Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

2019 онд дэлхий даяар тохиосон сайн сайхан, гэрэл гэгээтэй 15 зүйлс


Энэ онд дэлхий дээр олон олон үйл явдал болж, сайнтай саартай нэгэн жилийг үдэж байна. Медиа орчинд бид сайнаасаа илүү саар мэдээлэл хүлээж авсаар энэхэн дэлхийгээ үгүйрэн хоосорч, туйлдахдаа тулсан тийм нэгэн газар лугаа бодол, сэтгэгдэлтэй үлдсэн байдаг. Гэтэл хорвоо дээр гэрэл гэгээтэй мянга мянган явдал өрнөж, харин бид л үзэж, дуулж амжилгүй өнгөрөөж байдаг юм биш биз? Ийн бодож, өнгөрч буй жилийнхээ эерэг сайхан мэдээллүүдийг The Happy Broadcast, BoredPanda нарыг эх сурвалжаа болгон, бусад олон сурвалжаас дэлгэрүүлэн түүвэрлэлээ.

1. Жадав Паенг гэх Энэтхэг эр 1979 оноос хойш Энэтхэгийн нэгэн хаягдсан арал дээр мод тарьж эхэлсэн бөгөөд түүний ийн ганцаар тарьж, байгуулсан хүрээлэн өнөөдөр Нью-Йорк хотын Төв цэцэрлэгт хүрээлэнгээс ч том болсон гээд бод доо. Цөлжиж, орхигдсон газар нутгийг баян бүрд болгосон эгэлгүй нэгэн хүний түүхийг энэ онд онцолжээ. Паенгийн тухай National Geographic-ын өгүүлснийг эндээс үзээрэй. 

2. Бүх төрөл зүйлийнх нь тоо толгой хоргодож, аюулд өртөөд байсан тэнгисийн яст мэлхийг хамгаалах ажил амжилттай болж, энэ оны байдлаар тэдгээр хөөрхөн амьтдын тоо 980 хувиар нэмэгдэн, далай тэнгистээ эргэн ирснээ зарлажээ. 

3. ХДХВ-ын халдвартай өвчтөнд тус вирусыг эсэргүүцэх чадвар бүхий ховор генийн мутацтай хүний үүдэл эс суулгах эмчилгээ хийсэн нь амжилттай боллоо. Ийнхүү ДОХ-ын вирусийг эмчилж, эдгээсэн хоёр дахь тохиолдол Лондонд бүртгэгдсэн сайхан мэдээ энэ оных. Үүдэл эсийн гайхамшгийг илрүүлж, шинжлэх ухаанд нэвтрүүлсэн хүмүүст баярлалаа. 

4. Италийн нийслэл Ром хотод метронд суухын тулд мөнгөөр тасалбар худалдаж авах хэрэггүй болжээ. Харин мөнгөний оронд хуванцар лонх машинд шургуулбал тасалбар гарч ирэх юм.  “Хэдий их дахин боловсруулна, төдий их зорчино” уриатай энэ ажил хуванцар хаягдлыг багасгах, дахин боловсруулахад чиглэсэн хотын бодлого ажээ. 

5. Сүүлийн жилүүдэд эмэгтэй хүнд хамгийн ээлтэй орноор Исланд улс тодроод байгаа. Тэд шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэнцвэрт байдлыг хадгалж, шинэ хүүхдээ өлгийдсөн эцэг эх хоёуланд цалинтай чөлөө олгож, эмэгтэйчүүдийг ажил карьертаа дарамт багатайгаар хурдан эргэж ирэх бололцоог хангах гэхчлэн хүйсийн алагчлалыг халах олон ажил хийжээ.  Тэгвэл энэ удаа Исланд улс иргэдийнхээ цалин орлогыг хүйсээс хамааралгүй ижил тэгш байх нөхцлийг хангаж, дэлхийн хамгийн анхны тэгш хөдөлмөрийн хөлстэй байх хууль хэрэгжүүлсэн орон боллоо. 

6. Энэ жилийн сайхан мэдээнүүдийн дотроос маш хүмүүнлэг бас бүтээлч нэгэн үйл явдлыг онцлоё. Сургаж, гаршуулсан амьтдыг цирк, амьтны хүрээлэнд үздэг цаг өнгөрөх нь ээ. Ан амьтад байгалдаа, жам ёсоороо өсөж үржиг, харин хүн бидэнд зугаа цэнгэл хэрэгтэй бол холограм циркийг үзсүгэй. Энэ төрлийн цирк анх удаа үзэгчдийн хүртээл болсон нь Германы Ронкали циркт тохиож, амьд амьтдын оронд лазер проектороор тэдний бодит мэт гайхалтай холограм дүрсийг толилуулж байна. Шоу үзүүлбэрт сургахаар амьтдыг ташуурдаж, харгислан зовоож, тэднээр мөнгө олдог цаг дуусгавар болох эхлэл энэ байг. 

