Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Humans of Ulaanbaatar: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй хот бүтээх нь


Сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд иргэн бүрийг тэгш хамруулах, хүртээмжтэй байх нь ардчилсан нийгмийн суурь зарчим билээ. Бид энэ удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл болон Орон нутгийн сонгуульд өрсөлдөж буй намуудын төлөөллөөс байр суурийг нь асуулаа. 

В.Ойдов 

"Рехтус" ХХК-ийн үүсгэн байгуулагч, Захирал

Хэрэв Улаанбаатар хотыг хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдрахад ээлтэй байдлаар нь оноо өг гэвэл би 35/100 гэж хэлнэ. Гудамжаар явахад хүмүүс илтэд дургүйлхэхгүй, эсэргүүцэн дайсагнасан байдал гаргадаггүй зэрэг нь гаднын зарим орноос өөр. Хүмүүс нь харьцангуй ойлгож, ойр мэдэрдэг. Гэвч яагаад 35-аас дээш оноо өгч чадахгүй вэ гэдэгт олон хүчин зүйл нөлөөлнө. Дэд бүтцийн ба мэдээллийн хүртээмж маш муу. Тулгуур хөгжлийн бэрхшээлтэй хүн боловсрол олох, хөдөлмөр эрхлэх боломж хомс, мэдрэхүйн эрхтний согогтой хүмүүсийн хувьд мэдээлэл авах, хаягжилт муу учраас орон зайн хувьд төөрөх, гудамжаар явах бараг боломжгүй. Телевизээр л гэхэд зөвхөн мэдээний нэвтрүүлгээс бусад нь дохионы хэл ашигладаггүй. 

Тухайн хот хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй юу, үгүй юү гэдгийг мэдэж болох энгийн арга бий. Хамгийн олон хүн холхих гудамжинд 10 минут болоход эргэн тойронд чинь хөгжлийн бэрхшээлтэй хүн хэр их харагдаж байна вэ? Харагдахгүй байвал муу буюу хот ээлгүй байна аа гэсэн үг. Хүртээмжгүй, боловсролгүй, улмаар ажилгүй учраас тэд гудамжинд гарахгүй гэр гэртээ байна. Гэртээ байгаад байгаа учраас тэдний төлөө юм хийх сэдэл, эрхийн төлөө тэмцэл их сул байна. 

Монгол шиг цөөхөн хүн амтай улс оронд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ ашиглахгүй байх нь их том тансаглал. Хөгжлийн бэрхшээлтэй хүн “ашигтай” хүн гэдгийг манайхан ойлгож чадаагүй байна. Монголд 120 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн бий. Үүн дээр тэдний гэр бүлийг нэмээд бүр их тоо гарна. Би хувьдаа хөгжлийн бэрхшээлтэй хүн өлсөж, эсвэл осгож нас барлаа гэж бараг сонсож байсангүй. Тэгэхээр бусдын адил хоол хүнс, хувцас хунар, үүрэн телефон гэхчлэн хэрэглээд явж байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг сэдэл дүүрэн хүний нөөц гэж хардаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулснаар компанийн хувьд эерэг мессеж түгээнэ гэдгийг хараахан ойлгож чадаагүй байна. Гэтэл бидний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ойлгодог, хайрладаг, дэмждэг, орж гарахад ээлтэй тийм бизнесүүдээр л үйлчлүүлнэ, дахин дахин очно. 

Хэн ч бусдад хэрэгтэй байхыг бас бусдад юм өгөхийг хүсдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ч мөн ялгаагүй. Бусдын адил үнэ цэнэтэй хүн байхыг хүснэ, хичээнэ. Үнэ цэнэтэй байхын тулд сурч боловсорч, ажил хийж, гэр бүл бүтээх, бүр байг гэхэд хүнд хайр өгөхийг хүснэ.  Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс боловсролтой болж, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэхгүй бол тэтгэмжээ жил бүр ихэсгэх, үнэ цэнэтэй байж болох иргэдээ алдах, яваандаа Монгол улс өөрөө хохирно. Миний хувьд сая УИХ-ын сонгуулиар нэр дэвшсэн намууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар ямар бодлоготой орсныг судалсан. МАН халамж талыг, АН хүртээмжийг, ХҮН хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг боловсрол ба нийгэмд оролцуулах талыг барьсан байсан. Энэ гурав гурвуулаа хэрэгтэй. Дан ганц хүртээмж, оролцоо яриад халамжийг орхиж болохгүй. Зөвхөн халамж хэрэгтэй гэж хүртээмж, оролцоог хаяж болохгүй. Гэхдээ энэ гурван хүчин өнгөц судалгаатай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар мэдээлэл багатай, зөвхөн өнөөдрийн хэрэгцээгээр төсөөлж мөрийн хөтөлбөр гаргасан нь өрөөсгөл санагдсан. Аль нь ч 2025 онд төрөх хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тооцоогүй. 

