Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Санал болгох: Монголын онцлох таван дурсамж ном


Өөрийнхөө амьдралын тухай бичнэ гэдэг хамгийн хэцүү зүйлсийн нэг. Алдаа гаргадаггүй хүн байдаггүй тул өөрийгөө магтаад байвал үнэмшилгүй болчихно. Бас өөрийнхөө хамаг муу муухайг цагаан дээр хараар тоочоод байх сайхан мэдрэмж биш. Хүн толинд харахдаа хүртэл өөрийнхөө өө сэвийг дарж хардаг гэдэг. 

Энэ хоёр туулийн тэнцвэрийг олж өөрийн дурсамжаа бичнэ гэдэг нэлээдгүй эр зориг шаардах ажил. Энэ утгаараа сайн дурсамжийн ном ховор боловч үлгэр жишээ бүтээл Монголд чамлахааргүй олон бий. Тэдгээрээс онцлох хэдэн бүтээлийг сонгон доор орууллаа. 

С.Эрдэнэ - “Халхын заяат харгуй минь”

Амьдралын нарийн зүй тогтлуудаас авхуулаад уусан архи, шохоорхсон хүүхнүүдийнхээ талаар зоригтойгоор, гэхдээ бас утга уянга дүүрэн бичиж чадна гэдэг ховорхон авьяас. Ардын Уран зохиолч Сэнгийн Эрдэнийн “Халхын заяат харгуй минь” дурсамжийн ном бол хамгийн дутуу үнэлэгдсэн бүтээлүүдийн нэг. 

1990 оноос өмнөх ололт амжилтыг Улаанбаатарт сүндэрлэсэн хорооллууд, орон даяар огцом дээшилсэн дундаж наслалтаар хэмжиж болох боловч түүнээс илүү нь бид орчин үеийн оюуны сан хөмрөгтэй болсон явдал. Энэ сан хөмрөгийг бүтээхэд эрдэмтэн сэхээтнүүд, тэр дундаа С.Эрдэнэ гуай шиг дардан биш боловч баялаг амьдрал туулсан зохиолчид голлох үүрэг гүйцэтгэсэн. Тэр давтагдашгүй амьдралынх нь товчоон энэ бүтээл.

“...Берлинд дөрөв хоноод нутгийн зүг нислээ. Москвад бууж зах дэлгүүрүүдээр баахан хэсээд ‘ирсэн замаараа сурсан дуугаа дуулсаар’ хоёр хоног нисэж байж наймдугаар сарын нарлаг өдөр Буянт-Ухаад буув. Энэ зун манайх Богд уулын Богинын аманд зусланд гарсан юм. Таксины буудал дээр бараг цаг илүү хүлээж байж арай гэж нэг унаа залгалаа. Нутгийн салхины үнэрийн сайхныг яана. Нар шингэж байсан цаг. Богд уулын орой Цэцээ гүн, Ширээтийн хад тод улбартан, дээр нь гүн хөх тэнгэр цэлийгээд дотор уужрам. Богинын аман дахь гэрийнхээ гадаа ямбий ‘Победа’-гаар харжигнуулан очиж буулаа. Салхинд яйжийсан муухан гэрийн маань яндангаар Богд уулын хуурай мөчир оч хаялан байна. ‘Миний гурав хөөрхий галтай л байгаа юм байна даа’ гэж бодтол өөрийн эрхгүй нүдэнд нулимс гүйлгэнэж, ам умалзаад ирлээ.



Сэтгэл намайг дийлнэ

Сэлүүхэн тал дуудна

Богдхан ууландаа ирлээ

Борхон гэртээ заларлаа

Ээжийгээ, эхнэрээ,

Энхрийлэн хайрлаж явах

Элэг бүтэн Эрдэнэ

Эзэн Чингисийн хаядас би

Монголын заяасан харгуйд

Морьтой Монгол шиг явнаа

Мохоо хутгат хочтой

Моодхон харгана удамтай би

Мойлтой зөөхийд хутгалдсан

Модон халбага долоосон

Мохоор зажилдаг буриадын

Мондийн туухай хөвүүн би

Монголын заяасан харгуйд

Мохолгүй явах санаатай

Алтай Хангайнхаа хооронд

Алтанхан жолоогоо атгасаар

Адтай атаатны хорлолд ч

Автахгүй л явах андгайтай“.