7. Бидний бие өвдвөл яаралтай түргэн тусламж дуудаж болдог. Харин сэтгэл өвдвөл дуудаж болдог түргэн тусламжийн тухай та сонссон уу? Швед улсад энэ төрлийн  үйлчилгээ нэвтрээд удаагүй байна. Жилд багадаа л 1500 хүн амиа хорлодог энэ оронд сэтгэл зүйн яаралтай тусламж хүргэх түргэний үйлчилгээ нэвтэрснээр сэтгэл гутрал, сэтгэцийн өөрчлөлт, шизофрен зэргээр шаналж буй олон хүнд тусаа өгч эхэлжээ. Урд нь ийм төрлийн дуудлагат цагдаа нар очдог байсан нь тухайн хүнийг улам айлгаж, дарамтад оруулах эрсдэлтэй байснаас хамгаалж чадав.

Хүүг аврахаар дугаарлах хүмүүс

8. Английн Уорсестер хотын нэгэн бяцхан жаал Оскар Сакселби ховор төрлийн цусны хорт хавдар тусчээ. Тавхан настай жаал хүүгийн биеийн байдал илтэд муудан эмнэлэгт хүргэгдэхэд, хавдрын эсийг эсэргүүцэх чадвартай үүдэл эсийг яаралтай олж шилжүүлэн суулгах амаргүй даалгавар угтжээ. Ингээд эцэг эх, сургуулийнх нь удирдлага олонд зар түгээхэд Оскар хүүд амьдрал бэлэглэх хүсэлтэй 5000 орчим хүн цуглаж, хэдэн өдрийн турш дугаарлан, эсийн шинжилгээнд хамрагджээ. Усан бороон дунд ээлжээ хүлээн зогсох мянга мянган хүний дунд гомдол мэдүүлж буцах нэг ч хүн байсангүй. Энэ бол хайр юм. Ийм л нинжин сэтгэлийн ачаар хүүд тохирох донорыг олж, үүдэл эс шилжүүлэн суулгаснаар Оскарын бие дэх хавдрын эсүүд устсан гайхалтай явдал тохиосон юм. 

9. Энэ жил медиа ертөнцийн дэг журамд нэгэн сайшаалтай өөрчлөлт орсон нь Youtube сүлжээ өөрсдийн платформ дахь үзэн ядалтын шинж бүхий, ялгаварлан гадуурхсан өнгө аястай видео болон сувгуудыг устгах, хориглох шийдвэр гаргасан явдал байлаа.  Арьс өнгө, нас хүйс, бэлгийн чиг хандлагаар нь бусдыг доромжлон, хүчирхийллийг сурталчилсан видео оруулахыг шууд хориглож, арга хэмжээ авч эхэлсэн байна. Мөн сэтгэгдэл үлдээх хэсгийг ч ‘цэвэрлэж’ буй аж. Алга ташъя.

10. Далай тэнгисийн экосистем сүйдэж, тэнд гэртэй олон амьтдын тоо толгой огцом хоргодож эхэлсэн төвөгтөй цаг үеийн гэрч болж явна бид. Гэвч аюулд өртсөн амьтдын төрөл зүйлийг хамгаалах олон улсын актууд, дэлхийн байгаль хамгаалах сангийн ажлууд, бүс нутгуудын байгаль хамгаалах агентлагууд бүгд л дор дороо хичээн ажиллаж байна. Тэдний ачаар дэлхий дээр 25 мянгуулхнаа атлаа цөөрч хэдхэн зууд хүрэн, устах аюулд ороод байсан бөгтөр халимны тоо толгой сэргэж, далай тэнгисийн ертөнцдөө илүү олуулаа эргэн ирсэн байна. Welcome back Humpback Whales, to your natural habitat!

