Хайх зүйлээ бичнэ үү

Фэйсбүүкт “Болохоо байлаа, баларлаа” гэдэг хүн угаас тэр биш.

Энэ хүн их дургүй юм аа. Бултаад л, хойшлуулаад л. Ярилцлага дундаас орхиод явчих вий гэмээр ойлгомжгүй ч этгээд. Бас ажиглаад л баймаар төрх, яриулаад л баймаар ярилцагч. Бүтээлүүдийг нь үзэхэд “Энэ хэн хийчихсэн бэ” гэсэн асуулт дагадаг. Далайцтай ч ажиллах юм, тодоор туурвигч их өөр байх юм. Гэвч... яаж ингэж чимээгүй амьдардаг юм бол, “бэртэгчин” юм уу? Үгүй дээ, фэйсбүүкт “Болохоо байлаа, баларлаа таминь ээ” гэж хашгирдаг төрлийн хүн угаас тэр биш. Оюун санааны, уран бүтээлийн талбар дахь 70-аад оныхны хүчтэй төлөөлөл. Түүний тэмцлийг тэр хавиас харж болно. “АртЛар Хаус” студийн продюсер, кино зохиолч, найруулагч Баатарын Бадрал. 

-Таны хамгийн сүүлд хийсэн “Алдуул модны эрэлд” баримтат кино үзэгчдийн хүртээл болоод удаагүй байна. Таван тансаг идээний дээж оргилон байдаг гэх тэрхүү модны тухайд түүхэн эх сурвалжийг дагаж, ингэхдээ түүхчдийн судалгааг нотлох гэж эрмэлзсэн, бас эргэлзэж ч үзсэн олон мэдрэмжийнхээ дунд та энэ киног хийжээ. Одоо нэгэнт кино бүтээгдсэн хойно мөнөөх алдарт мод хаахна алдуурсан байж болох оньсого тааварт Та хувь хүнийхээ хувьд өөртөө хариулт олсон болов уу?

-Мэдээж, Хархорум хотод Монголын их хаадын ордонд сүндэрлэж байсан “Мөнгөн мод” бол оньсого таавар дагуулсан сонирхолтой түүх. Энэ түүхтэй холбоотой боломжтой бүх мэдээ баримт болон өөрсдийн тааврыг кинонд бүгдийг харуулсан. Нэмж хэлэх зүйл байхгүй гэсэн үг л дээ. Гэхдээ “Алдуул модны эрэлд” кино бол зөвхөн Мөнгөн модны тухай биш юм. Мөнгөн модыг эрж хайж буй мэт адал явдалт гэмээр зохиомжоор Монголын эзэнт гүрний нэгэн цагийн түүх, алдарт нийслэл Хархорум хотын ач холбогдол, түүхэн үүргийн талаар өгүүлэхийг зорьсон. Мөнгөн модыг агуулж байсан Хархорум хот бол Монголын Эзэнт гүрний бэлгэ тэмдэг. Харин Эзэнт гүрэн бол монголчуудын эв нэгдэл, дэлхийг түвшитгэх их оюун санааны бэлгэ тэмдэг юм. Хархорум хотыг болон суурин дээр нь байгуулагдсан Эрдэнэ зуу хийдийг монголчууд яагаад үеийн үед эрхэмлэж ирсэн, өнгөрсөн түүхээ яагаад бид уудалж судлах, ухаарах ёстой вэ гэдэгт хариулт өгөхийг зорьсон. Бидний өнгөрсөн түүх бол цуутай Мөнгөн модноос ч илүү гайхалтай оюун ухаан, ой той, генд маань байгаа Их Мод юм гэсэн санаа л явж байгаа юм. Бас Өрнө, Дорнын өнгөрсөн хийгээд одоо цагийн ялгаа, нийтлэг болон зөрчилдөөнт тал гээд уран сайхны давхаргууд бий бий.

-Таны ажлын арга барил их өвөрмөц юм. Өөрөө зохиолоо бичиж, өөрөө найруулна. Бас зураг авдаг. Танд өнөө хэр гар нийлж ажиллах итгэлт баг бүрдэхгүй байгаа юм уу? 

-Тантай ганц нэг тааралдах үеэр өөрөө зураг авч байж таарсан учраас тийм бодол төрсөн байх л даа. Тэрнээс ихэнх киноны маань зургийг мэргэжлийн зураглаачид авдаг. Ер нь телевиз, дэлгэцийн салбарт хэн ч юу ч хийгээд явах боломжтой, харин зургийг бол зөвхөн зураглаач л авдаг гэсэн хууль байдаг юм. Тэр дагуу манай кинонуудад зураглаачдын том баг ажилладаг. Ингэж байж л гайгүй юм гарна. Зураглаачдын хувьд Г.Баттулга, Д.Цэрэнчимэд гэсэн хоёр хүнтэй л голчлон ажилладаг даа. Бид 25 жил хамт ажиллаж байна. Асар туршлагатай мэргэжлийн уран бүтээлчид. Өөр бас найруулагч, дууны талынхан, графикчид гээд далд фронтын том баг байлгүй яахав.

Зохиолоо өөрөө бичихийн хувьд бол яахын аргагүй тийм. Гол ажлуудын зохиолыг дандаа өөрөө бичдэг. Анхнаасаа зохиол бичиж байх явцад л найруулга, зураг авалт, эвлүүлгийн чухал шийдлүүд хийгддэг учраас энэ нь ажиллах арга барилын маань нэг онцлог гэх үү дээ. Бас давуу тал. Тэгээд ч бид баримтат киноны зохиол дээр “фирменный” гэмээр тусгай шийдлүүд хийдэг. Үүнийг тэр болгон хүн хийгээд байх боломжгүй.

Кино маань ер нь хөлснөөс гадна нулимсаар бүтээд байна даа гэж бодох болсон. Сүүлдээ бүр цусаар, насаар бүтээд байгаа ч юм шиг. Тэгж л бид ажилладаг.

-“Хубилай хаан хувилгаан салхи”, Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Пагмадуламын тухай “Бүрхэг шөнийн тэргэл саран” бүрэн хэмжээний баримтат кино, Ардын жүжигчин, морин хуурч Ц.Батчулууны “Хуур богд”, Ардын жүжигчин, Төрийн шагналт Ж.Чулууны “Яруу тунгалгийн цоморлиг”, Ардын жүжигчин Г.Равдангийн “Үг номхруулагч” хөрөг, “Тусгаар тогтнолын товчоон” цуврал баримтат кино зэрэг түүх, соёлын чиглэлээр дэлгэцийн олон арван баримтат бүтээлээрээ үзэгчдийн эчнээ шүтээн болсон кино зохиолч, найруулагч хүн шүү дээ. Энэ бол Баатарын Бадрал юм байна гэх онцлогийг хамгийн их гаргасан, ур чадварыг тань бүрмөсөн шавхсан ажлаа нэрлэхгүй юү, бас яагаад?

