Хайх зүйлээ бичнэ үү

Гэнэтийн хөл хорио, аюулт өвчний дэгдэлт биднийг хамгийн түрүүнд урлаг соёлын арга хэмжээнээс татгалзахад хүргэсэн. Ийм хаагдмал үед урлаг соёлын цахим контент, үйл ажиллагаагаар биднийг хөтөлж байсан газар бол “Монголын Урлагийн Зөвлөл”. Төрийн байгууллагын хэмжээнд үйл ажиллагаа явуулж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг тус байгууллагыг уншигчдад дэлгэрэнгүй танилцуулахаар Гүйцэтгэх захирал О.Одгэрэлтэй ярилцсанаа хүргэж байна. Урлагийн Зөвлөлөөс зохион байгуулдаг томоохон наадмын нэг “Улаанбаатар кино наадам” ирэх даваа гарагт нээлтээ хийх юм. 


-“Монголын Урлагийн Зөвлөл” гэхээр хүмүүс улсын байгууллага гэж ойлгодог. Гэтэл танайх ТББ гэсэн статустай. Энэ байгууллагын түүх хаанаас эхлэлтэй вэ? Ямар зорилготой, ямар ямар үйл ажиллагаа явуулдаг тухай эхлээд ярилцъя? 

-Анх Соросын сангийн Соёл урлагийн хөтөлбөр байгаад, 2002 онд Соросын сан Монгол дахь үйл ажиллагаагаа татан буулгахдаа Боловсролын хөтөлбөр, Соёл урлагийн хөтөлбөрөө тусад нь гаргасан юм. Тэрхүү Соёл урлагийн хөтөлбөрийн бие даасан хэлбэр нь Урлагийн зөвлөл болсноор өнөөдрийг хүрлээ. Анх төр, нийгэм, урлаг соёлын салбарын зүтгэлтнүүд нэгдээд Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын өвийг хадгалж хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор уг байгууллагыг үүсгэсэн түүхтэй.  

Монголын Урлагийн Зөвлөлийг англиар Arts Council of Mongolia гэж бичдэг. Гэтэл гаднын хүмүүс өөрсдийнхөө Урлагийн Зөвлөл шиг төрөөс санхүүждэг, төрийн байгууллага гэж ойлгох тохиолдол элбэг. Бид энэ тухай үргэлж тайлбар хийх шаардлагатай болдог. 

Төрийн бус байгууллагын үндсэн зорилго нь нийгэмд үйлчлэх. Тиймээс ч бид соёл урлагаар дамжуулж хүний хөгжилд нөлөөлөх, эдийн засгийн хөгжилд нөлөөлөх, соёл урлагийн боловсрол олгох, байгууллагын түвшинд хөгжиж дэвжих зорилгыг баримтлан үйл ажиллагаа явуулдаг. Нэгт, уран бүтээлчдийг чадавхжуулах, чанартай бүтээл төрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын сангаас Монголын соёл урлагийн салбарт мөнгө босгох, тэр чинээгээрээ соёл урлагийн хөтөлбөрүүдээ чанаржуулахаар Урлагийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Мөн олон нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэхийн тулд тухайн орон нутагт амьдарч байгаа нас насны иргэдэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санаачилж хийлээ. Урлагаар дамжуулан хувь хүний хөгжил, харилцаа, хамтын ажиллагаанд тулгуурласан богино хэмжээний сургалт зохион байгуулах зэргээр Урлагийн боловсролын хөтөлбөрийг бас хэрэгжүүллээ. Ялангуяа алслагдсан дүүргийн сургуулиудтай энэ хөтөлбөр дээр их хамтарч ажилладаг. Нийгэмд тулгарч буй асуудлыг урлагаар дамжуулж гаргах, уран бүтээлчдийн бүтээлийг олонд таниулах, зөв эерэг ойлголтыг төлөвшүүлэх, хувь хүний хөгжилд урлаг яагаад нөлөөтэй вэ гэдгийг ойлгуулах “Урлагтай яриа” төслийг бас явуулдаг. 

