Хайх зүйлээ бичнэ үү

28 мин

Х.Дамдинсүрэн: Монголыг дэлхийд таниулах бүтээл туурвина гэвэл чөтгөрийг ч продюсерлэхэд бэлэн


Монголын орчин цагийн шоу бизнест шилжилт хөдөлгөөн өрнүүлсэн нэр. “Саунд оф Монголиа”. Урлаг, соёлын амьдралд урьд өмнө болж байгаагүй үйл явдлуудыг эхлүүлсэн, шинэ соёлыг түгээж, шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн сонин анир, содон чимээ. Өдгөө өөрсдийн ажиллаж амьдрах зах зээлийг, хэрэглэгчдийн үзэж таашаах гоо зүйн эрэлт хэрэгцээг тодорхойлсон 20 жилийн түүхтэй “архаг” байгууллага болжээ. Урлаг соёлын эвэнт менежментийн “Саунд оф Монголиа” компани гэхээр захирал М.Уянга, продюсер Х.Дамдинсүрэн нарын нэрс сонсогддог. Өөрсдөө од болж тодрохыг хүсдэггүй ч хийсэн ажил нь тэдний өмнөөс чимээ аниртай гялалзаж байдаг хүмүүс. Тэд бизнесийн амжилттай хоршил, бас нэгэн гэр бүл юм. 

Хоёул Москвагийн оюутнууд бөгөөд тэнд тус тусын мэргэжлээр бакалавр, дараа нь аспирантурт суралцсан арав шахам жилийн хугацаандаа Оросын нийслэлд зохиогдсон олон концертын зохион байгуулалтад дайчлагдаж, улс төрийн сонгуулийн сурталчилгаанд оролцон, тэнд шоуг хэрхэн яаж хийдгийг өөрсдийн нүдээр харж, алив зүйлийг төгс төгөлдөр гүйцэтгэхэд суралцсан байв. 2000 онд Оросоос хоёр чемодан дүүрэн шаартай харив. Өөрсдөө зургийг нь гаргаж, төмөр гагнаж тайз хийв. Түүнийгээ шаараар чимээд, гэрэл тавина. Шоу тоглолт зохион байгуулах бэлтгэл ингэж эхэлж байв. Залуу хос тун удахгүй компани байгуулах бөгөөд тэдний саналыг зөвшөөрч тухайн үеийн залуусын шүтээн болж байсан Оросын Иванушки, араас нь Андрей Губин, Алсу ч Монголд тоглолтоор ирсэн билээ. Ашиг орлого олно гэж огт төсөөлөөгүй, зүгээр л хүмүүст гоё концерт үзүүлэх гэсэн хүсэл 3 000 суудалтай Бөхийн өргөөнөөс Цэнгэлдэх хүрээлэн рүү шилжиж 33 000 хүн цуглуулж чадсан нь тэдний ажилласан концертууд хэр амжилттай болсныг илтгэнэ. Монгол Улсад сүүлийн 20 жилд зохиогдсон хамгийн тансаг концерт, шоу, нүсэр тайз, алдар цуутай хурим найруудыг монголчуудад “Саунд оф Монголиа” дэглэн цэнгүүлсэн билээ. “Саунд оф Монголиа” соёл урлагийн салбараас гадна төр засгийн түвшиний томоохон арга хэмжээнүүдийн өнгө төрхийг зурдаг, шийддэг, найруулдаг, хийдэг болов. Улаанбаатарт зохион байгуулагддаг олон улсын томоохон хурал чуулган, төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг тэд дэглэж, үндэстэн дамнасан бизнесийн Улаанбаатар дахь нүүр царайг тэд урлаж, “Саунд оф Монголиа”-гийн хийсэн ажлын жагсаалтад түүх нэмэгдсээр байна.  