-Таны нэрлэсэн кинонууд бүгд тийм. Аль аль нь тархи зүрхнийнхээ байдаг л хүчийг шавхаж хийсэн ажлууд. Эндээс он цагийн хувьд хамгийн анхных нь “Бүрхэг шөнө” юм уу даа. Энэ киног хийсний дараа дахиж л ийм нүсэр юмтай зууралдахгүй юм шүү гэсэн бодол төрж байсан. Гэвч хашраагүй л байдаг. Удалгүй дараагийнхыг нь барьж аваад нухдаг. Хамаг мэдрэл, сэтгэлээ л зориулдаг юм уу даа. Тэгж л бүтдэг. Тэгж байж хүнд хүрдэг байх. Тэгээд л, кино маань ер нь хөлснөөс гадна нулимсаар бүтээд байна даа гэж бодох болсон. Сүүлдээ бүр цусаар, насаар бүтээд байгаа ч юм шиг. Тэгж л бид ажилладаг.

Миний кинонуудын бүгдээс нь л Баатарын Бадрал гэж хүн харагдах байх. Гэхдээ киноноос хийсэн хүн нь, “Би” харагдах чухал биш. Дээр нэрлэсэн кинонууд бүгд олон янзын сэдэвтэй. Гэхдээ нэг л зүйл тэднийг нэвт нэгтгэж байдаг. Энэ нь “Хүний тухай” сэдэв. “Монгол хүний тухай”... Бид монгол хүний язгуур мөн чанарыг магтан дуулах шинэ туурвил зүйг баримтат кино урлагт эрэлхийлж байгаа юм, эцсийн эцэст. Олж ч байгаа гэж бодож байна.

-Баримт гээч үргэлж сонирхолтой байдаггүй. Гэвч баримтат киног үзүүштэй хийхийн тулд, үзэгчийг дэлгэцийн өмнө уяхын тулд Та яаж ажилладаг вэ? Таны кинонууд сэдэв нь сонирхолтой болохоороо л сайн болоод байгаа хэрэг биш юм билээ. Хийц маяг гэж нэг чухал ойлголт байна шүү дээ, түүндээ их учир байх шиг? 

-Ерөөсөө л зохиол. Түрүүнд нэг “фирменный шийдэл” гэж хэллээ дээ. Тэр чинь л явж байгаа юм. Зохиолгүйгээр бид ямар ч киног эхлүүлдэггүй. Эцсийн, бүрэн төгөлдөр зохиол гарч байж л ажил эхэлнэ. Яг адилхан сэдэв, багтаамжтай материал өгөөд хэд хэдэн багаар хийлгэхэд манайх өөр болно. Баталгаатай. Зохиолоо хийх арга барилд байгаа юм. 

Бид баримтат киноны зохиолд уран сайхын киноны зохиол бүтэх дүрэм, зохиомжийн зарчмыг ашигладаг. Нэг ёсондоо энэ зарчмыг баримтат кинонд авчирсан “ШБОС” гэх үү дээ. Уг нь бол ямар ч урлагийн бүтээл, ялангуяа цаг хугацааны гэгдэх, утга зохиол, дуу хөгжим гэх мэтэд энэ зарчмыг баримтлах ёстой. 

Бид кинондоо ямар нэг түүх, үйл явдлын шугамаас гадна, үзэл санаа, гүн ухаан, аллегори, уран сайхны шийдэл гээд олон давхаргыг шигтгэж өгдөг. Заримыг нь энгийн үзэгчид байтугай, мэргэжлийн хүмүүс ч анзаарахгүй л байх. Орчин үеийн урлагийн бүтээл нэг чигт зангидсан ийм олон давхаргагүй л бол явахгүй, бүтээл болохгүй.

-Яг ямар зохиолыг эцсийн, бүрэн төгөлдөр гэж үзээд, та нар ажлаа эхлүүлдэг юм бэ. Мөн найруулгын ажлын тухайд..? 

-Энэ чинь аль Аристотелийн “Туурвил зүй”-дээ анх гаргасан мөнөөх л гурван хэсэгт драмын зарчим шүү дээ. Хэчнээн ч онол гарсан бай Аристотелийн драмын зарчим хэвээрээ л байна. Архимедийн хууль шиг л. Үүнийг ойлгохгүй бол баримтат кино ч, уран сайхны кино ч явахгүй. Манай уран сайхны кинонуудын хамгийн гол сул тал нь ерөөсөө тааруухан зохиол.

Бидний баримтат киноны нэг онцлог нь Аристотелийн “драмын зарчмыг” нарийвчлан боловсронгуй болгосон уран сайхны кино зохиол бичих зарчмыг баримталдагт байгаа юм. Үүнд, мөн одоогийн Холливудад баримталдаг зарчим ч орно. Тэгээд л анхнаасаа үзэгчийг дэлгэцнээс салгахгүй байх зарчмаар бичигдсэн зохиолд тулгуурлахаар хүмүүст сонирхолтой юм гарч л таарна шүү дээ.

Найруулгын тал дээр бол нэг их овойж оцойх юм байхгүй ч шийдлүүд бий бий. Дор хаяад бид кинондоо зөвхөн ямар нэг түүх, үйл явдлын шугамаас гадна, үзэл санаа, гүн ухаан, аллегори, уран сайхны шийдэл гээд олон давхаргыг шигтгэж өгдөг. Заримыг нь энгийн үзэгчид байтугай, мэргэжлийн хүмүүс ч анзаарахгүй л байх. Орчин үеийн урлагийн бүтээл нэг чигт зангидсан ийм олон давхаргагүй л бол явахгүй, бүтээл болохгүй. Синтезтэй гэсэн үг. Гэхдээ хамгийн гол зарчим нь мэдээж, сонирхолтой байх явдал. Энгийн хүнд ч сонирхолтой байх, мэргэжлийн хүн ч нэг юм олж хардаг байх, дээр нь философ шигтгэх гээд... нэг тийм “зальтай зарчим” баримталдаг гэх үү дээ. Энэ зарчим урлагт, ялангуяа, уран зохиолд заавал байх ёстой юм. Умберто Эко “Уран зохиол юуны түрүүнд сонирхолтой байх ёстой. Дараа нь тэр олон “изм”-үүдээ шигтгэ...” гэх ухааны юм хэлснийг би их эш татаж, баримтлах дуртай.

