Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

2019 он ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЖИЛ байсныг батлах 10 баримт

2019 онд эмэгтэйчүүдтэй холбоотой ямар онцлох үйл явдлууд болсныг “Elle” сэтгүүлийн нэрлэснээр хүргэж байна.


Өнгөрсөн онд АНУ-д болсон сонгуулийн дүнд Конгресст түүхэнд байгаагүй олон эмэгтэй сонгогдсон бол улирч буй энэ онд тэдний үйл ажиллагаа олны анхааралд байлаа. Энэ явдлаас эрч хүч авсан уу гэлтэй Ерөнхийлөгчийн сонгуульд ч олон эмэгтэй нэр дэвшихээ илэрхийлээд буй. Харин урлагийн ертөнцөд Тейлор Свифт онцлох амжилт тогтоосон бол Их Британийн эрхэмсэг гэр бүлд Меган Маркл, хунтайж Харри нар бяцхан үрээ өлгийдлөө. Түүнчлэн телевизийн салбарт Лилли Сингх “A Little Late with Lilly Singh” шоуг эхлүүлсэн нь 30 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй хөтлөгчтэй үдшийн шоу болж байна. 

Энэ мэтчилэн 2019 онд эмэгтэйчүүдтэй холбоотой ямар онцлох үйл явдлууд болсныг “Elle” сэтгүүлийн нэрлэснээр хүргэж байна.

  1. Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 

Энэ тэмцээнд Францын багийг эцсийн тоглолтод ялснаар АНУ-ын баг ДАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлсэн нь яах аргагүй түүхэн амжилт болно. Гэхдээ хүйсээр ялгаварлан гадуурхахын эсрэг хийсэн тэдний тэмцэл магадгүй спортын амжилтаас нь ч илүү дэлхий нийтийн анхаарлыг татсан гэж болно. Гуравдугаар сарыг эргэн харвал тамирчдын орчин нөхцөлийн ялгаатай байдал, цалингийн тэгш бус байдал зэргийн төлөө эмэгтэйчүүдийн баг хүчтэй дуугарсан. 

Түүнчлэн энэ үеэр багийн ахлагч Меган Рапино хэрэв ДАШТ-д түрүүлбэл Цагаан Ордонд очихгүй гэж хэлсэн нь шуугиан тарьсан. Тэрбээр энэ үеэр “Манай багийн урмыг хугалах юу ч байхгүй. Бид ягаан эсвэл шаргал үстэй. Бид шивээстэй, бас өвөрмөц үсний засалттай. Манай багт цагаан, хар арьст тоглогчид бас гей болон стрэйт охид ч бий. Би бүх хүнд илүү их хайр энэрэлийг түгээж, үзэн ядахаа багасгая гэж уриалмаар байна. Бие биенээ илүү их сонсож, бага ярьцгаая. Энэ дэлхийг илүү сайхан болгох нь бидний хийх ёстой зүйл” гэсэн юм. 

2. Стэнфордын кэмпус дахь бэлгийн халдлагын хохирогч Чанел Миллер дуртгалаа хэвлүүлэв 

Одоогоос дөрвөн жилийн өмнө Стэнфордын их сургуулийн хотхонд бэлгийн халдлагад өртсөн Чанел Миллер “Know My Name” номоо нийтэд хүргэлээ. Хэрэгтэй холбоотойгоор түүний нэр хэвлэл мэдээлэл болон хавтаст хэрэгт Эмили Доэ гэж бүртгэгдсэн байсан бөгөөд энэ оны есдүгээр сард тэрбээр өөрийн нэр, хувь хүнээ олон нийтэд ил болгосон юм. Энэ хооронд сэтгэл зүйн хувьд ямар үйл явц өрнөж, хэвлэл мэдээлэл хэргийг хэрхэн тусгаж, мэдээлж байсан тухай гээд хохирогчид тохиолдсон явдлууд болон тэдгээрийг даван туулсан түүхээ номоор дамжуулж хуваалцжээ. Түүний номыг гайхалтай бичигдсэн, хүчтэй өгүүлэмжтэй, заавал унших ном гэж үнэлэгдсэн. 

3. Грэта Тунберг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийг сая сая хүнд уриалав

Өнгөрөгч намраас эхлэн уур амьсгалын өөрчлөлтөд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах ажил идэвхтэй өрнөснийг 16 настай Грета манлайлав. Нью-Йоркт болсон үйл ажиллагааны үеэр тэрбээр “Хэрэв та биднийг заналхийлж байна гэж үздэг жижиг бүлгийн нэг нь бол танд хүргэх илүү муу мэдээ байна. Учир нь энэ бол дөнгөж эхлэл. Таныг дуртай үгүйгээс үл хамаараад өөрчлөлт ирэх болно” гэв. 

4. Ерөнхийлөгчөд нэр дэвшигчдийн сунгааны хэлэлцүүлгийг Анжелика Росс чиглүүлсэн нь анхны транс эмэгтэй хөтлөгч боллоо 

Айовад болсон нэр дэвшигчдийн хэлэлцүүлэг ЛГБТК асуудлаар өрнөж энэ үйл ажиллагааг “Pose” цувралаараа танигдсан хар арьст, транс жүжигчин Анжелика Росс хөтөлсөн юм. “The Guardian”-д бичсэнээр энэ нь 2007 оноос хойш анх удаа лесби, гей, байсэксуаль, трансжендэр сонгогчдын асуудлаар хийсэн хэлэлцүүлэг болжээ. Хөтлөгчийн хувьд энэ тухайд гайхалтай боломж байсныг дурьдаад зогсохгүй “Зөвхөн надад биш дуу хоолой нь зайлшгүй хүрэхүйц хүчирхэг хэрнээ тэр бүр боломж олдоод байдаггүй хар арьст, трансжендэр эмэгтэйчүүдийн хувьд түүхэн алхам боллоо” гэсэн юм. 