                                                                                                                                  Гэрэл зургийг Б.Долгорсүрэн

ОХУ болон БНХАУ дахь Монгол Улсын Соёлын элч Х.Дамдинсүрэн өчигдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулав. Харин өнөөдөр дэлхийд алдартай ОХУ-ын Санкт-Петербург хот дахь Оросын нэрт зураач И.Е.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академийг төгссөн кураторынх нь хувьд ярилцахаар шинэхэн гавьяатыг урьсан юм. 

-Таны амьдралд нэг төслөөс нөгөө рүү шилжих, нэг зэрэг олон ажил гараас гарган олны хүртээл болгох нь байнга үргэлжилдэг энгийн үйл явц юм шиг. Хүн амьдралдаа нэг мэргэжил эзэмшдэг, түүгээрээ ажилладаг бол Таны хувьд мэргэжлээ солих, шинэ ажилд шилжих, хөрвөх тань дадал болчихсон юм шиг?

-“Саунд оф Монголиа” байгуулагдсан цагаасаа янз бүрийн арга хэмжээг дэглэх, найруулах, зохион байгуулах ажлуудыг цаасан дээрх гарчиг байхаас нь эхлээд төлөвлөх, агуулга бүтээх, гүйцэтгэж дуусах, тэгээд хүмүүсийн нүд сэтгэл бүрэн дүүрэн таашаалыг мэдрээд гарах хүртэлх нарийн ширийнээс бүхэл бүтэн болгох зүйлсийг хийж хэрэгжүүлж байна. Ямар арга хэмжээ байхаас шалтгаалаад нэг өдрийн ажил нөгөөтэйгөө адилгүй, бүр тэс өөр. Бидний ажил үргэлж шинэ, байнгын шилжилт хөдөлгөөнд байдаг онцлогтой. Нэг мэргэжлээс нөгөө рүү шилжих нь надад хэвийн, бараг Дамдинсүрэнгийн зан гэмээр чанар болсон байна. Би чинь уг нь Москвад Улсын нэхмэлийн академийг ээрмэлийн инженер механик мэргэжлээр 1998 онд төгсөөд залгуулаад Уулын их сургуульд аж үйлдвэрийн удирдлагын чиглэлээр аспирантурт гурван жил суралцсан хүн шүү дээ. Аспирантурын хамгаалалтаа Монголдоо 2002 онд ирж хамгаалсан. Тэгэхэд Уянгаа маань Москвагийн Соёлын их сургуульд Соёл судлалаар доктор хамгаалж байлаа. Бид тэр үед компаниа байгуулж байсан учраас надад мөн л соёл урлагаар мэргэших шаардлага гарсан. Тиймээс би СУИС-ийн Соёлын менежментийн магисрт хоёр жил суралцаж төгссөн. 

Миний төрж өссөн гэр бүл технократ орчинтой, инженер аавынхаа үлгэр дуурайлаар техникт мэдрэмжтэй, дур сонирхолтой болсон нь мэргэжил сонгох чиг баримжаа тэр л байв. Оюутан байхдаа урлагийн сургуулийн охинд дурласан юм. Тэр охин телевизийн найруулагч, шоу менежерээр сурдаг. Москвагийн хаана ямар л соёлын арга хэмжээ болно, Уянга тэнд ажиллана. Би тэр бүрт нь дагаж очдог, дэмждэг, тэгээд дараа нь өөрөө оролцдог болчихсон юм. Багаасаа пионер, эвлэлийн байгууллагын идэвхтэн, за ер нь юунаас ч хоцордоггүй “хэнхэгтэй” хүүхэд байсан нь миний хүмүүжлийн орц найрлагыг нэлээд төлөвшүүлж өгсөн байдаг юм. Сургууль дээр олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, элдэв шинэ зүйлд өөрийгөө сорих бяцхан туршлагатай болчихсон байсан учраас Уянгаагийн мэргэжилд дурлах, түүний ажилд хүсэл мөрөөдлөөрөө нэгдэхэд тийм ч харь хол байгаагүй л хэрэг. 