Мөн “Соёлын өвийн хөтөлбөр”. Энэхүү хөтөлбөрөөр бид өвөг дээдсээсээ өвөлж авсан соёлын дурсгал, өвийг хойч үедээ байснаас нь илүү сайнаар хүргэж, өвлүүлэх зорилгоор боловсрол, танин мэдэхүй, хадгалалт хамгаалалтын төсөл хэрэгжүүлдэг. Дөрөв дэх хөтөлбөр нь “Хөгжлийн хөтөлбөр”. Байгууллага санхүүгийн чадамжтай, ажилчид нь ажилдаа дуртай, цалин мөнгөнд санаа зовох зүйлгүй байх ёстой. Тиймээс бид 2012 оноос эхлэн уг хөтөлбөрийг хэрэгжүүлж ирлээ. Хувь хүн, бизнесийн байгууллага, гишүүнчлэл, үзүүлж буй үйлчилгээний төлбөр гээд ямар нэг төсөл, хөтөлбөрөөс хараат бус санхүүгийн эх үүсвэрээс захиргааны зардлаа олох зорилгын хүрээнд уг хөтөлбөр хэрэгждэг. 

-Танай нэрийн хуудас болсон арт наадам, тэтгэлэгт хөтөлбөр олон бий шүү дээ.

- Тийм ээ, байгууллага олон жил ажиллаад, туршлагажаад ирэхээр стратеги илүү боловсронгуй болдог. Жишээ нь, бид ирээдүйд хийх төлөвлөгөөгөө тав таван жилээр төлөвлөдөг юм. Ингэж тогтвортой оршин тогтноход тогтмол хийж буй хөтөлбөрүүд их дэм болдог. Тэр хөтөлбөрүүдийн цаана тогтвортой хамтын ажиллагаа, түүний цаана тогтвортой санхүүжилт байна. Бидний хувьд одоогоор дөрвөн том наадмын зохион байгуулагчаар ажиллаж байна. Удахгүй “Улаанбаатар олон улсын кино наадам" эхэлнэ. Уг наадмыг манайх 2013 онд олон улсын наадам болоход анх оролцож, зохион байгуулж эхэлсэн. Дараа нь бидний санаачлан зохион байгуулсан “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам байна. Энэ жил тав дахь жилээ цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. “Motion Mongolia” олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг энэ жил хоёр дахь жилээ хийх байсан ч цар тахлаас болж хойшилсон. Орчин үеийн бүжгийн олон үзүүлбэр, тоглолт, сургалтыг Монголд зохион байгуулж байсан уламжлалдаа үндэслээд уг бүжгийн наадмыг зохион байгуулсан нь тэр. Сүүлийнх нь наадмын өдрүүдэд болдог “Соёлын наадам”. Монголын уламжлалт зан заншил, ёс уламжлалыг хойч үедээ таниулах уг наадмыг Соёл урлагийн их сургуультай хамтран 13 дахь жилээ зохион байгуулах ёстой байсан ч мөн хөл хорионы дэглэмээс үүдэн цуцлагдсан. 

-Энэ өргөн цар хүрээтэй ажлууд, баг хамт олон, том наадмуудыг харахаар ТББ-ын хувьд хүнд ачаа юм шиг санагдлаа. Тухайлбал, хөрөнгө санхүүгийн хувьд яаж шийддэг юм бэ? 

-Амжилтын эх үндэс нь төлөвлөлт гэдэг. Төлөвлөлт юунаас үүддэг вэ гэхээр зорилгоос шалтгаална. Цаг хугацаа, ажил хоёроо сайн төлөвлөөд, давхцуулахгүй, шат дарааллыг нь сайн тогтож, дээр нь сайн хүний нөөц, ажилчидтай байх гээд олон зүйлээс хамаарна. Эдгээрийг бас богино хугацаанд бүрдүүлчихгүй, олон жилийн туршлагаас олж авдаг зүйлс. Өмнө нь манай Ц.Ариунаа захирлын үед үйл ажиллагаа нь жигдрээд, эрэг шураг нь бүрдчихсэн “машин”-ыг би одоо жолоодоод явж байна л гэсэн үг. Тэгэхээр анх энэ байгууллагыг үүсгэн байгуулагчдын бодлого, хамтын ажиллагаа, засаглал, санхүүгийн ил тод байдал, стратеги төлөвлөлтийн үр нөлөөгөөр явж байгаа гэж хэлж болно. Байгууллагын засаглал нь ил, санхүүгийн бүртгэл ил тод, алсын хараа нь тодорхой, тэнд хүрэх зам дардан байхад хийж болох л юм байна. 

Өнөөдрийн хувьд гэхэд л бид хэдийнэ 2021 оны ажлаа төлөвлөчихсөн сууна. Ирэх жилийн гуравдугаар сард хийх төслийн санхүүжилтийг одоо босгоод явж байна. “Улаанбаатар” кино наадмаараа жишээлээд ярихад нэгдүгээр сард Швейцарын хөгжлийн агентлаг төслөө зарлахад төслөө өгөөд тавдугаар сард дүн зарлагдахад хамтын ажиллагаа болон бусад зүйлсээ бэлдчихсэн байсан гээд бүх зүйл нарийн төлөвлөгөөгөөр бүтэж бүрэлдэж байна даа.  

