Хайх зүйлээ бичнэ үү

Оюутан сурагчид шинэ хичээлийн жилийн эхэнд хоёр сар танхимаар хичээллэснийг эс тооцвол ноднин өдийгөөс хойш гэртээ сууж, зайнаас суралцаж байгаа билээ. Ийнхүү удаан хугацаагаар нийгмийн харилцаа, анги танхимаас холдох нь нас насны хүүхдүүдэд сэтгэл зүйн хувьд хэрхэн нөлөөлж, амьдралын хэвшил нь яаж өөрчлөгдөж буй, мөн энэ үед эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцаж, дэмжин туслах арга замуудын тухай МУБИС-ийн  Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн дэд профессор, Сэтгэл судлалын ухааны доктор Д.Дэлгэрмаатай ярилцлаа.

- Цар тахлын энэ цаг үед сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн нийгмийн харилцаа, төлөвшил хязгаарлагдаж, гэртээ удаан хугацаагаар байгаа нь хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх үү? Хэрхэн нөлөөлөх вэ? 

- Мэдээж хэрэг тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлнэ. Гэхдээ энэ нөлөө заавал сөрөг байх албагүй л дээ. Тухайн хүүхдийн насны онцлогоос шалтгаалаад цар тахлын үеийн гэрийн дэглэм нь хүүхэд бүхэнд янз бүр байна. Сургуулийн бага ангийнхны хувьд сэтгэл зүйн тулгамдсан асуудал үүсэх нь ховор. Учир нь тэд эцэг эх, гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ сургуулийн найз нөхдөөс илүү дотно байдаг учраас гэртээ байх цаг их байгаа нь тэдэнд сайшаалтай байх талтай. 

Харин өсвөр насныхан болон ахлах ангийн сурагчдын хувьд энэ байдал сэтгэл зүйн асуудлууд дагуулах нь их байгаа нь анзаарагдаж байна. Тэдний хувьд хичээлд явахгүй байх, зурагт үзэх, хангалттай унтах нь сайхан зүйл мэт санагддаг боловч хорио цээрийн дэглэм эхэлснээр энэ тийм ч сонирхолтой биш гэдэг нь харагдаж байна. 

- Өсвөр насныханд асуудал дагуулж буйн учир нь юу вэ? 

- Зайнаас суралцаж, даалгаврын тоо олшрон, найз нөхөдтэйгөө уулзах боломж хязгаарлагдаж байгаа нь тэдэнд тулгамдаж буй эн тэргүүний сэтгэл зүйн асуудал юм. Найзуудтайгаа яриа өрнүүлэх боломжгүй, хамт гадуур гарахгүй байгаа зэрэг нь гунигтай мэдрэмж төрүүлнэ. Тиймээс энэ насныханд гэртээ удаан байна гэдэг нь том сорилт юм. 

Ер нь дасал болсон зүйлс өөрчлөгдөж, амьдралын шинэ маягт дасан зохицох хэрэгцээ үүсэхэд ямар ч хүнд нэлээдгүй цаг хугацааны хямралыг даван туулах сэтгэлийн тэнхээ хэрэгтэй болдог. Гэсэн хэдий ч өсвөр насныхан яагаад илүү их асуудалтай байна вэ?  Нэгт, тэдний бие махбод , оюун санаа аль аль нь дэлхий ертөнцтэй дасан зохицох олон олон өөрчлөлтийн дөнгөж эхний шатанд явж байгаа. Энэ үед тэдний амьдралын энгийн хэв маягийг хүчээр өөрчлөх нь дарамт болж байгаа юм. Хоёрт, аль ч насны хүн бүрт сэтгэл зүйн таатай орон зай гэж байдаг. Өсвөрийнхний хувьд энэ орон зайд найз нөхдийн харилцаа давамгайлдаг тул энэ харилцаа дутагдаад эхэлмэгц сэтгэл зүйн тавгүй байдалд орж эхэлнэ. Тэд гэр бүлийн орчинд ярилцах боломжгүй, эцэг эхтэйгээ ярилцах боломжгүй олон асуудлыг өөр хоорондоо ярилцаж, мэдээллийн болон харилцааны хэрэгцээгээ хангаж байдаг тул энэ хэрэгцээ дутсанаар хүүхэд стресс өртөх магадлал хамгийн өндөр. 

- Тэгвэл эцэг эхчүүд хүүхдээ стресс, сөрөг мэдрэмжүүдээс хамгаалахын тулд юу хийж чадах вэ? 

- Эцэг эх, багш нар өсвөр насныхны сэтгэлийн түгшүүрийг бууруулах, хамтран ажиллах хэд хэдэн арга зам бий. Үүнд:

Сэтгэл түгшсэн байдлыг хэвийн болоход туслах

Ямар нэг шалтгаанаар сэтгэл түгшиж буй хүүхдэдээ сэтгэлийн тайван байдалд шилжих хэрэгтэйг зөвлөж, ойлгуулах хэрэгтэй. Түгшсэн мэдрэмж төрж байгаа нь ямар нэг шалтгаантай боловч энэ нь мөн өөрийн цаг хугацаатай учраас удахгүй энэ мэдрэмж алга болно гэдгийг тайвнаар тайлбарлан хэлээрэй.

