Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

LookTV-ээс 1 төгрөгөөр үзэж болох 8 гайхалтай кино I Tegshee's Movie Corner


Кино сонирхогч, кино ертөнцөөр аялах дуртай хүн болгонд дуулгах нэгэн таатай мэдээ байна. LookTV-гийн HBO олон ангит, Холливуд, Ази, Монгол багцууд 11 сарын 27-г хүртэл 1 төгрөг болон хямдарч байгааг та дуулсан уу? Уг багцуудын нийт 8,000 киноноос алийг нь түрүүнд сонгож үзэхээ мэдэхгүй байвал санаа зоволтгүй. Бид танд хамгийн түрүүнд үзэх 8 гайхалтай киног санал болгож байна. Уг кинонууд бүгд өөрсдийн онцгой түүх, өгүүлэмж, ур хийцтэй. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

THE MOTHER

Энэ жил “Шимэгч” (Parasite) киногоороо Каннын кино наадмаас дээд шагналыг хүртсэн солонгосын найруулагч Бон Жун-огийн “Эх” (The Mother) кино олон шинжээрээ бараг л төгс триллер гэж болно. Найруулагч алдарт “The Host” киноноосоо ч өмнө жүжигчин Ким Хё Жатай уулзахад киноны санаа анх төрсөн бөгөөд түүнээс хойш кино зохиолоо бичиж дуусгах хүртэл 5 жилийг зарцуулсан байдаг.
Өсвөр насны охиныг жигтэйгээр хороосон аллагын хэрэгт гэмтэн болсон оюуны хомсдолтой хүүгээ хэргээс мултлах, гэм буруугүйг нь нотлохын төлөө цуцалтгүй тэмцэх эх хүний мятрашгүй сэтгэлийн тухай гэж болмоор сайх кино хэргийн учгийг гол дүрүүдтэй хамт зугуухнаар тайлах сонирхолтой өрнөл, үзэгчдийн анхаарлыг тасралтгүй хөвчлөн дайчлах төгс хэмнэлийнхээ цаана хүний мөн чанарын талаарх ярвигтай асуултыг нууж байна.
Шаргал өвс халиурсан талд нэг л жир бус гуниг, гансрал харцандаа хөвүүлсэн хижээл насны эмэгтэй огт эв дүйгүй гэмээр бүжиглэж эхлэх нь триллер киноны хувьд дэндүү яруу, жигтэй эхлэл, харин төгсгөл нь, төгсгөлийн сцен “Эх” киног жирийн нэг гэмт хэргийн киноноос дэндүү анги түвшинд аваачдаг. Гайхалтай төгсгөл. Төгс триллер.

STAND BY ME

Хүн амьдралынхаа турш хэчнээн аялалд гардаг бол? Тэр дундаас чухам ямар аялал биднийг эгнэгт өөрчилдөг эсвэл ямар аялал биднийг өөрөө өөрт маань нээж өгдөг бол? Орегоны өсвөр насны дөрвөн жаал болох Горди, Верн, Крис, Тедди дөрөв амьдардаг газраас нь холгүй ой модонд үл таних хүү алагдсан тухай санамсаргүй олж дуулаад цогцсыг нь очиж үзэх гэнэтийн аялалд гарна. Дөрвөн хүү замдаа төмөр замын гармаар гарахдаа амиа алдах шахах, хануур хорхойтой цөөрөмд орох, олон зуун бээр газрыг явган туулах, хээр гадаа гал түлж хонох зэрэг энгийн буйд газар таарч болох энгийн л адал явдлуудтай учирдаг боловч хэн хэнийгээ болон өөрсдийгөө илүү гүнзгий таних амьдралын мартагдашгүй аялалд гарснаа өөрсдөө ч төдийлөн мэддэггүй.
Уг киног алдарт Стивен Кингийн “The Body” буюу “Цогцос” хэмээх туужаас сэдэвлэн хийсэн бөгөөд зохиогчид кино ихэд таашаагдсан байдаг.