-Өнгөрсөн жил Урлагийн Зөвлөл хэд хэдэн том төслүүдийг хэрэгжүүллээ. “Чойжин ламын сүм музей”-н тохижуулалт гэхэд олон хүний сэтгэлд хүрсэн ажил болж байгаа харагдлаа. Өнгөрсөн оны онцлох ажлуудаас хуваалцвал? 

2020 он бол байгууллагын хувьд сургамжтай, ирээдүйгээ төлөвлөхөд анхаарах зүйл ихтэй жил байлаа. Гэвч цаг зуурын ийм нөхцөлийг байгууллага даван туулж чадлаа. 

Энэ оны ажлыг бид 2019 онд төлөвлөсөн учраас хөл хорионы тухай ямар ч төсөөлөл байгаагүй. Гэхдээ хөл хорионоос болоод ажлын цар хүрээ хумигдсан ч үр нөлөө нь өссөн гэж дүгнэж байгаа. Гол сургамж нь арга барилаа, хандлагаа өөрчилчихвөл бүх зүйл боломжтой юм байна гэдгийг ойлгосон.

Хандлагаа өөрчлөөд, гэрээсээ ажиллах, цахим наадам зохион байгуулах, шинийг эрэлхийлж санаачлах гээд нөхцөл байдалд хурдан уусаж чадвал бүх зүйл боломжтой. 

Энэ жил бид “Урлагийг гэрээсээ” хөтөлбөрийг АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүллээ. “Улаанбаатар” Олон Улсын Медиа Урлагийн наадмаа цахим хэлбэрээр зохион байгууллаа. Одоо “Улаанбаатар” кино наадмаа нээх гэж байна. Мөн түрүүний хэлсэн “Соёлын өвийн хөтөлбөр” маань MCS группийн дэмжлэгээр маш сайхан ажил болж, нийгэмд эерэг нөлөөлөл үзүүллээ. Энэ хөтөлбөрийн үр нөлөөгөөр бид өнөөдөр хоёрдахь төслөө “Рио Тинто”-той Хүүхдийн урлан бүтээх төвийн урлагийн заалыг засах төслөөр байгуулахаар гэрээгээ уншаад сууж байна. Гэх мэтчилэн бидний сайн хийсэн ажлын үр дүн буцаад биднийг шагнаж байна гэсэн үг. Бид ирээдүйгээс суралцаж, сайхан цаг үеийг хүлээх бус сайн үйлсийг бүтээдэг.

-Цар тахлын үед хамгийн түрүүнд олон нийтийн арга хэмжээг цуцалсан. Олон нийтийн арга хэмжээ ихэнхдээ урлагийн арга хэмжээ байдаг. Үүнээс үүдээд дэлхий даяараа л урлаг бидэнд яагаад хэрэгтэй вэ гэсэн асуулттай нүүр тулж л дээ. Үүнийг танд тавимаар байна. 

-Хөл хориог нөгөө талаас нь харвал хүмүүсийг урлагтай ойртуулсан ч гэж болно. Хөл хорионд ороод ирэхээр хүмүүс ном уншиж, онлайн музей үзэж, дуу хөгжим сонсох чөлөөт цагтай болж эхэлсэн юм билээ. Хүн бол байгалийн л бүтээл. Сайн сайхныг харж, сайн сайхан аялгуу сонсож, сайхан зүйл ярих ёстой байтал дөрвөн хананы дунд хоригдчихоор юу болох вэ? Тэднийг юу амьтны хүрээлэнгийн амьтдаас ялгах юм бэ? Ерөөсөө л харилцаа. Коронагийн үеийн олон улсын судалгаануудыг харахаар хүн ганцаардмал байдлаа ихэнхдээ урлагаар дамжуулан давж гарсан байна л даа. Харин уран бүтээлчид бол хөл хориотой үед илүү бүтээлч болдог юм байна лээ. 

Байгууллага бол ямар ч үед Монголын нийгэм, эдийн засгийн хүрээнд үр өгөөжтэй байх олон улсын төслүүдийг хийгээд явж байгаа. Үүгээр дамжуулаад олон улсад урлагаа сурталчлах, уран бүтээлчдээ чадавхжуулах, урлагийн менежментийг сайжруулах зэрэг давуу талууд бий болно. Үүний цар хүрээг улам өргөтгөөд, хамтын ажиллагаагаа сайжруулаад явбал урлагаар дамжуулан бидний олж болох боломж маш их. 