Ер нь миний эхэлж эзэшсэн мэргэжил бол хэл шинжээч, утга зохиол судлаач юм шүү дээ. Хэл шинжлэл хамгийн системтэй шинжлэх ухаан. Тэр бүү хэл, хэлний систем өөрөө хүний сэтгэхүйн системийн суурь болдог. Их сургуулийн агуу багш нар маань, нэн ялангуяа, М.Базаррагчаа багш бидэнд системтэй сэтгэх, “бүтэц зүй” буюу “структуралист” сэтгэлгээг маш сайн суулгаж өгсөн нь одоогийн мэргэжилд маань маш их хэрэг болдог доо. Ер нь найруулагч хүн гоо зүй, урлагийн түүхийн системтэй боловсрол, философийн түүх болон өнөөгийн хандлагын талаар ойлголтгүй, юм уншиж хардаггүй бол орчин үед явахгүй шүү. Одоо нэг л их “дипломгүй ч явна” гэх уран бүтээлч олширч. Дипломгүй байж болно. Харин системтэйгээр олж хүртсэн боловсролгүй бол яагаад ч явахгүй. Цаг уурчийн ч хамаагүй системтэй боловсролтой байж уран бүтээлч системтэй сэтгэнэ. Ялангуяа, найруулагч. Энд “цаг уурчийн” гэж уран бүтээлээс хол мэргэжил байж магадгүй гэж бодсон учраас л жишээ болголоо шүү, тэрнээс үл тоомсорлосон хэрэг мэдээж биш.

 “Энэ чинь юу билээ?.. – Чайковский... Римский-Корсаков... Шехеразада ш дээ... – Аа тийм...” Ийм л яриа мэдээ орсон цагаас минь хойш энгийн юм шиг өдөр тутам өрнөнө.

-Та бол удам судартаа урлаг, уран бүтээл туурвин амьдарч буй гурав дахь үеийн хүн. Таны өвөө “Учиртай гурван толгой” дуурийн хамгийн сайхан Юндэнг бүтээсэн БНМАУ-ын гавьяат жүжигчин Ц.Дагванамдал. Эмээ тань мөн л сонгодог урлагт бүх амьдралаа зориулсан БНМАУ-ын гавьяат жүжигчин, хийлч Л.Аюуш. Таны аав Д.Баатар дуурийн театрын хөгжимчин, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хүн. Хүн бүрт ийм хувь тохиол таарахгүй. Ийм гэр бүлд төрж өсөх, мөн үргэлжлүүлэх намтар ч ховорхон байдаг. Та хүүхэд насандаа үзсэн, дуулсан гайхамшгуудаасаа ярь л даа. Таныг бий болгосон тэр урлагийн гэр бүл, орчин тойронд ямаршуу яриа хөөрөө, үйл явдал, зовлон жаргал байсан бол оо?

-Зөвхөн өвөө эмээ төдийгүй аав ээж, ах эгч гээд олон хүн урлагийн салбарынх, тэр дотроо, сонгодог урлагийн хүмүүс. Өвөө маань Юндэнгийн дүрд 1000 гаруй удаа тоглосон. Энэ бол ерөөс дуурь төдийгүй дэлхийн аль ч урлагт аварга амжилт. Эмээ олон жил симфони оркестрын концертмейстер буюу тэргүүн хийлч байсан. Зүгээр ч нэг урлагийн хүмүүс биш гэсэн үг. Ерөөсөө л энэ хүмүүсийн орчин намайг хүн болох суурийг тавьсан. Манайхны ярьдаг л юм сонгодог дуу хөгжим. Гэрт хэн ч юу ч хийж байсан, ямар нэгэн баярт бэлтгээд завгүй үймэлдэж байсан ч радиогоор ч юм уу, телевизээр ч юм уу ямар нэг сонгодог хөгжим дуугарахад “Энэ чинь юу билээ?.. – Чайковский... Римский-Корсаков... Шехеразада ш дээ... – Аа тийм...” Ийм л яриа мэдээ орсон цагаас минь хойш энгийн юм шиг өдөр тутам өрнөнө. Тэгэхээр яах аргагүй өөр орчин юм даа.

Тэгээд л хөлд орсон цагаасаа л дуурийн театрт. Үзээгүй дуурь балет ч байхгүй. Үзэхдээ бүр оркестрын яаманд удирдаачийн хажуугийн туслахын модон хайрцаган дээр, эмээгээ хараад сууна. Гурван цагийн турш дуурь явж байхад 4-5 настай хүүхэд үймүүлэлгүй томоотой л суудаг байсан байх нь. Тэгээгүй бол тэнд хэн дандаа суулгах вэ дээ. Ингэж өссөн нь, мэдээж, маш их нөлөөлсөн байж л таарна.

Бас маш хүчтэй нэг дурсамж байдаг. Ухаан нэлээд орсон гэхээр 80-ад оны эх юм даа. Цагаан сар тэмдэглэх хориотой үе. Аав ээжтэйгээ хамт амьдардаг, миний өссөн өвөө эмээгийнх Цагаан сар маш өргөн тэмдэглэнэ. Дүүрэн зочин цуглана. Өвөө Ц.Давганамдал, эмээ Л.Аюуш, нөгөө эмээгийн дүү П.Цэвэлсүрэн, өвөөгийн дүү хийлч, шанзчин С.Мядагбадам гээд зөвхөн гавьяат цолтнууд нь энэ. Тэгээд л “Учиртай гурван толгой”-н Найрын дуу, “Жаргалын зам” гээд л байшин доргитол авна даа. Давхар хоёр хийл тоглоно. Юндэн, Нансалмаа хоёр нь хоёулаа байгаа юм чинь. Юун хориотой Цагаан сар. Тэр үед чинь, Шинийн нэгний өглөө хэргээр лекц зарлаад “Ирээгүй оюутнуудаар  хальж хөлдсөн бохир лоомдуулж байна, тэр нь нүүр ам руу үсрээд”... гээд л, жишээ нь, Хөдөө Аж ахуйн дээдээс эгч маань ирээд хэлж байсан тийм л үе шүү дээ. 

Иймэрхүү гайхамшигтай дурсамж зөндөө, зөндөө... Хамгийн гол нь урлагийн гэр бүлд өсч хүмүүжсэн нь одоо хийж байгаа ажилтай шууд холбоотой, бүр давуу тал болж байгаа нь сайхан. Түрүүн дурдсан, Ж.Чулуун гуайн тухай “Яруу тунгалгийн цоморлиг” гээд кино хийлээ. Ж.Чулуун гуайг дохиж байхад би хажууд нь нөгөө хайрцган дээрээ суугаад хараад л байж байсан хүүхэд. Ц.Батчулуун ахын тухай хийсэн. Бас л хар багаасаа мэднэ. Намайг үнсье гэчихээд хацраа өгөхөөр дандаа хаздаг. Дараа нь үнсүүлэхгүй гэхээр “Одоо ёстой хазахгүй” гэж байгаад дахиад л хазна. Манай аав ээж хоёрын ангийн хүүхэд л дээ. Энэ мэтээр өөрөө сайн мэдэх, бүр “хазуулж” байсан учраас тухай нь юм хийхэд их дөхөмтэй, тэр хүмүүсийг илүү ойлгох ч юм уу... Заавал ийм дотно байж хөргийг нь хийх ёстой гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ л том давуу тал.