Инженер болчихоод Монголдоо ирэхэд зах зээлийн эдийн засагт дөнгөж шилжээд миний ажиллах үйлдвэрийн үйл ажиллагаа доголдчихсон, надад тэнд мэргэжлээрээ ажиллах нөхцөлгүй болчихсон байв. Хэрвээ мэргэжлээрээ ажилласан бол өдийд уул уурхайн салбарт байх нь тодорхой. Гэхдээ Уянгаагийнхаа мэргэжлээр, бас өөрсдийнхөө оргилуун мөрөөдлөөр “Саунд оф Монголиа”-гаа байгуулсан юм. Уянгаа найруулагч хүн учраас түүнд тайз засах, үгүй ядаж бөмбөлөг үлээх, салют буудуулах хүн хэрэгтэй. Би продюсер нэртэй ч тэр бүх туслах ажлуудаа ч хийсээр байсан үе бий. Ер нь шоу гэдэг бол найруулгаас гадна инженерийн ухаан, техникийн шийдэлд тулгуурладаг зүйл юм шүү дээ. Түүнчлэн миний ажил эрхлэх соёл, төлөвшилд онцгой нөлөөлсөн орчин цагийн нэгэн төрийн бус байгууллага байдаг нь JCI. Тэнд нэгдсэнээр Монголын залуусын чин эрмэлзэл, нийгэм дэх манлайлал, үнэт зүйлсийг илүү тод ойлгож, бид алсын хараагаа, нөлөөллөө илүү өргөн хүрээтэй болгох, нийгэмтэйгээ болон төр засагтай, гадаадын улс орнуудтай ч харилцах, хамтран ажиллах ур чадварт суралцах зайлшгүй шаардлагатай юм байна гэдгээ ухамсарласан гэж боддог. Харин сүүлийн таван жилд кураторын чиглэлээр ажиллаж байгаа маань миний өөртөө нээсэн хамгийн шинэ бас нэн дуртай ажил юм.  

-Харин тийм, яг энэ тухайд сонирхох байна л даа. Репиний академид суралцах нь нэлээд бодож тунгаасан, зайлшгүй гэж үзсэн л хүний гаргах шийдвэр болов уу. Бас мэргэжлийн зураач биш хүн яаж шалгалтад нь тэнцсэн юм бэ. Тэр чинь манай хөрш оронд л байдгаас биш тэнд суралцана гэдэг нь дэлхийн шилдгүүдэд ч ховор тохиодог боломж шүү дээ?

-Олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж явсаар би өөртөө нэг онцгой мэдрэмжийг нээсэн гэх үү дээ. Тэр бол уран зураг. Зураг, баримал худалдан авч эхэлсэн. Бүтээлүүдийн түүхийг уншиж, судалдаг болов. Уран бүтээлч найзуудтайгаа ярилцаж, бүтээл туурвилд нь санаа оноогоо хэлдэг ч болов. Гэхдээ надад дүрслэх урлаг, уран зурагтай холбоотой боловсрол дутуу байгааг хүлээн зөвшөөрсөн, би заавал энэ академид л суралцах ёстой гэсэн итгэл үнэмшил минь л намайг тийш явуулсан. Шалгалт авах багш нарын нэрийг сонсоод л өвдөг нугаларам тийм “аймшигтай” байдаг юм билээ. Элсэлтийн шалгалтын комисс 30 жил завсарласны эцэст хүлээн авсан анхны монгол хүнийг хараад гайхсан гэсэн. Зураач биш, ямар нэг музей, галерейн мэргэжилтэн ч биш. Тэгсэн мөртлөө үзүүлж харуулах бүтээлийн тодорхой хөмрөгтэй, соёл урлагийн менежментийн туршлагатай, олон улсын хоёр ч үзэсгэлэн дэглэчихсэн монгол “баагий” гэнэт өөрийнхөө зардлаар сурахаар шалгалтад ороод ирсэнд тэд догдолсон юм шүү. Эхний шалгалтаар тэнцсэн анхны гадаад элсэгч нь би болсон юм билээ. Социализм нурж унаад надад инженерээр ажиллах боломж байхгүй болж байх 30 шахам жилийн өмнөх үеэс эхлэн уран бүтээлчдэд Монголоос Репиний академид суралцах нөхцөл үгүй болчихоод байсан юм. Би Урлаг судлалын тэнхимд суралцаж төгссөн. Тэнд очмогцоо монголчуудыг Репинд сургадаг уламжлалыг сэргээх ажлыг санаачилж, хоёр улсын боловсролын салбарын харилцаанд хаана, юу алдуурсныг залруулахаар хөөцөлдөөд санасандаа хүрч чадсан. Хоёр жилийн өмнөөс Репиний академид жил бүр таван монгол уран бүтээлч тэтгэлгээр суралцах боломж нээгдчихлээ. Энэ ажлын үргэлжлэл болж СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг Дүрслэх урлагийн дээд сургууль болгох шийдвэрийг Засгийн газар гаргалаа. “Монголчуудынхаа оюун санааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зураач, төрөл бүрийн мэргэжлийн урчуудыг хэдэн арван жил бэлтгэж, төрүүлсэн сургууль туурга тусгаар болсонд баяртай байна. 

-Таныг яг одоо чөлөөт уран бүтээлчид ба төр гэсэн хоёр талын дунд зуучлагчаар ажиллаж байгаа гэж ойлгож болох уу?

-Төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хоорондын харилцаа гэдэг бол соёл иргэншилт нийгэмд хөгждөг алтан гурвалжин. Соёл урлагт ч мөн ийм л байдаг жамтай. Нийгмээ юугаар хэрхэн яаж соён гэгээрүүлэх вэ, хаана юун дээр алдаж байна, ирээдүйд ямар үр дагавар хүлээж байна вэ гэдгийг төрийн бус байгууллага нь мэдэрч нэг талд уран бүтээлчдийнхээ санаа бодлыг шингээж нөгөө талд төрдөө санал болгодог гүүр болж ажиллах ёстой. Би сүүлийн 20-иод жил төрийн бус байгууллагуудад ажиллаж, тэнд залуу хүнийхээ хувьд өөрийн манлайллыг хэрэгжүүлж, тэр хэрээр нэлээд туршлага хуримтлуулжээ. Төр засгийн бодлого, шийдвэрт нөлөөлөхүйц алхмуудыг урландаа уран бүтээлээ хийж байгаа зураач, барималчдын өмнөөс уйгагүй хийх хэн нэгэн, хамгийн гол нь юуг яаж ойлгуулж, яавал үр дүнд хүргэж болохыг боддог, төрд хүргэдэг төрийн бус байгууллага ажиллаж байж энэ салбар хөгжинө. Тухайлбал, хэн нэгэн хөөцөлдөхгүй, зориглохгүй, тодорхой алхмуудыг хийгээгүйгээс сүүлийн 30 жил Монголын уран бүтээлчид, урлаг судлаачид дэлхийн дүрслэх урлагийн хөгжлийн томоохон үнэ цэн болдог Репиний дэг сургалтаас хөндийрчихсөн байлаа. Уран бүтээлчид ч, Засгийн газар ч үүнийг хүсээгүй, нийгмийн шилжилт хөдөлгөөний явцад ийм хийдэл бий болчихсон хэрэг шүү дээ. Тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүхэд танилцуулснаар тэр Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын даргынхаа хувиар Репиний академийн удирдлагыг эх орондоо айлчлахыг урьж яриа хэлэлцээ өрнүүлснээр ажил хэрэг болох эх тавигдсан. Энэ мэт гээгдсэн, эсвэл нэн зайлшгүй хэр нь эхлүүлээгүй орон зайд ажил өрнүүлэхэд ТББ-ууд гүүр болох учиртай. Яг одоогийн байдлаар Монголоос таван оюутан сурах квотдоо хоёр оюутан урлаг судлалаар, баримлаар нэг, нийтдээ гурван оюутан суралцаж байна шүү дээ. 

