Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2018 оны дуулиан: Сундуйн Батболд

Сайн сайхан орчинд амьдрахыг хүсэгч хотын иргэний хувьд шинэ Засаг дарга бүрт итгэн хүлээдэг. Эрх баригч нам бүрт, Засаг дарга бүрт өөрийн өнгө төрх, арга барил байдаг. Надад таалагдах, эс таалагдахаас үл хамаарч “Сундуйн хүүд нэг бодол бий” биз хэмээн өнгө төрх, арга барилыг нь таних гэж хоёр жил мөн л хүлээв.


Аз жаргалын эрэл өндөрлөв

Хуульч, судлаач Ч.Бат-Уянга

Тавь наслахдаа хүн юу хийж, юу бүтээж амждаг юм бол? Эсвэл Монголын нөхцөлд 50 наслахдаа хүн юу хийж, бүтээдэг юм бол? 50 жил гэдэг зуун жилийн хагас, монгол эрчүүдийн дундаж наслалттай харьцуулбал амьдралынхаа 70 хувиа туулчихсан нас гэсэн үг.

Өдгөө 50 настай энэ хүн намаар дагнаж, албан тушаалд хүрсэн улстөрчийн нийтлэг намтартай. Намын шугамаар дарга бологсдын дамждаг Удирдлагын академи, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эчнээ ангийн хажуугаар өнгөрсөнгүй. Нэмээд Морин спорт, уяачдын холбооны Тэргүүний сонгуульт ажилтай гэхээр яалт ч үгүй монгол маягийн дарга. Хувь хүний карьерын хувьд уяачийн хүүгээс төрийн сайд, Нийслэлийн засаг дарга хүртлээ өрнүүн замналтай ч улсын, нийслэлийн хөгжил дэвшилд хэр хувь нэмэр оруулсан нь бүдэг бадаг.

Су.Батболд бол Улаанбаатар хотын 32 дахь, ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойших найм дахь дарга. Хотын өнөөгийн өнгө төрх, байр байдлын гай, гавьяаг үүрэх дор хаяж найман хүний нэг гэсэн үг. Түүний ажлын үр дүнг хотыг утаагүй, түгжрэлгүй, хоггүй болгосноор шууд хэмжихгүй нь мэдээж. Өөрөөр хэлбэл, улсын нийслэл Улаанбаатар хэмээн нэрийдсэнээс хойших 94 жил, нарийндаа 1990 оноос хойших 28  жилд цугларсан асуудлыг хоёр жил хагаст шийдсэн эсэхээр хэмжихгүй. Харин шийдэх зүгт хандаж ажилласан эсэхээр нь дүгнэж болно.

Түүний талаар хайлт хийхэд ажлаа авмагцаа өрөөндөө супер засвар хийж олны бухимдлыг төрүүлсэн, дараахан нь Ерөнхий сайдад “цас арилгаагүй” хэмээн загнуулж, бүрэн эрхийн хугацааны дундуур биднийг “аз жаргалтай хот”-д амьдруулахаар болсноо зарлаж, хугацааны сүүлээр зөвшөөрөлгүй барилга, барилгын элдэв өргөтгөлийг “туушиндаж” олны талархлыг хүлээжээ.

Хотын захирагчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх агаад тэрээр эл хугацааны 66 хувьд ажиллажээ. Бүтэн ажилласан 2017, 2018 онуудын үйл ажиллагааг нь НИТХ-аас “хангалттай” буюу 85 хувиас дээш үнэлсэнг бодоход мөрийн хөтөлбөрийнх нь 66 хувь биелчихсэн гэсэн үг. Гэвчиг 2017, 2018 онуудын нийслэлийн нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсролд холбогдох статистикийг харвал 2017 онд хотод шилжин ирэгсдийн тоо огцом буурснаас өөр өмнөх жилүүдээс онцын өөрчлөлтгүй.  Статистик яахав гэхэд ахуй амьдрал дээр ч 66 хувийн биелэлт харагдсангүй.

Сайн сайхан орчинд амьдрахыг хүсэгч хотын иргэний хувьд шинэ Засаг дарга бүрт итгэн хүлээдэг. Эрх баригч нам бүрт, Засаг дарга бүрт өөрийн өнгө төрх, арга барил байдаг. Надад таалагдах, эс таалагдахаас үл хамаарч  “Сундуйн хүүд нэг бодол бий” биз хэмээн өнгө төрх, арга барилыг нь таних гэж хоёр жил мөн л хүлээв. Иргэн миний хувьд тэрээр хийж үзээгүй ажилгүй хэр нь “тэгэхэд тэрнийг тэгж хийсэн, тэгж өөрчилсөн” гээд нэрлэчих тоймтой зүйлгүй урсгал дагагч төрийн түшээ. Гэхдээ хотод ирээд ямар ч байсан “туушиндаж” чадахад нь итгэж эхэлсэн. Мань хүн биднийг “аз жаргалтай хот”-д аз жаргалтайгаар амьдруулахаар мөрөөдсөн ч биз. Магадгүй зүтгэсэн ч байх. Харамсалтай нь тэр мөрөөдөл нь надад, бидэнд наалдсангүй байсаар эцэст нь тэр намынхаа Ерөнхий сайдаасаа зөрөлгүйгээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч аядуухнаар хотоос явчихлаа.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
15 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
0
0
0
0