Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

2020 онд хүмүүсийн шимтэн сонсож байгаа шилдэг 10 подкаст


Энэ жил хөл хорионы үеэр гэртээ байж, гэрээсээ ажиллаж байсан хүмүүст зориулж подкастууд ихэвчлэн коронавирусийн талаар уралдан ярилцаж эсвэл сатааруулах, тайвшруулах яриа хийх гэх мэт хандлагатай байснаараа онцлог байна. Доорх жагсаалтад хөгжөөнт маягийн, гэртээ хийж болох зүйлс, сэтгэл санаагаа хэрхэн дэмжих вэ эсвэл бүр бодит байдлаас зугтаасан уран зөгнөлт төрлийн хүрээн дэх подкастууд багтжээ.

1. Dead Eyes


20 жилийн өмнө Комедиан Коннор Рэтлифф Том Хэнксийн продюсерээр нь ажилласан “Band of Brothers” цувралд туслах дүр бүтээхээр болсон ч эцэстээ татгалзсан хариу авчээ. Хүндтэй хүнээс татгалзсан хариу авснаар түүний Холливудын карьер нэг хэсэг өөдлөөгүй. Рэтлифф энэ үед хүн бүр түүнтэй адил нөхцөл байдлыг туулж үзсэнийг анзаарч хөгжилтэй байдлаар энэ сэдвийг тойрсон подкаст хийхээр болсон байна. Рэтлифф Жон Хэмм болон Д´Эрси Карден гээд олны танил найзуудаа зочноор оролцуулжээ. Уг подкаст нь олны танил эрхмүүд хэрхэн бусдаас татгалзсан хариу авч байсныг яриулж, Холливуд гэдэг ямар этгээд ертөнц болох талаар өвөрмөц өнцгийг харуулснаараа онцлог юм.

Подкастыг сонсох бол ЭНД дарна уу.

2. Floodlines


Нью Орлеанст болсон Катрина хар салхины гамшиг аймшигтай байсан ч энэ талаар сонсоход тийм ч хэцүү биш. Сурвалжлагч Ванн Р. Нэвкирк сонсогчиддоо Катрина хар салхи бидний төсөөлсөн шиг биш байсныг өгүүлжээ. Эл хар салхи тав биш гуравдугаар зэрэглэлд багтана. Засгийн газар, хэвлэл мэдээлэл нь энэ гамшгийн мэдээллийг тун ч тэнцвэргүй, ялгаварлан гадуурхсан шинжтэй хүргэсэн байна. Тиймээс подкастаараа дамжуулан сонсогчиддоо үерт автсан гудамж дунд орсон мэт мэдрэмжийг төрүүлж, ямар ч гамшиг тохиосон хамгийн түрүүнд ядуу буурай хүмүүс өртдөг талаар ярьжээ.

Подкастыг сонсох бол ЭНД дарна уу.



3. Home Cooking



Хөл хорионы үеэр олон ч хүн хэрэгцээ шаардлагаар эсвэл уйдсандаа гэртээ хоол хийж сурсан. Туршлагатай тогоочдын хувьд хүнсний дэлгүүрээс хүссэн бүтээгдэхүүнээ авч чадахгүй нь асуудал болжээ. “Salt Fat Acid Heat” номын зохиолч, тогооч Самин Носрат (Нэтфликт шоу нь байгаа), туршлагатай подкастер Хришикеш Хирвайтэй хамтран хөл хорионы үеэр хоол хийхэд тулгарч буй ямар ч асуултад хариулахаар шийджээ. Носратын өөдрөг үзэл, Хирвэйгийн сониуч байдал подкастыг өгөөжтэй, хөгжилтэй болгосон байна.

Подкастыг сонсох бол ЭНД дарна уу.