-Манай залуус элсэлтийн шалгалтад сайн бэлтгэх, илүү чадавхжих шаардлага бас байна гэсэн үг, тийм үү?

-Таван квотын хоёр нь одоогоор хоосон байгаа ч баримлаар сурахаар шалтгалт өгсөн монгол оюутан тухайн жилд Репиний академид элсэгчдийн хамгийн өндөр оноог авч тэнцсэн гэхээр амжилт юм шүү. Төрийн соёрхолт уран барималч Л.Ганхуяг, урлаг судлалын ухааны доктор, уран барималч С.Бадрал нарын бэлтгэсэн шавь л даа. Би ямар их урам зоригийг мэдэрсэн гээч. Репинийхэн тэгэхэд “Дамдинсүрээн, академиа шалгах гээд шилдгээ явуулав уу, яав” гэцгээн хошигнож, бас баярлаж байсан.

-Та Репинд очсоноор дүрслэх урлагийн салбарт энэ академийн үүд хаалга дахин нээгдсэн нь нэг түүх. Тэгвэл яг хувь хүнийхээ хувьд Та энэ академиас юу олж авсан бол?

-Монголын дүрслэх урлаг бол Занабазарын дэг, түүнээс өмнө Хубилай хааны үеийн сургууль, бүр цаашилбал 5000 жилийн өмнөх хадны зургийн түүхтэй. Бид ийм л дүрслэх урлагийн эх өлгийд орчин цагийнхаа соёл урлагийг бүтээж байгаа хүмүүс шүү дээ. Монголын уран бүтээлчдийг дэлхийн зах зээлд гаргахын тулд манайд урлаг судлаачид, шүүмжлэгчид хангалтгүй. Продюсерүүд, арт менежерүүд, кураторууд багаараа ажиллаж байж Монголыг олон улсад таниулах юм. Манай соёлын салбарт бодлого, алсын хараа алга. Тиймээс Европын сонгодог соёлын тогтолцоог, Орос орны дүрслэх урлагийг хөгжүүлж байгаа системийг дотор нь орж сурсан. Куратор хүн гэж хэн юм, юу хийдэг юм, арт менежер гэхээрээ яах ёстой юм, урлагийн комиссар нь яадаг юм, энэ тогтолцоонд хэн нь ямар нөлөө үзүүлж ажиллавал зөв болдгийг судаллаа. Миний хувьд Репинээс яг өөртөө олж авсан зүйл бол энэ юм. Мэдээж зураг, баримал хараад уншиж ойлгох чадвар илүү мэргэжлийн түвшинд хүрлээ. Аливаа бүтээлийг түүхтэй нь, буй орчин, архитектуртай нь хардаг болсон байна. Гэтэл би өмнө нь бусад улс орноор аялж байхдаа заавал нэг концерт үзэхийг хичээх хэрнээ музей, галерейгаар нь тоотой орсондоо маш их хармсдаг.   

-Та тэгээд дүрслэх урлагийн салбарт яг хэн юм бэ?

-Би куратор-продюсерээр энэ салбартаа ажиллаж байна. Өөрт минь их ойр, миний хамгийн дуртай нэршил бол холбогч-координатор л юм даа. Куратор гэдэг бол их том нэр юм. Хүн нэг насаараа сурч барахгүй мэдлэг, чадвар гэж ойлгох хэрэгтэй. Репинээр ч хязгаарлах аргагүй. Би 2019 онд Оросын Шоу бизнесийн академид бас суралцлаа. Өөрийгөө бүрэн дүүрэн куратор гэж хэлэх хаа ч байсан юм. Би продюсер юм байна гэдэгт 100 хувь итгэлтэй болох хүртлээ 20 жил ажилласантайгаа харьцуулахад кураторын туршлага тавхан жил байна. Гэхдээ л би ажлаа хэдийн эхэлсэн. 

