёдог бол бөхчүүдээс долоо хоногийн өмнө авсан хэмжээгээр эсгэхэд л таарахаа больчихдог. Амраад, эсвэл бэлтгэл хийгээд хэд хоноход л бие галбир нь тэс өөр болоод ирнэ. Тиймээс өдөр бүр шахам хэмжиж байж нэг л эсгэх болдог юм. 

Сайн бөх, сайхан барилдаан гэдэг ховор зүйл. Төгсөөр нь байлгах гэж хичээхгүй, эвдэх тусам ховорддог, алга болчих хайран зүйл.  

-Үндэсний бөхийн зодог шуудагны загвар орчин цагт хэр өөрчлөгдөж байгаа вэ?

-Дээр үед манай хуучцуул саран зодог өмсдөг байсан юм шүү дээ. Хуучны бөхчүүдийн шуудаг их доор байсан баримт одоо зөвхөн баримтат кинонд л үлдэж. Зодог шуудагны загвар сүүлдээ ч жигтэйхэн янз бүр болоод, битүү юм өмсөх нь халаг болоод ирсэн. Намайг зодог шуудаг ид оёж байх үед юм даа, “Тавхай” Баасансүрэн, улсын начин Норов бид гурав ярьж байгаад суга, энгэрээс хасаад, ер нь жаахан давчдуухан болгоод хэлбэрийг нь өөрчилж оёх болсон. Гэтэл барьц авахад түвэгтэй зодог шуудаг өмссөнөөс бөхчүүдийн барилдааны хугацаа уртсаад байна гэж, бурууг нь надтай ярих юм болсон шүү. Тэгээд яах вэ, одоо эргээд углаа зодогтнууд түгээмэл болчихлоо доо. 

-Саран зодог халагдаж, углаа болоод ирэхээр үндэсний бөхийн барилдааны барьц, мэх зэрэгт хэр нөлөөлж байна вэ?

-Үндсээр нь өөрчилчихөж байгаа юм. Сайн бөх, сайн мэх, сайхан барилдаан ховордоно л гэсэн үг. Намхай аварга 1911 онд таалал төгсөхийнхөө өмнөхөн цуут үйзэн суухай мэхээ хийсэн түүхтэй. Түүнээс хойш ганц ч бөх энэ мэхийг давтаагүй болохоор төгс зүйл ерөөсөө хосгүй заяатай байдаг ч юм болов уу даа. Тиймээс зодог шуудаг уламжлалт төгс загвараа гээх тусам монгол бөхийн барилдаан анхны төгөлдөр байдлаасаа холдох нь зүйн хэрэг. Өмсөх гэж мэх байдаг. Улсын заан Дамдиндорж, Зундуй бид гурав эзэмшсэн байлаа. Одоо гэтэл өмсөө баараггүй хийчихдэг нь алга. Түвдэн аварга хөнтөрнө гэж гайхамшгийг үзүүлдэг байв даа. Одоо хөнтрөх мэхтэй бөх байхгүй. Бас нэг жишээг би хэлмээр байна. 1966 онд Ж.Мөнхбат, Ө.Эрдэнэ-Очир бид гурав чөлөөт бөхийн дэлхийн аваргад оролцохдоо амжилтаараа улсаа дэлхийн жагсаалтын зургадугаарт бичүүлсэн. Энэ амжилтад Монголын тамирчид 50 жилийн дараа буюу 2015 онд л сая эрэгтэй, эмэгтэй элбэж байж хүрсэн. Сайн бөх, сайхан барилдаан гэдэг ийм л ховор зүйл. Төгсөөр нь байлгах гэж хичээхгүй, эвдэх тусам ховорддог, алга болчих хайран зүйл.   

-Гэрэл зураг, баримтат дүрсүүдээс харахад Таны үеийн бөхчүүд жин багатай, шөрмөслөг хүмүүс байв уу гэмээр?

-Бидний үеийн бөхчүүд гэхэд л лав ид барилдаж байхдаа Зундуй бид хоёрын хүзүүний тойрог 50, Ж.Мөнхбатынх 52 см байсан. Хүний биеийн анатоми физиологийг шинжилж эрдмийн цол хамгаалсан Нямаа гэж хүний судалгаанаас үзэхэд, одоогийн бөхчүүдийн хүзүү бидний үеийнхнээс нарийхан мөртлөө гэдэсний тойрог нь хамаагүй томорсон байх юм. Биеийн жингийн тухайд харьцуулшгүй нэмэгдсэн юм билээ. Бидний үеийн бөхчүүд дотор 100 кг давдаг хүн тун ховор байсан бол одоо 120-130 кг-тай бөхийн тоо олширсон жишээтэй. Ж.Мөнхбат аварга маань эднийг “Өөхөн бөмбөөнүүд” гэж шоолдог байсан шүү дээ. Би энэ том гэдэснүүдийг хоолтой нь холбож ойлгодог.

