Хайх зүйлээ бичнэ үү

15 мин

UB LIFE-ийн Түүхүүд: Коронавирусийн халдвар аваад эдгэсэн монголчууд


Өнөөдрийг хүртэл бид коронавирустэй холбоотой маш олон мэдээлэл сонссон. Тэдгээрийн зарим нь үнэн, зарим нь худал. Дэлхий нийтийн хэмжээнд 2 сая гаруй хүний амийг авч одсон энэ халдварт өвчний талаар хүн төрөлхтний мэдэхгүй зүйлс ч олон бий. 

Тэгвэл бид UB.LIFE-ИЙН ТҮҮХҮҮД булангийн шинэ дугаарт коронавирусийн халдвар аваад эдгэсэн монголчуудын түүхийг хуваалцаж байна. Халдвар авсан хүмүүс юу мэдэрч, биед нь ямар өөрчлөлт гардаг вэ? Эх орондоо байгаа монголчуудыг ямар байдлаар тусгаарлаж, эмчилж байна вэ, гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд энэ сорилтыг хэрхэн туулж байна гэх мэт олон асуултын хариуг дараах таван хүний түүхээс олж уншаарай. 


Халдвар авчихаад хэсэгтээ л өөртөө итгэж ядан, паниктсан. “Би халдвар авчихсан гэж үү дээ? За үгүй байлгүй дээ” гэж ХӨСҮТ-ээс түргэний тэрэг ирж аван автал боддог юм байна лээ. 

Халдвар аваад эмчлэгдэж буй хүмүүс хоорондоо ам нээн мэнд мэдэхдээ “Хаанахын хавьтал вэ?” гэж мэндчилнэ. Тарган тавтай өвөлжиж байна уу? гэдэг шиг. 

ХӨСҮТ-ийн хүйтэн өрөөнд ганц ч цэвэр агаар амьсгалаагүй 14 хонолоо. Уг нь халдвар авсан бол цаг тутамд цэвэр агаар амьсгалахыг зөвлөдөг юм билээ. Даанч эндэхийн нөхцөл боломж нь өвчтөнийг эдгэрэхэд туслах хүчин зүйлсээс яг эсрэгээрээ. Хуучны модон цонх нь модны үртсээр чигжүүлээд хэрэндээ л сийгэхгүй болсон юм байна. Гэсэн хэдий ч энд бүх зүйл нь миний эсрэг байх гэсэн үүргийнхээ дагуу цонхны завсраар мэдээж сайхан салхилна. Цонхны завсраар салхи сийгэх нь гадаах цаг агаартай доторх дулааныг шууд хамааруулдаг. Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч суларч байх шиг байна. Энд бас ч гэж давхар цамцтайгаа сууж болохоор болсон. Зарим өрөөний хөгшчүүд өвлийн курткатайгаа хөнжилдөө хэвтэж харагдсан. 

 Дулаан байж, сайн хооллоод, дархлаагаа дэмжиж гэмээнэ эдгэрнэ гэсэн атал эндэхийн амьсгалах агаар хүртэл улам их өвдөөд өгөөч гэх шиг.

Эндэхийн бүх зүйл яг миний эсрэг. Халуун хоол цай идэх ёстой гэсэн хэрнээ хоол нь өөр блокоос зөөгдөж ирэх замдаа хөрчихсөн байдаг. Өрөөнд, коридорт ч ус буцалгагч байдаггүй болохоор халуун юм уухад бэрхшээлтэй. Гэдэс гүйлгэх шинж тэмдэгтэй иртэл жорлон нь суултуургүй дан паалан байв. Дулаан байж, сайн хооллоод, дархлаагаа дэмжиж гэмээнэ эдгэрнэ гэсэн атал эндхийн амьсгалах агаар хүртэл улам их өвдөөд өгөөч гэх шиг.