Урианхан Б.Жаргалсайхан - “Алаг жарны бодрол”

Нью-Йоркын “Централ парк”-ын зүүн бөөрөнд байрлах НҮБ дахь манай байнгын төлөөлөгчийн газрын дотор тэнд сууж байсан үе үеийн байнгын төлөөлөгч нарын хөрөг зургууд бий. Тэдгээр дотроос хамгийн эхэнд нь ахмад дипломатч Б.Жаргалсайхан гуайнх байдаг. Энэ бол туурга тусгаар Монгол орны эрх ашгийг олон улсад амжилттай хамгаалж байсныг гэрчлэх олон түүхэн баримтуудын ердөө ганц нь.

Монголын дипломат бодлогын хагас зуун жилийн амьд толь түүний “Алаг жарны бодрол” олон хүний ширээний ном болж тун эрэлттэй байсан тул хоёр ч удаа хэвлэлтэд орсон байдаг. А.Амар, Х.Чойбалсан нарын доор ажиллаж байсан Жаргалсайхан гуай эх орноо төлөөлж зургаан улсад элчин сайдаар сууж, Монголын уламжлалт төр барих ухааныг орчин цагийн төртэй холбох гүүр нь болсон хүн юм. 

“Бага буурай оронд тохиолдох зовлон барагдах биш, гадна талаасаа их гүрнүүдийн ашиг сонирхол мөргөлдөж нэг зовооно. Гэр зуураа улс төр, шашин мөргөлийн хямрал гарч хоёр зовооно. Ийм зовлонтой хорвоод амьдарч байгаа орны улс төрчид бол юуны өмнө ойр зуурын ашиг хонжооноос ангид байж, улс үндэснийхээ хэтийг харсан ухаалаг бодлого явуулах тэнхээтэй байх хэрэгтэй юм даа”.

Б.Цэвэгмаа - “Одот талдаа буцахсан…”


XX зууны Монголын түүх гадна дотны асар олон хүчин зүйлсийн огтолцол дээр болж өрнөсөн. Тэр олон огтолцлыг нэг хүнээр төлөөлүүл гэх юм бол би Б.Цэвэгмаа гуай гэж хэлнэ. Сибирьт буриад айлд төрөөд, Октябрын хувьсгалын дараа Манжуурт дүрвэж очоод байтал шинээр зарлан тунхагласан Японы тоглоомын улс Манж-гогын харьяат болчих нь тэр. 

Улмаар Хайлаар хотод япон дунд сургууль дүүргэсэн тэрээр Манжуурыг чөлөөлсний дараагаар Хөх хотод ажиллаж байгаад Соёлын хувьсгалын үеэр ЗХУ-аар дамжиж зугтан туурга тусгаар Монгол орондоо ирсэн байдаг. Б.Цэвэгмаа гуайн “Одот талдаа буцахсан…” намтраар нь NHK баримтат кино хийж, алдарт монголч эрдэмтэн Шиба Рёотаро хөрөг номыг нь хүртэл гаргаж байв.

“...Би Хятадад төрөөгүй. Өөрийн хүслээр Хятадын иргэн болоогүй. Цаг үеийн урсгалаар Хятад улсын иргэншилтэй болчихсон. Тиймээс төрсөн нутагтаа буцах, Хятадад насаа өнгөрөөх, Монгол улсад амьдрахаа би өөрөө шийднэ. Миний Монголд амьдрахад юу нь болохгүй байна вэ? Би өөрөө өөрийгөө Хятадын иргэн гэж боддоггүй учир Хятадын пасспортыг буцааж өгье гэж хэлээд Улаанбаатар дахь Хятадын консул эмэгтэйн ширээн дээр хятад паспортаа орхиод гарчихсан юм. Харин ч ингээд жинхнээсээ монгол хүн боллоо гэж сэтгэл амрав”.

С.Баяр - “Жаран хоног, ‘Жаран’-ы бутархай”


Сайн дурсамжийн номыг ялгах нэг шинж бол тухайн хүний амьдралын он цагын хэлхээг харуулахаас гадна амьдралаас ойлгож авсан зүйлсийг багтаасан байх. Ерөнхий сайд асан Санжийн Баярын “Жаран хоног, ‘Жаран’-ы бутархай” ном амьдралд нь сургамж үлдээсэн үйл явдлуудын дурсамжаас бүрдэнэ. Ингэж амьдралаа хүүрнэхээс илүү шүүн тунгаасан бүтээл Монголд даан ч ховор.

Өөлөх зүйл гэвэл 2013 оны хавраас Өнөөдөр сонин дээр цувралаар гарч эхэлсэн энэ дурсамжийн ном нь 2019 оны зун гэнэт л хэвлэгдчихсэн. Цаад шалтгааныг нь мэдэхгүй боловч яаран гаргасан нь илт. Дотроо уялдаа холбоотой нэг цогц бүтээл гэхээсээ илүү сайн эссэнүүдийн цуглуулга гэмээр. 