-Ингэхэд куратор хүний бүтээл хэдийд, хэрхэн төрдөг юм бэ? 

-Куратор сайн зураачийг харлаа, сайн урлаг судлаачийг түүн дээр нэмээд, сайн ивээн тэтгэгч оллоо. Одоо сайн платформ хийх. Миний ажил энэ шүү дээ. Зураач зурж эхлэхээс өмнө кураторын ажил эхэлсэн байх ёстой. Тэгэхээр зураачийн бийрээс бүтээл төрөхөөс өмнө куратор хүн зураачтай ажиллаж эхэлдэг юм. Зураач нэг зураг зурах гээд судалгаагаа хийж байх явцаас куратор нь сайн ажиллаж чадвал сор бүтээл бий болох магадлал илүү байна. 

-Таны куратораар ажиллаж буй энэ зах зээл дээр монголчууд хэр амжилт олж байгаа бол?  

-Манай уран бүтээлчдийн нийтлэг гэмээр алдаа бол куратортай, арт менежертэй, продюсертэй ажилладаггүйгээс бүтээлийнхээ үнэ цэнийг өсгөж чаддаггүй явдал байсан. Зураач бол зөвхөн бүтээл туурвилдаа анхаарлаа төвлөрүүлээд, бусад зүйлийг бусдад даатгаж гэмээнэ амжилтад хүрдэг. Түүний зургийг хаанахын үзэсгэлэн, биеннальд тавихыг сайн куратор, продюсер бодож боловсруулж байж үнэ цэнийг нь өсгөдөг. Сүүлийн үед Венецийн биенналд Монголын уран бүтээлчид павильон засаад оролцдог боллоо. Тэнд Гантуяа гэж бүсгүй арт менежерээр ажиллаж байна. Бүтээлээ дэлгэн танилцуулсан манай зураачид өөрийгөө хаахна, ямар түвшинд туурвиж байгаагаа олж мэдэх нь маш чухал алхам болно. Дэлхийн уран бүтээлчдийн чадал чансаа, хандлага, урсгалыг олж мэдэрнэ гэдэг бол хөгжих үндэс. Норд Артын биенналд монголчууд оролцоод 10 жил боллоо. Энэ бол Европын нэр хүндтэй зах зээл шүү дээ. Оюунтуяа ахлагчтай кураторын баг Монголын их олон уран бүтээлчийн бүтээлийг Европын галерейнуудад тавьж, энэ зах зээлд гараад эхэлсэн. Монголын уран барималч, урлагийн гавьяат зүтгэлтэн Очирболд 2020 онд Норд Артаас гран при хүртлээ. Тэр 2015 онд энэ биенналиас үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртэж байсан. Маш том амжилт. Яг одоо дэлхийн зах зээл дээр сайн ажиллаж байгаа монгол кураторуудын нэг бол АНУ-ын Индиана их сургуулийн профессор, урлаг судлалын ухааны доктор Ц.Уранчимэг байна. Кураторууд, уран бүтээлчид маань ажиллаж байна. Энэ хүмүүсийн ачаар Монголын дүрслэх урлагийн мэргэжлийн нэр төр дэлхийд танигдаж байна шүү дээ. Одоо уран бүтээлчдээ төрөөс бодлогоор дэмжих л хэрэгтэй байна гэж би боддог.   

-Куратор болоход тань, өөрөөр хэлбэл дүрслэх урлаг тийш замнахад нөлөөлсөн анхны үзэсгэлэн, эсвэл уран бүтээлч байдаг уу?