“Яруу тунгалгийн цоморлиг” кино Ж.Чулуун гуайн хөрөг нэртэй ч Монголын сонгодог урлаг, хөгжмийн түүх тэр чигээрээ бий. Тэнд гарч байгаа бараг бүх хүмүүсийг мэднэ, уулзаж, үнсүүлж байсан учраас хийхэд ч урамтай. Ядаад л нэг фото байлаа гэхэд “Энэ нь одоо хэн юм бэ?” гээд төөрөөд давхиад байхгүй шүү дээ. Тэр кинонд гарч байгаа олон үйл явдлын гэрч нь би өөрөө байсан. Сонин шүү дээ... 1940-өөд онд Цагаан сарын битүүнээр Ц.Намсрайжав гуай удирдаад “Учиртай гурав” тоглох болсон тухай тэр кинонд гардаг. Тэгээд хөгжимчид хуйвалдаад, “эртхэн битүүлье” гээд ганц нэг үзэгдлийг нь товчлоод гурван цаг тоглодог дууриа хоёр цагт багтаагаад тарсан тухай гардаг. Яг ийм явдлын гэрч би болсон юм. 1970-аад оны сүүл байх. Би их жаахан байсан. Яг Цагаан сараар “Учиртай гурав” үзэж байсан юм. Урт жүжиг л дээ. “Хамгийн урт жүжиг” гээд тийм жаахан мөртлөө мэддэг. Аав, эмээ өвөө энэ тэр илүү оройтож ирдэг юм чинь. Тэгсэн чинь арай хурдан дуусчихлаа. Харих замдаа эмээ хүнтэй ярьж байгаа юм. “Манайхан жаахан эртхэн таръя л даа гэсэн чинь Ж.Чулуун багш “Тэгвэл жаахан хурдхан явчихъя” гээд арай хурдан дохисон. Тэгээд эрт тарлаа” гээд. 20-30 минут лав хэмнэсэн байх, жаахан хүүхдийн баримжаагаар шүү дээ.

Бас Ж.Чулуун гуайн кинон дээр цэрэгт гэнэт татагдсан хөгжчимчдөө араас нь явж буцааж авчирсан тухай гардаг. Манай аав гэнэт цэрэгт татагдаад эргээд сайдын унаагаар ирж байсан юм чинь. Халзан толгойтой.

Ингээд бодохоор үнэхээр гайхамшигтай. Үүнд оролцож, гэрч болсон нь бас л их аз. Би анх тайзан дээр гарахдаа Дуурийн театрын тайзан дээр гарсан хүн шүү дээ. Таван настай байхдаа “Чио Чио сан”, “Тэмцэл”-д гарч байсан. “За өвөө чинь хамт байна шүү. Битгий өвөө рүүгээ хараад байгаарай” гэж аав захисан. Тэгээд л гүрийгээд өвөө рүүгээ харахгүй байж байгаад л дуусгаж байсан. Тэгж гарч байснаа бүр маш тод санадаг. Тэгэхээр тэр тайзны үнэр бол миний мэдэхийн дээдээр мэдэх зүйл юм. 

-Одоо танайхнаас урлагийн гэр бүлийнхээ удам судрыг үргэлжлүүлж буй дөрөв дэх үе төрөн гарав уу?

-2000-аад оны эхээр манайхнаас Дуурийн театрт бараг хүн байхгүй болчихоод байсан үе. Ах, эгч хоёр маань л байсан байх. Би ч театраар нэг их орж гарахаа больчихсон. Нэг удаа орж бичлэг хийх гээд хуучныг дурсаад, “Энэ театртай холбоотой манай гэр бүлийн түүх ч ингээд өндөрлөж байна даа” ухааны юм бодоод зогсож байтал тайзан дээр “Щелкунчик”-т дүүгийн маань охин Машад гараад гялалзтал бүжиглэдэг байгаа. Сэтгэл маш их хөдөлсөн. “За даа, түүх ч дуусах болоогүй байна даа” гэж бодоод л... Тэгж байтал аав ч эргээд үргэлжлүүлэн ажилласан, би ч элдэв киноны ажлаар байнга л орж гарч байна.

Одоо манай охин гэхэд л Монгол Улсын Консерваторт хийлийн ангид сурч байна. Буурай эмээгийнхээ хийлийг албан ёсоор өвлөөд авчихсан. Надад ч гэсэн Монголын сонгодог урлагийн тухай хийх, хэлэх зүйл маш их байна, урт хугацааны төлөвлөгөө байна. Удам, угсаа, өв залгамжилсан хүмүүжил гэдэг үүгээрээ л гайхамшигтай байх даа.

-Та бол гурав дахь үедээ Улаанбаатар хотод амьдарч буй унаган хотын иргэн юм байна шүү дээ. Таны мэдэх Монголын хүрээ соёлын сайхан нь юундаа байдаг бол? 

-Өвөө эмээ нар маань 40-өөд оноос хотод ирж суурьшсан хүмүүс. Яахын аргагүй энэ хоттой бүхий л амьдрал маань холбоотой. Энэ хотдоо хайртай. Би чинь гадаадад ч тэр, хөдөө ч тэр 20 хоногоос илүү байж чаддаггүй, үзээ ч үгүй, хотоо санаад байдаг амьтан. Тэгэхээр хотынхоо тухай ч юм хийх төлөвлөгөө бий.

Харин Хүрээ соёл гэдэг тэс өөр юм шүү. Улаанбаатар хотын соёл нэг ондоо. Сонгодог Хүрээ соёлын төгсгөл үе бол 30-40-өөд он. Араас нь залгасан Улаанбаатар хотын соёлд бол хүрээнээс зөвхөн бүдэг улбаа л бий. Яагаад ингэж хэлж байна гэхээр Хүрээ соёлыг би их сонирхдог, гэхдээ ултай судалж амжаагүй байна. Гэхдээ алдаг оног таарсан мэдээ баримтыг үзэхэд тэс өөр орчин, харилцаа байсан юм билээ. Зүгээр нэг одоо дуулах гээд байгаа Хүрээ дуу мэтээр төсөөлөхийн аргагүй. Дор хаяад л, Ж.Дорждагва гуайн яриа, дурсамжийг анхааралтай, мөр хооронд нь уншихаар тэс ондоо ертөнц байсан нь мэдрэгддэг. Үнэт зүйлсийн тогтолцоо нь өөр гэх үү дээ. Маш эрхэмсэг, энгийн атлаа өвөрмөц. Зарим талаараа хатуу харгис мэт ч их талбиун. Үүнд, уугуул монгол ухаан, ёс зүйн том уламжлал байдаг. Тэгэхээр, Хүрээ соёлын тухайд надад олигтой хэлэх зүйл алга, харамсалтай нь.

