UBLife Logo
Дэлхий

2020 оны ОНЦЛОХ 10 ҮГ: Цар тахал, Зүүм, Карен...

Б.Саруул
Б.Саруул
2020 оны ОНЦЛОХ 10 ҮГ: Цар тахал, Зүүм, Карен...

Толь бичиг, хэвлэл мэдээллүүд оны төгсгөлд тухайн жилийг тодорхойлох онцлох үгийг нэрлэдэг уламжлалтай. Хүн төрөлхтний амьдралд гарсан өөрчлөлт, шинэ трэнд, шинжлэх ухааны ололт, нээлтийг зэргийг дүрсэлсэн үгс ихэвчлэн шалгардаг. Тухайлбал, 1999 онд wifi, 2001 онд iPod, 2008 онд crowdfund гэсэн үгс онцлохоор тодорч байв. 

The Guardian сонин дараах 10 нэршлийг 2020 оны онцлох үгсээр нэрлэжээ. 

1. Pandemic 

Pandemic буюу цар тахал нь 2020 оныг тодорхойлох хамгийн тохиромжтой үг гэж үзжээ. Энэ үг нь грек хэлний – pan буюу "бүгд", demos буюу "хүмүүс" гэсэн хоёр үгнээс бүтжээ. Өөрөөр хэлбэл, бүх хүнийг хамарсан гэдэг утгыг илэрхийлдэг аж. 

2. Herd immunity

Herd immunity буюу сүргийн дархлаа гэх тархвар зүйн нэр томьёо цар тахал гарснаас хойш хамгийн их яригдсан билээ. Сүргийн дархлаа гэдэг нь тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүхэлд нь зогсоож, хүн амд чөлөөтэй халдварлуулах замаар нийгмийн дийлэнх хэсэгт тухайн вирусийн эсрэг дархлааг байгалийн жамаар тогтоох арга хэмжээг хэлдэг байна.

3. Lockdown

The Guardian сониноос гадна Коллинсын толь бичиг Lockdown хэмээх үгийг 2020 оны онцлох үгээр нэрлэсэн байна. Анх шоронгийн хоригдлуудыг үймээн самуун гаргасны дараа аюулгүй байдлыг хангах үүднээс өрөө өрөө нь хорихыг Lockdown гэдэг байж. Харин өдгөө цар тахлын улмаас  тусгаарлах арга хэмжээ, бүтэн хөл хорио тогтоохыг Lockdown хэмээж буй. 

4. Karen

Карен гэдэг нь өөрт заяасан давуу байдлыг ойлгож ухамсарладаггүй, бусдыг арьс өнгөөр гадуурхаж, доромжилдог, нийгмийн дунд бүлгийн, цагаан арьст эмэгтэйг илэрхийлсэн нэр юм. 

Өнгөрсөн тавдугаар Эми Купер гэх эмэгтэйгийн бичлэг сошиалд тарж, зарим хүмүүс түүнийг Карен хэмээн нэрлэж байв. Тухайн үед Нью-Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэнд шувуу ажиглаж байсан африк гаралтай эр түүнээс нохойгоо уяхыг хүссэн байна. Эми Купер эсэргүүцсэн тул тэрбээр гар утсаараа бичлэг хийж эхэлжээ. Гэтэл эмэгтэй бичлэгээ зогсоохыг шаардаж, цагдаа руу дуудлага хийхдээ “Африк гаралтай эрэгтэй миний амь насанд заналхийлж байна” хэмээн худал ярьжээ.

Харин монгол хэлнээ Карен гэж ямар хүнийг нэрлэх талаар орчуулагчдын группт сонирхолтой хэлэлцүүлэг өрнөжээ. Тухайлбал, дунд эргэм насны, ууртай, бүдүүлэг хүмүүс, улсын байгууллагад насаараа ажилласан эгч нар, Хоролмаа гэх мэт хувилбаруудыг санал болгосон байна.   