-Миний найз зураач Гунгаасүхийн Ганбаатар, Бямбасүрэнгийн Хонгорзул, Баатарын Нямхүү нар надад хүчтэй нөлөөлсөн. Олон жилийн өмнө дөө, шинэ байрыг маань мялааж найзуудынхаа бэлэглэсэн зургийг харж таашаах мэдрэмжийг амсаж байв. Ингээд найзуудаасаа зураг худалдан авч, нэг зураг маань хоёр, гурав, дөрөв болж жижигхэн цуглуулгатай болох эхлэл тавигдсан юм. Дараа нь Хонгорзултайгаа хамтраад Дэлхийн эмэгтэй зураачдын симпозиумыг 2014 онд Монголд зохион байгуулж байлаа. За түүнээс хойш дүрслэх урлаг гэдэг зүйлээс ухаан санаагаа салгах аргагүй болчихсон. 

-Бээжингийн Хориотой хот дотор өнө эртний түүхэндээ анх удаа өөрийн тань оролцоотойгоор уран зургийн үзэсгэлэн дэлгэсэн нь “Тал нутгийн салхи”..?  

-2015 онд шүү дээ. Тэр бол Уран зургийн галерейн захирал, зураач Н.Батбаатарын маань санаачилж, би продюсерээр нь ажилласан төсөл. Бид хамтраад Монгол, Хятадын зураачдын “Тал нутгийн аялгуу” үзэсгэлэнг БНХАУ-ын Бээжин хот дахь хааны ордон Хориотой хотын Тиа Миу галерейд 10 хоног зохион байгуулсан юм. Хоёр улсын дүрслэх урлагийн салбарын шилдэг 40 уран бүтээлч дүрслэх урлагийн зургаан төрлөөр 160 орчим бүтээлээ дэлгэн үзүүлсэн энэ том төслийг амжилттай хэрэгжүүлсэн минь миний хувьд маш том урам зориг болж байлаа.

-Та Репиний академид суралцаж байхдаа Дамбадаржаад UB арт галерейгаа хэдийн төвхнүүлж амжсан, ОХУ дахь Монголын Соёлын элчээр ажиллаж, эх орондоо олон улсын уран зургийн “Рерихийн замаар” нэртэй пленэр аялал зохион байгуулсан гээд нэг зүйлийг олон болгож хийдэг хэвээрээ л байж шүү дээ? 

-Манай Уянга чанга л даа. Түүнгүйгээр би ганцаараа амжуулахад хэцүү. Түүнд ямар ч ажил даатгасан мэргэжлийн түвшинд л бүтээдэг. Урлаг соёлын байгууллага удирдах, эвент найруулах, зохион байгуулах тал дээр өөр хэнээр ч сольшгүй менежер гэж би туршлагатай продюсерийн хувьд үнэлнэ. Эхнэр бид хоёр UB арт галерейгаа нээж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхэд Уянгын үүрэг, оролцоо маш чухал байлаа. Таны асуултад дурдсан судалбар зургийн олон улсын пленэрийг би гуравдугаар курсын оюутан байхдаа Монгол Улсад анх удаа Ерөнхийлөгчийн ивээл дор Репиний академи, Монголын Урчуудын эвлэлийн хороо, UB арт галерейтайгаа хамтран таван орны 20 уран бүтээлч залуусыг оролцуулан зохион байгуулсан юм. Мэдээж Репиний академи өөрийнхөө оюутанд, тэр нь Монгол Улсын Соёлын элч, тэгээд өөрийнхөө улсад олон орны зураачдыг хүлээж аваад, хойд хилээс өмнөд хил хүртэлх байгаль, түүх, соёлын ариун дагшин газруудаар 14 хоногийн аялал-сургалт зохион байгуулах хүчин чадалтай арт галерейтай байсан нь бидэнд итгэх, дэмжиж хамтран ажиллах давуу тал, том хөшүүрэг болсон.