THE ACCUSSED

1983 оны 3 сарын 6-ны өдөр Масачусетс мужийн Нью Бедфорд хотын бааранд үйлдэгдсэн бүлэг хүчингийн хэргээс сэдэвлэн хийгдсэн“Буруутан” кино хүчирхийллийн бодит баримтыг хөндөж гаргасан анхны Холливудын кино болж байв. Сара Тобиас орон нутгийн нэгэн бааранд гурван эрд зэрлэгээр хүчиндүүлдэг. Хэрэг гарсан орой Сара бааранд байхдаа хар тамхи хэрэглэж мансуурсан байсан, задгай хувцаслаж, эрчүүдийг өөрөө урин дуудсан байдалтай биеэ авч явж байсан зэрэг шалтгаанаар хүчингийн хэрэг хэрэгсэхгүй болоход хүрч, Сара ч хэл үг гаргалгүй тэгсгээд орхих тийшээ ханддаг. Гэвч хэрэгтнүүд гэмших нь бүү хэл тэр явдлын дараа олон нийтийн газар өөрийг нь ахин дахин өдөн доромжлохыг үзээд Сара гомдол гаргаж, хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болдог. Тухайн хэрэгт улсын яллагчаар ажилласан Кэтрин Мөрфи хохирогчийг буруутгах бурангуй хандлагын эсрэг хатуу зогсож, гэмт хэрэгтнүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг.
Сарагийн дүрийг бүтээсэн жүжигчин Жүди Фостер тухайн ондоо “Шилдэг эмэгтэй гол дүр” төрөлд Оскарын шагнал хүртэж байсан юм. Улсын яллагчийн дүрийг бүтээсэн Кэлли МакГиллис ч бодит амьдрал дээр хүчингийн хэргийн хохирогч байжээ. Эмэгтэй хүний “үгүй” хэмээн эсэргүүцэх нь хуурамч аяглал төдий, дотроо дуртай байгаа гэхчлэн эмэгтэй хүний үйлдлийг урвуулан “тайлж уншсан”-аа хүчингийн хэргийн зөвтгөл болгох гэж оролдох, хохирогчийг буруутгах зэрэг зүй бус хандлагуудыг халах, олон нийтэд таниулан ойлгуулахад уг киноны гүйцэтгэсэн үүрэг чамгүй юм.

I ORIGINS


Докторын ангийн оюутан Иан Грэй хүний нүдний үүсэл, хувьслыг судалдаг “нүд судлаач.” Нэгэн халловины үдэшлэг дээр Иан зөвхөн нүд, уруулаа гаргасан хар багтай, “сансар огторгуй” мэт маш ховор, үзэсгэлэнтэй нүдтэй бүсгүйг олж хараад биширсэндээ нүднийх нь зургийг дарж байгаад танилцаж тэд тэр даруй угаалгын өрөөнд орж секс хийж орхидог. Бүсгүй ч тэр даруй Ианыг орхин одно. Түүнээс хойш Иан гайхам нүдтэй, үл таних нууцлаг бүсгүйг мартаж чадахгүй ч царайг нь мэдэхгүй тул эрж уулзаж бас чадахгүй. Гэвч бүсгүйн нүд тэднийг ахин уулзуулна. Тэр Софи нэртэй зургийн модель агаад шинжлэх ухааны хатуу үнэн, судалгаанд итгэдэг Ианаас эрс өөр “сүнслэг” нэгэн. Иан, Софи хоёрын албадлагагүй амьд, чөлөөт харилцааг дэлгэцээс үзэх эгээ л салхи татуулан давхих мэт, залуу насныхаа сайхныг амтлах мэт нэн таатай.

Шинжлэх ухаанч, сүнслэг хоёрын дурлалын харилцаа хэрхэх, гайхам үзэсгэлэнт Софийн нүд, Ианы нүдний судалгаа цааш хэрхэх нь “I Origins”- ийн санаанд оромгүй эргэлт байх болно.
Кинон дундуур хэд хэд эгшиглэдэг киноны үндсэн хөгжим  The DØ хамтлагийн “Dust if off” дуу чухал үүрэгтэй. Магад энэ дууг эхэлж сонсож үзээд таалагдвал киног үзэж ч болох юм. “I Origins” кино яг л эл дуу шигээ жигтэй хэр нь ховсдом.

GOOD WILL HUNTING


“Good Will Hunting” бол Бен Аффлек, Мэтт Даймон нарын Холливудад нэвтрэх, өөрсдийнхөө авьяас чадварыг батлан харуулах “алтан гэрэг” байсан гэж болно. Учир нь Аффлек, Даймон хоёр эл киноны зохиолыг бичиж, нэг нь гол дүрд, нөгөө нь туслах дүрд тоглосон. Уг кино Оскарын шагналд 9 төрөлд нэр дэвшсэнээс “Шилдэг кино зохиол” шагналыг эздэдээ авчирч, “Шилдэг туслах дүр”-ийн шагналыг “аав” мэт нөмөртэй, гайхалтай сэтгэл судлаачийн дүрийг дэлгэцнээ мөнхөлсөн Робин Уильямсд авчирсан юм. 10 саяын долларын төсвөөр бүтээгдсэн сайх кино 225 сая долларын ашиг олж зардлаа 22 дахин нугалсан гээд “Good Will Hunting”-ийн талаарх бахархам баримтууд олон.

