Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Үсэгнээс үүдсэн “зодоон”


Хүрээнд үе үе айхавтар зодоон гардаг байж. Лам нар өдөөж, пүүсийн хятадууд өрвөлзсөнөөр Хүрээ даяараа хэд хоног ярих сонинтой болдог байсан юм даг уу даа. Ямартай ч Хүрээний хоёр том нийгмийн бүлэг цусаа садартал зодолдсон тохиолдлууд өнөөдрийнхөөс өргөн утгатай, том агуулгатай байлаа. 

Харин XXI зуун гарсаар зодоон нүдээн гээч өнгө төрхөө өөрчлөн, шороо бужигнуулах биш сошиал бужигнуулдаг болсон хойно бид ээлжит зодоондоо ханцуй шамлан орох нь тэр. Энэ удаагийн зодоон үсэгнээс болсон юм. Хожим нь түүхэнд үг, үсэгнээс болсон 20 оны их зодоон гэж бичигдэх шахуу л юм боллоо. Үг, үсгээс үүдэлтэй нүдэлцээн зөвхөн өнөөдөр ч биш олон жилийн өмнөөс эхлэлтэй юм билээ.  


Зөвлөлтөд жийгдсэн босоо бичиг ба зуурдын хань латин үсэг

Монгол Ардын Намын 1930 оны хоёрдугаар сард хуралдсан хурлаас “Шинэ соёл боловсролын хөгжилтөд дөхөмгүй хэмээн үзэж монгол үсгийг халж, латин үсгийг өөрийн монгол хэлэнд зохицуулан хэрэглэхээр” шийдвэрлэжээ. Энэ шийдвэрийн дагуу Монгол орон даяар латин үсэгт шилжих бэлтгэл ажил эхлэн, үсгийн дүрмийг хэрхэн боловсруулах талаар ажил өрнөж, дөнгөж хэрэглэв үү үгүй юу (1941 он гартал) нам засгаас “Одоо бүгдээрээ шинэ орос үсэгт шилжсүгэй” гэсэн тогтоол гаргачих нь тэр. Мэдээж энэ үеийн тогтоол шийдвэрийг толгой мэдэн гаргахаас илүүтэй “хойноос” шивнэсэн байдаг даа. Бөхийн дэргэд бол үсэг бичиг гэдэг тэр чигтээ жинхэнэ улс төр. Хоёрхон жилийн өмнө Казакстанд орос үсэг хэрэглэхгүй гэсэн яриа гарч, бас л бөөн “зодоон” болсон, саяхандаа монгол бичгийн хэрэглээг хязгаарлах болж Өвөр Монголд багагүй шуугиан дэгдлээ. Яриа руугаа эргээд оръё. Ингээд 1945 оны тавдугаар сарын 18-ны БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв хорооны хамтарсан хурлаар “Бүх хэвлэл ба улсын албан хэргийг 1946 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шинэ үсгээр явуулсугай” хэмээн шийдвэрлэснээр БНМАУ-д кирилл үсэг хэрэглэж эхэллээ.  

Монгол бичгийг кирилл үсэгт буулгах, кирилл үсгийн дүрмийг боловсруулах ажлыг Ц.Дамдинсүрэн тэргүүтэй эрдэмтэд 1941 оноос эхлэн боловсруулж, шинэ үсгийн дүрэмд зориулсан анхны толь бичгийг Ц.Дамдинсүрэн нар 1942 онд хэвлүүлж, 1946 онд засаж сайжруулан дахин хэвлэжээ. Тэрхүү толийг 1983 онд дахин хэвлэхдээ үсгийн дүрмийг хавсарган хэвлэсэн нь одоо бидний мэдэх Ц.Дамдинсүрэнгийн үсгийн дүрэм. Цохон хэлэхэд энэ хугацаанд толийг засаж сайжруулснаас үг өөрчилж, үсгийн дүрэм солиогүй юм. 

