Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Эсээ | Миний Грегор Замза амьдрал


“Грегор Замза нэг өглөө хар дарсан зүүднээсээ сэртэл аварга том хорхой болчихсон байх нь тэр ээ”. Энэ өгүүлбэрээс ялгаатай нь би хорхой болоогүй байлаа. Умгар өрөө, ганц ор, чимээ аниргүй орчин, доод давхарт хүмүүсийн ярилцах бүгтхэн чимээ, цонхоор тусах өвлийн нарны элчгүй туяа. 

Өчигдөр унтахдаа өглөө нарны туяа яг нүүрэн дээр тусахаар хөшгөө хагас татаад орхисон тул яг цагтаа сэрлээ. Өнөөдөр цэлмэг учраас нар илчтэй, тэрхүү илчэнд үүлгэртэн хэвтэх зуур хэдэн тагтаа нисэж ирээд цонхны тавцан дээр суужээ. Үнэндээ нарны туяа биш тагтааны хөлөөр хөдөлсөн тавцангийн төмөр л намайг сэрээж. Тэр зуур нүдээ алгуурхан нээж эхлээд тааз руу, дараа нь хана руу, тэгээд нарны туяанд гялтайх шалыг, эргээд дээш өгсүүлж хөшигний завсраар харагдах саарал тэнгэрийг ширтлээ. Өрөөний цонх чанх урагшаа Богд уулын арын тармаг модтой тагтыг харж болохоор байршжээ. Цас хучсан уулын ар утаан дунд усан будгийн зураг шиг бүдэг бадаг. 

Хорхой болсон Грегор Замза эхлээд өрөөнөөсөө гарахаар хүчлэн тэмцэж байснаа эцэстээ өрөөнийхөө мухарт мартагдсантайгаа эвлэрдэг шиг би ч ялгаагүй энэ өдрүүдэд аажуухан дасах шинжтэй. Эхний хэдэн өдөр хашхирмаар, өрөөн дотуураа гүймээр, цонхоор цээжээ гаргаж орилмоор санагдсан ч өдөр ирэх тусам орондоо шигдэн хэвтэж, хөнжлөө өрөөлдөн хэдэрчхээд нүүх үүлсийг ажиж, дуртай киногоо үзэх, ном унших л таатай санагддаг боллоо. Яг энэ мөчид л цаг хугацааны аажуу хэр нь тасралтгүй урагшлах урсгал хамгийн хүчтэйг мэдрэгдэх тул тэвчээр барна. Удалгүй хонгилоор тэрэгний дугуй түчигнэх, төмөр сав харших, яг тодорхойгүй ч “хоолой аваарай” гэж хэд хоногийн өмнө тайлж уншсан тэр л дуунаар аяга, тавгаа гаргаж үүдний жижигхэн ширээн дээр тавьлаа. Ингээд хэвтэртээ шигдээд байвал хоолгүй хоцорно. Тэд чинь идэж чадах, чадахгүйг нь мэдэхгүй ч хоол дөхүүлдэг Грегор Замзагийн өр нимгэн дүү охин биш шүү дээ. Нуруунд нь алим шигдтэл шиддэг түрээслэгчид, хөсөр хаясан гэр бүлийнхнээс нь арай дээр гэж итгэхээс өөр найдвар байхгүй. Угтаа би булангийн өрөөнд түгжигдсэн Грегор Замзагаас өөр хэн сэн билээ. 

Эхэндээ өдөрт нэг удаа өрөөнийхөө шалыг ариутгагчтай алчуураар арчиж, ширээ сандлын тоосыг чийгтэй алчуураар зүлгэдэг байлаа. Гурав дахь өдрөөс тоосны эхүүн үнэр, саван, хоол, ариутгагч, хувцас, хөлсний үнэртэй нэгдэн тийм гэхийн аргагүй үнэрээр өрөө дүүрч, хөнжлийн даавуунаас угаагч шингэнийх биш өөрийн биеийн үнэр гарах болсон тул сэтгэлд арай л таатай болоод ирлээ. Нүдэнд үзэгдэх, чихэнд сонсогдохоос илүүтэй хүнийг өөртөө дасгадаг зүйл үнэр гэдгийг анх удаа анзаарч мэдлээ. Ийн үнэр солигдсоноор өрөө минийх болж ирлээ. Виржина Вүүлфийн бичсэнчлэн “Өөрийн гэсэн өрөө”-тэй болох нь энэ. 