11. Дэлхий дээр нэгэн төрлийн амьтан байхгүй болох аваас бидний амьдрал дуусна гэдгийг та мэдэх үү? Энэ бол зөгий. Ажилч хичээнгүй зөгийнүүд маань ургамлын тоосыг тал тал тийш хүртээж, ургамал цэцэг, мод бут урган байх мөнхийн циклийг таслалгүй авч явдаг юм. Хүн төрөлхтний хүнс хоолны тариалалтад тэдний энэ үйл ажиллагаа чухал үүрэгтэй билээ. Гэтэл тоос хүртээгч шавжнуудын тоо эрчимтэй буурч буй үзүүлэлт сүүлийн үед санаа зовоож байна. Тэгвэл Английн Лондон хотын Брент цэцэрлэгт хүрээлэнд 7 бээр урттай зэрлэг цэцэгсийн хонгил байгуулж, зөгий болон бусад тоос хүртээгч шавжинд өсөж, үржих тохиромжтой орчин бүрдүүлж өгчээ. Үүнийгээ ЗӨГИЙН ХОНГИЛ гэж нэрлэсэн байна. 

12. Цусаа хандивлагч хүмүүс бол бусдын амь насыг аврагч тэнгэр элч нар билээ. Бидний цус A, B, AB, 0 гэсэн дөрвөн бүлэгт хуваагдах бөгөөд цусны бүлэг нь таарсан хүмүүс л бие биенийхээ амийг аврах бололцоотой байдаг. Эдэн дундаас 0 бүлгийн цус бусад бүх бүлэгтэйгээ таардаг универсаль чанартай ганц нь юм. Энэ бүлгийн цустай хүмүүс ховор тул, донор ч бага байдаг байв. Гэтэл 2019 онд эрдэмтэд нэгэн чухал нээлт хийсэн нь A бүлгийн цусыг 0 болгон хувиргаж болдгийг баталсан явдал байлаа. Энэ хоёр бүлэг хоорондоо төстэй бөгөөд цорын ганц ялгаа нь А бүлгийн гадаргууд нэмэлт сахарын молекулууд байрладагт оршино. Эрдэмтэд олон жил энэ молекулыг алга болгох туршилт хийсэн ба энэ удаа хүний гэдсэн дэх бактериас ялгардаг хоёр төрлийн энзимийн тусламжтай сахарын молекулуудыг утсгаж чаджээ. Шинжлэх ухаан мандтугай! Цусны донорууд мандтугай!

13. Африк тивд 600 сая хүн гэрэл цахилгаангүй амьдардаг. Тэгвэл тэдний 250 саяд нь эрчим хүч өгөх аварга том төсөл энэ оноос хэрэгжиж эхэллээ. Элсэн цөлөөс эрчим хүч үйлдвэрлэж, ард түмнээ тог цахилгаантай залгуулах энэ амбицтай төслийг Африкийн Хөгжлийн Банк удирдан хэрэгжүүлж байна. 10 мянган мегаватын нарны эрчим хүч хуримтлуулж, хар тивд гэрэл цацраах энэ ажил Буркина Фасо улсаас эхэлсэн аж. 

14. Энэ онд нийтлэгдсэн эерэг мэдээллүүдийн нэг бол дэлхий даяар амиа хорлох үзэгдэл буурсан тухай судалгааны баримт юм. Олон улсад 1990-1994 онд амиа хөнөөх тохиолдол хамгийн их бүртгэгдсэн бөгөөд энэ статистик өнөөдөр 32.7 хувиар буурч, тоон үзүүлэлтээр 4 сая хүний амь аврагджээ. Бидний гэр орон болсон дэлхий ертөнц улам л дулаахан, энэрэнгүй газар болж буйн баталгаа биш энэ биш гэж үү?

15. Хамгийн сайхан мэдээгээ хамгийн сүүлд орууллаа шүү. Бэлэн үү? Дэлхий ертөнц 20 жилийн өмнөхтэй харьцуулахад илүү ногоон болсныг АНУ-ын Үндэсний сансрын агентлаг NASA мэдээлжээ. Цөлжилтийн асуудалд санаа зовниж, ой тайгын га талбай багассаар буйд сэтгэл эмзэглэж явах болсон бид ийм сайхан мэдээнд итгэх эсэхтээ ч эргэлзмээр. Гэхдээ үнэн ажээ. Хиймэл дагуулаас авсан зураглалуудыг үзэхэд манай гараг 1990-ээд оны дунд үетэй харьцуулахад илүү ногоорсон нь анзаарагдана. Энэ явдалд хамгийн том хувь нэмэр оруулсан улсууд бол Хятад, Энэтхэг юм. Жишээ нь саяхан Энэтхэгт нэг хоногийн дотор 800 мянган хүн 50 сая мод суулгаж, дэлхийн рекорд тогтоосон байна. Хэдийгээр хүн ам ихтэй, дэлхийн нөөцийг тэр хэрээр ашиглаж буй боловч мод тарих буянт үйлсийг бүгдэд зориулан хийж буй тэдэнд баярлалаа! Дэлхий ногоон байхад бусад нь аяндаа болно доо.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.