Эзэн тодорхойгүй алдаа ба хоёр толгойтой “монгол хэл” 

Хардах эрхийг бид үргэлж давуулан биелүүлдэг. Хэл шинжлэлийн эрдэмтэд, төр засаг, бүр бага ангийн багшаа хүртэл мөнгө төгрөг, Хятадын тагнуул, дотроос нь хагалан бутаргах бодлоготой хольж хутган хардаж эхэллээ. Үүнийг л чухам зодоон гээд байгаа юм. Тэр хардалтуудыг “700 үгийн хэрэг”, “Дөрвөн гийгүүлэгчийн хэрэг” гэсэн алдар цуутай “хэргүүд” тэргүүлдэг. Эргэлзээтэй бичигддэг 700 үг гэнэтхэн л гараад иржээ. Угийг нь ухвал уг “хэрэг” 2011 онд БСШУЯ-ны сайд асан Ё.Отгонбаярын автортай. Чухам ямар судалгаагаар, яам тамганы нэрээр гарсныг үл мэдэх 700 үг “зодоон”-ы эхлэл болжээ. Гэтэл доктор, профессор Ц.Өнөрбаян МҮОНРТ-ийн “Халуун сэдэв” нэвтрүүлэгт оролцохдоо “2011 онд МУБИС, Хэл зохиолын хүрээлэн, багш нар нэгдсэн 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг судалж, утга зохиолын хэлний түвшинд хамгийн эргэлзээтэй бичигддэг 1000 гаруй үгээс 700 үгийн жагсаалт гаргасан. Ингэхдээ бичих хэлбэрийн олонхын саналаар шийдэж гаргасан” хэмээн ярьсан байна. Харин тухайн үеийн Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга Ж.Нэргүй “Нийтээр дагаж мөрдөх журамласан толь гартал Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын зохиосон “Монгол үсгийн дүрмийн толь” бичгийг хэрэглэх шийдвэр 2013 оны дөрөвдүгээр сарын 12-нд гаргасан” хэмээн ярьжээ. Дараа нь 2014 онд бас л хэл шинжлэлийн эрдэмтдийн дундаас "эсэргүү" 4 үсэг хасах тухай яриа гарч, бөөн “зодоон” болоход Төрийн хэлний зөвлөлөөс “Үсэг хасахгүй. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын дүрмийг үргэлжлүүлэн мөрдөнө” гэж мэдэгдсэн байх юм. Төр төлөөлсөн байгууллага зөвхөн Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын дүрмийг дагаж мөрдөнө гэж мэдэгдсэн бол салбарын эрдэмтэд өөрчлөлт шинэчлэл хийхээр хэдэнтээ оролджээ. Хоёр толгойтой хэлний асуудлыг цэгцлээгүйн гай зодооныг улам дэвэргээд авчээ. 

Гээндээ ч бий, гоондоо ч бий гэвэл бидэнд ч бас алдаа бий. Дүрмийн журамласан толийг анзаардаггүй, анзаарлаа ч “Монгол үсгийн дүрмийн толь”-оо “Монгол хэлний товч тайлбар толь”-той андуурч, хаа сайгүй агсамнаж явдаг сул талтай. Тухайлбал, “Монгол хэлний товч тайлбар толь” нь үгийн утгын тайлбар толь болохоос дүрмийн журамласан толь бишийг аль эрт Ц.Дамдинсүрэн анзаарч хараад ийн хэлжээ. “Я.Цэвэл 1966 онд "Монгол хэлний товч тайлбар толь" хэмээх 30 орчим мянган үгийг багтаасан толь бичгийг хэвлэж гаргав. Энэ толь бол олон монгол үгийг багтаасан ба тайлбарласны талаар урьдын толинуудаас үлэмжхэн давуу болсон юм. Гэвч нэг үгийг түвшин-төвшин, үгүүлэл-өгүүлэл, үмхий-өмхий гэх мэтээр хоёр хувилбартай бичсэн нь монгол бичгийн хэлний төлөвшин тогтоход нэмэр болох чанарыг хомстгосон байна” хэмээн тэмдэглэжээ. Тиймээс үгийн утга харъя гэвэл “Монгол хэлний товч тайлбар толь”, үг, үсгийн дүрэм үзье гэвэл “Монгол үсгийн дүрмийн толь”, “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” барих хэрэгтэй гэсэн үг. 