-Манайд бүх зүйлийн шалтгааныг төрөөс хайдаг нэг гажуудал бий. Гэтэл танайх шиг төрд ямар нэг байдлаар шалтаг нялзаахгүй, өөрсдийн боломжийг дайчлаад ажиллаж байгаа цөөн газар бас байна. Үнэхээр төрийн оролцоо хэрэггүй болоод байна уу? Эсвэл танайх тэрийг ил гаргаж хэлэхгүй байна уу? 

-Одооноос гайгүй болох байх гэж итгэж байгаа. Манай соёл урлагийн салбар чинь маш жижигхэн шүү дээ. Улсын төсвөөс соёл урлагийн салбарт төсөвлөж байгаа мөнгийг бодоод үзсэн ч маш бага. Гэтэл тэрийг бүх соёл урлагийн байгууллагад хүргэх хэрэгтэй болно. Тиймээс бид гомдоллохоосоо илүүтэй төрийн хийхгүй байгаа, хүч хүрэхгүй байгаа зүйлийг хийе гэж боддог. Харин хамтарч ажиллая, бид та нарыг дэмжье гэсэн хандлага байвал хамтарч ажиллахад хэзээд бэлэн. Жишээ нь, бид олон жил БСШУС яамтай хамтарч ажилласан. Тэд бол байгаа боломжоороо л дэмждэг. Гол нь үйл ажиллагааны хувьд огтлолцох цэг нь цөөн. 

Төрийн болон төрийн бус байгууллагуудын эргэх холбоо, хамтын ажиллагаа муу байна л даа. Уг нь төр гарч ирээд одоо үүнийг хийе, үүнийг нь чи хий, түүнийг нь төр хийнэ гээд зохицуулалт хийгээд явбал сайн л байгаа юм. Одоо энэ хүлээлтийг “Соёлын яам”-наас л хүлээж байна. Ирэх жилүүдэд буцаагаад татан буулгачихгүй бол хамтрах ажил олон гарна гэж найдаж байгаа.

-Танай байгууллагын бас нэг өгөөжтэй тал нь хувь уран бүтээлчдийг хөгжүүлэх, ур чадварыг өсгөх, гаднын наадам, арга хэмжээ, тэтгэлэг, хөтөлбөрүүдэд хамруулах шүү дээ. Ийм байдлаар ур чадвар нь өссөн онцлох ямар уран бүтээлч байна вэ? 

-Манай уран бүтээлчид авьяастай ч бүрэг даруу. Б.Бат-Эрдэнэ гээд медиа уран бүтээлч байна. Нидерландын Вант Улсын Хааг хотод зохиогддог “Today’sArt” наадамд яваад уран бүтээлийн хийц, агуулга, өгөгдлөөрөө шалгарсан уран бүтээлч. Тэнд очсоноор уран бүтээлчийнхээ хувьд ч маш сайн өссөн. Одоо Б.Бат-Эрдэнэгүй медиа урлагийн наадам үгүй боллоо. Эндээс бид хүнийг явуулж, үзүүлж, харуулах хэрэгтэй гэдгийг ойлгож авлаа. Тэгэхээр уран бүтээлчдээ дэлхийтэй танилцуулах ажлыг нээж өгч, тэдний уран бүтээл хийх хүсэл тэмүүлэлд дэм болох нь бидний бас нэг үүрэг. Бас Швейцарт болдог гэрэл зурагчдын “Смарт” хөтөлбөрт явсан зурагчид маш сайн хөгжиж байна. Дэлхийн модон сийлбэрийн олон улсын наадамд энэ жил гуравдахь хүнээ явуулах байсан ч бас хойшлогдсон байгаа. Дан ганц манайх гэлтгүй уран бүтээлчид өөрсдөө гадна ертөнцөд гарч, хөгжиж байна. 

- Энэ жилийн “Улаанбаатар” наадмын нээлт, хаалтын кино үзэгчдийн хувьд хүлээлттэй, сонирхол татаж байх шиг байна. Энэ жилийн хөтөлбөрөөс онцлох зүйлс нь юу вэ? 