Халдвар авахад үнэрлэж, амтлах мэдрэмжээ алддаг. Анхнаасаа үнэрлэх мэдрэмжээ гээчихээд ирсэн учраас жорлонгийн үнэрийг мэдэхгүй л ашигласаар байж. Хэд хоногийн дараагаас гэнэтхэн эвгүй үнэр зам татуулсаар хамарт мэдрэгдэхэд ХӨСҮТ-тэй бүрэн танилцаагүй байснаа ухаарав. Өмхийрсөн хоолойн үнэр. Эндэхийн тасгууд өвчтөнүүдийг тусгаарлах үүрэгтэй байдаг учраас өрөө бүрт жорлон байгаа нь баярлууштай ч өрөөг дүүргэх зэвэрсэн өмхий үнэр нь үзэм ядам. Хүссэний зоргоор эргэлт авдаггүй ч заасан өдрийн товлосон цагаар гэрээсээ хамгийн түрүүнд жорлонгийн суултуур захив. Аав “Боолтгүй л юм даа” гэсэнд нь би тонгочихгүй баахаа амлав. Жорлонгийн суултуур хүртэл зөөлгөөд л энэ өвчин ганцхан намайг биш гэр бүлийнхнийг маань ч багагүй сорих шиг болсон. Энэ өвчин надад ямар ч нөхцөлд амьдарч, дасан зохицож сурах хэрэгтэйг давхар сургаад ч байх шиг. 

Тиймээ, энд өдөр бүр идэж байгаа лавша, будаатай шөл ч надад сургамж шүү дээ. Хэр зэрэг өөдрөг үзэлтэй хүн бэ гэдгээ ч дашрамд нь шалгуулж буйдаа давхар баярласаар л байна. Хүн бүхэн тусаад байгаа юмуу гэтэл ойр дотны хүмүүсээс би ганцаараа туссандаа, бас энэ бүхнийг биеэр үзэж байгаадаа ч олзуурхсан шүү. Уг нь ажлынхан маань “ХӨСҮТ-д идсэн 14 lunch” гэсэн нийтлэлийн санаа хэлсэн ч өглөө, өдөр, оройн хоолонд шальтай өөрчлөлт ордоггүй учраас ямар ч уншуургүй юм болохоос эмээв. 

Хоолны тухайд амтлах мэдрэмжгүй болсныг далимдуулж дээрэлхээд байгаа юм шиг л санагдсан. Заримдаа бүр ямар ч авцалдаагүй хоол өгөх нь ч бий. Мантуу, бөөрөнхий мах. Уг нь тансаг байгаа биз. Гэхдээ тэр хоолыг хараад мантуун бууз хийх гэж байгаад залхуурчихсан юм шиг л санагдсан.

Хоолны тухайд амтлах мэдрэмжгүй болсныг далимдуулж дээрэлхээд байгаа юм шиг л санагдсан. Ямар сайндаа лавшагаа идэхдээ гоё хоолны зураг харж идсэн өдөр ч бий. Шалдан хүүхний зураг харж гар хангалга хийж байгаа юм шиг санагдаад гэнэт инээд хүрсэн. Заримдаа бүр ямар ч авцалдаагүй хоол өгөх нь ч бий. Мантуу, бөөрөнхий мах. Уг нь тансаг байгаа биз. Гэхдээ тэр хоолыг хараад мантуун бууз хийх гэж байгаад залхуурчихсан юм шиг л санагдсан. 

10 дахь хоног дээр юм уу даа давтан шинжилгээ авсан. Хариу нь зүгээр гарсан гэхээс өөр зүйл хэлээгүй. Шинжилгээний хариугаа аваад олигтой ойлгож харж чадахгүй ч гэсэн өмнө нь ийм байсан, харин одоо ийм болсон байна гэх хэмжээний мэдээллийг би баримттай нь харах эрхгүй байгаагаа бас гайхсаар л үлдсэн. 

