Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Шинэ үеийнхнээс Засгийн газарт дайх үгс


Шинэ үеийн гэх тодотголтой Засгийн газар байгуулагдаад хэдхэн хонож байна. Залуу ерөнхиий сайдын бүрдүүлсэн танхимыг насны хувьд, үнэт зүйл, үзэл баримтлалын хувьд шинэ байх болов уу хэмээн харж, бодлого шийдвэрийг нь ч үүнтэй уялдуулан хүлээх нь гарцаагүй. Тэдний хийх ажлын үр дүнг мэдрэх нийгмийн хамгийн том зорилтот бүлэг, жинхэнэ шинэ залуу үеийнхэн болох 20-30 насныхан энэхүү Засгийн газраас, салбар салбарын сайд нараас юу хүсэн, хүлээж буйг тодруулан ярилцлаа. 

Н.Эрхэмбаяр, Хүний их эмч, 26 настай


Би тархи болон генетикийн чиглэлийн судалгаа, шинжилгээ хийдэг. Тэгэхээр шинжлэх ухааны салбар надад илүү ойр юм. Засаг солигдож, шинэ үеийн гэх тодотголтой Засгийн газар бүрдлээ. Миний хувьд тэднээс хүлээх гол зүйл маань шинжлэх ухааны салбарын хөгжил юм.

Шинжлэх ухааны хөгжил бусад салбарын хөгжлийн түүчээ гэж үздэг. Бид хэдийгээр дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхаж байна гэдэг ч шинжлэх ухааныг бодлогын чанартайгаар, стратеги төлөвлөгөөтэйгөөр хөгжүүлэх тал дээр дулимаг байна. Өнөөгийн байдлаар Монгол Улс шинжлэх ухааны салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний 0.1 орчим хувийг зарцуулж байгаа. Энэ бол аманд ч үгүй, хамарт ч үгүй тоо юм. 

Манайд дэлхийн тэргүүлэх их дээд сургууль, хүрээлэнгүүдэд өндөр түвшиний боловсрол эзэмшсэн болон  суралцаж байгаа олон мундаг эрдэмтэн залуус бий. Гэвч тэдэнд сурсан нарийн шинжлэх ухаанаа ашиглах, хөгжүүлэх лаборатори, тоног төхөөрөмж, засаг төрийн дэмжлэг байхгүйн улмаас эх орондоо ажиллах боломж хомс, гаднын улс орнуудад үнэтэй боловсон хүчин болж үлдэх зэрэг асуудал их гардаг.  

Бид дэлхийн жишигт нийцэх шинжлэх ухааны парк байгуулаад, хамгийн багадаа ДНБ-ий гурван хувийг энэ салбарт зарцуулахад л улс орны нөхцөл байдал өөрчлөгдөнө. Тиймээс энэ л салбартаа анхаарал хандуулахыг шинэ үеийн засгаас хүсэх байна. 

Б.Уянга, М-Си-Эс Холдинг ХХК-ийн санхүүгийн шинжээч, 23 настай


Би аялах дуртай, үүргэвчээ үүрээд харсан зүгтээ, хаана ч, хэдэн сар амьдрахад ажрахгүй ийм сайхан дэврүүн насан дээрээ аль болох олон газраар аялахыг хүсдэг. Цар тахлын улмаас сүүлийн нэг жилд бид гадаад дотоодоор аялах, зугаалах, суралцах, хөгжих амьдралын шаардлага ямар чухал вэ гэдгийг маш хүчтэй мэдэрч байна. Манай улсад аялал жуулчлал хангалттай хөгжсөн байсан бол залуучууд заавал гадаад руу аялахыг урьтал болгохгүй болов уу. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулж, энэ салбарт ажиллаж буй хүмүүст татварын болон бусад хөнгөлөлт эдлүүлж, бүтээн байгуулалт хийгээсэй гэж хүсэж байна. 

Анхаарал хандуулаасай гэж хүсэж буй дараагийн асуудал бол орон сууцны үнэ цалингийн дундажтай харьцуулахад асар өндөр байгаа явдал. Жишээ нь, Яармагт шинээр баригдаж буй барилгын метр квадрат нь  2-3 сая төгрөгийн үнэлгээтэй. Харин цалингийн дундаж хэмжээ 1,200,000 төгрөг. Танил талаараа хөөцөлдөн орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж чадлаа гэхэд ийм цалингаар хамгийн багадаа 12 жил тасралтгүй зээл төлнө. Хураах хуримтлуулах, бусад тооцоолоогүй зардалд зарцуулах юу ч үлдэхгүй. Ингээд хамгийн энгийн тооцоолол хийгээд харахад л залуу хүмүүст ямар ээлгүй байгаа нь харагдана. Энэ тал дээр оновчтой бодлого баримтлан, залуучуудад ээлтэй хот, амьдрах нөхцлийг бүрдүүлж өгөхийг л шинэ засгийн газраас хамгийн ихээр хүсэх байна!