Харин хотын соёл бол тэс ондоо зүйл. Тэр бүү хэл, монголчууд зөвхөн 90-ээд оны сүүлээр сонгодог хоттой болсон гэж би боддог. Гэхдээ энэ бол өөр ярианы сэдэв байх аа.

Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн, Шадавын Лувсанвандан нарын мэргэдээр хичээл заалгах хувь тохиогоогүй ч тэр агуу хүмүүсийн яг гарын шавь нараас эрдэм сурсандаа насан туршдаа бахархаж явдаг. С.Дулам, Ч.Билигсайхан, Д.Галбаатар гээд луугаруудын шавь хүн дээ, би.

-Та орос сургууль төгссөн хүүхэд. Тэгээд МУИС-ийн Монгол хэлний ангид элсэн орсон нь зүгээр л нэг хийсэн сонголт биш байх. Та нэг бол “арын хаалгаар” орсон, эсвэл үнэхээр хүсэж зорьж элссэн байх? Таны оюутан байсан 1991-1995 он бол нийгэм маш эмх замбаараагүй байдалтай болсон оргил үеийн эх. 18 настайдаа золгосон энэ цаг үеийнхээ, нэгэн үеийнхнийхээ тухай дурсахгүй юү?

-1991 онд дунд сургуулиа төгссөн. Тэгээд МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангид орсон. Миний арван жил төгссөн 23 дугаар сургууль арай өөр сургууль байсан юм аа. Тухайн үед байсан Зөвлөлтийн бусад сургуулиас ялгаатай. Манай сургуульд Зөвлөлтийн сургуулийн хөтөлбөр бүрэн үзнэ. Зэрэгцээд Монголын ерөнхий боловсролын хөтөлбөрийг ч бүрэн үзнэ. Бараг хоёр дахин их ачаалалтай гэж болно. Хэл, уран зохиол, түүх, газар зүйн хичээлүүд хоёр хэлээр хоёр хөтөлбөр орно гэхчлэн. Монгол хэлний сургалт маш сайтай. Ахлах ангид Г.Жавзанжав гэж сайн багш маань монгол хэл, уран зохиол руу эргэлт буцалтгүй уруу татсан. Угаасаа ахлах ангидаа мэргэжлээ уран зохиол, сэтгүүл зүй гээд тогтчихсон байсан учраас миний хувьд сонголт тодорхой байсан.

Бас манай сургуульд Оросын уран зохиолыг маш сайн заадаг байсан. Сайн багш нартай. Тэр үед л уран зохиолын задлал, шүүмж гэгч зүйлсийн суурийг тавьж өгсөн. Их сургуульд ороод эхэн үедээ шинэ зүйл олж сонсохгүй явж байсан үе бий. Мэдээж, дараа нь сургалт гүнзгийрсэн нь ойлгомжтой.

Их сургуульд ороход ёстой юуны “арын хаалга” байх вэ. Харин ч түүхэн дэх хамгийн анхны төлбөртэй оюутан болсон. Уг нь конкурст 13-т жагссан л даа. Тэр жил бүх хэлийг нэгтгээд нэг элсэлтээр авсан. Хотоос долоон хуваарьт сонгон шалгаруулсан. Гадаад хэлний анги, монгол хэлний ангид элсэх хүүхдүүдийг хамтад нь шалгаад эхний долоон хүүхдийг улсын зардлаар авсан гэсэн үг. Миний өмнө жагссан хүүхдүүдээс нэг нь ч Монгол хэлний ангид орох төлөвлөгөөтэй байгаагүйг сүүлд мэдсэн. Тусад нь авсан бол монгол хэлний хоёр хуваарийн нэгийг авчих байсан байх. Гэхдээ төлбөртэй орж болно гэхээр нь 12 500 төгрөг төлөөд орж байлаа. Тэгээд жил бүр төлбөрөө төлөөд сурсан.

90-ээд он бол яах вэ дээ, бужигнасан л үе. Хомсдол нүүрлэсэн, эмх замбараагүй гээд юм юм бий. Уран зохиолын төрөл зүйлээр бол “эмгэнэлт баатарлаг” цаг үе юм уу даа. Тэр цаг үеийг туулснаараа, гэрч нь болсноороо бахархдаг. Бид бол сурахдаа л анхаарч, насан туршийнхаа боловсролын суурийг тавьж чадсан. Энэ цаг үеийн ээдрээтэй, оргилуун харилцааг ямар нэг хэмжээгээр буулгаж үлдээх төлөвлөгөө бий. Ер нь бол тэр үед картын барааны үеийг даваад туулсан хотын гэр бүлд бол өнөөдрийн хөл хорио энэ тэр бол зүгээр “чихрийн цаас”, рашаан сувилал төдий юм гэж боддог доо.

Харин миний хувьд монгол хэлний ангид орсон нь хамгийн зөв сонголт байсан. Бүгд л гадаад хэл, эдийн засаг гэдэг байсан шүү дээ. Их сургууль хувь хүн болж төлөвших, монгол соёлын төлөө зүтгэх үзэл бодлыг минь эргэлт буцалтгүй хурцалж өгсөн. Гайхамшигтай багш нар байсан шүү дээ. Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн, Шадавын Лувсанвандан нарын мэргэдээр хичээл заалгах хувь тохиогоогүй ч тэр агуу хүмүүсийн яг гарын шавь нараас эрдэм сурсандаа насан туршдаа бахархаж явдаг. С.Дулам, Ч.Билигсайхан, Д.Галбаатар гээд луугаруудын шавь хүн дээ, би.

-Ер нь “далаад оныхон” буюу Таны үеийнхэн өнөөгийн нийгэмд ямар байр суурьтай байна гэж боддог вэ. Тэд үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?

-“Нурууг нь авсан” гэдэг шиг асуулт юм даа. Хэн ч, юу ч гэж ярьж байсан, аль ч салбарт хамгийн жинтэй, даацтай зүйлийг бүтээж, ачааны хүндийг үүрч байгаа хүмүүс нь 70-аад оныхон. Угаасаа хүний нийгмийн тогтолцооны онцлог нь тийм юм. Тэгээд дараагийн үедээ удахгүй байраа тавьж өгнө. Одоо манай сургуулийн, бүр манай төгсөлтийн Я.Содбаатар гэхэд л элдвээр хэлүүлээд л УОК-ийг удирдаж явах жишээтэй.

