Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

The New York Times | Бидний сексийн амьдралын ирээдүй

"Гэрэг" сэтгүүл нь The New York Times-ийн Turning Points оны онцлох дугаарыг албан ёсны эрхтэйгээр хэвлэн уншигчдадаа хүргэсэн. Энэ удаад бид онцлох нийтлэлүүдийг Ub.life сайтаараа цувралаар хүргэж байна.


"Гэрэг" сэтгүүл нь The New York Times-ийн Turning Points оны онцлох дугаарыг албан ёсны эрхтэйгээр хэвлэн уншигчдадаа хүргэсэн. Энэ удаад бид онцлох нийтлэлүүдийг Ub.life сайтаараа цувралаар хүргэж байна.


Орчуулсан Баярсайханы Эгшиглэн

СЕКСИЙН СЭТГЭЛ ТАТАМ САЙХАН ЧАНАР БОЛ НИЙГМЭЭС ТУЛГАН ХҮЛЭЭЛГЭСЭН ТОДОРХОЙЛОЛТЫГ ҮЛ ХЭРЭГСЭХЭД ОРШДОГ.

Секс гэх ойлголт оршин байдаггүй ирээдүйг би үе үе төсөөлдөг. Үүнийг этгээд хачин гэж боддог хүн цөөнгүй ч миний хувьд өнгөрснийг санагалзах мэт гайхалтай дэврүүн мэдрэмж төрүүлдэг.

Жаахан хүүхэд байхдаа "секс" гэдэг үгтэй таарахаас өмнө (япон хэлэнд арзайж сарзайсан ханз үсгээр тэмдэглэдэг бөгөөд голдуу хоёр өөр хүйсийн хоорондох бэлгийн ажлыг илтгэдэг) ойлголт нь миний ертөнцөд огт байсангүй. Тэр үед бие минь намайг өдөр бүр алмайруулдаг сан. Гурав орчим настайдаа өөрийнхөө дотоодод эрэл хайгуул хийснээ санаж байна. Ялангуяа тодорхой хэсгүүдийг нээн илрүүлэхэд миний доторх ус хийжүүлсэн ундаа болж хувираад исгэрэн шуугиж байснаа гэнэтхэн ор мөргүй замхарчих шиг санагдаж билээ. Энэ явдал надад гүн нөлөө үзүүлсэн юм. Хачирхалтай хэр нь гайхалтай нээлтээ би өхөөрдөм, нууцлаг сонсогдсон учир "эппи" гэх зохиомол үгээр нэрлэв. Бас өнөөх мэдрэмжтэй нийцсэн эрчим хүчний үелзэлтэй үг гэж бодсон нь тэр. 

Бага сургуульд элссэн эхний жил нэг манга сэтгүүл өөрсдийн нээлтүүдийн талаар илгээхийг уншигчдаасаа хүссэн захиа нийтэлсэн байв. Би "эппи" нээлтийнхээ талаар бичих эсэхээ тунгаасан ч биед минь орших (тэр хүртэл ердөө өөр дээрээ туршсан учраас бусад хүнд ч байж магадгүй) тийм гайхалтай зүйлийг одоохондоо томчуудад мэдүүлэх хэрэггүй гэж шийдлээ. Тэдний бие доторх ус хийжүүлсэн ундаа болж хувирна гэдэг зүүдэнд ч оромгүй явдал тул хүмүүс надад итгэхгүй биз. Харин том болоод судлаач болж, энэхүү гайхамшигтай нээлтийг хорвоо дэлхийд таниулна гэж бодсон. 

Тухайн үед би арьсны гадна, дотор талын хэсэг адилхан агаад хязгааргүй гэж итгэдэг байв. Миний биеийн доторх цаглашгүй ертөнц эгээ л хорвоогийн хязгаар мэт нууцлаг байлаа. Хүн бүр хөтлөлцөн гүйж, өөрсдийн бие дэх ертөнцийг нээн илрүүлэх өдрийг төсөөлөн мөрөөдөлдөө умбадаг сан.

Гэвч 10 настай байхад мөрөөдөл минь сүйдлээ. Насанд хүрэгчдэд зориулсан сэтгүүл эротик явдлуудаа хуваалцахыг уншигчдадаа уриалсан нийтлэлтэй таарсан нь тэр. Ангийнхаа охины гар хангалга хийхийг харсан нэгэн хөвгүүний яриа тэнд байлаа. Үүнийг олж уншсан нь намайг хэд хэдэн янзын цочролд оруулав. Хамгийн эхнийх нь, "эппи"-д маань хэдийн нэг хачин нэр өгч орхижээ. Өнөөх хөвгүүн ахлах сургуулийн ангийнхаа охины талаар бичихдээ сэтгэл хөдлөм гайхалтай үйлийг хийж буйг нь хүндэтгэсэн маягаар биш, харин ёс журамгүй, завхай зайдан, булай үйлдэл мэтээр хандсан байв. Гэнэтхэн л тэр бүхнээс ичих сэтгэл төрсөн төдийгүй юу юунаас илүү гунигтай санагдсан. 

Энэ явдлаас хойш дэлхий ертөнц надад бэлгийн үйл хийгээд түүнийг нэрлэсэн үгийн талаар элдэв янзаар заах болов. Өөрийн доторх хэлбэр хийцгүй үнэт эрдэнэсийг хайх аялалаа төгсгөж, арьсны гадна, дотор талын хэсэг адилхан гэж итгэхээ болилоо. Сексийн мөн чанарыг хэдэн мянган жилийн өмнө тодорхойлчихсон мэт мэдрэгдсэн. Тогтсон хэвшлийг дагаж, сексийг хүн бүртэй адилхан янзаар авч үзэхийг тушаасан аварга том, үл үзэгдэх лүндэнг сонсож эхэллээ. 

