Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Алисагийн тэмдэглэл: Энэ зун багтааж хийн, өөрийгөө, бусдыг "хайрлах" 7 бяцхан өөрчлөлт


Өнгөрөгч онд би та бүхэндээ зуны турш хэрэгжүүлж, авч үлдэх 8 эерэг зуршлыг сонирхуулж байсан. Харин одоо энэ зун заавал дуусгах 8 чухал зүйлийг дахин сонирхуулж байна.

1. 100 км #challenge

Хэдэн хоногт байсан ч хамаагүй гүйсэн цаг, км байнга тоолж, бүртгэж явсаар 100 км гүйж дууссан өдрөө та өөртөө баяр хүргэж, цомхон байдлаар тэмдэглэж болох юм. Өдөрт 3 эсвэл 5 км гэж гүйсээр 100 км хүргэх ёстой юм шүү. Энэ зун хэрэгжүүлэхэд яг тохирно.

2. Өөрийн гараар бэлдсэн хоол хүнсийг хэрэглэх

Та ажилдаа явахдаа эсвэл ийш тийш явахдаа өөрийн гараар хийсэн хоолыг идэж заншаарай. Гадуур хооллох зайлшгүй үеүд мэдээж байдаг. Гэхдээ ихэнх тохиолдолд гэртээ хоол бэлдэж идэх нь нэгдүгээрт эрүүл аюулгүй, хоёрдугаарт санхүүгийн хувьд ч дарамт ачаа үзүүлэхгүй давуу талтай юм. Бид өдөр болгон идэж буй хоол хүнсээ яг ямар вэ гэдгийг мэддэггүй учир энэ маш зөв арга юм шүү.

3. Сонгуульд саналаа өгөх 

Залуусын оролцоо маш их хэрэгтэй байгаа энэ үед бид хойш суугаад байж болохгүй шүү дээ. Үргэлж л адилхан байдаг юм чинь, ер нь ингэж яах юм, шал хэрэггүй гэх мэт хандлага гаргаснаар юу өөрчлөгдөнө гэж? Харин бид "чадна, болгоно" гэсэн хандлагатай байх хэрэгтэй. Хүн амын ихэнх хувийг хүүхэд залуус эзэлж буй энэ цаг үед бид бусад улс орны үеийнхнээсээ ч үлгэр дуурайлал авч сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрсдийн дуу хоолойг хүргэх хэрэгтэй. Танд юу хэрэгтэй байна, юу хамгийн хэцүү санагдаж байна тэр болгоноо ил гарган хэлж, шийдвэрлүүлэхийг зорьдог тийм бадрангуй үе ирсэн шүү. Алиса нь хүртэл өөрийн бичсэн ганцхан постын хүртэл хүч чадлыг гайхан мэдрээд сууж байна. Бид бүгдэд дуу хоолойгоо хүргэх ямар нэгэн боломж бий шүү. Үүнийг энэ зун эрэлхийлцгээе. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой!

4. Өөрийн хэзээ ч сонирхож байгаагүй зүйлийг судлахад цаг гаргах

Тийм ээ, бид яг сонирхлынхоо дагуу ямар нэгэн зүйлийг сонирхож, тэр дагуу илүү хөгждөг. Гэхдээ толгой тархиныхаа өмнө нь хэзээ ч гэрэл тусгаж байгаагүй тийм хэсэгт бүгдээрээ  гэрэл тусгаж үзэх цаг ирлээ. Миний хувьд би лав улс төр, эдийн засаг, хууль зэргийг өмнө нь хэзээ ч тэгтлээ сонирхож байгаагүй. Гэхдээ энэ зун заавал цаг зав гаргаад ядаж мэдэх ёстой зүйлсээ мэддэг, ойлгодог болно гэж шийдсэн юм. Ирээдүйд энэ улс орноо авч явах хүмүүсийн нэг учраас томоохон салбар, ойлголтуудыг нийгмийн ухааны хичээл дээр үзсэнээсээ ч илүү судалж, ойлгох хэрэгтэй биз дээ? Хэрэв бид улс төр, эдийн засаг, хуулийн мэдлэгээ сайжруулбал ирээдүйд ч хэрэгтэй.

5. Ямар нэгэн бүтээл гаргах 

Манай ажил дээр нэг эгч байдаг юм. Долоо хоног болгон нэг удаа ч юм уу ажил дээр үлдэж байгаад зураг зурдаг. Тэр өмнө нь зураг тийм их сонирхдоггүй бас зурахдаа тийм мундаг биш байж болно л доо. Гэхдээ зурсан зургийг нь хараад би лав үнэхээр гайхсан. Хичээгээд, оролдоод л байвал удахгүй үзэсгэлэн гаргаж магадгүй нь гээч. Та ч бас энэ зун ямар нэгэн бүтээлтэй хоцроорой. Дуу зохиох гэж оролдох, богино хэмжээний кино хийх, хувцас урлах, унадаг дугуй босгож ирээд унах, бас өөр юу ч байдаг юм. Та юу хийж чадахаа мэдээд гайхна гэдэгт итгэлтэй байна. 

6. Хэн нэгэн хүний бодлыг өөрчлөх

Нэг хүнийг өөрчилж чадвал мянга мянган өөрчлөлт араас нь даган ирэх боломжтой. Та зүгээр л хажууд тань ойрхон байдаг хэн нэгэн хүний ташаа буруу ойлголт, бодлыг засах гээд үзээрэй. Энэ нь тэр хүний буруу бодол, туйлшрал байж болохоос гадна тэр хүний сэтгэлийн гүнд нуугдсан айдас ч байж болох юм. Та түүнийг нь арилгаж, цаашид тэр тал дээр айдасгүй амьдрахад нь туслахыг энэ зун чадлаараа хичээгээрэй. Бас үүнд эрчүүдийн тухай хэвшмэл ойлголтууд, ЛГБТИК+ хүмүүсийн тухай буруу ойлголтуудыг ч хамруулж болох юм шүү. 

7. Хайраа мэдрүүлэхээс айхгүй болох 

Үүнд би өдөр болгон нөгөө хүнээ хайр аа гэж дуудаад, хайртай гэж хэл гээгүй шүү. Зүгээр л та тэр хүнд мэдрүүлэх тийм үйлдлүүдийг заавал хийж байгаарай. Жижигхэн зүйлээс ч хайр харагдаж болдог шүү дээ. Ядарсан үед нь асуухгүйгээр туслах, массаж хийж өгөх, дуртай зүйлээр нь бэлэг барих гээд л. Ер нь бид өдөр тутмын амьдрал, асуудлууддаа хэт анхаарсандаа болоод хайртай хүмүүстэйгээ дотно, ойр байхаа мартсан юм шиг ээ. Тиймээс энэ зуныг хайртай хүмүүсээ жинхэнэ утгаар нь хайрлаж л өнгөрүүлээрэй гэж хүсье. Хайр байхад бусад нь болно доо.

Illustrations: Lee Kyutae

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
2
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
3
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
санал болгох
1
8 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
5
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

eeee 2020.06.04 172.69.252.151

uhtlee emormoor

0 Хариулах