Э.Эрдэнэ 

НИТХ-ын сонгуулийн 6-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч 

Миний төлөөлдөг БЗД-ийн 17-р хорооны Н.Батзолбоо гэдэг иргэн надад тусгай маш гүн сэтгэгдэл үлдээсэн. Тэр хүн өөрөө алхах боломжгүй, тэргэнцэртэй ч хэн нэгнээс хараат бусаар амьдралаа залгуулж, маш их сэтгэлийн тэнхээтэйг нь хараад би түүнээс маш их урам зориг авч байсан. Иргэний үүргээ ухамсарлаж, сонгууль бүрт идэвхтэй оролцож, явуулын санал хураах хайрцагаар биш өөрийн биеэр зорин очиж саналаа өгдөг нь үнэхээр бахархууштай санагдсан. Энэ жишээнээс харахад тусгай хэрэгцээт хүмүүс маань нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, бусдын адил өөрийн амьдралаа авч явах их хүсэл эрмэлзэлтэй байдгийг харж болно. Даанч манай улсад, ялангуяа нийслэл хотод маань тэднийг нийгмийн амьдралд чөлөөтэй оролцох боломж маш хомс байдаг учир энэ байдлыг засаж залруулж, хүн бүрт тэгш хүртээмжтэй орчинг бүрдүүлэхийн төлөө зүтгэж явдаг даа. 

Намайг 11 настай, АНУ-д сурч байхад ангид хэл ярианы бэрхшээлтэй Тайлор гэдэг хүү байсан. Манай сургуульд ганц тусгай хэрэгцээт хүүхэд байсан нь тэр хүү. Гэтэл ганцхан тэр хүүгийн төлөө, түүний нийгмийн оролцоог нь хангахын төлөө манай сургуульд дохионы хэлтэй багшийг томилж ажиллуулдаг байв. Тэр багш Тайлорын бүхий л хичээлд дагалдаж, хамт суудаг байсан. Англи хэл мэдэхгүй, шинэ орчиндоо дасаж эхэлж байсан надад энэ зүйл маш сонирхолтой, гайхалтай санагдсан. Би тухайн үедээ хүүхэд байсан болохоор ямар азтай хүү вэ гэж дотроо боддог байв. Тэр дохионы хэлний багшийн ачаар хэл ярианы бэрхшээлтэй Тайлор, хэл мэдэхгүй бид хоёр дотно найзалж нөхөрлөх болсон. Энэ сайхан дурсамж надад тусгай хэрэгцээт хүмүүст хүртээмжтэй орчинг бий болгох шаардлага ямар чухал вэ гэдгийг байнга сануулдаг. 

Одоо бодоод байхад АНУ тусгай хэрэгцээт иргэддээ ямар их анхаарал хандуулж, тэднийг нийгмээс тусгаарлахгүйгээр бусад хүүхдүүдтэй адилхан сурч хөгжих боломжийг нь олгох ямар агуу бодлого баримталдаг нь харагдаж байгаа юм. Харин манай улсад бол тусгай хэрэгцээт хүүхдүүдээ шууд нийгмээс тусгаарлаад тусдаа сургуульд явуулж байна, боломжтой нэг нь магадгүй гэрийн багштай байгаа байх. Энэ мэтчилэн бид тэдгээр иргэдээ төрийн бодлогоороо ялгаварлан гадуурхаж байна шүү дээ. 