Харин одоо ажиллаж, амьдарч байгаа энэ олон үеийнхнийг хооронд нь сөргөлдүүлэх хандлага ер бусын хүчтэй байгаа нь ажиглагдаж байна. Угаасаа үе хоорондын зөрчил их бага хэмжээгээр хүний түүхийн туршид байсаар ирсэн. Ялангуяа үзэл бодол, соёлын түвшинд. Энд соёл гэж нийгмийн том салбарынх нь хувьд хэлж байна л даа. Харин өнөөдөр бол манайд энэ зөрчлийг хиймлээр хурцатгах, бие биеэ үл хүлцэх хандлагыг зохион байгуулалттайгаар дэвэргэж байна л гэж харж байна. Энэ нь 90-ээд оноос нийгмийн боловсрол, нийгмийн ухамсрын тогтолцоог хэргээр бусниулж эхэлсэнтэй холбоотой явуулгын нэг илрэл юм. Цаад зорилго нь нийгмийн уламжлалт үнэт зүйлсийн тогтолцоог эвдэх бодлого гэж хардаж байгаа. Гэхдээ тэгж их амархан эвдэгдэхгүй л дээ. Тэгэхээр нэг их эмзэглэхгүй байна. Тэгээд л сөрөг арга хэмжээ маягаар одоо энэ ажлуудаа хийгээд байгаа хэрэг л дээ.

Иймэрхүү үзэл түүхийн туршид гарч, үүнийг нь шүүмжилж, гай гамшгийн шалтгаан болгож байсан явдал бий л дээ. “Сэхээтний бэртэгчин үзэл” ч гэх юм уу... Бүр “Богемынхон” гэх ойлголт ч байна шүү дээ. Гэхдээ энэ арай өөр юм. Нийгмийг өөрчлөх өөрийн аргаараа л тэмцье. Хийж байгаа юмаараа ойлгуулъя. Тэр юмнаас маань нэг ч гэсэн хүн, залуу оюун ухаан зөв бодолтой болог... гэж.

-Урлагийн гэр бүлээс гаралтай хүн гэр бүлийнхээ өмнө ямар нэр төр, үүрэг хариуцлагыг үүрч, тээж явдаг бол. Тийм хүмүүс амьдарч буй нийгэмдээ бусдаас арай өөр оршихуй, нөлөөллийг бий болгох нь бидний хүсэж мөрөөдөөд, эрж хайгаад байдаг сэхээтэн байх тухай ойлголт мөн үү?

-Ямар ч хүн гэр бүл, нийгмийнхээ өмнө хариуцлага хүлээдэг байх ёстой. Тэр л нийтлэг зарчмаар явж байгаа. Эмчийн гэр бүл, багшийн гэр бүл гээд бүгд л онцлогтой байх. Яахав, урлагийн гэр бүлийн уламжлалаа дагаад онцлог гэж байна л даа. Дор хаяад л урлагтай холбоотой удам угсаагаа залгамжлуулахгүй юм аа гэхэд үүх түүхээр нь бахархах сэтгэлийг уламжлуулах гээд. Удам угсааг нь мэдрүүлэх, таниулах гээд. Харин нэгэнт өв залгамжилж байгаа бол түүнтэй холбоотой ёс зүйг ойлгуулах ёстой гэх мэт зүйл байна л даа. Жишээ нь, мэргэжлийн хөгжимчний сургалт ганцаарчилсан хэлбэрээр явагддаг. Энэ үед багшийн тавьж байгаа шаардлагыг хүлээн авах, үгийг нь даах, тэр бүү хэл, уурлах, загнахыг ч хүлээж авч чаддаг байх ёстой гэх мэт. Багш цохиод авсан ч болно. Одоо бол “пай пүй, хүүхдэд гар хүрлээ” гэх байх. Гэтэл багш уур уцаараасаа биш үнэхээр заах сургах эрмэлзлээсээ тэгсэн байж болно. Тэгдэг, угаасаа. Энэ бүхнийг урлагийн хүн болох гэж байгаа хүн даадаг байх ёстой. Ингэснээрээ цаашид үг даадаг, хатуужилтай болно. Ер нь хатуужил бол үр хүүхэддээ суулгах ёстой хамгийн чухал чанар. Энэ мэт зүйлсийг хүүхдүүддээ захиж, ойлгуулна шүү дээ.

Манай бас нэг охин мэргэжлийн балетад явдаг байсан. Бас л хүнд, чанга сургалт. Шаардлага өндөртэй. Тэр охиндоо ч би бас энэ бүхнийг захиж ойлгуулдаг байсан. Хажуугаар нь хөгжмийн боловсролд нь нэмэр болохыг хичээнэ. Би багадаа аав ээжээсээ яаж хөгжмийн тухай мэдлэг авдаг байсан тэр л жишгээрээ хөгжим сонсгох, ойлгуулах гээд хариуцлага их. Хүүхдийг зүгээр хаяж болохгүй шүү дээ. Ямар ч байсан чи хөгжмийг сонголоо, тэгэхээр хөгжмийн зүтгэлтэн болно, түүнд хэрэгтэй мэдлэг, хүмүүжлийг олж авах ёстой гэж сургахыг хичээдэг.

Урлагийн гэр бүлд өссөн маань нийгмийг арай өөрөөр хардаг болж хүмүүжүүлсэн байж магадгүй ээ. Урлагийн хүмүүс илүү сахилга баттай, хатуужилтай байдаг. Баргийн хүндрэл бэрхшээлд шантраад, сэтгэлээр унаад байхгүй ч юм уу. Энэ талаар би их боддог л доо. Одоогийн энэ нийгмийг юу гэж үзэх вэ? Энэ хүндрэл бэрхшээл юунаас улбаатай вэ? Гэхчлэн бодохгүй биш бодно л доо. Гэхдээ их ухаантай нэг хүний хэлсэн үгийг би их бодож, хүлээн авдаг. Тэр хүн “Өнөөдөр Монголд болж бүтэхгүй, бүр бусармаг муухай зүйл маш их байна. Хамгийн харамсалтай нь үүнийг шийдэх гарц алга” гэж. Тэр их зөв хэлсэн. Үнэхээр гарц байхгүй. Үүнийг шийдэхийн тулд маш том цогц өөрчлөлт хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэх боломж бараг байхгүй. Надад бол ингэвэл дээр юм уу гэсэн бодол бий л дээ. Гэхдээ энэ тухай өнөөдөр ярихгүй.