Харин уг кино бүтээгдэх явц тийм ч дардан байгаагүй. Бен Аффлек, Мэтт Даймон хоёр зохиолоо барьж олон студийн хаалга татаж, киноны дүрүүдэд өөрсдийгөө санал болгосон боловч ихэнх студи татгалзсан бөгөөд дорвитой дүр бүтээгээгүй хоёр залуугийн оронд Леонардо Ди Каприо, Брэд Питт хоёрыг тоглуулахыг сонирхож байв. Гэвч эцсийн бүлэгт “Miramax” зохиолыг хүлээн авч, Аффлек, Даймон хоёрыг кинонд тоглуулахыг зөвшөөрч, тэр хоёрын ятгалгаар найруулагч Гас Ван Сантийг кинондоо найруулагчаар ажиллуулахаар болсноор хэд ч үзсэн уйдхааргүй, ямагт сэтгэлийг хөдөлгөж, сайхан болгож байдаг нэгэн онцгой кино бүтсэн нь “Good Will Hunting” байлаа.

LUST, CAUTION


Хятадын өнөө цагийн хамгийн алдартай найруулагчдын нэг Анг Лий эхний удаад “Бөгтөр уул“-аараа Венецийн кино наадмын “Алтан арслан”-г авсан бол эл нэр хүндтэй шагналыг хоёр дахь удаа “Lust, Caution” киногоороо хүртжээ.
Японы эзлэн түрэмгийллийн үеийн Хонг конг. Хэсэг эх оронч оюутнууд японы “хүүхэлдэйн засгийн газар”-ын тусгай агент, цэргийн захирагч ноён Лийг хороох нууц ажиллагаа зохион байгуулж түүндээ шинэхэн оюутан Чиа Чийг татан оролцуулна. Үзэсгэлэнт охин Чиа Чийгээр ноён Лийг урхидаж байгаад хөнөөх төлөвлөгөөгөө сайтар бэлтгэн хэрэгжүүлж эхэлнэ.
Түүхэн агуулгатай эротик кино ч гэж тодорхойлж болох “Lust, Caution”-нд илрэх л аваас амь насыг нь авч одох аюул занал дунд хүсэл тачаал, хайр сэтгэл, хүн хоорондын дотносол гээч ямархан хурц ааг, дүрэлзсэн галтай болдгийг сэтгэл догдлон мэдэрч болно. Киноны гол дүрийг бүтээсэн азийн хамгийн алдартай эрэгтэй жүжигчин Тони Люн, хятадын залуухан эмэгтэй  жүжигчин Вэй Тантай хослон тоглосон нь, хоёр жүжигчний нийцэл, гүйцэтгэл үнэхээр бахдам.