Халдвар авснаас хойш яг нэг сар өнгөрөөд байна. Одоо бол ямар ч шинж тэмдэг үгүй болсон. Гэхдээ нэг сар гадаа гараагүй болохоор хүчил төрөгчөөр дутагдаж байгаагаа бие организм маань маш сайн мэдэрч байна. Бас бага зэргийн сэтгэл гутрал мэдэрсэн. Өөртөө итгэлгүй болж, өөрийгөө хэн ч биш, юу ч чадахгүй арчаагүй амьтан мэтээр мэдрэх болсон. Толинд хараагүй бас л яг нэг сар болж байна. Өмнө нь ийм удаан толинд харахгүй байж үзээгүй юм билээ. Тэгээд энэ сэтгэл зүйн эмзэг мэдрэмжүүд би өөрийгөө толинд хараагүй удсанаас болсон юм болов уу гэж бодсон. Яг тийм үгүйг нь мэдэхгүй байна л даа. Шөнө нойр хүрэхгүй хэвтэж байхдаа л ийм гаргалгаа гаргасан юм. Эхэндээ эмнэлэгт ирээд сайн унтдаг байсан. Харин одоо шөнө унтаж чадахгүй байгаа. Өдөр ч бас. Би одоо ажиглалтад ороод 3 хонож байна. Дөрөвхөн хоног тэсчихвэл гэртээ харина.

Я, 23 настай (Улаанбаатар хотод амьдардаг)

Тахал гэдэг тусдаа зүйл огт биш аж. Чи спортоор хичээллэдэг, тамир тэнхээ сайтай тамирчин байх, гэр зуураа ажилладаг чөлөөт нэгэн байх, сайхан сэтгэлтэй, муу санаатай, тарган туранхай, хөөрхөн муухай, өндөр нам, залуу хөгшин, ер хэн байсан ч вирус халдсан л бол тусна. Яаж гээ? Маск зүүлгүй хэн нэгэнтэй 1.5 метрээс илүү ойрхон байх, гараа угаалгүй нүүр, хамар, амандаа хүрэхэд эрсдэл бодитой болно. Гараа ариутгаж сайтар угаадаг ч гэлээ хэн нэгнээс хөөрөг авч үнэрлэсэн бол тэгээд л нөгөөх чинь дамжих үндэс нээгдэнэ. Тусахгүй байх хамгийн зөв арга юу гэвэл хамт амьдардаггүй л бол хэнд ч битгий ойрт. Хөөрөг сольж мэндлэх байтугай алсаас гараа даллаад л гүйцээ. Энэ бол эрсдэлт цаг үе шүү дээ. 

Би өвдсөн, бас эдгэсэн. Надад ямар шинж тэмдэг илэрсэн бэ гэвэл, өөрийн эрхгүй залхуу хүрээд байх шиг мэдрэмж. Эхний хоёр өдөр халуурч, бүх биеийн булчин өвдөж, хамар сэрвэгнэж мэдэгдсэн. Гурав дахь өдрөөсөө үнэр амт огт мэдрэхээ больсон. Ингээд бие нозоорсон байдалтай 10 хоносон. Эмч эхний 10 хоног яг гэртээ бай гэсэн учир 14 хоног гэрийнхээ арын талбайгаас холдоогүй. Гүйх, ууланд авирах нь миний амьдралын салшгүй хэсэг юм л даа. Одоо ачаалалтай гүйлт, авиралт хийгээгүй бараг сар болж байна. Гэхдээ ойр зуур гүйж, алхахаа огт зогсоогүй. 15 дахь хоногоос эхлэн маскаа зүүгээд гэрээс гарсан. Хүмүүсээс зай барьж, ойр зуур алхсан, бас гүйсэн. Ердийн үеийнх шигээ гүйж чадахгүй байгаа, бас нэг их хүчлэхгүй байна. 

Энэ бол миний туулсан тахал. Энэ бүхэн заавал өөртэй чинь таарахгүй, миний л давсан хэд хоног.

Энэ өвчнийг эмчлэх төгс эм, 100 хувь туршигдсан урьдчилан сэргийлэх вакцин тарилга одоогоор байхгүй юм билээ. Тиймээс эмч маань ч онцын жор бичээгүй. Ханиадыг яаж эмчилдэг билээ, түүн шиг эмчилгээ бичсэн. Болж өгвөл их ус ууж, биеэс шингэн их гадагшлуулбал, зохих хэмжээний давс нэмэгдлээр хүртэх хэрэгтэй санагдсан, миний хувьд. Яагаад гэвэл булчин татах үзэгдэл надад их тохиолдсон. Би маш их хэмжээний аарц, нимбэг, цагаан гаа, зөгийн балтай ус ойр ойрхон ууж, тэр хэрээр их хэмжээний шингэн гадагшлуулсан учир аргагүй байх. Энэ бол миний туулсан тахал. Энэ бүхэн заавал өөртэй чинь таарахгүй, миний л давсан хэд хоног. 

