Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өнөөдрийн зурвас: Ганцаараа

Шийтгэл шиг, эсвэл гэнэтийн бэлэг шиг тохиол.


Хэний ч мэдэхгүй, олж очихооргүй дөрвөн хананы дунд гав ганцаараа бүгчих юмсан гэх бодол үес үес хатгадаг байлаа. Гэвч юундаа ч тэгэх билээ. Сүүлдээ тийн ганцхан өөр рүүгээ тэмүүлэхээ ч, зугтаж одох хүслээ ч мартчихсан, бодогдохоо ч больчихсон байж шүү дээ. Яагаад ч юм нэг л өдөр надаас өөр хүнгүй өрөөний голд, үл таних адар ширтээд хэрдээ олон хонох болсондоо итгэж чадахгүй гуниглан зогсох шалтгаан бүрдсэн л юм даа. Нүдээ аниад нээхэд өөр газарт хүрсэн байдаг үлгэр шиг. Шийтгэл шиг, эсвэл гэнэтийн бэлэг шиг л тохиол. Дахиж ийм мөглөнд хаанаас л оров гэж. Яасан, ийсэн нь нууц аа нууц. 

Биелүүлж нэг ч үзээгүй, мартагдаж хойно хоцорсон эртний хүсэл дэх мөрөөдлийн мөглөндөө өдгөө цөлөгдөн байна. Ганцаар ийн амьдрахад ерөөс хүн өөртөө энд ирэхээс өмнөх өөрөө мөн хэвээр үргэлжилж чадах уу? Эс бөгөөс тэнд бодсоноо хийж чадах уу? Алтанзул цэцгийн зураг өлгөөтэй байх цөцгийн өнгөт ханан тушаах орон дээр биеэ чагнаж, сэтгэлээ тэмтрэн хэвтэхээс өмнөх би бол үнэхээр би биш санагдах аж. Тэр эмэгтэй өөр хүн. Хэтэрхий хуурай арьстай болчихсон, хэдийдээ ч ингэтлээ бухимдсан юм гэмээр цохондоо гүн үрчлээтэй, санаан зоргоор авирладаггүй, тааваараа загнаж чаддаггүй, ерөөс тэс өөр хүн ажээ. Гэхдээ их сүрхий хүн болтойм. Хүлцэх гэдэг, бусдаас л шалтгаалдаг, анх ямар байсантайгаа зөрчилдөгч, шинэ хүмүүсийг, шинэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх замдаа урьдын зүрх сэтгэлээ, зүс зүүсгэлтэй хамт элээж яваа нэгэн. Тэр нь түүний түгшүүр байснаа болиод зан чанар болон эдгэсээр буйг ч анзаардаггүй тийм сүрхий. Сүрхий хүн болох гэж хэрэндээ хичээдэг, ихээхэн яддаг хүн болохоос биш тэр хүн үнэндээ би л юм. 

Харин энд би тийм биш. Цагийн аясаар хувьсан өөрчлөгдөж буй өөрийгөө ойлгох, өрөвдөн хайрлах өдрүүд гэж тунхаглав. Чанга хөгжим тавьж, тэнхээ мэдэн дуулж, хөлсөө гартал бүжиглэв. Олон ном дэлгэчихээд оочин цоочин уншив. Уйдаад бүр үлээж байгаад дурын хуудсаа дэлгэн мэргэлж ч үзлээ. Өдрийн турш нүүрэндээ тэжээлийн масктай, шөнөөр фэйсбүүкдэн хонож ч байх шиг. Ийм байдалтай долоо хоноход хэнтэй ч уулзахгүй хүн толинд харах шаардлагагүй болдгийг ойлгов. Би энд хэзээ босмоор цагтаа өндийж, хооллохгүй, угааж арчихгүй байж болно. Ингэлээ гээд хэн ч өлсөхгүй, бохирдохгүй. Ааваас хойш, ээжээс хойш хэн ч эрх, эмзэг занг минь эвийлээгүй, хэлтрүүлээгүйд гомдоллон чанга уйлсан ч болно. Ингэлээ гээд би өөрөө л өвдөхөөс өөр хэн ч зовохгүй учраас миний л дур. Мөрөөдлийн мөглөнгийн үүдэнд өлгөөтэй хямдхан хүрэм, нэхий бойтог, зузаан баараг өмд, ээжийн хөдөө явахдаа л чирдэг ногоон цүнх одоо минийх гэж итгэхэд хэцүү. Хаа байна, миний цас шиг гял цал, хонх шиг жингэнэсэн он жилүүд. Аль хотод үлдээчихсэн хэрэг билээ. 

Үдэш болж гэрэл асаах бүртээ би ганцаардлыг мэдэрч байна. Энэ гэрлийг ганцхан өөртөө зориулан асаах нь шал тэнэг санагддаг. Бяцхан охин харанхуйлж бүүдийсэн өрөөндөө ээжийнхээ оронд гэрэл асааж байгаа гэж бодохоор л саначихдаг. Түүнээс хойш би тувт охиноо боддог. Хивснээс түлхэж гаргасан нь ялдаг барилдаанаа хиймээр байна гэсэн. Миний хамгийн дургүй тоглоом тэр ч гэлээ хариад түлхэлцэж л таарна даа. Унтаж байхад нь гэзэг үсийг нь илэхийг, хөлийг нь үнэрлэх гээд яараад эхэлчихсэн. Харих дөхөж байна. Энэ өдрүүд надад энд ирэхээс өмнөх тэр хөөрхий би бол жинхэнэ би юм гэдгийг ойлгууллаа. Өдөр бүр иог, өгзөг гуяны дасгал хийх, бясалгал үйлдэж гэгээрэх, ямар нэг шинэ зүйл сурах байсан ч чадахгүй явснаа би тэндэхийн хүмүүсээс надад ирж байсан ачаалал, дарамттай холбон ойлгож байсан билээ. Гэтэл энд би тэнд очоод хэрхэхээ л бодон суух болов. Толинд хардаг болов. Одоо дахиж ганцаархнаа бүгэх талаар бодоо ч уу, үгүй ч билүү. Заавал үхэхгүйгээр явах, одох нэгэн хүсэл биелсэн тул үхэхдээ харамсахааргүй боллоо.

Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
2021.10.13
Өнөөдрийн зурвас: Чиний хөх ямар вэ?
2
2021.10.06
Өнөөдрийн зурвас: Монгол хүүд бүх юм хориотой
3
2021.09.30
Өнөөдрийн зурвас: Сүйт бүсгүйн аав
санал болгох
1
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
2
3 өдрийн өмнө
UB.LIFE-ийн туршилт: Яг одоо хэдэн төгрөг зээлж чадах вэ?
3
3 өдрийн өмнө
Муур эзэнтэйгээ "эх үрийн холбоогоор" ээнэгшин дасдагийг судалгаагаар тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
10
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.