Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Подкаст тойм | Ч.Лодойсамбуу: "Улаан бал" нэвтрүүлэг 500 сая төгрөгөөр үнэлэгдсэн


"The Media Show" шинэ подкастын маань эхний дугаарт "Улаан бал" нэвтрүүлгийн хөтлөгч, продюсер Ч.Лодойсамбуу оролцсон. Түүний ярианы онцлох хэсгүүдийг хүргэж байна. 

1. "Улаан бал" нэвтрүүлгийг хийх санаа 2016 онд төрж байсан. Тухайн үед би Боловсролын Яамны Хэвлэлийн албанд дөрвөн жил ажиллачихаад байсан үе. Тэр хугацаанд сэтгүүл зүйн салбараа хөндлөнгөөс харж, алдаа оноогоо анзаарсан гэж болно. Тэгээд шууд л "Улаан бал" гэж пейж нээгээд ядаж сэтгүүлчид бид мэдээ, нэвтрүүлэг хийхдээ судалдаг, уншдаг, нягталдаг байя гэж хичээсэн. Яваандаа энэ санаагаа дотроо бодож, "чанаж" явсаар бусадтай зодолдоод байхаас илүүтэй өөрөө хийгээд бусдадаа санал болговол яасан юм бэ гэж бодсоноор нэвтрүүлгээ эхлүүлсэн. 

2. Би хамгийн түрүүнд хүн юу сонирхдог вэ гэдэг асуултаас эхэлсэн. Хүн сонирхохгүй байхад мянган ухаантай юм яриад нэмэргүй, эсвэл хүн сонирхож болно гэхдээ баримтыг гуйвуулж болохгүй. Энэ бол миний баримталдаг зарчим. Үзэгч татахын тулд сонирхолтой хэлбэр ашиглаж болно, гэхдээ шарлаж болохгүй. Тиймээс хэлбэрээр хүмүүсийг даллана, гэхдээ агуулгатайгаа 30:70 харьцаатай байх ёстой гэж үздэг. 

3. Би анх "Гамбир" шоу хийдэг байхдаа их онгироо, пээдгэр нөхөр байлаа. Одоо бодохоор өөрөөсөө аймаар. Өнөөдөр хийж байгаа шоуны үзэгчид маань ч бас хааяа намайг "би"-гийн өвчин тусчихсан, өөрөө бүгдийг мэддэг юм шиг аяглалаа гэх нь бий. Гэхдээ хүний мэдэмхийрч байгаа эсэхийг мэдэхийн тулд түүнийг нь тогтоох хэрэгтэй, тогтоохын тулд өөрөө илүү мэдэх хэрэгтэй. 

"Улаан бал" хийж байгаа Лодойсамбуу "Гамбир" шоуныхаас ялгаатай нь илүү судалж ярьдаг. Заримдаа би ярилцагчаасаа ч илүү тайлбарладаг. Аливаа сэдвийг сонгоод зочин уриад иртэл тэр хүн маань мэдэхгүй, судлаагүй байдаг. Тэгэхээр үзэгчдийгээ энэ сэдвээс, энэ ярианаас ийм ойлголт, ийм мессеж аваад үлдчихээсэй гэсэндээ би судалснаа ярьдаг. Би үзэгчид асуулт үлдээх биш хариулт өгмөөр байна шүү дээ.

4. Нэвтрүүлгээ анх "ТВ6" сувгаар хүргэж байлаа. Тэгэхэд хамгийн анх "Лаймон" ундааны реклам орж ирсэн. Сард 2 сая 500 мянган төгрөгөөр ундаагаа байршуулахаар болж бидэнд итгэсэнд нь би маш их баярладаг. Үүнээс хойш янз бүрийн бүтээгдэхүүн хамтран ажиллах санал тавьж, "Улаан бал"-ын дундуур явуулъя гэсэн рекламууд орж ирэх болсон. Гэхдээ энэ бол нэн тэргүүний асуудал биш шүү дээ. Хэрэв тэр мөнгийг хөөсөн бол эмээл, хазаар, уран зураг, чипс гээд маш олон төрлийн бүтээгдэхүүн санал тавьж байлаа. Харин миний хувьд нэвтрүүлгээ брэнд гэж үзэж л байгаа бол хэмжээ, хязгаартай байх ёстой гэсэн зарчим баримталсан. 

5. "Улаан бал" нэвтрүүлгийнхээ хэлбэр, хийц, нэр, лого зэргийг оюуны өмчид бүртгүүлсэн. Оюуны өмчийнхөө 50 хувийг "NTV" телевизэд 250 сая төгрөгөөр зарсан. Нийт үнэлгээ нь бол 500 орчим сая төгрөг гэсэн үг. Юмыг ингэж үнэлж, хийсэн хүнийг ингэж дэмжиж, итгэсэн компаниудад би баярладаг. 