Ковид халдсанаа мэдэнгүүтээ өдөр бүр гэрээ ариутгасан, өдөр бүр цэвэр агаар сэлгэсэн, биеийн болон нүүр гарын алчууруудаа өдөр тутам ариутгаж угаасан, ор дэрний бүх хэрэгслээ наранд гарган тавьж, угааж ариутгасан, утсаа бага “маажиж”, аль болох их унтсан, халуун ваннд суусан, хамгийн гол нь цусны эргэлтээ сайжруулж их хөдөлсөн, өөр илүү дутуу юу ч хийгээгүй эдгэсэн дээ. 

Коронавирус туслаа гэхэд сандрах хэрэггүй. Харин шинж тэмдэг илэрмэгц үүнээс өмнө уулзсан бүх хүндээ хэл хүргээрэй. Сайхан амарч, халуун шингэн зүйл уу. Өөр ямар ч эм байхгүй. “Амьсгалахад хүндрээд, өндөр халуурвал түргэн дуудаарай” гэж миний эмч зөвлөсөн. Би азаар тэгж хүндрээгүй. 

З, 50 настай (АНУ-ын Чикаго хотод амьдардаг)

Би Баянзүрх дүүргийн эмнэлэгт арванхоёрдугаар сарын 10-нд хэвтсэн юм. Гэтэл халдвартай хүнтэй нэг тасагт орж таараад 13-ны оройгоос эхлэн хамар ам битүүрч, ханиалгаж эхэлсэн. Харшилтай болохоор тухайн үед харшил маань хөдөлчхөж гэж бодоод нэг их тоогоогүй. Гэвч 15-н гэхэд үнэрлэх, амтлах чадвараа алдсан. Маргааш өглөө нь манай өрөөний охиныг аваад явчихлаа. Халдвартай гэдгийг нь мэдээд шууд ХӨСҮТ рүү шилжүүлсэн нь тэр байж л дээ. Эмнэлэгт хэвтэж байсан хүмүүс энэ талаар юу ч мэдээгүй байсан. Ингээд өдөр нь манай палатыг хааж, намайг Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлэв. 

Дахин хоёр хоног өнгөрөхөд амьсгаа өндөрсөх, тархи толгой өвдөх, даралт ихсэх зэрэг шинж тэмдэг бий болсон. Эмнэлэгт ирэхдээ л биеийн байдал минь сайнгүй, ярьж ч чадахгүй байсан учраас хүчилтөрөгчийн аппаратад оруулж, дусал, вирусийн эсрэг эм, антибиотик гэх мэт хавсарсан эмчилгээнүүд хийж байлаа. 10 хоногийн дараагаас бие минь гайгүй тэнхэрсэн ч уушгин дахь хатгаа маягийн үрэвсэл нь арилахгүй байна гэж эмч нар хэлж байсан. Тэнд 28,29 хоног хэвтэж эмчлүүлсний эцэст уушгин дахь үрэвсэл бүдгэрч, халдваргүй болоод дараагийн шатны ажиглалтад шилжсэн дээ. Өнөөдөр Яармагийн 300 орт эмнэлгийн тусгаарлалтаас гарч гэртээ ирээд байна.  

Эмнэлэгт ирэхдээ л биеийн байдал минь сайнгүй, ярьж ч чадахгүй байсан учраас хүчилтөрөгчийн аппаратад оруулж, дусал, вирусийн эсрэг эм, антибиотик гэх мэт хавсарсан эмчилгээнүүд хийж байлаа.

Өнгөрсөн хугацаанд үс ихээр унаж, арьс хуурайшиж байгаа нь илт ажиглагдсан. Одоо ч зүрх дэлсэж, даралт өндөр байгаа тул тогтмол эм ууж байна. Эмч нар архаг хууч өвчтэй хүмүүс илүү хүндээр өвчилж байна гэж тайлбарладаг. Гэтэл миний хувьд харшлыг эс тооцвол ужиг өвчингүй, тамхи татдаггүй хүн. Тэгээд яагаад ингэтлээ хүндэрснийг мэдэхгүй юм. Бас би нэг тасагт хамт хэвтэж байсан охинтойгоо холбоотой байдаг юм. Сүүлд чат бичихдээ нүдний мах нь гарч, үс нь туг тугаараа унаж байна гэсэн байсан. 