-Зодог шуудаг гэдэг зүйл өмсөж барилдсан бөхтэйгөө уусаж нэгдээд өөрийн гэсэн хувь тавилантай болж хувирдаг байх гэж санагдлаа. Таны урласан зодог шуудгуудаас эзэнтэйгээ хамт онцгой түүх бүтээсэн нь цөөнгүй байх. Та сайхан дурсамжаасаа бидэнтэй хуваалцахгүй юу?

-Б.Бат-Эрдэнэ улсад нэг, хоёр л түрүүлээд байсан юм болов уу даа, одоо санахад. Тэгээд надаар нэг зодог эсгүүлсэн юм. Түүнийг нь манай хүү С.Нямдорж оёлоо. Тэгэхэд Нямдорж зодог шуудаг оёж ширж гаршаагүй бас л шинэхнээрээ л байсан юмдаг. Би их ч захьлаа. “За энэ Бат-Эрдэнэ жинхэнэ бөх шүү. Одоо дахиад түрүүлнэ. Чи хичээдэг юм шүү” гээд л. Хүү ч гараа гаргаж, үнэн хичээж дуусгасан. Тэр зодгийг Б.Бат-Эрдэнэ зодог тайлан тайлтлаа өмссөн юм. Түүнээс хойш Нямдоржоор хэд хэдэн зодог шуудаг хийлгэсэн ч яг тэр анхны зодгоо хамгийн чухал барилдаан, эгзэгтэй бөх учрахад солиод өмсчихдөг байсан даа. Улсын заан Бямбадорж начин болчихоод надаар зодог хийлгэлээ. Би шинэ зодгийг нь долоон ширхэг нэг төгрөгтэй бариад “Миний хүү энэ жил заан болоорой” гэж ерөөсөн. Тэр жилээ заан болмогцоо над руу гүйж ирээд “Санжаа гуай, би таны ерөөснөөр заан болчихлоо” гээд уйлж байсан. Одоо улсын заан Мягмарсүрэн цолгүй байхдаа зодог оёулахад нь би начин болоорой гэсэн, тэр начин байтугай заан болсон доо. Бас л тээр жил Г.Өсөхбаяр наадам болохоос 17 хоногийн өмнө хугархай эгэмтэй, түүнийгээ боолгуулчихсан надаас шинэ зодгоо авахаар ирдэг юм. Ж.Мөнхбат аваргын хүүхэн Тамир дагуулчихсан яваа юм. “За чи энэ жил заан болоорой” гэлээ. Г.Өсөхбаяр хүү эргэлзсэн янзтай муухай харж байна шүү. Тэгсэн Тамир “Үгүй чи Өсөхбаяр аа, ерөөлөөр болог гээч дээ” гээд л. Тэр наадмаар Өсөхбаяр заан болсон.

-Зодог шуудаг сайн хийхэд хамгийн гол зүйл нь юу вэ. Барилдааны үеэр өмсгөл шинээрээ шахам урагдах тохиолдол гардаг уу?

-Эсгүүрээ л сайн хийчихвэл муу зодог бараг гарахгүй дээ. Одоо ч зодог шуудгаа ханзартал, урагдтал барилддаг бүү хэл сэтэртэл ноцолдох бөх гэж үгүй болсон цаг. Д.Дамдин аварга орны толгойноос оосорлож байгаад зодгоо мушгитал тас үсэрч байсан удаатай. Шуудаг нарийн байх үед юм даа, Цоодол арслан Дамчаа гуайтай барилдаж байгаад шуудагдтал шуудаг нь тасарчихаж билээ. Тэгтэл Дамчаа гуай доошоо суучихаад босоогүй, шууд даваагаа өгчихөж байсан нэг тохиолдлыг би харсан даа. Бидний үед барилдахдаа учраагийнхаа зодог шуудгаас хамаг тэнхээгээрээ атгаж барьц авдаг байж. Тэр үеийн бөхчүүд зодогныхоо сэнжигний дотор талыг гутал улладаг хөх ширээр доторлож ширдэг байсан юм хойно бөхчүүдийн бүх хуруу хугархай л явдаг байсан. Элэг бүс гэхэд сур л байлаа шүү дээ.