Тэгэхээр өнөөдрийн хүндрэл бэрхшээлийг би тоодоггүй. Мэдээж, улс орон хөгжөөд, ядуу зүдүү хүмүүс багасаад, ажил төрөлтэй хүн олшроод, нийгэмд зөв үзэл бодол түгээд байвал сайхан. Тийм болоосой гэж хүсэж байна. Гэтэл тийм боломжгүй байна шүү дээ. Тэгэхээр нь би энэ нийгмийг байгаагаар нь хүлээн авдаг. Болж байна гэж... Үүнийг тайлбарлая л даа. Гумилёв түүхийг үзэх өнцгөө тодорхойлох ёстой гэж хэлсэн дээ, ямар нэгэн түүхийн асуудлыг авч үзэхдээ. Гумилёвынхоор бол уулын бэлээс нэг өөр, уулын дундаас нэг өөр, уулын оройгоос бүр өөр, шувууны нислэгийн өндрөөс бүр ондоо харагддаг. Тэр түүхийг ингэж хэлсэн. Тэгээд тэр өнцгөө тодорхойлж байж дүгнэлт гаргах гэж... Энийг л их бодоод байгаа юм, сүүлийн үед. Миний хувьд, уулын бэл дэх хүндрэлийг шувууны нисэх өндрөөс харахад бид буруу явахгүй байна. Цаг зуурын хүндрэл бэрхшээл байгаа ч бүхэлдээ бид зөв явж байна. Ямар ч байсан урагшилж байна. Монголын түүх, соёл сэргэж байна. Монголын заяа буян харьчихаагүй байна... гэж харж байгаа. Тэгээд л тайван байна. Тэгээд л жишээ нь, Фэйсбүүк дээр “болохоо болилоо, баларлаа” гэж бичихгүй байна. Тэгж бичиж, тэмцлээ гээд үр дүн гарахгүй, гарах боломжгүй юм чинь... Харин хийдэг ажлаа хийгээд хүмүүст ойлгуулах ёстой зүйлээ ойлгуулаад явж байх ёстой юм байна гэж бодох болсон. Иймэрхүү үзэл түүхийн туршид гарч, үүнийг нь шүүмжилж, гай гамшгийн шалтгаан болгож байсан явдал бий л дээ. “Сэхээтний бэртэгчин үзэл” ч гэх юм уу... Бүр “Богемынхон” гэх ойлголт ч байна шүү дээ. Гэхдээ энэ арай өөр юм. Нийгмийг өөрчлөх өөрийн аргаараа л тэмцье. Хийж байгаа юмаараа ойлгуулъя. Тэр юмнаас маань нэг ч гэсэн хүн, залуу оюун ухаан зөв бодолтой болог... гэж. Үүнийг л Таны хэлсэн тэр “Оршихуй” гэж томъёолж болох юм даа. Энэ нь, мэдээж, миний гэр бүлийн хүмүүжлээс л улбаатай байх л даа. Монголчууд бидэнд түүх байна, гайхамшигт урлаг байна, бид бас яадгаа алдчихаагүй байна гэж... Ингэж л боддог доо.

-Та уламжлалт соёл, тусгаар тогтнол, эх орончдын түүхийг эдүгээ цаг үеийнхэнд зориулан уран бүтээлээ хийж байгаа хүн. Таны бодлоор орчин үед эх оронч байх, эх оронч үзэлтэй байна гэдэг яг юуг хэлж байна вэ?

-Эх орон гэж байдаг. Эх орончид гэж байдаг. Эх оронч үзэл байх ёстой. “Эх орон юунаас эхэлдэг вэ” гэж чин сэтгэлээсээ асууж байгаа бол тэр эх оронч хүн. Мэдээж, маш олон тодорхойлолт байдаг л даа. Эх орон тийм, эх орон ийм, эх орон бол уул ус, хүн, бүх юм гээд л... Гэхдээ нэг л томъёолол надад маш их таалагдсан. Маш зөв санагдсан. Францын суут математикч Анри Пуанкаре ингэж хэлсэн байдаг. “Эх орон бол зүгээр нэг ашиг сонирхлын нийлбэр биш, харин өвөг дээдсийн минь хамгаалж, тэмцэж ирсэн тэр эрхэм нандин үзэл бодол, хүсэл эрмэлзлийн цогц юм” гэсэн утгатай. Тэгэхээр зүгээр нэг уул ус, зүгээр нэг хүн биш. Тэдгээрийг “Миний эх орон юм шүү” гэж бодож байгаа тэр үзэл бодол эх орон юм. Яагаад нэг уулыг хараад “Ай даа, эх орон минь ийм сайхан” гэж бид бодож байгаа юм? Яагаад гэвэл “Энэ эх орны чинь төлөө, энэ уулын чинь төлөө өвөг дээдэс минь тэмцэж ирсэн юм” гэсэн бахархал далд зөн совинд минь байгаа учраас тэр уулаар бид бахархаж байгаа юм. Тэрнээс уул дэлхийн хаана ч байна. 

Бид эх орноо үүхтэй түүхтэй нь, соёл ёс заншилтай нь, тэр баатарлаг эх орончидтой нь мэдэрч, ойлгож чадаж л байвал хаанаас ч, юунаас ч эх орноо олж харж чадна. Хайрлаж чадна. Тэгэхээр эх орноо хайрлахын тулд мэддэг, чаддаг, судалдаг байх ёстой. Боловсорч чадах нь тултлаа боловсрох ёстой гэсэн үг. Боловсрох боломжгүй нь сэтгэлээсээ хайрла. Тэгж сэтгэлээсээ хайрлахад нь туслахын тулд харин боловсорсон хэсэг нь сурсан мэдсэнээсээ хуваалцах ёстой. Ингэж бид эх орноо мэдэрнэ, мэднэ. Ингээд л бид “Монгол хүний язгуур мөн чанарыг магтан дуулах шинэ туурвил зүйн эрэлд” гарсан юм даа...

-Удахгүй он солигдох гэж байна. Таны шинэ жил тэмдэглэж ирсэн уламжлал, мартагдашгүй шинэ жилийн баярын дурсамжаас сонирхмоор байна? 