Ер нь бол надтай уулзаж, тааралдаж байсан тусгай хэрэгцээт иргэдийн зүгээс бидэнд тусгай хангамж хэрэгтэй байна гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Харин бид нийгэмд тэгш оролцоотой баймаар байна, хийж бүтээмээр байна, бидний ажил хөдөлмөр эрхэлж, амьдрал ахуйгаа өөрсдөө авч явах боломжийг бий болгож өгөөч, аюулгүй таатай орчныг бүрдүүлж өгөөч гэх мэт хүсэлтийг л тавьдаг. 

Үүний тулд зөвхөн тусгай хэрэгцээт хүмүүст гэлтгүй тэдэнд үйлчилдэг төрийн байгууллагын ажилтнууд, олон нийтийн ажилтнуудынхаа амьдралын боломж бололцоог дэмжиж, чадавхыг нь сайжруулж, хүртээмжийг нь нэмэгдүүлж байж энэ асуудлыг цогцоор нь шийдэж чадна гэж боддог.

 “Хөгжлийн бэрхшээлтэй” буюу тусгай хэрэгцээт хүмүүс бол аль ч улс орны нийгмийн орхигдуулж болшгүй нийгмийн бүлэг. Өнөөдөр тусгай хэрэгцээт иргэд Улаанбаатар хотод алхам тутамдаа хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа. Тиймээс Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгай хэрэгцээт иргэдийн нийгмийн оролцоог дэмжих, тэдэнд ээлтэй орчинг бүрдүүлэх чиглэлээр олон ажлыг хийхээр тусгасан байгаа. Тухайлбал, 

•Хѳгжлийн бэрхшээлтэй (тусгай хэрэгцээт) иргэд нийгмийн амьдралд идэвхтэй оролцож ажиллаж амьдрах дэд бүтцийг бий болгоход онцгойлон анхаарна

•Нийтийн тээвэр, албан газар, олон нийтийн үйлчилгээний газар, орон сууцанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандарт тогтоож мөрдүүлэх

•“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байр” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

•Улаанбаатар хотынхоо төлөвлөлтийг ил тод, нээлттэй болгож, нэн тэргүүнд хүүхдүүд, ахмадууд, тусгай хэрэгцээт хүмүүст ээлтэйгээр хэрэгжүүлэн, хотын дэд бүтцийг тэлж, олон төвт хот болгон, нийтийн тээврийг олон улсын жишигт хүргэж, явган алхах болон дугуйн замуудтай, амарч зугаалах таатай орчинтой хотыг байгуулах

•Тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр саадгүй зорчих стандартыг тогтоож, хэвшүүлэх гэх мэт.

П.Долгорсүрэн 

ХБХСЗХТ-ийн нягтлан бодогч

Улаанбаатар хот гэлгүй манай улс хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллаж амьдрахад, ялангуа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бие даан гэрээсээ ч гарах боломжгүй хот. Миний хоёр хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй, бид гурав нийтийн тээврээр ч чөлөөтэй үйлчүүлж чаддаггүй. Тэргэнцэртэй хүн олон нийтийн унаанд суух, бие даан зам хөндлөн гарах, аливаа албан байгууллагаар үйлчлүүлэх зэрэг энгийн харилцаанд оролцоход хүндрэлтэй. Насанд хүрсэн хүн ийм байхад хүүхдэд ямар байх нь тодорхой шүү дээ. 

Эрүүл хүүхэд хичээлдээ явж байхдаа, тоглоомын талбай дээр тоглож байхдаа амь нас нь эрсдэж байхад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэрээсээ ганцаараа гарах боломжгүй ийм л аюултай хот. 

Гэхдээ бүх зүйл бас муу биш, сүүлийн жилүүдэд сайн мэдээ сонсогдох боллоо. Хүүхдүүдэд маань улсын хэмжээнд ганц байдаг 10-р цэцэрлэг олон жил өөрийн гэсэн байргүй, хүрэлцээгүй байсан. Энэ жил том тохилог гоё байртай болсон. Мөн хүүхдээ аваад сэргээн засах чиглэлийн эмчилгээнд явахаар том хүнд л зориулсан сувилал, эмнэлгүүд хүүхдэд зориулагдсан тоног төхөөрмжгүй, боловсон хүчин дутмаг байсан. Өнгөрсөн жилээс ХБХСЗХТөвтэй болсон. Хоёрхон жилийн өмнөхийг бодоход хүүхдүүд маань өөрийн гэсэн цэцэрлэгтэй, сэргээн засах эмнэлэгтэй болсон. 

