UBLife Logo
Tegshee's movie corner

Univision кино санд шинээр нэмэгдсэн үзүүштэй 6 кино | Tegshee’s Movie Corner

Ж.Тэгшзаяа
Ж.Тэгшзаяа
Univision кино санд шинээр нэмэгдсэн үзүүштэй 6 кино  | Tegshee’s Movie Corner

EMMA 

Жэйн Остины сонгодог бүтээл “Эмма” романаар хийгдсэн кино, жүжиг, дэлгэцийн бүтээл мундахгүй их. Харин Жими Хендриксээс эхлээд Ник Кэйв гэхчлэн амьд хөгжмийн одуудын хөрөг зургаараа танигдсан гэрэл зурагчин эмэгтэй Отем де Уайлдийн кино найруулагчийн хувиар ажилласан анхны бүтээл, энэ оны шинэхэн “Эмма” кино юугаараа онцлог, юугаараа үзүүштэй байв? 

Кино романы алдарт эхлэл болох “Эмма Вүдхаус бол царайлаг, ухаалаг, чинээлэг, ааль зан сайтай авхай агаад тав тухтай гэр орондоо хорин нэгэн жил амьдрахдаа түүнийг шаналгаж, цухалдуулах зүйлтэй барагтай тулгарч байгаагүй аз хийморьтой нэгэн” гэсэн үгсээр эхэлнэ. Эл үгс Эмма гэж хэн болохыг анхнаас нь тун сайн тодорхойлдог. Хангалуун, чинээлэг, язгууртны амьдралд элдэв зовлон туулалгүй, тааваараа өссөн Эмма өөрийгөө бүхнийг мэддэг, ухаалаг, бусдын амьдралыг шийдэж зохицуулах эрх дархтай нэгэн хэмээн санадаг. Эммагийн эл давилуун, танхи байдал, одоогийн бидний нүдээр бол ихэд тээртэй үзэгдэх язгууртнуудын ямба ёсыг кино эхлэхээс авхуулаад тун зугаа егөөтэй байдлаар дүрсэлдэг. Өмнөх уянгын, романтик жанр голлосон “Эмма”кинонуудаас Отем де Уайлдийн эл “Эмма” энэхүү хошин, зугаатай шинжээрээ илт ялгарч, орчин цагийн үзэгчдийг залхаагаад байхааргүй адтай шинжтэй болжээ. Хэдэн сая хүнийг шатарт хуйлруулан дурлуулах шалтгаан болсон Netflix-ийн цуврал “Queen’s Gambit” киноны сод шатарчин Бет Хармонийн дүрийг бүтээсэн жүжигчин Аня Тейлор Жой энэ удаад ч бас мэддэггүй гэдгээ ч мэддэггүй мөртлөө бүхнийг мэддэг гэж төөрөлдсөн, үл ялиг ихэрхүү, ухаалаг юм шиг мөртлөө гэнэн Эммагийн дүрийг тун чадмаг бүтээснээрээ киноны эл гашуун егөөтэй, зугаатай чанарыг улам товойлгосныг гарцаагүй онцлох учиртай. 

Кино цааш өрнөж бусдын хайр сэтгэлийн асуудлыг зохицуулж, зуучилж, хүмүүсийн амьдралыг зохицуулдаг адтай, ухаалаг Эмма үнэндээ өөрийн сэтгэл зүрхний асуудал, амьдралд тулаад ирэхээр бодсон шигээ нэгэн биш болохоо ухаарах эргэлтээс, дүрүүдийн харилцаа энгийн нэгэн танилын хэв ёсноос хальж дотносож, сэтгэл зүрх хутгалдан гүнзгийрэх хэрээр киноны уур амьсгал ч аажмаар романтик шинж рүү шилжин уусах нь үзэхэд улам таатай ухаалаг шийдэл байв. Товчхондоо эл “Эмма” залуусын хайр дурлал, харилцаа, гэрлэлт гэх мөнхийн асуудлыг хөндсөн сонгодог зохиолыг тухайн цаг үеэс нь салгалгүй дүрсэлсэн ч киноны уур амьсгал, дүрүүд, агуулгаараа тун зугаатай, орчин үелэг, бас романтик мэдрэмж төрүүлэхүйц байснаараа тун үзүүштэй болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.