-Нээлтийн киноны хувьд цоо шинэ кино учраас хэн ч үзээгүй, хүлээлт өндөр байх шиг байна. Шүүгчдийн бүрэлдэхүүн үзээд нээлтийн киногоор шалгаруулсан. Наадмыг шинэ буюу нээлтээ хийгээгүй киногоор нээдэг уламжлалтай. Ер нь цаашид манай уран бүтээлчид киногоо нээлгүй хүлээж байгаад уралдаант хэсэгт өгдөг болоосой, улам олон уран бүтээл өрсөлдөөсэй гэж бодож байна. Үйзэнмаагийн “Хар сүү” киноны хувьд бол Берлинийн кино наадамд гарч байсан. Үзсэн хүн ховор байх. Дээр нь энэ жил монгол уран бүтээлчийн бүтээлээр хааж байгаа нь онцлог. 

Бас Цай Мин Лианын “Өдрүүд” киног Монголдоо авчрахын тулд нэлээд хүч чармайлт гаргалаа. Итали, Швейцарын кино анх удаа ирлээ, бас Франц, Австрали, Швейцарын хүүхдийн кинонууд ирлээ. “Үзэхийн хязгаар” гэдэг шинэ хэсэгтэй боллоо гээд онцлог ихтэй, хөл хориотой жил ч цар хүрээ нь улам өргөн болж байгаа.

-Кино наадмын кино сонгох үйл явц ямар шат дараалалттай явдаг юм бэ? 

-Манайх олон улсын хөтөлбөр зохиогч хоёр мэргэжилтэнтэй. Тэд олон улсад хамгийн сайн рэвью авсан кинонуудыг санал болгодог. Бидний зүгээс бол цоо шинэ кино байх ёстой гэсэн шалгуур тавина. Бусад орны наадамд оролцож байгаа, ямар нэг хэмжээний шагналтай, шүүгчдээс сайн үнэлгээ авсан бүтээлүүдээс сонгодог. Каннын наадам дуусгаад л бид саналаа аваад эхэлдэг. Биднийг саналаа явуулахаар манай хөтөлбөр зохицуулагч Францаас ажиллаад, компани руу ямар наадамд, хэзээ гаргахаа, ямар үнээр гаргахаа илгээж, хэлэлцээр хийдэг. 

- 2021 онд бид Урлагийн зөвлөлөөс юу хүлээх вэ? Төлөвлөгөөнд ямар шинэлэг зүйл байна вэ? 

-Цаг үедээ тохирсон үйл ажиллагаа явуулахын тулд аль аль талдаа бэлтгэлтэй байхаар төлөвлөж байна. Хэрэв цар тахал намжихгүй бол цахимаар үйл ажиллагаагаа түлхүү явуулах, цаг үе сайхан болчихвол хийгээгүйгээ нөхөх, шинэ төлөвлөсөн ажлуудаа хийх гэсэн хуваарьтай байгаа. 2021 онд хийж чадаагүй “Соёлын наадам”, “Motion Mongolia” бүжгийн наадмаа заавал хийнэ. Мөн олон улсын хамтын ажиллагааны хүрээнд уран бүтээлчид маань яваагүй учраас тэднийгээ явуулах, мөн ирэх жил тохиох “Монголын Урлагийн Зөвлөл”-ийн 20 жилийн бэлтгэл ажилдаа орно гэсэн бодолтой байгаа.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
2
0
0
0
2
1

Сэтгэгдэл бичих (7)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Эрхэм 2021.03.17 172.68.146.113

Үйл ажиллагаа нь улам өргөжин дэвжих болтугай!

0 Хариулах


Зочин 2020.10.16 108.162.216.221

Baliar nuguu sorosein San ,,,, mongoleig tsumluj bui rio tinto shal me deel avgai liberal bitch

0 Хариулах


Tserma 2020.10.16 162.158.187.90

Mundag hariutslagatai busgui um bilee. Humuus gol ni sain oilgohgui hudlaa yaridag , saihan ch busgui,

0 Хариулах


Oyun 2020.10.15 162.158.75.225

Хас ГанхуЯгийн эхнэр бсан

0 Хариулах


Зочин 2020.10.15 162.158.166.86

Өмнө нь Урлагийн зөвлөл юу хийдэг байсныг ойлгодоггүй байсан шүү. Таныг томилогдсоноос хойш хийж буй ажлууд нь далайцтай санагдах болсон. Амжилт хүсье.

0 Хариулах


Зочин 2020.10.15 172.69.252.149

Их л гоё хүүхэн байсан даа хөгширчээ

1 Хариулах


Зочин 2020.10.15 162.158.118.153

Гоё л байна ш дээ

0 Хариулах


Зочин 2020.10.15 172.69.252.149

Сайхан хүүхэн хуримгүй гэж эрийн тэнгэр муутай л .

0 Хариулах


Зочин 2020.10.15 172.69.252.137

Oort chn ymar hamaa bnaa

0 Хариулах