5. Сэлена Гомез хагацлын тухай шилдэг дуунуудыг бүтээлээ 

Хэсэг чимээгүй байсны эцэст Сэлена Гомез "Lose You to Love Me" ба "Look at Her Now" зэрэг хайр сэтгэлээсээ хагацсан хүмүүсийн “сүлд дуу” гэмээр хитүүдийг бүтээв. Дуучин Жастин Бибертэй үерхэж байсан түүнийг энэ тухайгаа дуулж гэж интернэт ертөнцөөр шуугиж байлаа. Эхний дуунд хэцүү салалтын дараа өөрийгөө эргэн олох тухай өгүүлсэн бол нөгөө дуунд нь шүтэн бишрэгчдэдээ өөрийгөө сайн байгааг дуугаараа хүргэжээ. Эдгээр уран бүтээлийн видео нь ч өөлөх аргагүй сайн байлаа. 

6. NASA-ийн эмэгтэй нисгэгчид задгай сансарт хөл тавилаа 

Энэ оны аравдугаар сард NASA-гийн Кристина Кок болон Жессика Мэир нар Олон улсын Сансрын Станцыг орхиж эрчим хүчний удирдлагыг солих ажлыг гүйцэтгэсэн. Энэ нь нийт долоон цаг 17 минут үргэлжилсэн бөгөөд Нью-Йорк Таймсын мэдээлснээр тэд Ерөнхийлөгч Трамптай хүртэл утсаар ярьж амжсан гэв. Сонирхуулахад, энэ ажил өнгөрсөн оны гуравдугаар сард төлөвлөгдсөн байсан ч NASA-д дээрх эмэгтэйчүүдэд таарах сансрын хувцас байгаагүй учраас хойшилсон гэжээ. 

7. Сарын тэмдгийн тухай баримтат кино “Оскар”-ын шагнал хүртэв 

Найруулагч, продюсер Раяка Зехтабчи “Шилдэг богино хэмжээний баримтат кино” шагналыг гардахдаа “Сарын тэмдгийн тухай кино Оскар авч байгаад итгэж чадахгүй нь” гэж дуу алдаж байв. Энэтхэгийн алс сууринд сарын тэмдгийн талаарх хуучинсаг, домгийн ойлголтын улмаас эмэгтэйчүүд өнөөг хүртэл ариун цэврийн хэрэглэл хэрэглэх боломж, нөхцөлгүй байгааг эл кинонд харуулсан юм. Түүнчлэн найруулагч “The Hollywood Reporter”-т өгсөн ярилцлагадаа “Энэ тухай олон түүх, яриа бий. Би ердөө л тэнд байгаа эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэж, тэд ямар нөхцөл байдлыг даван туулж байгааг харуулахыг зорьсон” гэлээ. 

8. Шинэ Зеландын Ерөнхий Сайд Жасинда Ардерн манлайллын шинэ хэв маягийг үлгэрлэв 

Өнгөрсөн гуравдугаар сард Шинэ Зеландын Кристчерч дэх халдлагын улмаас 51 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ үед Ерөнхий Сайдын авсан арга хэмжээ шуурхай байж цагаачлал болон галт зэвсгийн хэрэглээтэй холбоотой реформыг даруй санаачлан батлуулав. Түүнчлэн халдлагад өртсөн мусульман иргэдийн оршуулгын болон бусад зардлыг Засгийн Газраас хариуцаж тэдний ар гэр болон хүрээлэлд гүн эмгэнэл илэрхийлж байв. Хэрэг явдлаас хойш хагас жил өнгөрсөн ч хууль, эрхзүйн орчныг сайжруулахын төлөөх түүний ажил эрчимтэй үргэлжилсээр байсан юм. Хэдийгээр энэ мэт хэрэг гарах нь тус улсад тун ховор ч гэлээ нэг үйл явдлаас сургамжлан түүний авсан арга хэмжээ дэлхий нийтийн улс төрд манайллын шинэ үлгэр жишээг бий болгов. 

9. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд түүхэнд байгаагүй олон эмэгтэй өрсөлдөхөө мэдэгдэв 

Ерөнхийлөгчид өрсөлдөх мэтгэлцээнд Америкийн түүхэнд таван л эмэгтэй нэр дэвшигч оролцож байжээ. Харин зөвхөн энэ удаагийн мэтгэлцээний ширээний ард зургаан эмэгтэй зогссон нь тэмдэглэхүйц үйл явдал байлаа. Эхний орой Элизабет Уоррэн, Эми Клобушар, Тулси Габбард нар оролцсон бол дараачийнханд Камала Харрис, Кирстэн Жиллибранд, Мариан Уиллиамсон нар авч хэрэгжүүлэх бодлогоороо өрсөлдлөө. 

10. Саудын Араб хуульдаа өөрчлөлт оруулав 

Саудын Арабад өнгөрсөн зуныг хүртэл эмэгтэйчүүд аялалд явахдаа асран хамгаалагч эрэгтэй буюу нөхөр, эсвэл гэр бүлийн гишүүний хамт л явах боломжтой байв. Ингэхдээ гэрлэлтийн гэрчилгээ болон түүнийг санхүү, аяллын хувьд боломжтойг батлан даадаг байжээ. Тэгвэл үүнтэй холбоотой хуульд өөрчлөлт оруулснаар наймдугаар сарын байдлаар 21 нас хүрсэн эмэгтэй пасспорт эзэмшиж, эрэгтэй хүний зөвшөөрөлгүйгээр гадаадад аялах боломжтой болсон байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Өчигдөр
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.