Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Цагаан сараар үзэхийг санал болгох 10 монгол кино


Цагаан сарын баярын өдрүүдэд монгол кино шимтэн гэртээ тухлах нь энэ удаа хамгийн зугаатай амралт болох нь дамжиггүй. Цар тахлын улмаас хөл хориноны дэглэмд тэмдэглэн өнгөрүүлэх эл баяраар Танд дараах уран бүтээлийг санал болгож байна. 

Алтан өргөө

Монголчууд цагтаа Герман улсын уран бүтээлчидтэй хамтран үлгэрийн кино бүтээж байлаа гэдэг нь өөрөө үлгэр мэт. Монгол багачууд төдийгүй томчуудын тухлан сууж үзэх дуртай энэ кинонд ус ямар ч эрдэнээс илүү хүний амьдралын эх булаг мөн болохыг чандлан захьсан юм. Үлгэрт түүнчлэн хүмүүжил, хүн чанар, эр зоригийг айлын гурван хүүгийн туулж үзэх ид шид, адал явдал, басхүү хошин үзэгдлүүдээр өгүүлнэ. 

Буруу өрөг

“JiiJ” продакшны найруулагч, гавьяат жүжигчин О.Бат-Өлзийн “Буруу өрөг”-ийг “Фантастик”-ын жүжигчид амилуулжээ. “Буруу өрөг”-т бага насны охин хүчиндэж егүүтгэсэн байж болзошгүй сэжигтний мөрдөгч болон өмгөөлөгчтэйгөө ярилцаж буй харилцан яриатай хэсгүүдийг дурлахгүй байхын аргагүй гайхалтай бүтээжээ. Төгсгөл хүртлээ таавар, гэм зэмүүд дотроос жинхэнэ гэм зэмийг ялгах гэж хичээлгэсэн сонирхолтой кино юм. 

Нийслэл хүүхэн

Хөдөө гарах, халуун чулуу атгах гоё. Зуны амралтаараа гэр бүл, найз нөхдөөрөө аялж зугаалахаар зорьдог хөдөө нутаг диваажин л гэсэн үг. Харин ганцаараа, танихгүй шахам малчин айлд, тэгээд бүр хоёр сараар цөлөгдөж очсон хот газрын залуу бүсгүйн адал явдлыг яг одоо л дагаарай. Үхрийн баас цэвэрлэхээс зайлах санаатай түүний арга саам бүтэлгүйтлээр эхэлнэ. Шимийн архи хулгайлж уугаад эсгийд боолгон зэм хүртэж орхив. Нийслэл хүүхний аяг ааль, хот айлынхны ахуй төрхийг наадам наргиантай харуулах эл киноны агшин бүр үзэгчдийг зугаацуулан хөгжөөж чадна. 

NTV телевиз, “Orange entertainment”, “Nomadia Pictures”-ийн хамтран бүтээсэн "Нийслэл хүүхэн" олон ангит уран сайхны кино Юнивишнийн Монгол кино багцад цувралаар орсон байна. 

Нийслэл хүү

Дээрхээс хагас зуун жилийн өмнө бүтээгдсэн эл кинонд хотын ганган хархүү говь нутгийн тэмээчин айлд туслахаар очно. Хүзүүнээсээ зургийн аппарат зүүчихсэн их эд ээ. Нийслэл хүү орчин цагийн нийслэл бүсгүйгээс баахан нэрэлхүүгээрээ ялгаатай. Нэг л их хөдөөгийн амьдрал, мал ахуй мэддэг догь хүн мэт царайлахыг хичээвч удалгүй хөглөсөөр таарах вий. Нийслэл хүүгийн амьдралыг эргүүлэх нэгэн энд түүнтэй учрах бөгөөд сэтгэлийг нь “хормойгоо чирсэн” хочтой тэмээчин бүсгүй эзэмдэх болно.

Микроны босс

Микротой л болчихвол амьдрал нь яг цэцэглэчих гээд байсан хоёр найз нэгэн танилаасаа хуучин микрог нь лизингээр авна. “Микроны босс” гэдэг үгийг магадгүй монголчууд л ойлгоно. Микро гэж нэрлэдэг амжиргааны унаа Улаанбаатарын тээвэрт галзуу хулгана шиг давхилддаг. Нэг өдөр тансаг зэрэглэлийн машиныг шүргэж, хоёр найз дааж давахын аргагүй өр төлбөрт унана. Гэхдээ тансаг зэрэглэлийн машины эзэн мөнөөх “микроны боссуудтай” найзлахыг хүснэ. Үзэгчдийн хүртээл болсноосоо хойш долоон жил болж буй хэдий ч хүмүүсийн таашаалд ихэд хүрсэн уг киног Юнивишнийн Монгол кино багцад багтаажээ.   

