Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Сексийн холбогдолтой яриа өрнүүлж болох ШИНЭ ПЛАТФОРМ бий болжээ


Сексийн холбогдолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, насанд хүрэгчдэд зориулсан контент бүтээгчид, сексийн боловсрол олгох зорилготой хүмүүс онлайн орчинд өөрийн орон зайг олох боломж улам хумигдсаар байна. Тухайлбал, Фэйсбүүк компани 2015 онд нүцгэн зураг, үзэн ядах үг хэллэг болон бусад контентын талаар баримтлах бодлогоо нарийвчлан тодорхойлж байв. Мөн Tumblr 2018 онд насанд хүрэгчдийн агуулгатай контентыг хориглож байсан. Хамгийн сүүлд Фэйсбүүк компанийн харьяа Инстаграм өнгөрсөн арванхоёрдугаар сард тус платформыг ашиглах нөхцөлийг өөрчилснөөр бэлгийн боловсрол олгох зорилготой контентууд ч хязгаарлагдах болжээ. 

Тэгвэл энэ сэдвийн талаар үзэл бодлоо нээлттэй илэрхийлж, бусадтай ярилцаж, контентоо хуваалцах боломжтой шинэ платформ бий болжээ. Энэ бол Lips юм. 

Lips бусад сошиал плафтормоос юугаараа ялгаатай вэ? 

How to Live With the Internet номын зохиогч, сексийн талаар эерэг агуулгатай контент бүтээгч Габриэлла Алексагийн постыг ТикТокоос устгаж, Инстаграм хаягийг нь хааж байжээ (сүүлд буцаан сэргээлгэсэн). Тэрбээр Honey Play Box нэртэй сексийн холбогдолтой бүтээгдэхүүн худалдаалдаг онлайн дэлгүүрийн сурталчилгаанд зориулж видео хийсэн ч ТикТок тэр даруй устгажээ. Түүний тайлбарлаж буйгаар видеонд сексийн холбогдолтой үг, яриа ашигласнаас биш үйлдлээр дүрсэлж үзүүлсэн зүйл байхгүй гэжээ. 

Насанд хүрэгчдэд зориулсан бүтээгдэхүүн гаргадаг Honey Play Box зэрэг олон брэнд Фэйсбүүк, Инстаграмд зар сурталчилгаагаа байрлуулах эрхгүй байдаг аж. Өөрөөр хэлбэл, тэд сошиал медиад маркетинг хийхдээ инфлюенсерүүд, "органик" постуудад найдахад хүрдэг байна. 

"Бидний хаяг хэзээ мөдгүй устчих вий гэсэн байнгын айдастай байдаг" гэж Алекса ярьжээ. 

Технологийн томоохон компаниуд сексийн агуулгатай контентуудыг устгасан шалтгаанаа FOSTA-SESTA багц хуультай холбон тайлбарлаж болох юм. Энэ нь бэлгийн мөлжлөгийн эсрэг үйлчлэхэд чиглэгдсэн зохицуулалт боловч бодит байдалд шударга хэрэгжиж чаддаггүй гэж үзэх хүмүүс бий. 

Инстаграм эдгээр хэштагийг 2019 онд хоригложээ.

Нүцгэн зураг, сексийн илэрхийлэл, ижил хүйстнүүдийн хайр дурлал, сексийн зан үйл, өөрийн биеийн хэлбэрийг эерэгээр хүлээж авах... энэ бүгдийг Инстаграм шиг платформууд FOSTA-SESTA-ийн нэрийн дор ялгалгүй устгаж байгаад Алекса шиг контент бүтээгчид бухимдалтай байдаг аж. 

"Эдгээр контентуудыг хууль бус наймаа, хүүхдийн садар самуунд уруу татсан контентуудтай адилтган устгаж байгаа нь шударга, зөв шийдвэр биш" гэж Lips платформын Олон нийттэй харилцах менежер Вал Элефанте ярьжээ. 

Технологийн компаниудыг гаргадаг "залхуу" шийдвэрийг Lips платформыг үүсгэн байгуулагч Анни Браун "Бүгдийг устгах нь хамаагүй амар байдаг болохоор" гэж тайлбарлажээ. 

Гэвч сошиал платформуудын эл хатуу шүүлт бүгдэд адилхан үйлчилдэг үү гэвэл үгүй гэнэ. Тухайлбал, Playboy сэтгүүл, Ким Кардашиан зэрэг халаас зузаантай брэнд, алдартнууд хэзээ ч ийм хязгаарлалтад өртдөггүй, хэзээ ч постоо устгуулж байгаагүй гэжээ. 

Харин Lips бусад сошиал платформуудаас иймэрхүү байдлаар "гадуурхагдсан" хүмүүст айдас, нэг талыг барьсан хязгаарлалт, доромжлолгүйгээр өөрийгөө нээлттэй илэрхийлэх боломжийг олгохоор зорьж байгаа аж. Жишээ нь, Lips ямар ч нөхцөлд троллуудад боломж олгохгүй байх зохицуулалтуудыг хийжээ. Тус платформд пост оруулахын тулд хүн бүхэн зөвшөөрөл авах шаардлагатай. Мөн одоогоор сэтгэгдэл, мессеж бичих функц байхгүй бөгөөд тохиромжтой цаг нь бүрдсэн үед нэмнэ гэсэн байна. 

Lips шиг тодорхой хүрээний хүмүүст зориулсан сошиал платформ бий болох цаг болсон 

Фэйсбүүк шиг компаниуд олон жилийн турш өсөлтөд анхаарч, аль болох олон хэрэглэгчтэй болохыг л чухалчилж ирсэн. Энэ нь яваандаа контентуудын зохицуулалтад сөргөөр нөлөөлж эхэлсэн тул Lips шиг шинэ платформууд гарч ирж байна. Хүмүүс хэдийн Substack, Patreon зэрэг платформуудад нэгдэж, хүссэн контентоо авахын тулд мөнгө төлдөг болжээ. 

"Хүн бүхэнд нийцсэн платформ байх боломжгүй. Хүмүүс онлайн орчинд бодит ертөнц дээрх шиг жижиг, аюулгүй хүрээлэл хүсэж байна" гэж Элефанте ярьжээ. Тэрбээр ижил сонирхол, хэрэгцээтэй нийгмийн тодорхой бүлгүүдэд зориулсан платформ бий болох нь сошиал медиагийн хөгжлийн дараагийн шат гэж үзэж байна. 

Эх сурвалж: Mashable 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.