Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Седрик Алвиани: Хараат бус, бодит мэдээлэл амьдрал, үхлийг хэмжихүйц чухал болохыг цар тахлын үеэр харлаа


Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллага жил бүр дэлхийн 180 улс, бүс нутгийн сэтгүүлчдийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, Хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргадаг билээ. Өнөөдөр тус байгууллагаас 2020 оны индексийг олон нийтэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан бид Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын (RSF) Зүүн Ази хариуцсан Товчооны тэргүүн Седрик Алвианитай дэлхий нийтийн хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн байдал, тулгамдаж буй сорилтуудын талаар ярилцлаа. 

Дашрамд дурдахад, Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллагын Зүүн Азийг хариуцсан салбар 2017 онд Тайванийн Тайбэй хотод нээгдсэн бөгөөд БНХАУ, Хонконг, Макао, Тайвань, Япон, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Монгол гэсэн Зүүн Азийн найман орны хэвлэлийн эрх чөлөөнд тулгамдаж буй асуудал, сорилтуудад анхаарал хандуулан ажиллаж байна. 

Холбоотой мэдээлэл: Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс гурван байр ухарчээ


-Бидэнтэй ярилцах цаг гаргасанд баярлалаа. Энэ жилийн индексээс харахад, Ази - Номхон далайн орнуудын үзүүлэлт тийм ч сайн байсангүй. Хэвлэл мэдээлэл дэх цензур, улс төрийн популизм зэрэг нь бүс нутагт тулгамдаж буй гол бэрхшээлүүд болов уу гэж харж байна. Энэ тогтворгүй нөхцөл байдалд Азийн орнууд хэрхэн хэвлэлийн эрх чөлөөгөө хамгаалах нь зүйтэй вэ? 

-Юун түрүүнд, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индекс дэлхий нийтээр буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь авторитар дэглэм бүхий БНХАУ-ын үзүүлж буй нөлөөлөл төдийгүй ардчилсан тогтолцоотой улсуудад гарч буй хямралаас үүдэлтэй. Тухайлбал, АНУ-д Трампын засаг захиргаа хэвлэлийн эрх чөлөөний эсрэг муу үлгэр дуурайл болж байгаа бол Унгар тэргүүтэй Европын зарим оронд эрх баригчид хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эсрэг цензур тогтоож байгаа нь дэлхий нийтээр хэвлэлийн эрх чөлөөний индекс буурахад нөлөөлсөн.


Азийн бүс нутаг ч хүнд бэрхшээлтэй нүүр тулж байна. Индексийг бүс нутгаар авч үзвэл Азийн ихэнх улсууд хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хувьд хар болон улаан өнгөөр тэмдэглэгдсэн буюу нөхцөл байдал “хүнд”, “маш муу” байгааг харж болно. Азийн орнуудаас Өмнөд Солонгос, Тайвань тэргүүтэй цөөн улс шар өнгөөр тэмдэглэгдсэн буюу хэвлэлийн эрх чөлөө “боломжийн” гэж үнэлэгджээ. Харин Монгол, Япон гэсэн ардчилсан тогтолцоотой улсуудыг “мэдэгдэхүйц асуудалтай” буюу улбар шар өнгөөр тэмдэглэсэн байна. Бид 10 гаруй жилийн өмнө Азийн орнуудын хэвлэлийн эрх чөлөөний талаар эерэг итгэл үнэмшилтэй байсан бол сүүлийн үед ихэнх улсуудад хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлсэн үйл явдал ажиглагдах болсонд санаа зовниж байна. 

-Монгол Улс өнгөрсөн жил хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ 180 орноос 70 дугаарт бичигдэж байсан бол энэ жил гурван байраар ухарч 73 дугаарт бичигджээ. Чухам ямар хүчин зүйл биднийг хойш ухрахад нөлөөлөв?

-Монгол Улсын тухайд хэвлэлийн эрх чөлөө муудсан гэхээсээ нэмж ямар нэгэн дэвшил, сайжрал явагдаагүй нь үүнд нөлөөлсөн болов уу. Өөрөөр хэлбэл, хэвлэлийн эрх чөлөөг сайжруулах тал дээр ахиц гаргаагүй учраас байр ухарсан гэж үзэж болно. 