Хөнгөхөн эмчилгээ хийлгэчхээд гарна гэж бодож байтал корона авчихсан болохоор эхний хэдэн хоног шоконд ороод дархлаа их унасан. Хөнгөхөн тусаад эдгэрсэн хүмүүс Ковидыг хатгаа, ханиадтай зүйрлээд, тоохгүй юм. Гэтэл энэ өвчин цаанаа маш олон сөрөг дагаврыг дагуулж байна. Надад одоо мэдэгдэж байгаа нь энэ боловч дотор эрхтнүүдэд яаж нөлөөлснийг таашгүй. Тиймээс ямар ч тохиолдолд маш сайн хамгаалаарай гэж хүмүүст захимаар байна.

Н, 45 настай  (Улаанбаатар хотод амьдардаг) 


Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дундуур манайхан гэр бүлээрээ коронавирусийн халдвар авсан юм. Нөхөр маань ханиалгаж, нус нь гоожиж эхлэхэд ханиадны улирал тул даараад ханиад хүрчхэж дээ гэж бодсон. Гэвч гурав хоногийн дараа надад бас шинж тэмдэг илэрлээ. Өглөө босоход бие хүндэрсэн мэт санагдаж, халуурах нь уу гэлтэй бие зарайн нус гоожиж байсан. Хоёул хоёуланд нь шинж тэмдэг илэрсэн болохоор коронавирусийн халдвар авсан байж юуны магад гэж бодоод шинжилгээ өгөв. Энд шинжилгээний хариу 2-3 хоногт гардаг тул хариугаа хүлээх зуураа нөхөр бид хоёр терафлю, витамин С ууж, сармистай хар шөл хийж уух зэргээр энгийн ханиадны үед ямар арга хэмжээ авдаг билээ тэр бүхнийг хийсэн. 

Шинжилгээ өгч байхад хариу нь эерэг гарвал утсаар залгаж мэдэгдэнэ, мөн яах ёстой талаар зааварчилгаа өгнө. Харин сөрөг гарвал хариугаа онлайнаар харж болно гэж хэлж байсан юм. Ингээд хоёр хоногийн дотор шинж тэмдгүүд арилсан учраас ердийн ханиад байж гэж бодож байтал шинжилгээний хариу эерэг гарсныг дуулгав. 

Биднийг хотын эмнэлгийнхээ КОВИД-19 өвчнийг хариуцсан хэсэг рүү холбогд гэж зөвлөсний дагуу ярихад сувилагч эхлээд ямар шинж тэмдэг илэрсэн, түүнийгээ дарахын тулд юу хэрэглэсэн бэ гэж асуусан. Авсан арга хэмжээ шинж тэмдгийг сайн дарж, үйлчилсэн гэдгийг сонсоод тэдгээрийг үргэлжлүүлэн хэрэглэхийг санал болгосон. Түүнчлэн өөрсдийгөө хэрхэн, хэр удаан тусгаарлах, хэзээ дахин шинжилгээ өгөх зэрэг шаардлагатай бүх мэдээллээр хангадаг юм билээ. Харин цээжин дээр хөндүүрлэж өвдөх, амьсгалж чадахгүй болох гэх мэт хүндэрсэн шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт ирээрэй гэж зөвлөсөн. 

Шинэ гарсан журмаар бол сурагчдаас хэн нэгэн халдвар авбал сургуульд хэсэгчилсэн хөл хорио тогтоохоор болсон. Тухайлбал, нэгдүгээр ангийн хүүхэд халдвар авсан бол тухайн сургуулийн бүх нэгдүгээр ангийн хүүхдүүдийг 10 хоног гэрт нь байлгаж, бусад ангиуд хэвийн хичээллэх юм билээ.