Хань

БНМАУ-ын үеийн нэгэн залуу гэр бүлийн амьдрал. Залуу нь инженер, тэр бас самбо болон үндэсний бөхөөр хичээллэдэг, бүсгүй нь цэцэрлэгийн багш. Сайтар төлөвлөсөн зургийн дагуу хөгжиж буй саруулхан Улаанбаатар хотын төрх, тохилог орон сууц, одоо ч харсан сэтгэл татам 70-аад оны хувцас загвар. Залуу хүмүүсийн хайр дурлал, энэ чигээр нь үргэлжлүүлэхийн төлөөх тэмцэл. 

Үе үеийн монголчуудын хувьд энэ киног дахин дахин үзэх шалтгаан нь бүсгүй хүний гоо үзэсгэлэнгийн домог Н.Сувдын залуухан төрхийг харж баясан бахдах хүсэл байдаг билээ.   

Хүргэн хүү

Хүний тухай, амьдралын тухай бусдын хар сэргүй яриаг гэрт нь чихээ нааж байгаад сонсох шиг сэтгэгдэл төрүүлдэг нь хэд ч үзэхэд уйдаадаггүй энэ киноны шид юм шиг. Энгийн амьдралд, гэр зуур, дотно итгэлт хүмүүсийн хооронд л өгүүлж чадах зүйлсийг дүрүүд хоорондоо ярилцдаг. Хадам нь хүргэнийхээ тухай басамжлангуй шоглох, бүсгүй нь хайртай хүндээ тунин өгүүлэх, ээж нь ганц хүүгийнхээ ирээдүйд зовнин хүүрнэх ийм л ярианууд яасан голтой, ямар үнэн! 

Амьдралоги

Уг нь Сэтгэлсайхан их сургуулиа улаан дипломтой төгсчихсөн, сэгсийсэн үстэй, зодолдож байгаа хоёрыг салгахаар ноцолдоход тэр үс нь айхтар хүчтэй сэгсэлзэх бөгөөд чухам ийм л шалтгаанаар Ундармаа анхны харцаар учиргүй дурласан сайхан залуу явсым. Даанч... 20 жил өнгөрчихсөн, амьдрал нь хоёрдугаар үеийн адармаат хямралд идэгдчихсэн. Сэтгэлсайхан арай гэж шинэ ажил олтол тэр нь эхнэрийн багшилдаг сургуулийн хамгаалалтын алба байх бөгөөд захирал эмэгтэйн харцыг булааж, юу юугүй салах гэж байсан Ундармаа багшийн сэтгэл мэдрэл, эрч хүчийг нэгмөсөн шавхана даа. 

Бодлын хулгайч

1994 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатыг залилсан хэргийнхээ улмаас 14 жилийг шоронд өнгөрүүлэн, “90 саяын” гэж алдаршсан Б.Гансүхийн бодит амьдралаас сэдэвлэн 2011 онд бүтээсэн кино. 2012 онд Монголын Кино урлагийн наадмаас шилдэг киногоор шалгарч, хэд хэдэн шагнал хүртсэн энэхүү алдартай бүтээлийг Юнивишнийн Монгол кино багцаас сонгож үзээрэй.  

Шинэ үсгийн багш

Өнөө хэр нэр алдар нь урлагийнхны дурсамжид тодоор яригдсаар байдаг Бадраагийн Бадарууган агсан 1998 онд уг киног найруулжээ. Түүний эл киноноос Б.Бадарууган гэж хэн байсныг, хэрхэн ажилладаг байсныг сонирхож болох мэт. Монгол Улс кирилл үсэгт шилжиж байх үед ардын сургуулийн 15 настай сурагч зуны амралтаараа шинэ үсгийн багш болно. Түүний сурагчид бол саахалтынхан нь. Айл саахалт хүмүүс мал ахуй дундаа ийнхүү шинэ үсэг сурах шинэ зорилгод нэгдэх бөгөөд нас зүс ондоо тэдний хооронд хөөрхөн өрсөлдөөн ч бий болно. Тэдэнд тохиолдох хөгтэй үйл явдлууд шинэ үсгийн багшийн хувьд хүнийг таних, ойлгох нэгэн ухааны эх болдог. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
4 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
9 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.