4. Julie’s Library



Мэри Поппинс өөрийн биеэр таны хүүхдүүдийг хүмүүжүүлэхээр болжээ. Хөл хорио эхэлснээс хойш Оскарын шагналт Жули Эндрюс 10-аас доош насны хүүхдүүдэд зориулж үлгэр уншдаг болжээ. Тэрээр хөл хорионы үеэр гэртээ тул дуу чимээ тусгаарлах зорилгоор гэрийн хувцасны шүүгээн дотроо орж суугаад подкастаа хийсэн аж. Эндрюс том охин Эмма Валтон Хамилтонтой хамтраад 30-аад хүүхдийн ном хэвлүүлсэн. Ингээд шинэ болон сонгодог хүүхдийн зохиолуудаас сорчлон уншиж эхэлсэн байна. Эндрюс зөөлөн, дулаахан хоолой хэдэн ч насны хүн байсан эрхгүй сонсох хүсэл төрүүлэх нь дамжиггүй.

Подкастыг сонсох бол ЭНД дарна уу.



5. Oh, Hello: The P’dcast

“Big Mouth”-ийн хөтлөгчид Ник Кролл болон Жон Мулани нар 2017 оноос хойш “Oh, Hello” подкастаа хөтлөн явуулж байна. Тэд дийлэнх хүмүүсийг гоочилж, туна загасанд дуртай хуучинсаг Нью-Йорк хотынхноор хоржоонтойгоор тохуу хийгээд зогсохгүй Жон Стюарт, Уилл Феррел нар шиг хүндтэй комедиануудыг урьж ямар ч бэлтгэлгүйгээр яриа өрнүүлдэг. Одоо тэд “The Seriаl” шиг Гүнж Дианнагийн үхэл гэх мэт учир битүүлэг хэргийн мөрөөр ярилцдаг ба ингэхдээ ярилцаж буй хүнийхээ зан чанар, намтар луу өнгийдөг. Хөл хорионы үеэр сонсож болох хамгийн сонирхолтой, хөгжилтэй зүйлсийн нэг.

Подкастыг сонсох бол ЭНД дарна уу.



6. Phoebe Reads a Mystery

Гэмт хэргийн талаар өгүүлдэг подкастууд сонсогчийг илүү ухаалаг мэдрэмж төрүүлдгээрээ онцлог байдаг. Гэмт хэргийн тухай өгүүлдэг “Criminal” подкастыг хөтөлдгөөрөө олонд танигдсан хөтлөгч бол Фиби Жадж. Хөл хорионы үеэр Фиби өөрийн хүсэл сонирхолд нийцсэн шинэ подкастыг эхлүүлэхээр шийджээ. Тэрээр Артур Конан Доел, Агата Кристи зэргийн бүтээлээс эргэлзээтэй, нууцлаг бүтээлүүдийг сонгон уншиж буй. Саяхан анхны детектив зохиол гэгддэг “The Moonstone”-ыг уншсан нь лав танд таалагдана. Шилдэг бүтээлүүдийг сэтгэл хөдлөл оролцуулан уншиж аудио болгосноороо онцлог, дээр нь үнэгүй.

Подкастыг сонсох бол ЭНД дарна уу.



7. Rabbit Hole



“New York Times”-ын тоймч Кэвин Рүүс интернетийн харанхуй талуудыг илчлэх үйл хэргийг эхлүүлжээ. Рүүс “Youtube”-ийн алгоритмыг тайлбарлаж, хүмүүсийг үзүүлэхэд донтуулахаар тохиргоотой байдаг тухай болон, улс төрийн асуудлуудыг дэвэргэж, платформууд дахь хөнөөлтэй виртуал ертөнцөд гацсан залуу үеийнхний талаар нийтлэл бичиж байжээ. Энэ нийтлэлээ улам өргөжүүлж интернет мэдээлэл санал болгосноороо бидний соёл, улс төрд хэрхэн нөлөөлж байгаа, сошиал орчин биднийг анхнаасаа тэр мэдээллийг өөрөө хайсан мэт харагдуулах алгоритмтой, шэйр хандалтын тоо үүнд нөлөөлдөг, санал болгосон контентуудаар бидний тархийг хооллож байна гэдгийг подкастаараа тайлбарлажээ. Рүүс тийм ч сөрөг нэгэн бас биш. Бид “Zoom”-ээр гэр бүл, найзуудтайгаа уулзаж, онлайн тоглоом тоглож, хөгжилдөж, технологийн компаниудад ирээдүйд хөрөнгө оруулж үр бүтээлтэй ажиллахад маш том боломжийг өгч буй зэрэг олон сайн талуудыг ч мөн дурдана.