-Та бол эсгүүрчин, оёдолчин хүн биш. Таны гэр орон зүгээр л нэг оёдлын цех биш шүү дээ. Бөхчүүдийн дунд зодог шуудгаа Танд л даатгах гэсэн, таны хүүгээр оёулж аваад зодоглох гэсэн сэтгэл хэр хүчтэй байдаг бол?

-Би тэр бэлгэдлийн сэтгэлзүйг мэдэрдэг, өөрөө ч бэлгэ дэмбэрэл гээчид амьдралын туршлагаар итгэдэг хүн л дээ. Бяр, ухаан төвлөрүүлж барилдана гэдэг чинь бясалгалын чанартай эд. Манайд ирэх, зодог шуудгаа миний гараас авах нь тэдний маань хувьд баяр наадмын өмнөх чухал үйл явдал болдгийг нь би ойлголгүй яах вэ дээ. Бүр миний муу орон дээр нэг хэвтчихээд гаръя ч гэнэ шүү. 

-Бөхчүүдийг бүдүүн хадуун, болхи мунхаг гэж үздэг хэсэг байдаг. Та үүнтэй санал нэгдэх үү?

-Хэдэн маанаг бух гэж хэлдэг чинь бидний үед ч байсан юм аа. Өөрийн мунхагийг үл ухагчид тэгж хэлдэг юм шүү дээ. Улсын заан Бадам гэж лут тэнхээтэй Тэшигийн хүн байх. Барилдахаар айхтар атгана, атгуулсан гар шуу хөх алаг болж үлддэг. Сумынхаа урдуур урсдаг Сэлэнгийг гатлахдаа унаж явсан мотоциклоо цүнх аятай сугавчилчихаад цаад эрэгт хээв нэг гарсныг нь шуудангийн жолооч Дамдинсүрэн надад ярьсан юм. Булганы бөхчүүдийн талаар академич Болдбаатар нэг ном бичсэнийг би редакторлаж байхдаа түүнд Бадамын тухай хэлж, заавал ярилцаарай гэсэн юм. Тэгсэн Болдбаатар маань уулзчихаад асуутал “Үхсэн, тэрнийг ямар бяр гэдэг юм” гэж. Энэ чинь тэнэгтээ биш ээ, тэнхээтэйдээ юм шүү дээ. Тэнэг, тэнхээтэй хоёрыг ялгаж чадахгүйн мунхаглал гэж.    

-Ярилцсанд баярлалаа.

Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
2021.10.14
Э.Тамир: Хэн хэнийхээ оршихуйг хүлээн зөвшөөрч, “Бэрх биш ээлтэй” нийгмийг хамтдаа бий ...
2
2021.10.08
Д.Гангабаатар: "Тэнгэр шиг бай" бол миний аавын надад үлдээсэн захиас
3
2021.10.04
Авторын булан: Түвшинбаяр аварга, Цэндбаатар хүү
санал болгох
1
36 минутын өмнө
Уйлангаа инээмээр санагдуулах шинэ MacBook Pro-той холбоотой 11 МИЙМ
2
1 цагийн өмнө
Марвелын шинэ зургаан киноны нээлт хойшилж, хоёр киноны хугацаа тодорхойгүй боллоо
3
1 цагийн өмнө
Өнөөдөр "Squid Game"-ийн жүжигчин У Ён-сугийн төрсөн өдөр буюу түүний тухай 5 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дулмаа 2020.02.25 202.126.88.149

Манай нутгийн сайхан өвөгчүүлийн нэг дээ. Аав ах 2-той минь үe тэнгийнх миний хүндэтгэж явдаг эрхэм хүн юм. Та минь урт насалж улаан жаргаарай.

0 Хариулах


Зочин 2019.07.13 77.38.148.28

сайхан сурвалжлага, сайхан аав сайхан хуу байна даа.

0 Хариулах


Зочин 2019.07.12 202.9.45.101

өө зөндөө алдаа. Зодог шуудгийг нь ... сэргээж хийх холбож өгөөч. 99038896

0 Хариулах


З.Цэнгэлсайхан . 2019.07.12 202.9.45.101

Ямар сайхан сурвалжлага хийгээ вэ баярлалаа. Бас танд баяр хүргэе. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. харин нэг хүсэлт байна. Миний аав сумын Арслан цолтой хүн байсан юм. тэгээд аавынхаа дурсгалд зориулж зодог шуудшийг нь мэргээж хийх хэрэгтиэй байгаа юм та энэ аав хүү 2-той холбож бнббч. Сайхан наадаарай

0 Хариулах