А.Дүүрэнжаргал, залуу уран бүтээлч, 25 настай


Шинэ Засгийн газар залуусыг илүү мэдэрч, урлаг соёлын салбараа хүчтэй дэмжиж ажиллаасай гэж хүсэж байна. Залуус бидэнд бэлэн тараасан мөнгө сонин биш ээ. Харин өөрсдийн хүч хөдөлмөрөөр мөнгө олоход минь саад учирдаггүй тогтолцоо л хэрэгтэй байна. Залуучууд бизнес, худалдаа эрхлэхээс гадна хүсэл эрмэлзлийнхээ дагуу авьяас чадвараараа уран бүтээл хийж, амьдралаа босгоход энэ нийгэм жаахан халтай юм уу гэж санадаг. Нөгөөтэйгүүр урлаг соёлыг зугаа цэнгээн гэж ойлгодог тал бий. Гэтэл энэ бол сэтгэхүй, оюун санааны гэрэл асаах үнэ цэнтэй салбар. Чанартай урлагаас чанартай нийгэм төрөх учраас урлагийг ойлгодог, дэмждэг, мэдрэмжтэй, менежменттэй тийм л засаг төр байгаасай гэж хүсэж байна. 

Г.Саранцацрал, Эх барих эмэгтэйчүүдийн их эмч, 27 настай


Эрүүл мэндийн салбарт нийтлэг ажиглагддаг, засаж сайжруулах шаардлагатай нэгэн чухал зүйл нь нийгмийн эрүүл мэндийн боловсрол сул байгаа явдал. Монгол хүн өвдөхгүй байхын тулд яах вэ гэдгээ мэдэхгүй байна. Зөвхөн өвдсөнийхөө дараа эмч энэ асуудлыг залруулах ёстой хэмээн хандаж ирэх нь нийтлэг. Эмчийн ачаалал тэртэй тэргүй их болохоор тэр тухай ярих хэрэггүй байх. Гол нь энэ байдал нь тухайн хүнд өөрт нь, ард иргэдэд, нийгэмд хортой. Монгол хүний дундаж наслалт бага байдаг нь ч үүнтэй холбоотой. Биеийн болон сэтгэлзүйн эрүүл мэндийн боловсрол, нөхөн үржихүйн боловсролыг системтэйгээр, багаас нь тууштай олгоод өгөөч гэж засаг төрөөс хүсмээр байна. Эрүүл дадал, зан үйл, амьдралын чанар өндөртэй нийгэм гэдэг бол юутай ч зүйрлэшгүй үнэт баялаг.

Би ажлын онцлогоос шалтгаалан хүсээгүй жирэмслэлт, өсвөр насны жирэмслэлт, бэлгийн замын өвчтэй хүмүүстэй өдөр бүр нүүр тулдаг. Энэ бол наад захын жишээ л дээ. Энэ бүхэнд эрүүл мэндийн боловсрол дутмаг байдал маш их нөлөөлж буйг хараад их харамсдаг. Хүүхэд залуус, ард иргэдэд энэ тал дээр тусламж, дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгааг засаг төр нь анхааралдаа аваасай гэж бодож байна. 

З.Билгүүн “2 хэмжээст” кофе шопын үүсгэн байгуулагч, 23 настай


Жижиг дунд бизнес эрхлэгчийн хувиар санал, хүсэлт байгаагаа хуваалцъя. Шинээр эхэлж буй старт-ап бизнест аж ахуй нэгжийн орлогын албан татвар 10 хувь, нийгмийн даатгалын шимтгэл байгууллагаас 13.5 хувь, НӨАТ 10 хувь гээд нийтдээ 33.5 хувийн татварын дарамт ирдэг. Дээрээс нь нэмээд түрээс, ашиглалт, цалингийн зардал гарна шүү дээ. 

50 жилийн түүхтэй хэдэн мянган ажилтантай компанид ногдуулдагтай яг ижил хэмжээний татварыг шинэ бизнест ногдуулдаг энэ тогтолцоо нь ЖДҮ, бизнес эрхлэгч залуу үеийнхнийг Монголын ирээдүйд чиний оролцоо хэрэггүй гээд түлхэж буйтай ижил санагддаг. Хүүхдээр бодвол нэг ч нас хүрээгүй нярай хүүхдийг эцэг эхдээ тусал гэж шаардаж буйтай адил гэх үү дээ. Үүний оронд алхаж гишгэх, хэлж ярихыг нь зааж өгөөд, биеэ даасных нь дараа шаардлага тавих нь зөв гэж бодож байна. Шинэ үеийн гэгдэж байгаа Засгийн газар үүнийг анхаараасай гэж хүсэх байна. 