Подкастыг сонсох бол ЭНД дарна уу.


8. Staying In With Emily and Kumail


Хөгжилтэй хос Эмили В.Гордон, Кумэйл Нанджиани нар бол сошиал гүрү болж мэргэшсэн хүмүүс. Гордон, Нанджиани нарын хагас намтарчилсан кино “The Big Sick”-д тэдний харилцааны эхэн үед Гордон хүндээр өвдөн комд орсон тухай харуулдаг. Гордон сэтгэл санаагаар унахдаа өөрийгөө тусгаарладаг зуршилтай нэгэн. Тэрээр өөрийгөө тусгаарлах замаар сэтгэлзүйн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах талаар зөвлөгөө өгдөг байв. Энэ подкастанд сэтгэл гутрал, сэтгэлийн түгшүүр зэрэг сэтгэлзүйн асуудлуудаа хэрхэн зохицуулах талаар зөвлөгөөнүүдийг харамгүй өгөх төдийгүй тэдний нэгнээ гэсэн хайр халамж, дулаан уур амьсгал бусад подкастаас илүү болгожээ.

Подкастыг сонсох бол ЭНД дарна уу


9. Wind of Change


“New Yorker”-ийн сэтгүүлч Патрик Радден Киф Scorpions´ хамтлагийн 1990 онд хит болж байсан “Wind of Change” дуугаа Германы ардчиллын ухуулгын зорилгоор бичсэн гэж сонссоноо ер мартдаггүй. Америкийн хөгжмийн зах зээлд тэргүүлж байгаагүй ч Берлиний хана нурсаны дараа жилүүдэд  Европ даяар чамгүй амжилттай явж байжээ. Киф өөрийн энэ онолоо батлахын тулд подкаст эхлүүлж Америкийн засгийн газар элдэв томоохон хэрэг явдлыг далдлахын тулд поп соёлоо ашиглаж байсан өргөн түүхийн талаар ярьдаг.

Подкастыг сонсох бол ЭНД дарна уу



10. The Wire: Way Down in the Hole



Шинэ кино, цуврал, цомгийн зах зээлийн нэгэн адил поп соёлын талаарх олон подкастууд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж хүнд байдалтай буй. Гэвч Ринжерийн “Binge Mode”, ”The Rewatchables”, “The Recappables” зэрэг подкастанд цаг үеийн байдал нөлөөлөхгүй бололтой. Хөтлөгч Ван Ладан, Жимел Хилл нар бүх цаг үеийн хамгийн шилдэг цуврал “The Wire”-ыг үзэх сэдлийг эрхгүй төрүүлнэ. Подкаст дүүрэн спойлтой ч сонссондоо харамсана гэж үгүй. Таны анзаараагүй өнгөрөөсөн жижиг хэсгүүдийг нарийн ярина. 2002-2008 оны хооронд HBO-ийн энэ цувралд хөндөгдөх асуудлууд хожим нь биеллээ олж буй талаар, Америкийг олон жилийн дараа тэсрэлт хийх эдийн засгийн хурцадмал байдлыг, шударга ёсны гажуудсан систем, бодлогын талаар халуун яриа өрнүүлнэ.

Подкастыг сонсох бол ЭНД дарна уу


 

Нийтлэлийг бэлтгэсэн Д.Хулан

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.12.22
Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх 2022 оны шилдэг 9 подкаст
2
2022.09.26
Playlist: "Та яг одоо ямар дуу сонсож байна вэ" 70 дахь дугаарт гарсан 26 дуу
3
2022.09.22
#WomenWhoDare | Cocktail and Crime: Сонсогчдоо хооронд нь танилцуулж, комьюнити үүсгэхи...
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.