LOST IN TRANSLATION

Хүн цөөтэй, хөнгөн хөгжим эгшиглэсэн, нам гүмхэн бааранд ганцаараа “Suntory” виски шимэн дотроо халааж суух хижээл насны эр Боб хэзээд хүний хөлд дарагдаж, “амьдрал” буцалж байдаг  эрч хүчтэй шөнийн гудмаар шот татаад л бааруудаар хэсэж баймаар залуу халуун Скарлет хоёр Токиод “учирдаг.” Боб хорин таван жилийн гэр бүлийн харилцаанаасаа түүртэж залхан дунд насны хямралыг туулж яваа нэгэн. Скарлет харин гол төлөв эзгүй байдаг алдартай гэрэл зурагчин нөхрөө санагалзан буудлынхаа өрөөнд уйтгарлаж суудаг. Нас, хүйс, амьдралын хэв маяг, ер гаднаас нь харахад бүх л зүйлээрээ ялгаатай эл хоёр хүнийг ганц л зүйл нэгтгэж буй нь ганцаардал. Мөн хэн хэн нь “энэ амьдралдаа чухам юу хийгээд буйгаа” өөрсдөөсөө битүүхэн шалгаан шанална. Эр, эмийн учралыг нялуун үнсэлт, элдэв романтиклалд хутгалгүй “хүн ёсоор” нь, халуун дулаан, ханьтай дүрсэлсэн орчин цагийн шидээвэр гэвэл гарцаагүй “Орчуулгын алдаа” юм.
Өнөө цагийн хамгийн алдартай эмэгтэй найруулагч Софи Коппола 2003 онд 32 насандаа нөхөр Спайк Жонсоосоо (“Her”киноны найруулагч) салсныхаа дараа “Lost in Translation”-аа хийсэн нь ч нэгийг өгүүлэх биз.
“Орчуулгын алдаа” кино тухайн жилийн Оскарын шагналд 4 төрөлд дэвшсэн бөгөөд найруулагч Софи Коппола Оскарын түүхэнд “шилдэг найруулагч” төрөлд дэвшсэн 3 дахь эмэгтэй болон тэмдэглэгдсэн юм. Тухайн үед киноны гол дүрийг бүтээсэн Билл Мюррей оскарын тайзнаас “Орчуулгын алдаа”-г хийх явцад “Найруулагч маань юу хийгээд байгаагаа мэдэхгүй байна гэж кино багийнхан маань боддог байсан” гэж хошигносон удаатай. Үнэхээр ч тухайн үед дөнгөж хоёр дахь бүрэн хэмжээний киногоо хийхээр зүтгэж байсан залуухан Софи Коппола жүжигчин Билл Мюррейг кинондоо тоглуулахаар нэг жил араас нь хөөцөлдөж, эхлээд найруулагч Вес Андерсонаар, эцэст найз Ал Пачиногоор нь дамжуулан хэлүүлж байж арайхийн уулзалт товлон кинондоо тоглохыг зөвшөөрүүлсэн гэдэг. Тухайн үед 19 настай байсан Скарлет Иоханссен харин кинонд тоглохыг шууд л зөвшөөрсөн байдаг. Гол дүрийн эл хоёр жүжигчнийг огт сонгон шалгаруулалт хийлгүй шууд сонгосон нь тэр аж.

ALMOST FAMOUS


“Star is Born”, “Bohemian Rhapsody”, “Rocketman” зэрэг шил даран гарсан хөгжмийн кинонуудын аль нь хамгийн “гоё” гэж та бодож байна? Тэгвэл эл гурван киноны алийг ч сэтгэл дотроо нэрлэсэн бай “Almost Famous” түүнээс чинь хавь илүү “гоё” кино гэвэл та итгэх үү?
“Almost Famous”-т нэгэн цаг үеийг эзэгнэсэн гайхамшигт дуучны амьдрал, замналын тухай гарахгүй. Харин хөгжмийн хорхойтон өсвөр насны хүү "Rolling Stone" сэтгүүлд нийтлэл бичиж өгөхөөр Stillwater хэмээх рок хамтлагийн аялан тоглолтыг даган сурвалжилж буй тухай гарна. Өсвөр насны хүүгийн рок хамтлагтай хийх аялал хөгжмийн хорхойтон ямар ч үзэгчийн хувьд ч мөн мартагдашгүй аялал болно гэдэгт итгэлтэй байна.

Урамшууллын хугацаа дууссаны дараа багцаа цуцлаагүй тохиолдолд үндсэн үнээр бодогдож автоматаар сунгагдах болно.

Хамгийн их уншилттай
1
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
2
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
3
2021.10.15
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
холбоотой мэдээ
1
2021.10.11
Өнөө цагийн "ХИТ" солонгос эрэгтэй жүжигчдийн 6 онцлох кино | Tegshee’s Movie Corner
2
2021.06.19
ХҮРД (The Wheel) киноны тухай | Tegshee's Movie Corner
3
2021.05.12
THE MAN STANDING NEXT кино ревью | Tegshee’s Movie Corner
санал болгох
1
6 цагийн өмнө
Монголын Оюун Ухааны музей ГИННЕСИЙН НОМОНД бичигдлээ
2
7 цагийн өмнө
Зурхайтай холбоотой "хөх инээд" хүргэм 12 МИЙМ
3
12 цагийн өмнө
Эх дэлхийгээ хайрлаж, ухаалаг амьдрах 40 АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
0
6
0
0
0
3
5

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.02.18 172.69.22.203

hyatadiin hairiin tuhai kino deer ued garch bsan neriig n daanch sanadaggui

0 Хариулах