Б.Мөнхдөл 

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын сонгуулийн 2-р тойрогт Хөдөлмөрийн Үндэсний Намаас нэр дэвшигч 

Улаанбаатар хот бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн байтугай бэрхшээлгүй хүнд хүртэл амьдрахад маш аюултай, ээлгүй хот. Өвөл нь халтирч уначих гээд, зун нь усанд живших гээд байдаг хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэн бие дааж чөлөөтэй зорчих, амьдрах, ажиллах, сурах ямар ч боломжгүйг харуулж байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангахын тулд юуны түрүүнд төрийн байгууллагуудын барилгыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 100 хувь хүртээмжтэй болгохоос эхэлнэ. Төр нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн хууль, дүрэм, барилгын стандартаа мөрдөж байж хувийн хэвшилд шаардлага тавих эрх нээгдэнэ. Мөн, ЕБС-д хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй хүүхдүүд хамт суралцах боломжийг хангах талаар манай намын мөрийн хөтөлбөрт орсон байгаа. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг бусдын адил хүн, нийгмийн нэг эд эс гэж харж ойлгодог иргэдийг бий болгоно.

Тэргэнцэртэй, хараагүй хүн ганцаараа гудамжаар явж байгаатай бид тийм олон таардаггүй. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй иргэд хоорондоо ямар ч нийгмийн харилцаанд орохгүй байна гэсэн үг. Ингэснээр хөгжлийн бэрхшээлгүй хүний өдөр тутмын амьдралд бэрхшээлтэй хүн огт оролцдоггүйн улмаас хэдий хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бий болгохыг дэмждэг хүн байсан ч үйлдэл, өөрчлөлт хийх сэдэл огт төрдөггүй шахуу байна гэсэн үг. 

Миний дэвшиж буй тойрог болох Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо буюу 220 мянгат бол хуучин хороолол. Ийм учраас орон сууцууд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлгүй, нарийнхан гудамж, явган замтай, нийтийн эзэмшлийн олон талбай "хулгайд" алдагдсан газар. Иймд юуны түрүүнд гудамж талбай, өрхийн эмнэлэг, дэлгүүр, үйлчилгээний газар, барилгуудыг норм стандартын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгохыг сонгогчид хүсэж байна.

Хүн бол хүн. Өндөр намхан, бүдүүн туранхай, тэргэнцэртэй, хараагүй, сонсголгүй хүн бүр Үндсэн хуулиар олгогдсон аюулгүй, эрүүл, тайван орчинд амьдрах, мөн өөрийн хүсэл зорилгоо биелүүлэх эрхтэй. Иймд бид бусдын оронд өөрийгөө тавих чадвар буюу эмпати хамгийн их хэрэгтэй санагдаж байна. Ямар ч хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг бий болгохыг эсэргүүцэхгүй. Гагцхүү бид алхаж буй гудамжаа, орж буй байшингаа бусдын нүдээр, үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нүдээр харж сурах хэрэгтэйг, өөрөөсөө эхлэх шаардлагатайг улам бүр ухаарч байна. 


Хамгийн их уншилттай
1
2021.11.02
Арваннэгдүгээр сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
2021.11.01
Жокерын хувцастай этгээд Токиогийн метронд 17 хүнийг хутгалжээ
3
2021.11.05
Марк Цукерберг "Мета" гэх өөр компани байдгийг сая л мэджээ
холбоотой мэдээ
1
2021.06.12
Өөрчлөлтийн эхлэл нь чиний, миний, бидний санал бас оролцоо
2
2021.06.12
Луна саналаа өгөхөөр алхсан нь
3
2021.06.12
Humans of UB | Цаг үе ба залуусын оролцоо
санал болгох
1
8 цагийн өмнө
"Урлагтай яриа" медиа төсөл урлагийн шүүмж судлалын агуулгаар баяжин үзэгчдэд хүрч байна
2
11 цагийн өмнө
BLACKPINK хамтлаг Youtube-ийн түүхэн дэх хамгийн олон дагагчтай уран бүтээлч боллоо
3
13 цагийн өмнө
"Arcane" Netflix-ийн хамгийн өндөр үнэлгээтэй, хамгийн их хүн үзсэн цуврал болжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.