"Гэрээсээ Музейд" төслийн хүрээнд бэлтгэж буй виртуал аяллын хоёр дах дугаарыг хүргэж байна. Энэ удаад бид таныг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээр аялуулах болно. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэг урлагийн музейг үүсгэн байгуулах ажил 1965 оноос эхэлж, 1966 оны 7-р сарын 23-ны өдөр анхны үзэгчдээ угтан авч, үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Тус музей нэн эртний үеэс XX зууны эхэн үеийг хамарсан 20000 шахам үзмэр цуглуулгатай бөгөөд 10 гаруй танхимдаа нийт үзмэрийнхээ 10 орчим хувийг дэлгэн үзүүлж байгаа аж.
"Гэрээсээ Музейд" төслийн хүрээнд танилцуулах танхим бол Цамын бүжгийн танхим юм.
Цамын бүжгийн танхимд Хүрээ цамын зураг, Очирваань, Жамсран, Гомбо бурханы нэг нөхөр Дагийранз, Цагаан өвгөний цаасан шуумал дүрүүд, Шашны хөгжим зэргийг дэлгэн үзүүлсэн байна. Мөн Хүрээ цамын баг, хувцас, бүжиглэх үедээ гартаа барьдаг багаж хэрэгсэл, шашны хөгжим гэх мэт зүйлүүд тавигдсан байна.
Цам харайхад 108 төрлийн бурханы багийг өмсөж харайдаг. Энд Дагийранз, Зинамэдэр, Жамсран, Очирваань, Намсрай, Дамдинчойжоо, Шанага малгайт бурхадын цаасан шуумал багнууд бий.
Ингээд үндэсний өв соёлоо дээдлэгч эрхэм танд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн “Цамын бүжиг”-ын виртуал аяллыг хүргэж байна.
Гэрэл зургийг: @ireeduibb
Хэрвээ та гар утсаар үзэж байгаа бол ЭНД дарж, YouTube апп-аас үзээрэй. Музейн сан хөмрөгт эртний хүмүүсийн хад чулуун дээр зурж үлдээсэн зургаас эхлэн эртний нүүдэлчин улсууд Хүннү, Түрэг, Уйгарын үеийн урлагийн дурсгалууд, XVI-XX зууны эхэн үе хүртэлх шавар, хүрэл баримал, уран зураг, шүтээн зураг, зээгт наамал, мод чулуун сийлбэр зэрэг ардын урлалын бүтээлүүд, нэр нь үл мэдэгдэх урчуудаас эхлээд Их хүрээний бурханч Хас-Очир, Жүгдэр, Гэндэндамба, уран хатгамалч Долгор, уран сийлбэрч Сүрэн, Бөөрийн Жүгдэр, Далай Чойнхорын Самбуу, С.Шарав зэрэг зураач, барималч, дархан, хатгамалч, сийлбэрчдийн бүтээсэн ур хийц, ухаан сэтгэлээ шингээсэн бүтээлүүд бий.
Та тус музейн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.
Хаяг (what3words): ///ээмэг.бүрсэн.цөцгий
Цагийн хуваарь:
Өвлийн хуваарь (10 дугаар сарын 01 - 05 дугаар сарын 01):
Даваа - Баасан 10:00-17:00
Бямба, Нямд амарна
Зуны хуваарь (05 дугаар сарын 01 - 10 дугаар сарын 01):
Даваа - Ням 09:00-18:00
Тасалбарын үнэ:
Том хүн: 8000 төг
Оюутан: 2500 төг
Хүүхэд: 1000 төг
Фото зураг авах: 45000 төг
Энэ ташрамд сонирхуулахад Юнивишнийн Видео сангийн "Үзүүштэй" цэсэнд удахгүй "Музей үзэх моод" цуврал нэвтрүүлэг байрших аж. Тус нэвтрүүлэг нь дэлхий дахинд үүсээд буй цар тахлын үеийн нөхцөл байдалд тохируулан үзэгчдэд музейг зайнаас үзэх боломжийг олгоно.
"Музей үзэх моод" нэвтрүүлгээр үзэгч, олны нийтийн хүндэтгэлийг хүлээсэн олны танил эрхмүүд музейн сор болсон цөөн тооны үзмэрүүдийг сонирхолтой хэлбэрээр тайлбарлан хүргэх юм.
"Гэрээсээ Музейд" төслийн хүрээнд Монголын Театрын музей, Улаанбаатар хотын музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, ШУА-ын ООГСТ-ийн харьяа Сансар, од эрхсийн ордны онцлох танхим, үзвэрүүдийн талаарх цогц мэдээллийг цувралаар уншигчдадаа хүргэх юм. Төслийн тухай мэдээлийг ЭНД дарж сонирхох боломжтой. Та "Гэрээсээ Музейд" төслийн фэйсбүүк пэйжид ЭНД дарж нэгдэж, инстаграм хаягийг дагах бол ЭНД дарна уу.
Таныг хүндэтгэсэн, "Гэрээсээ музейд" төслийн хамт олон