Үсэгтэй хэрэлдсэн тэмдэглэл ба урвагчийн өчил

Одоо тэгэхээр “зодоон”-оо болиод жаахан амьсгал авъя. Монгол хэлээр тоглоогүй, дөрвөн үсэг хасагдаагүй, үсгийн дүрэм өөрчлөгдөөгүй, хэн ч эх орноосоо урваагүй. Харин толгой эргүүлсэн асуудлыг дээр нэгэнт хэлэлцлээ. 1983 онд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын зохиосон “Монгол үсгийн дүрмийн толь” өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж буй. Энэ толийг бариад дүрэм харахад зөрөхгүй гэсэн үг. Хуучин номын худалдаанд 500 төгрөгөөр зардаг. Зөөврийн унаанд нэг суух мөнгөөр стрессийн түвшин бууруулах ном худалдаж авна гэдэг муугүй наймаа. Мөн 2018 онд Төрийн хэлний зөвлөлөөс гаргасан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” ч Ц.Дамдинсүрэн нарын толийг нэмж сайжруулсан хувилбар. Зарим үгийн хувирлыг дэлгэрүүлж, засварласнаас бусдаар шинээр зохиосон дүрэм уг тольд байхгүйг онцлон, учирлан хэлье. Уг толь мөн гар утасны аппликэйшн хувилбараар бий. “Журамласан толь” нэрээр хайгаад суулгачихвал хэн нэгнийг буруутгахгүйгээр алдаа мадгаа хялбархан засчихна. Үгийн утга харъя гэвэл Я.Цэвэлийн толь ч аппликэйшн хувилбараар бий. Гэхдээ дүрмийн толь бишийг анхаараарай. Технологи хөгжсөн өнөө цагт зөв бичгийн дүрэм зодоондоо хүрэх асуудал биш болсныг эндээс харж байна. Ердөө л төрийн зохицуулалт, хувь хүний өчүүхэн чармайлтаар шийдэгдэх зүйл байжээ. Зодолдох өдөр байхад золгох өдөр ч бас бий. 

Эцэст нь, энэ нийтлэлд бичиг үсгийн алдаа байваас миний бага ангийн багшийн, хэлний эрдэмтдийн, Дамдинсүрэнгийн буруу биш, Хятадын тагнуулчдын буруу биш, толио сайн хараагүй миний буруу болой. 



Хамгийн их уншилттай
1
2021.11.02
Арваннэгдүгээр сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
2021.11.01
Жокерын хувцастай этгээд Токиогийн метронд 17 хүнийг хутгалжээ
3
2021.11.05
Марк Цукерберг "Мета" гэх өөр компани байдгийг сая л мэджээ
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Ф.М.Достоевский: Энэ бол гэмт хэргийн сэтгэлзүйн задлан
2
15 цагийн өмнө
Соёлын бүтээлч сар: Бүтээлч үйлдвэрлэлийн амин сүнс нь юу вэ?
3
2021.11.22
Авторын булан: Би мэдэхгүй буюу Зонхов төр барьж байна!
санал болгох
1
7 цагийн өмнө
"Урлагтай яриа" медиа төсөл урлагийн шүүмж судлалын агуулгаар баяжин үзэгчдэд хүрч байна
2
10 цагийн өмнө
BLACKPINK хамтлаг Youtube-ийн түүхэн дэх хамгийн олон дагагчтай уран бүтээлч боллоо
3
13 цагийн өмнө
"Arcane" Netflix-ийн хамгийн өндөр үнэлгээтэй, хамгийн их хүн үзсэн цуврал болжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.