Английн жүжгийн зохиолч Сомерсет Моэм 64-тэйдээ нас хэвийлээ гээд дурсамжийн номоо бичээдэхсэн чинь бүр 91 наслаад, тэр хооронд дахиж хэд хэдэн дурсамжийн ном гаргах шаардлагатай болсон гэдэг. С.Баярын 63-тайдаа бичсэн энэ дурсамжийн ном лав сүүлийнх нь биш байх аа. 

“Нэг шөнө гэнэт сэртэл эмээ алга. Хэд дуудаад ирэхгүй болохоор нь хошуугаа унжуулчихаад хайгаад очтол гал тогооны өрөөнд гартаа нэг ном бариастай уйлчихсан сууж байх юм.

-Яав аа, эмээ. Бие чинь зүгээр үү?

-Өө, хүбүүмни. Биеэмни зүгээр гэж толгойг минь илснээ,

 -Амьдрал гээшэмнай сонин гээш… буруу зубыень хэнэ мэдые гээд барьсан номоо харууллаа.

-Ямар ном юм бэ? Би үзье гэтэл эмээ,

-Өө энэ шинь томо хүний ном гээ гээд нүүрийг нь нуумаар аядаж байна. Би тэр номын ногоон хавтсаар нь аав Москвагаас түрүүн ирэхдээ авчирсан баглаа номын нэг байна гэдгийг танив. Зохиогчийг нь Ги дэ Мопассан хэмээн гурав тасардаг сонин нэртэй хүн юм гэж харж байснаа санав”.

Д.Баярхүү - “Би: Миний амьдралын тойрог”


Түүх тухайн үед амьдарч байсан хүмүүсийн туулсан амьдралын нийлбэрээс бүтдэг байх. Нийтлэлч Д.Баярхүүгийн “Би: Миний амьдралын тойрог” дурсамж ном түүний амьдралаа холбосон Монголын боловсрол, батлан хамгаалах, хэвлэл мэдээлэл, төрийн байгууллагуудын зурвас боловч даацтай түүхүүдийг хүүрнэнэ. Бүгдийг нь нийлүүлж уншвал орчин үеийн Монголын түүхийн нэгээхэн хэсэг гараад ирнэ.

Энэ ном дээрээс анзаарах бас нэг чухал зүйл бол Д.Баярхүү гуайн бичих авьяас. 550 хуудсын туршид хүнийг уйдахгүйгээр амьдралаа хүүрнэнэ гэдэг хүн болгоны чадах зүйл биш. Түүний дээр Египетэд эх орноо төлөөлөн суугаа элчин сайдын их ажлын хажуугаар бичсэнийг нь бодвол тэрээр огт зүдрэлгүй бичдэг болов уу. Тэгсэн мөртөө дурсамж дээрх өнгөрсөн 50 жилийн хугацаанд болсон бүх үйл явдлууд огноотойгоо, бүх хүний нэр овгийн эхний үсэгтэйгээ. Үр дүнд нь уг бүтээл магадгүй Монголд гарсан хамгийн нямбай, хамгийн уншууртай дурсамжийн ном болсон байх.

“Үнэндээ бол тэр олон сайхан хурандаа, дэд хурандаа, хошууч нарын энгэрт гялалзах цагаан ромбоны цаана армийн хоцрогдол, харанхуйтал, явцуурал, хүнийрхэл намайг угтсаныг очсоныхоо маргаашаас л мэдэрсэн юм. Тэр үеийн ойлголтоор бол цэргийн дарга гэхээр хөрслөг бор, гүжирмэг, хар царайтай, хээ шаагүй эрс нүднээ буудаг бол нимгэн шар царайтай, нүдний шилтэй, цэвэр цэмцгэр, туранхай, цоо шинэ, залуухан дэслэгч яваад очно гэхэд цэргийн дарга нар шоочилж, егөөдөж, бас басамжилж их л юм болно доо. Нүдний шил гэснээс түүгээрээ мөн ч их ороогдсон доо. Нүдний хараа, эрүүл мэнд гэх наад захын ойлголт байхгүй. ‘Наад шилээ авч далд хий!’ гэх хэрцгий командыг жагсаалын бэлтгэлийн үед бишгүй нэг сонсож байсан ба Монгол ардын хувьсгалын 60 жилийн ойн баярын парадад жагсахдаа яг ийм командаар бунхант индрийн өмнүүр хар зөнгөөрөө, мөрөө алдчихгүй, нүдээ анивчлаад л гишгэж явлаа.”

Бэлтгэсэн Т.Нагаанбуу 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
2
2024.03.12
Будапештын тэмдэглэл
3
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0