6. Сайн контент хийх юм бол үнэлэгдэх боломж манайд бий. Мэдээллийн технологи л гэхэд бидэнд асар том чөлөөт тайзыг өгсөн. Гол нь нэвтрүүлгээ бизнес утгаар харахдаа 70:30 харьцаагаа л баримтлах ёстой. 

7. Миний хийсэн 70 орчим товч тойм, 50 гаруй ярилцлагад нэг ч удаа хэн нэгнийг гүтгээгүй, ёс зүйн ямар нэг код зөрчөөгүй. Магадгүй үзэхэд эвтэйхэн биш байсан байх, гэхдээ үзүүштэй байгаад байна. Тиймээс үүнийгээ л олчих юм бол бүх хүнд боломж бий. 

8. Манай сэтгүүл зүйн сургуулиудад "Гутлаа цоортол яв", "Сэтгүүлч хөлөөрөө хоолоо олдог" гэдэг. Би бол одоо "Нүдээ хорстол хар" гэж хэлэх байна. Ямар нийгэмд, ямар ертөнцөд амьдраад байгаагаа ойлгоод хүн юун дээр төвлөрч, юуг сонирхсоор ирсэн бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнийг ойлгочихвол юу хийх ёстой вэ гэдэг санаа ундраад ирнэ, илүү их асна. Би бужигнуулъя л гэж бодоод, тэгсэн хэрнээ яавал бужигнадгийг мэдэхгүй байвал чадахгүй шүү дээ. Хүний нийгэмд амьдарч байгаа бол үүнийгээ судал. 

9. Бид нийгмийн системээ, ардчиллаа, хүнээ ойлгохыг хичээвэл энэ дотор улс төр, эдийн засгийн ухаан гээд бүгд бий. Манайд улс төр, эдийн засаг, философийг мундагууд хийдэг, жоохнууд нь нийгмийн сурвалжлага хийдэг гэх ойлголт бий. Үнэндээ тийм биш. Манйа редакц л гэхэд хамтдаа кино үздэг, бие биедээ ном бэлэглэдэг, ярилцдаг. Бид эхлээд системээ ойлгох ёстой шүү дээ. 

10. "Улаан бал" нэвтрүүлгээ анхнаасаа ярилцлага, тойм, сурвалжлага гэсэн гурван зүйлтэй байна гэж бодож, төлөвлөсөн. Үүнийхээ дагуу одоо сурвалжлагаа хийж эхэлж байна. Энэ нь эрэн сурвалжлага гэхээс илүүтэй баримтат сурвалжлага маягийн байх юм. Нийгмийн хандлага, сэтгэл зүй рүү чиглэсэн, учир шалтгааныг эрж хайсан бүтээл байх болно. 

11. Энэ бүхнийг хийх нь өндөр ачаалал биш ээ. Би одоо долоо хоногт хоёр нэвтрүүлэг хийхдээ завтай байдаг. Би судалгаа хийж, бодохдоо тэгэх ёстой учраас гэж өөрийгөө хайрцганд хийх биш аз жаргалтайгаар тэр бүхнийг боддог, хүмүүстэй уулздаг. 

12. Нэвтрүүлгийн YouTube суваг маань 50 мянга гаруй л дагагчтай. Телевизээр гараад, Facebook Live-аар явчихдаг болохоор YouTube тийм ч идэвхтэй биш. Гэхдээ л долоо хоногт хоёр нэвтрүүлгээ тавиад Google Ad-аас сард тогтмол 1000 гаруй доллар үзэлтээр орж ирдэг. 

13. Бүтээлээ бодохын тулд өөрийгөө аж ахуйн асуудлаас чөлөөлөх хэрэгтэй. Контентоо бизнес болгох гэж байгаа бол зориг хэрэгтэй, бас бусадтай хамтарч ажиллаж, чаддаг зүйлсийг нь чаддаг хүмүүсээр хийлгэж бүтээлдээ төвлөрөх цаг өөртөө гаргах хэрэгтэй. 

Подкастыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл: 

Apple Podcast

Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Подкаст тойм | Сахиусан тэнгэрүүдийн нууцыг задалж буй Fallen Angel
2
2021.09.27
The Media Show | Д.Нарантуяа - Редакцийн зурвас
3
2021.06.17
Фэйсбүүкт ирэх 7 хоногоос подкаст оруулах боломжтой болно
санал болгох
1
28 минутын өмнө
Уйлангаа инээмээр санагдуулах шинэ MacBook Pro-той холбоотой 11 МИЙМ
2
1 цагийн өмнө
Марвелын шинэ зургаан киноны нээлт хойшилж, хоёр киноны хугацаа тодорхойгүй боллоо
3
1 цагийн өмнө
Өнөөдөр "Squid Game"-ийн жүжигчин У Ён-сугийн төрсөн өдөр буюу түүний тухай 5 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.