Э.Мишээл /26 настай/ “Гүүдсофт” ХХК програмын хэлтсийн ажилтан


Сайн байна уу, би хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Энэ нь дотроо олон янз байдгаас миний хувьд тархины саажилт, булчингийн чангаралын эмгэгтэй. Гэр бүл, найз нөхдийнхөө дэмжлэгээр их сургуулиа дүүргэж, ажлын талбарт гарсан. Насанд хүрсэн, залуу хүн гээд аав ээж маань надад өрх тусгаарлаж өгсөн л дөө. Гэсэн хэдий ч миний нөхцөл байдлаас шалтгаалаад бид өдөр бүр биш юм аа гэхэд ойр ойр уулзах хэрэгцээ маш их гардаг. Нэг ёсондоо бие даан амьдрах бололцоо муу. 

Хоёрт, ээж маань гаалийн байцаагч учраас хөдөө томилолтоор их явна. Би улиралд нэг удаа Эрээн хотод эмчилгээ хийлгэдэг байлаа. Эрээн хот, Замын-Үүд ойрхон учраас ээж бид хоёр эмчилгээгээ тасралтгүй хийлгэж чаддаг байлаа. Харин одоо ээж маань хөдөө томилогдон ажиллаж байгаа болохоор эмчилгээ маань тасалдаж байна. 

Тэгэхээр би хувьдаа засаг төрөөс хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнтэй төрийн албан хаагчийн нөхцөл байдлыг нь харгалзан томилолт, хуваарилалт хийдэг бодлого хүсэж байна. Хоёрт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог мөнгөн тэтгэмжийн 200 мянган төгрөгийг нэмэгдүүлээсэй. Надаас хүнд хэцүү байдалд байгаа олон хүн бий. Надад л хүрэлцдэггүй тэр мөнгө ажил төрөл хийж чадахгүй, боломжгүй хүмүүст яаж хүрэх вэ? Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлж өгөхийг шинэ засгийн газраас хүсмээр байна. 

Г.Доржтүвдэн, “Цогц Хөгжлийн Үндэсний Төв” ТББ-ын судлаач, 23 настай


Шинэ Засгийн газрыг залуучуудын оролцоог дэмжсэн олон нийтэд нээлттэй ажлууд хийгээсэй гэж хүсэж байна. Монгол Улсын засаг захиргааны нэгж, нутгийн өөрөө удирдах ёсны зохион байгуулалтын дагуу хууль эрх зүйн хүрээнд залуучуудын оролцоог хангах талаар нөлөөллийн ажлууд дутагдаж байна. Мөн боловсролын салбарын асуудал тулгамдаж буй тул чанарын өөрчлөлт хийх, чанартай боловсон хүчин бэлтгэхэд анхаарах хэрэгтэй. Ингэхдээ боловсролын салбар дахь нарийн судалгаа шинжилгээний ажлуудыг хийж, ул суурьтай бодлого тодорхойлоосой гэж бодож байна.

Т.Ариунтөгс, сэтгүүлч, ээж, 31 настай


Залуу ээжүүдэд хүүхдээ харах хугацаандаа ч хөгжих боломжийг бүрдүүлж өгвөл сайн байна. Хүүхэд харах хугацаа бол хүний амьдралын 2-3 жил шүү дээ. Энэ бол үр дүнтэй өнгөрөөж чадвал хангалттай урт хугацаа. Тиймээс хүүхдээ харж буй эхчүүдэд зориулсан хөтөлбөрүүд олон болоосой. За тэгээд залуу хүний хөгжлийн ордон, сургалтын цогцолбор ч юм уу, хүүхэд залуучуудад чөлөөт цагаа өнгөрөөх орон зай хэрэгтэй байна. Тэднийг ирээдүйн үнэтэй боловсон хүчин гэж харж, олон талаас нь дэмжих шаардлагатай. Ийм байдлаар монгол залуу хүнийг мохоохгүй, гал цогийг нь унтраахгүй, тууштай хөгжихөд нь туслах засаг төр бидэнд хэрэгтэй байна. 




Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
2 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
21 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
2
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.02.06 172.69.252.151

Монголын гэрэлт ирээдүй болсон сайхан залуучуудад амжилт хүсье!!!

0 Хариулах