Тиймээс хууль тогтоогчид, улс төрчид иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолойг сонсохын зэрэгцээ хэвлэлийн эрх чөлөөний хуулийг бэлгэ тэмдэг төдий байлгах бус бүрэн дүүрэн хэрэгжүүлэх тал дээр бодит алхам хийх нь чухал юм. 

Мөн хэвлэлийн эрх чөлөөний зорилго бол контент нийтэлж буй байгууллагын эздэд давуу тал олгохдоо бус, монголчууд үнэн зөв мэдээлэл хүлээн авч, оновчтой шийдвэр гаргах, бодит мэдээлэлд тулгуурлаж сонголт хийж, саналаа өгөх эрх чөлөө гэдгийг ухамсарлах нь зүйтэй. 

Мэдээж монголчууд үнэн зөв, баттай мэдээлэл хүлээн авахад тулгарч буй саад бэрхшээл цөөнгүй байна. Тухайлбал, улс төрийн нам, эвслүүдээс хэвлэл мэдээллийн байгууллагад үзүүлж буй нөлөөлөл нь бие даасан, хараат бус байдлын баталгааг алдагдуулж байна. Мөн хэвлэл, мэдээллийн байгууллагын эзэмшигчдийн зүгээс редакцийн бодлогод нөлөөлөх байдал ажиглагддаг. Цаашлаад мэдээллийн эх сурвалжийг хамгаалах, хууль эрхзүйн орчныг сайжруулах тал дээр ч анхаарах шаардлагатай байгаа юм. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөг хангах, сайжруулах тал дээр цаашид нэмж алхам хийхгүй бол индексэд байр ухраад зогсохгүй арчилсан тогтолцоогоо хадгалж үлдэхэд эрсдэл учирна гэдгийг санах хэрэгтэй. 

Хэвлэлийн эрх чөлөөнд хатуу хяналт тавьдаг ОХУ, БНХАУ хэмээх хоёр их гүрний дунд орших Монгол Улс ардчилсан тогтолцоогоороо Азийн орнуудад үлгэр жишээ болдог. Тиймээс та бүхэн энэ амжилтаа бататган цаашид сайжруулж чадвал Азидаа төдийгүй дэлхийд үлгэр дуурайл болох боломжтой. 

-Азийн бусад орнуудын нөхцөл байдлыг авч үзье л дээ. Жишээ нь, Сингапурт “хуурамч мэдээ”-тэй тэмцэх хууль батлагдсан ч энэ жил тус бүс нутаг долоон байраар ухарсан байна? 

-Хуурамч мэдээлэл бол дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй ээдрээт асуудлуудын нэг бөгөөд үүнээс үүдэн иргэдийн хэвлэл мэдээлэлд итгэх итгэл буурч байна. Сингапурын тухайд, эхэндээ хуурамч мэдээлэл, кибер гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор шинэ хууль баталсан ч өдгөө эрх баригчид мэдээллийг цензурдэх, мэдээлэл түгээх эрх чөлөөг хязгаарлахад уг хуулийг ашиглах магадлалтай болоод байгаа юм. Иймээс Сингапур хэвлэлийн эрх чөлөөний индексэд ухарсан үзүүлэлттэй гарсан. Харамсалтай нь, хуурамч мэдээтэй тэмцэх нэрийн дор хууль баталж байгаа ганц улс Сингапур биш, Өмнөд Азийн улсууд энэ жишгийг дагах хандлагатай байна. 

-Тэгвэл хуурамч мэдээлэлтэй тэмцэх боломжит арга зам юу байж болох вэ? 

-Хуурамч мэдээлэлтэй тэмцэх хамгийн хялбар арга бол аль нь баталгаатай мэдээ, аль нь хуурамч мэдээ болохыг хэлж өгөх юм. Гэвч асуудлын гол нь хэн үүнийг шийдэж байна вэ гэдэгт байгаа юм. Эрх баригчид энэ боломжийг өөрт ашигтайгаар эргүүлэх магадлалтай тул ямар ч тохиолдолд мэдээллийн үнэн, худлыг шийдэх эрх тэдний гарт очих ёсгүй. Тиймээс чөлөөт, хараат бус сэтгүүлзүйг дэмжих нь хуурамч мэдээллийн эсрэг тэмцэх үр дүнтэй арга гэж бид үзэж байна. Хэрэв медиа өөрөө үнэн зөв, баталгаатай мэдээллийн эх сурвалж байж чадвал хуурамч мэдээллийн үзүүлэх нөлөөлөл буурна. 

