Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Бухимдсан олны хувьд тэр аль хэдийн огцорсон!

Цар тахлын гол менежер Я.Содбаатар.


Амаржсан эхээс эмнэлэгт халдвар илэрсэн тохиолдолд түүнийг тусгаарлах  бэлтгэл хангагдах бүү хэл, энэ талаарх төсөөлөлтэй ажилтан төрөх эмнэлэгт нэг ч байгаагүйг бид Ийглийн мэдээнээс бодитоор харлаа. Монгол Улсын нутаг дэвсгэрт анхны халдвар бүртгэгдэж, халдварыг тусгаарлах, эмчлэх горим, халдвараас хамгаалах дэглэмийг мөрдөөд өнгөрсөн гуравдугаар сараас хойш бүтэн 10 сарын хугацаа өнгөрчээ. Дөнгөж амаржсан эхийг төрөх газраас ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ тэсрэх бөмбөг тэвэрсэн террористыг үг сүггүй баривчлан тууж байгаа мэт дүр зургийг үлдээв. Эхийг нимгэн хувцастай, хөлдөө углааштай чигээр нь өвлийн гудамжинд гаргаж, хөлдүүс болсон машинаар нярайтай нь тээвэрлэв. Улаанбаатар руу нэвтрэх цэгт бага насны хүүхэд эмнэлгийн тусламж авч чадалгүй цаг алдсаны улмаас нас барсан өр өвтгөм явдлын араас энэ мэт амьдралд гарч болзошгүй эрсдэлт тохиолдлуудад ажиллах дэглэмээс “сэтгэл” өчүүхэн үнэртсэнгүй. Тэгэхэд ч, одоо ч, ирэх өдрүүдэд ч нэг жаахан хүн ёс, сэтгэл зүрх яригдаж л таарах нь дээ.  

Олны зэвүүцэл өнөөдөр Сүхбаатарын талбайд шалдир булдир зорилготой улс төрөөс ангид иргэний нийгмийн цуглаан болж өргөжихдөө Улсын онцгой комиссыг огцруулах, түүнийг даргалагч Шадар сайд Я.Содбаатарыг албан тушаалаас нь зайлуулах уриан дор нэгдэв. УОК, түүний шуурхай штабын үйл ажиллагаа бол хэвлэлийн хурал төдий байгууллага гэдгийг одоо бид ойлгох болсон тул эдгээр шаардлага нүдээ олсон юм. Тэд хэвлэлийн хурлаа хэчнээн тогтмол, өөрийн гэсэн ягшмал стандартаар явуулж ирсэн ч вирус илэрсэн хүнийг нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгаанаас нь улбаан түүнтэй хэрхэн харилцах, ажиллах менежментгүй өдий хүрснээс олон зуун алба хаагчийг дайчлан ажилласан цаг хугацаа, хичээл зүтгэл, татвар төлөгчдийн мөнгө үргүй зардал болж буй учраас тэд хариуцлага хүлээх ёстой. 

Гэвч Засгийн газрын мэргэжлийн яамд, засаг захиргааны олон нэгжийг нэгтгэсэн Онцгой комиссыг огцруулах нь үйл явц, цаг хугацааны хувьд нарийн түвэгтэй, эсвэл боломжгүй, бүтэшгүй гэхээсээ онцгой үед эмх замбараагүй явдлыг гааруулж мэдэх тул ач холбогдолгүй юм. Тиймээс УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарт хариуцлага тооцох нь илүү оновчтой болно. Төрийн албаны шат дамжлага бүр хэргийн буруутныг нэрлэхдээ “нохой сүүлээ, сүүл хонгорцгоо” гэдэгчлэн өөрийн доод тушаалтнуудыг заан гэмээс амь хэлтэрч ирсний горыг энэ удаа дөнгөж төрсөн эх нярайн хамт бие, сэтгэлээрээ хатуухан амсав. Ийглийн үдшийн мэдээнээс цахим ертөнцөд хуулбарлагдан тархсан нэгэн мэдээлэл Улсын онцгой комиссын явуулж буй ажлын хэрэгжилт дэх олон алдаа завхралыг илчлэн таниулав. Маш олон нохой сүүлээ зааж, сүүл болгон хонгорцгондоо найдахыг нэг өдрийн дотор хэчнээнийг үзэв. Эрүүл мэндийн сайд Хотын даргад ацаглаж, “Өргөө” амаржих газрын дарга ажилтныхаа хүн чанарыг мяалж, эх хүүхдийг хүлээн авсан ХӨСҮТ-ийн дарга, нөгөө алдарт Д.Нямхүү л нүүр хагарснаараа бүгдийнх нь өмнөөс уучлалт гуйснаар Монголын нэгэн гунигт өдөр өндөрлөж байна. 

Бүх албан хаагчийн өмнөөс хамгийн том дарга, цар тахлын гол менежер Я.Содбаатар огцорвол таарна. Бухимдсан олон, иргэний нийгмийн хувьд тэр өнөөдөр аль хэдийн огцорсон!   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.