Бусдад туслах, сайн үйлд анхаарлыг нь хандуулах

Сэтгэл зүйн тогтворгүй нөхцөлд орсон өсвөр насны хүүхдүүд бусдад туслах, хүмүүнлэгийн ажилд оролцох, жижиг гэлтгүй хэн нэгэнд дэмжлэг үзүүлэх зэрэгт анхаарлаа хандуулснаар амьдралын бэрхшээлийг даван туулах чадвар суудаг тухай судалгаанууд бий. Тиймээс хүүхдээ ийм ажилд тохирсон хэмжээгээр татан оролцуулбал эерэг үр дүнтэй. 

Найз нөхөдтэйгээ ярих, холбогдохыг нь дэмжих

Тэд таагүй мэдрэмжээсээ хөндийрч, илүү эерэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай. Анги хамт олноороо хэлэлцүүлэг хийх, найз нөхөдтэйгээ ярилцах, шинэ мэдээлэл солилцох онлайн уулзалт зэргийг нь дэмжиж өгөөрэй. 

Томчууд өөрсдөө тайван байж сурах

Тайван бус эцэг эхийн хүүхэд тайван бус байдаг. Ээж аав нар аливаа зүйлд ямар хариу үйлдэл үзүүлж буйг залуучууд ухамсаргүйгээр хуулбарладаг учраас. Эцэг эхчүүд нь өөрсдөө сэтгэлийн түгшүүртэй байхад хүүхдийг тайвшруулах боломжгүй юм. Тиймээс тэд тайван байж аливаа асуудлыг эерэг талаас нь харж тайлбарлан, эерэг итгэл үнэмшлийг хүүхдэдээ үлгэрлэх хэрэгтэй.  

- Олон улсад сургуулиуд онлайнаар хичээллэснээс хойш сурагчид сэтгэл зүйн хямралд орж, мэргэжлийн туслалцаа хүсэх нь нэмэгдсэн тоо баримтууд их байна. Монголд, хүүхдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх газрууд ийм асуудалд бэлэн байж чадаж байгаа болов уу?

- Хэдийгээр өнөөдөр ЕБС-иудад сургуулийн сэтгэл зүйчийн орон тоо байхгүй, тэд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа нь гашуун үнэн боловч, нийгэмд сэтгэл зүйчийн үйл ажиллагааны эрэлт хэрэгцээг ойлгох, цаг алдахгүй сэтгэл зүйн үйлчилгээ авах иргэдийн тоо олширч байгаа нь сайшаалтай. Үүнийгээ ч дагаад практик үйл ажиллагаа явуулдаг сэтгэл зүйн зөвлөгөө, оношилгооны төвүүд цөөнгүй ажиллаж байгаа. МУБИС гэхэд л бакалавр, магистр, докторын түвшинд мэргэжлийн сэтгэл судлаачдыг олон жил бэлтгэж байна. Тиймээс мэргэжлийн сэтгэл судлаачид хандах боломж байгаа юу гэвэл байгаа. Харин төр засгаас бодлогын шинж чанартайгаар хүүхдэд туслах тал дээр бол үгүй. 

- Хүүхдүүд гэрт өнжихөөр гар утас, компьютер их үзэж, тоглох хандлагатай болдог. Энэ нь хортой юу? Үүнийг хязгаарлах үр дүнтэй ямар арга байх вэ?

- Мэдээж хэрэг ямар ч зүйл хэт ихэдвэл хортой. Тиймээс гар утас, компьютер их үзэж тоглох нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, РС тоглоомын хамааралтай болох сөрөг үр дагавартай. Эцэг эхчүүд хэдэн насанд ямар хугацаагаар тоглуулж болох стандарт байдаг вэ гэж их асуудаг. Энэ түгээмэл асуултанд товчхон хариулъя. Аль ч насанд тийм хугацаагаар тоглож болно гэсэн стандарт байдаггүйг анааруулъя. 

- Ковидын үед амьдарч буй бид хэн хүнгүй л гэрээсээ ажиллаж , суралцах шинэ хэмнэлд дасах гэж ядаж байна. Энэ үед хүүхдүүдтэйгээ зай завсаргүй хамт байснаар хоорондоо үл ойлголцох нь ихэслээ гэх эцэг эхчүүд байна. Тэдэнд зөвлөбөл? 

- Мэдээж ээж аав нар хүүхдийнхээ төлөө л бүхнийг хийж байгаа. Гагцхүү бид хүүхэдтэйгээ харилцахдаа өөрсдөө ч анзаарахгүй алдаа гаргаад байдаг. Жишээлбэл гараа угаа гэж олон удаа сануулж, алхам бүрийг нь хянаж байвал энэ нь хүүхдэд дарамт болно. Эсэргүүцлийн урвал, зөрчил үүсгэж хүүхэд чинь таныг сонсохоо байж, үл тоомсорлож эхлэнэ. Оронд нь ийм эрүүл ахуйн дэглэмийг дэлхий дээрх хамгийн алдартай хүмүүс ч баримтлан амьдарч буйг, тэдний дуртай тамирчин, дуучин хэн боловч гараа сайтар угааж байгааг ярилцвал үр дүнтэй. Шууд шаардлага тавихын оронд хүүхдэд хийх ажлынх нь жагсаалтыг гаргахад туслах, хэрхэн хийх талаар зөвлөлдөх нь хамаагүй эерэг үр дүнтэй. Хамт өнгөрүүлж буй цаг хугацаа эцэг эх, хүүхдийн хооронд бие биенээ илүү ойлгох, таних боломж гэдгийг санаж аль болох тэдэнтэй ойр дотно байх талаас хичээгээрэй. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.