Ганцхан улсад хэвлэлийн чөлөөт байдал алдагдахад дэлхий нийтэд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс хэн ч цаашид “Нэг улсын асуудал бидэнд хамаагүй” гэж хэлэх эрхгүй болж байна.

-Мэргэжилтнүүд пандемик (цар тахал)-ын хажуугаар Infodemic буюу “мэдээллийн өвчлөл” гарч газар авч байгааг онцлон тэмдэглэсэн. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Коронавирусийн цар тахлаас бид хэд хэдэн сургамжийг авч болно. Нэгд, БНХАУ коронавирусийн дэгдэлтийн үеэр мэдээлэлд цензур тавьж, хяналт тогтоосноос нөхцөл байдлыг дордуулсан гэх шүүмжлэлд өртөөд буй. Ганцхан улсад хэвлэлийн чөлөөт байдал алдагдахад дэлхий нийтэд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс хэн ч цаашид “Нэг улсын асуудал бидэнд хамаагүй” гэж хэлэх эрхгүй болж байна. Хоёрдугаарт, хараат бус, бодит мэдээлэл амьдрал, үхлийг хэмжихүйц чухал болохыг цар тахлын үеэр бид харлаа. Жишээ нь, Иранд согтууруулах ундаа коронавирусийг устгадаг гэх худал мэдээлэл тархаж, үүнд итгэсэн олон хүн архинд хордож нас барсан. Бодит мэдээлэл ямар үнэ цэнтэй болохыг энэ мэт үйл явдал харуулж байна. 

-Манай улсын хувьд ирэх зургаадугаар сард парламентын сонгуулиа зохион байгуулах товтой байна. Улс орны ирээдүйг шийдэх чухал үйл явцын үеэр хэрхэн хуурамч мэдээлэл, тролл армитай тэмцэх вэ? Бусад улс ямар алхмыг хэрэгжүүлж байна вэ?

-Танай улсын хувьд бие даасан тусдаа хэлтэй, цөөн хүн амтай байдал нь хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд давуу тал болж мэднэ. Англи хэлтэй орнуудын тухайд хуурамч мэдээллийг дэлхийн аль ч газраас түгээсэн байх магадлалтай тул үүний эсрэг тэмцэхэд тун бэрхшээлтэй. Харин монгол хэлээр цацагдаж буй мэдээллийн эх сурвалжийг тогтоох, баримтыг нягтлах илүү хялбар байх болов уу. Нөгөөтэйгүүр, нэр дэвшигчдээс хуурамч мэдээлэлтэй хэрхэн тэмцэх, үүний эсрэг ямар арга хэмжээ авахыг шаардаж, тэдний байр суурийг сонссоны дараа хэнд саналаа өгөхөө шийдэх хэрэгтэй гэж бодож байна. Тэд ирээдүйн хууль тогтоогчид, хуурамч мэдээллийн эсрэг шийдэл боловсруулагчид байх ёстой болохоос өөрсдөө асуудал таригчид байж болохгүй юм. Эцэст нь уншигчдад хандаж хэлэхэд, хэвлэлийн эрх чөлөө үгүй бол та засгийн газрын хувьд иргэн биш, эрх мэдлийг хэрэгжүүлэгч ердийн нэг субъект болж хувирна. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж, дэмжинэ гэдэг бол хувь хүний эрх чөлөөг, ардчиллыг бэхжүүлж буй хэрэг гэдгийг ойлгоорой. 

- Ярилцсанд баярлалаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.07
Мөнгөө захиран зарцуулахад ур чадварт суралцах үүрэгтэй Данийн өсвөр насныхан
2
2023.10.10
Сошиал сүлжээнд "share", "post" хийхээсээ өмнө өөрөөсөө асуух 4 чухал асуулт
3
2023.08.27
Хувийн мэдээллээ хуваалцахаас өмнө таны мэдвэл зохих ойлголтууд
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.