5. Simp

TikTok хэрэглэгч Z үеийн залуучуудын гаргасан Simp (Simpleton, Simp Nation гэх нь ч бий) хэмээх хэлц үг онцлох үгсэд багтжээ. Simp гэдэг нь эмэгтэйчүүдэд таалагдахын тулд мөнгө үрж, хэрэгцээгүй зүйлс хийдэг хэрнээ хэзээ ч амжилт олдоггүй залуучуудыг хэлдэг аж.   

6. Doomscrolling

Ньюсфийд тасралтгүй гүйлгэн үзэж, сошиал медиагаас байнга сөрөг, муу мэдээлэл уншихыг Doomscrolling гэдэг аж. КОВИД-19 цар тахал гарснаас хойш энэ үг ихээхэн трэнд болжээ. Хүмүүс коронавирустэй холбоотой сүүлийн үеийн мэдээлэл авахын тулд байнга ньюсфийд ухаж, эцэст нь сэтгэлээр унаж, цөхөрч, таагүй мэдрэмжтэй үлдэх нь элбэг тул Doomscrolling сэтгэлзүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг байна. 

7. Zoom

Видео хурал, уулзалт хийх хамгийн түгээмэл платформ болох Zoom энэ оны онцлох үгсийн нэгээр тодорчээ.

8. Megxit

Өнгөрсөн нэгдүгээр сард ханхүү Харри, түүний гэргий Меган Мэркл нар хааны гэр бүлийн үүргээс татгалзсан билээ. Уг үйл явдлыг хэвлэл, олон нийт Megxit гэж нэрлэжээ. Их Британи Европын холбооноос албан ёсоор гарах үйл явцыг Brexit гэж нэрлэснээс улбаалан Харри, Меган нарын язгууртны хэргэм, зэргээ орхих шийдвэрийг Megxit гэж нэрийдсэн байна.

9.  Antifa

2017 онд Виржиниа мужийн Шарлоттсвилл хотод болсон мөргөлдөөний дараа Оксфордын толь бичиг Antifa гэх үгийг онцлох үгсийн жагсаалтдаа багтааж байв. Antifa гэдэг нь Antifaschistische Aktion буюу "Антифашист үйлдэл" гэх холбоо үгний товчлол бөгөөд неонацист, фашизм, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, цагаан арьстнууд илүү гэх үзлийн эсрэг зогсдог эсэргүүцлийн хөдөлгөөнийг нэрлэсэн үг юм. 

Үүнийг тайлбарласны учир нь, АНУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн тавдугаар сард "АНУ Антифа хөдөлгөөнийг алан хядах байгууллага гэж зарлана" хэмээн жиргэснээр энэ үг дахин ярианы сэдэв болж эхэлсэн билээ. Трамп өмнө нь Жорж Флойд амиа алдсаны дараа үүссэн эмх замбараагүй байдлыг Антифа хөдөлгөөн болон бусад хэт даврагч зүүний бүлэглэлүүд зохион байгуулж байна хэмээн мэдэгдсэн нь олон нийтийн эгдүүцлийг хүргэжээ.

10. Black Lives Matter

Тавдугаар сарын 25-нд африк гаралтай иргэн Жорж Флоид сэжигтнээр баривчлагдах явцдаа цагдаагийн гарт амиа алдсан нь дэлхий нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн эхлэхэд хүрсэн билээ. Black Lives Matter буюу хар арьст хүмүүсийн эрхийг шаардсан хөдөлгөөн АНУ-ын 50 мужаас гадна Их Британи, Өмнөд Солонгос, Норвеги, Мексик, Франц, Энэтхэг, Пакистан, Швед, Герман, Польш гээд дэлхийн өнцөг булан бүрд өрнөжээ. BLM бол 2020 оны онцлох үйл явдлын нэг яах аргагүй мөн юм.

Эх сурвалж: The Guardian 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.