Хүүхэд насандаа би адилхан хувь заяатай төгссөн бас нэгэн оргилуун мөрөөдөлтэй байв. Үлгэр домогт гардаг төсөөллийн амьтдыг хайрлаж, өөрийгөө тэдэнтэй бэлгийн харилцаанд орж буйгаар төсөөлнө. Гэтэл их сургуулийн оюутан байх үед минь хүмүүс анимэ киноны эрэгтэй дүртэй секс хийж буй охины тухай порног шоолохтой таарлаа. Хүн бүр охиныг элэглэж байв. Энэ бол хайр биш, ердөө л өрөвдөлтэй гар хангалга, гаж, солиотой, хийсвэр зүйл гэж тэд мэтгэсэн.

Би аварга том, үл үзэгдэх тушаалыг сөрж чадахгүй байлаа. Тэр хоолой хаа сайгүй, ямагт сонсогдоно. Хоосон мөрөөдөхөө больж, эгэл жирийн хүнтэй зохих ёсны бэлгийн харилцаанд ор! Хөвгүүдийн хайрыг татдаг гэнэн цайлган онгон охин шиг аашил! Зөвхөн цорын ганц хайртай хүндээ өврөө нээдэг сайн охин бай! Тэгээд үр удмаа үлдээ!

Ингээд миний оюун бодол унтарсан байж мэдэх ч бичиж буй зохиолуудын минь дүрүүд этгээд хачин сорилтуудтай учирсаар байлаа. Тэд дэлхийтэй секс хийж, эсвэл хэзээ ч секс хийхгүй гэх амлалт дээр тулгуурлан гэрлэж, үгүй бол ямар ч сексгүй ертөнцийг бүтээгээд тэндээ амьдардаг.

"Саяака, чи залуу хүн учраас иймэрхүү юм бичиж байгаа юм. Харин жинхэнэ амтыг нь авсан цагтаа энэ төрлийн зохиол бичихээ болино гэдэгт чинь итгэлтэй байна. Чи юм мэдэхгүй, залуухан хэвээрээ байна" гэж хоёр ч япон эмэгтэй нэлээд бухимдсан янзтай надад хэлсэн удаатай. Тэд хоёул 50 гарч яваа улс байсан. 

"Аймшигтай юм. Энэ зохиолыг бичсэн чинь нэг хэрэг. Гэтэл энэ ертөнцөөс секс гээч үнэхээр алга болчихвол чи яах вэ?" Энэ бол нэгэн эрэгтэйн хэлсэн үг. 

Бас иймэрхүү үгсийг сонсдог: "Чи хорвоо ертөнцийг үзэн яддаг учраас ийм юм бичдэг, тийм үү?", "Жаахан байхад чинь нэг юм тохиолдож дээ?"

Тэгэхэд л би ойлгож ухаарсан юм. Маш олон хүн маш олон шалтгаанаар айж бэргэжээ. Тогтсон үзэл хандлагаа ахин дахин бататгаж, ойлгох боломжгүй зүйлсийн тухай өөрсдийнх нь ойлгохоор бичсэн зохиолуудыг шаардсаар байдаг нь ийм учиртай. Энэ бүх хугацаанд намайг тарчлаасаар ирсэн үл үзэгдэх тушаалын ард яг л над шиг өөрчлөлтөөс айсан, тунгаан бодох чадваргүй, айж түгшсэн хүмүүс зогсож байжээ. 

Миний мэдэрч асан дарамт бурхны илгээсэн эд биш болохыг ухамсарлах мөчид "секс" гэдэг үг чөлөөлөгдөх цагаа эртнээс хүлээсэн аятай торны цаанаас гарч ирсэн билээ. Энэ үг дуу хоолойг минь цуурайтуулж чадах өөр утгатай болж эхэлсэн. "Эппи"-гийн адилаар гагцхүү надад өмчлөгдөж, зөвхөн миний ойлгох учиртай утгыг шингээжээ.

Хүүхэд насны минь мөрөөдөл хачирхалтай байдлаар биелсэнийг би ухаарлаа. Би нэгэн цагт мөрөөдөж асан, эрэл хайгуул өнө мөнх үргэлжилдэг, нууцлаг ертөнцийнхөө голд хэдийний зогсож байв. Анхнаасаа тэнд байсан хэр нь хуурмаг дуу хоолой, бусдын итгэл үнэмшилд төөрөн будилжээ. 

Нэг зуу, эсвэл нэг мянган жилийн дараа хүмүүс хослон амьдрахаа больсон байж магад. Эсвэл "секс" гэдэг үг арилан замхарч, хүмүүс бид үг хэлээр хязгаарлагдаагүй нөхцөлд өөрсдийгөө дахин нээн илрүүлэх биз. Хүмүүс гээч хачин жигтэй бодгалиуд. Бид ирээдүйд хэрхэн өөрчлөгдөхөө огт мэдэхгүй нь надад сэтгэл татам сайхан санагддаг. Гэсэн ч биесийн маань доторх өөр ертөнцийн чанад оршдог, арьсны гүнд хязгааргүйгээр тэлдэг, үл таних гайхамшгийг ахин дахин нээн илрүүлсээр байна гэдэгт би итгэдэг.

Нийтлэлийг: Саяака Мурата

(Саяака Мурата нь үргэлжилсэн үгийн зохиолч, Японы уран зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал болох Акутагавагийн шагналыг хүртсэн "Нэрийн дэлгүүрийн эмэгтэй" бүтээлийг туурвижээ. Түүний эсээг Жинни Таплей Такэмори япон хэлнээс хөрвүүллээ.)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
10
1
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Найс 2022.04.02 66.181.161.86

Үнхээр таалагдалаа...<4

0 Хариулах