-Манай үеийнхэн ч хялбархан шүү дээ, нөгөө л мандарин энэ тэрээ ярина... Гэхдээ, юун түрүүнд, энэ чинь гэр бүлийн л баяр. Урлагийн хүмүүс цаг наргүй ажилладаг гэдэг дээ. Манай аав ээж, эмээ өвөө тийм л байсан. Байнга оройтно. Сараар, 45 хоногоор хөдөө бригад яваад өгнө. Хөгжимчид хамгийн цаг наргүй нь. Дуучид дуурьтай үедээ л дуулна, балетчид балеттай үедээ л ажиллана. Хөгжимчид байнга ажилтай. Дээр нь радио, телевиз, киноны бичлэг, концерт гээд байнга завгүй. Харин яг он солигдох мөчид гэртээ ирчихсэн байдаг санагддаг юм. Тэр өдөр тоглолттой байсан ч, мэдээж 00 хүртэл хэн тоглолт үзэхэв, яаж ийж байгаад, хоцроод ч болсон гэртээ ирнэ. Тэгээд л Шинэ жилээ тэмдэглэдэг. Тэр л дурсамж хамгийн нандин даа. Шинэ жилээр хичээл амардаг учраас би голдуу хөгжимчин, дуучин өвөө эмээгийндээ тэмдэглэдэг байсан. Тэгээд л үүр цайх үеэр орос сувгаар гардаг гадаадын эстрад үзэх гээд л... Шинэ жилээр “Ну погоди”-гийн шинэ анги гардаг байсан учраас нойргүй хонодог байсан. 

Ер нь гэр бүлийн баяр шүү дээ. Миний хувьд байгууллага энэ тэрийн шинэ жилд оролцолгүй 20 жил болж. Би ер нь аливаа хурим найр, хүлээн авалт, шинэ жилд оролцох дургүй. Магадгүй, олон удаа зураг авч, хөндлөнгөөс нь ажиглаж байсан болохоор тэгдэг байх. Нэг их таатай зүйл биш, хажуунаас нь лав харахад. Угаасаа л гэр бүлдээ тэмдэглэдэг, голцуу их ажилтай байдаг. Он гарахад ямар ч байсан гэртээ ирдэг. Хүүхдүүддээ 31-ний өглөө бэлгийг нь өгдөг. Хүсэж хүлээсэн, таалагдсан бэлгээ задалж байхдаа нүд нь гялалзахыг харах хамгийн том баяр шүү дээ. Бид ч яахав, банкя мандариндаа нүд нь гялалзаад болчихдог байсан хүмүүс. Хялбархан хүмүүс шүү дээ, одоо ч гэсэн...

-Арванхоёрдугаар сар бол жилийн сүүлчийн сар учраас ямар нэг шинэ сайхныг төсөөлөх, төлөвлөх хугацаа байдаг. Та энэ сард юу хийж байна вэ? Ирэх жил ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа бол? 

-Энэ сард төлөвлөгөөт нэг ажил хийж байгаа. Хөл хорионоос болоод жаахан сунжраад байна. Ирэх жилийн том ажлуудын төлөвлөгөө бол гарсан. Том баг ажиллана, бас сюрприз энэ тэр гэх үүднээс дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Түүхийн сэдэвтэй нэг кино, сонгодог урлагийн чиглэлээр, манай нэг агуу хөгжмийн зохиолчийн талаар нэг кино хийнэ. Бас нэг уран сайхны кинонд ч оролцож магадгүй. Төлөвлөсөн ажлууд ийм байна. Дахиад л хашрахгүй нухаад суух байх даа. Нухах ажилтай байх сайхаан. Үүнийг уншиж байгаа бүх хүмүүст Шинэ оны мэнд хүргээд, нухах ажилтай байгаарай, ирэх онд төлөвлөсөн ажил тань саадгүй бүтэг ээ гэж ерөөе дөө.

-Баярлалаа, Бадрал аа. Ирэх жил юу хийхийг тань үзэхээр тэсгэл алдаад эхэлчихлээ байна.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
0
24
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (12)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Түмэнбаяр 2021.01.14 172.69.252.145

Сайхан кино, нэвтрүүлгүүд хийсэн шүү. Амжилт хүсье. Баяр хүргэе.

0 Хариулах


Зочин 2020.12.28 162.158.7.154

Сайхан ярилцлага болжээ. Баатарыгаа,Аюуш эгчийгээ харах шиг л боллоо. Дэлгэц, тайзны бутээлд зохиол гол нуруу болдог. Ажилд нь амжилт хусье.

0 Хариулах


Зочин 2020.12.26 172.69.252.151

Маш хэрэгтэй залуу уранбүтээлчид уншиж эрэгцүүлэхэд чухал ярилцлага болжээ.Ухаан орсон цагаасаа урлагийн гэр бүлийн дунд өсөж хүмүүжсэн уран бүтээлч хүний яриа.Анх УБ ТВ-д хийж эхэлж байсан нэвтрүүлэг нь өөр өнцгөөс бүтээсэн нь ялгардаг байсан.Бас 23-р сургууль төг сөөд Монгол хэл уран зохиолын ангид орсон гээд бүгд зорилоготой байсан гэж харж байна.”Алдагдсан модны эрэлд” Монголын түүхэн товчоон “кино зүрх огшоосон заримдаа өөрийн эрхгүй нудний нульмас дусалж байсан шүү.Жинхэнэ урлагын удмаас жинхэнэ урлагын хүн төрнө.Үгэхээр бахархамаар хүү юм.

0 Хариулах


Зочин 2020.12.24 172.69.252.133

Иймэрхүү гэгээлэг бөгөөд гүнзгий ярилцлага илүү их байдаг бол. Баярлалаа

0 Хариулах


Уянга 2020.12.24 162.158.7.98

Маш сайхан ярилцлага болжээ. Ийм л юм ярих ангийн хүүхэд дээ. Ажилд нь амжилт хүсье. Бахархаж байна.

0 Хариулах


Р.Нацагдорж 2020.12.24 172.69.252.151

Маш сайхан ярилцлага болжээ.Сэтгэл тэнийгээд...Монголын минь ирээдүй сайн сайхан байх болтугай.

0 Хариулах


Б.Оюунаа 2020.12.24 172.69.252.133

Сайхан уран бүтээлч. Онгод ерөөе өө!

0 Хариулах


Уншдагь 2020.12.23 172.69.252.145

Кинонууд нь үнэхээр гоё, сэтгэл догдлуулдаг. Дээр дурдсанд нэмэхэд ХУВИЛАЙ ХААН ХУВИЛГААН САЛХИ (камиказе - г яаж ингэж сэтгэж онож хэлдэг байна аа) гээд нэрнээсээ л аваад мундаг.

0 Хариулах


Зочин 2020.12.23 172.69.252.133

Маш сайхан ярилцлага уншлаа. Баярлалаа

0 Хариулах


Цэвээнээ 2020.12.23 172.69.252.151

Сайхан ярилцлага уншлаа, баярлалаа Энхээ

0 Хариулах


Зочин 2020.12.23 162.158.158.132

nerleed bga kinonuudig haanaas uzeh bolomjtoi ve?

0 Хариулах


Зочин 2020.12.25 172.69.252.133

МҮОНТ үзсэн.

0 Хариулах


Хөх Толбот 2020.12.23 172.69.252.133

Сайхан ярилцлага байна. Амжилт хүсье.

0 Хариулах