Өдрийн ихэнхийг кино үзэж, элдэв зүйл сараачиж, ном уншиж барсан би нар жаргах үед өрөөнийхөө гэрлийг асаалгүй цонхон дээрээ очно. Тэгээд зэргэлдээх байрны цонх руу удаан, бас няхуур ширтэж зогсоно. Чанх урд талын таван давхар байрны тав дугаар давхарт хоёр хүүхэдтэй дунд эргэм насны гэр бүл амьдардаг. Орой болоход найм орчим насны охин яг цонхны харалдаа, бүдэг хээтэй шаргал хивсэн дээр тэрийн хэвтээд хичээлээ хийж эхэлнэ. Ээж нь өвдгөө нугалж дэргэд нь суугаад хичээлийг нь давтуулна. Гэвч хүүхдийн хичээлд гэхээсээ гар дахь утсандаа анхаарлаа хандуулах нь дийлэнх. Харин арав гаруй насны хүү унтлагын өрөөн дэх компьютерийн ард хичээнгүй сууж ямар нэг зүйл хийнэ. Биеийн хөдөлгөөнөөс харвал тоглоом тоглосон шинжгүй. Аав нь бараг харагдахгүй. Хааяа том өрөөгөөр орж ирээд цонхон дээр жаахан зогссоноо цааш орно. Зурагтын өмнө суусаар нуруу нь хөшихөөрөө ингэж өрөөн дотуур сэлгүүцдэг болов уу гэж таамаглана. Хааяа бас хөргөгчний хаалга онгойлгож буй нь буланд хальтхан харагдана. Тэр байрны хажуугийн өндөр байранд залуухан хос амьдардаг. Тэд цонхны тавцан дээр тавьсан цэцгийн дэргэд тэврэлдэх дуртай. Цонх нь дээр, гэрэл нь тод учраас оройн цагаар яг л дэлгэцэн кино үзэж байгаа мэт тод харагдана. Хааяа тэд хоног дараалан үзэгдэхээ байна. Магад үнсэлцэхгүй болохоор цонхон дээр ирэх шаардлага байдаггүй биз дээ. Муудах сайдахыг алийг тэр гэх вэ? Цэцэг нь харин сайхан ургаж байгаа. 

Таван давхар байрны баруун талын орцонд бас өвөө эмээ хоёр бий. Цонх нь магад цааш харсан юм уу, миний талаас л лав харагддаггүй. Хааяа хамт гарч хүнсээ цуглуулахыг нь хэд хэд харсан юм. Дээр өвгөн нь хонины гулууз тэвэрч яваад орцныхоо үүдэнд чанга гэгч  савж унана лээ. Үр хүүхэд нь хол, эсвэл гадаадад байдаг юм болов уу. Хажууханд нь гурван залуу тамхи татаад шүлсээ хаяж зогссон. Орц руу дөхүүлээд өгч болно доо. Хашхирах гэсэн ч би чинь найман давхарт түгжигдсэн Грегор Замза шүү дээ. 

Байрнуудын дээгүүр байр, хэдэн өндөр барилгын дунд хуучин таван давхарууд булан тохой нь цухуйна. Тэр бүрийн дотор амьдрал, амьдрал бүрийн дотор жаргал, зовлон бий. Улс нь Замзагийн эцэг эх шиг амьдралын тарчигт туйлдаад үр хүүхдээ түгжиж мартсан тул тэд бүгд Замза шиг л санагдана. 

801. Энэ бол миний өрөөний дугаар. Намайг энэ тоогоор дуудна. 14 хоногийн өмнө халдвар хамгаалалтын цагаан хувцастай хоёр эмчийг даган эмнэлгийн тэргэнд сууснаас хойш би ийм нэртэй болсон юм. Эмч нарын хэллэгээр бол ойрын хавьтал, тусгаарлалтын газрын ажилчдынхаар бол 801, өрөөндөө бол Грегор Замза. Өт хорхойд хувирч, өрөөнийхөө мухарт мартагдсан Замзагийн зовлонг туулсан хагас сарын тэмдэглэлээ өндөрлөе.

Бид үнэндээ амьдрал дотор түгжигдсэн Грегор Замза шүү дээ.

Ковер зургийг: М.Гүнчинмаа

Хамгийн их уншилттай
1
2021.11.02
Арваннэгдүгээр сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
2021.11.01
Жокерын хувцастай этгээд Токиогийн метронд 17 хүнийг хутгалжээ
3
2021.11.05
Марк Цукерберг "Мета" гэх өөр компани байдгийг сая л мэджээ
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Ф.М.Достоевский: Энэ бол гэмт хэргийн сэтгэлзүйн задлан
2
15 цагийн өмнө
Соёлын бүтээлч сар: Бүтээлч үйлдвэрлэлийн амин сүнс нь юу вэ?
3
2021.11.22
Авторын булан: Би мэдэхгүй буюу Зонхов төр барьж байна!
санал болгох
1
7 цагийн өмнө
"Урлагтай яриа" медиа төсөл урлагийн шүүмж судлалын агуулгаар баяжин үзэгчдэд хүрч байна
2
10 цагийн өмнө
BLACKPINK хамтлаг Youtube-ийн түүхэн дэх хамгийн олон дагагчтай уран бүтээлч боллоо
3
12 цагийн өмнө
"Arcane" Netflix-ийн хамгийн өндөр үнэлгээтэй, хамгийн их хүн үзсэн цуврал болжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.