Ер нь шинжилгээний хариу эерэг гармагц хүн нэг хэсэгтээ л паникт ордог юм байна. Шинжилгээний хариугаа сонссон орой нь миний толгой өвдөж, дотор муухайрч эхэлсэн. Яваандаа их унтдаг, ядрамтгай болж байгаагаа анзаарсан. Бас хоёр хоног үнэрлэх мэдрэмжээ алдсан. Аз болоход 13 хоногийн дараа дахин шинжилгээ өгөхөд сөрөг гарсан даа. 

Хүүхдүүд маань халдвар авсан ч мөн л хөнгөн хэлбэртэй байсан. Энд дунд, ахлах ангийнхан онлайнаар хичээлээ үзээд, бага анги танхимаар хичээллэж байгаа. Тийм болохоор манай хүүхдүүд хичээлдээ явж байна. 

Шинэ гарсан журмаар бол сурагчдаас хэн нэгэн халдвар авбал сургуульд хэсэгчилсэн хөл хорио тогтоохоор болсон. Тухайлбал, нэгдүгээр ангийн хүүхэд халдвар авсан бол тухайн сургуулийн бүх нэгдүгээр ангийн хүүхдүүдийг 10 хоног гэрт нь байлгаж, бусад ангиуд хэвийн хичээллэх юм билээ. 

Миний амьдардаг Колорадо мужид өнгөрсөн оны хоёрдугаар сарын сүүлээр бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож байсан. Тэрнээс хойш дахиж тийм хатуу хорио тогтоогоогүй, харин онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байсан. Мэдээж хэрэг ихэнх оффисын ажилтнууд бүтэн жилийн турш гэрээсээ ажилласан, ажилгүй болсон хүмүүс тэтгэмж авч байгаа. Одоо энд маскаа зүүж, гараа сайн угаах, зай барих зөвлөмжийг мөрдөөд коронавирустэй дасан зохицож амьдрахыг хичээж байна.

Д, 30 настай (АНУ-ын Колорадо мужид амьдардаг)


Би 8 сартай хүүхэдтэйгээ цуг Цэргийн төв эмнэлэгт 21 хоног эмчлэгдээд, одоо дараагийн шатны ажиглалтад шилжээд байна. Коронавирусийн халдвартай гэж оношлогдсоноос хойш өнөөдрийг хүртэл надад ямар ч шинж тэмдэг илрээгүй, биед минь өөрчлөлт гараагүй. Өөрийгөө коронавирусийн халдвар авсан уу, үгүй юу гэдгийг үнэхээр мэдэхгүй байна. Манай хүүхдийн тухайд эхний шинжилгээний хариу сөрөг гарсан боловч эмнэлэгт хэвтсэнээс хойш 7 хоногийн дараа халдвартай гэж оношлогдсон. Хүүхдэд эмчилгээ хийж болохгүй гэсэн болохоор сайн хөхүүлээд аажмаар эсрэг биет тогтохыг нь хүлээсэн дээ. 

Хүүхдэд эмчилгээ хийж болохгүй гэсэн болохоор сайн хөхүүлээд аажмаар эсрэг биет тогтохыг нь хүлээсэн.

Вирусийн эсрэг эмийг 21 хоног ууснаас болоод ходоод минь бага зэрэг өвдсөн. Тасаг бүрийн өвчтөнүүд өөр өөр эмчилгээтэй байгаа юм билээ. Тухайлбал, би нэг эмийг 21 хоног уусан байхад зарим хүн долоо хоног уугаад үлдсэн 14 хоногт нь ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй гэсэн. Миний ойлгосноор халдвар авсан хүнд эсрэг биет үүсэж, дархлаа тогтох ёстой юм билээ. Тийм болохоор бидэнд эсрэг биет үүссэн эсэхийг тогтоохын тулд долоо хоногт нэг удаа цусаар шинжилгээ авдаг байсан.

Хэдийгээр ямар нэгэн өвчин, зовиур байгаагүй ч нялх хүүхэдтэй хүний хувьд эмнэлэгт нэг сар "хоригдоно" гэдэг үнэхээр чанга санагдаж байна. 

М, 28 настай (Улаанбаатар хотод амьдардаг)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.05
UB.LIFE-ийн түүхүүд | Хаврын хайрын баяртай, гунигтай 8 ТҮҮХ
2
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
3
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
5
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.