-Тэгвэл сургуулиа төгссөнөөс хойш мэргэжлийн куратор-продюсерийнхээ хувьд хийсэн ямар ажилдаа та сэтгэл хангалуун байгаа вэ?

-“Хөх тэнгэрийн орон” үзэсгэлэнгээ 2019 онд ОХУ-ын хотуудаар аялуулж, Санкт-Петербургт болсон Монголын соёлын өдрүүдийн үеэр Петропавловскийн цайз хэмээх Оросын түүхэн том газар нээлтээ хийсэн. Уг үзэсгэлэнгийн нээлтэд Монгол, Оросын Засгийн газрын гишүүд хүрэлцэн ирсний гадна уран бүтээлчдийнхээ бүтээлүүдийг Оросын соёл урлагийн элитүүдийн нүд, сэтгэлд толилуулсандаа миний бие үнэхээр сэтгэл хангалуун үлдсэн. “Хөх тэнгэрийн орон” Санкт-Петербургээс Казаньд нээгдэж байлаа. Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн Оросын төрийн мэдлийн, нэр хүндтэй томоохон галерейнуудад тавигдана гэдэг бол нэр төрийн хэрэг. Монголын дүрслэх урлагийн бүтээлүүдээс ОХУ-ын хотуудын хамгийн шилдэг музейнүүдийн санд орно гэдэг бол шинэ түүхийг нээсэн явдал юм. Мөн БНХАУ-ын Шанхай хот дахь Хятадын арт музейд шилдэг 13 уран бүтээлчийнхээ үзэсгэлэнг манай Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимыг 10 нийлүүлсэнтэй дүйх 3000 ам метр талбайд 45 хоног дэлгэн үзүүлсэн тэр төсөл бас их амжилттай болсон. Хятадын арт музейд дэлхийн хэр баргийн зураач зургаа тавина гэдэг бол их холын мөрөөдөл байдаг учраас манай уран бүтээлчдэд маш том боломж олгосон төсөл юм. 

-“Тахал ба урлаг” гэдэг үг дэлхийн уран бүтээлчдийн сэдэв болж байх шиг. Танд энэ өдрүүдэд ямар бодол санаа төрж байгааг сонирхъё? 

-Цар тахлын хөнөөлт талыг хүн төрөлхтөн мэдэрч байна. Хэдийгээр уран бүтээлийг олны хүртээл болгодог хэсгийн ажил ерөнхийдөө зогсож буй боловч сэтгэгчдэд, зохиолчдод, зураач, барималчдад гадаад орчноос хөндийрч төвлөрөн ажиллах завшаант цаг хугацаа тохиолоо. Би хамгийн сүүлд сонссон сайхан мэдээгээ хуваалцъя л даа. Миний уран бүтээлийн аав хэмээн хайрлан хүндэтгэж явдаг Буриадын уран бүтээлч Мандаганов Юрий Ёндонович Улаан-Үүдийн вокзалын архитектур шийдэлтэй уялдуулан Флоренцын мозаик урсгалаар том хэмжээний гурван цуврал, маш нарийн чулуун шигтгэмэл зураг бүтээсэн байна. Монголын хувьд төр засгаас Их хаадын музей байгуулахаар шийдсэн нь манай улсын соёлын салбарт сүүлийн 30 жил тохиогоогүй хөрөнгө оруулалт ирж байна. Музейд бүтээлүүд тавигдана гэдэг чинь уран бүтээлчдэд маш том боломж. Тэнд Монголын их хаадын хөрөг зургууд, түүхэн цаг үе бүрийг дүрслэн үзүүлэх уран зургууд тавигдаж таарна. Мөн археологийн үнэт олдворуудыг ч яг эх хэмжээгээр нь сэргээн бүтээлгэх ажил хүлээж байна. Тэгэхээр 2021 он бол манай дүрслэх урлагийнхны хувьд их бүтээлийн жил болно гэдэгт итгэлтэй байна. Яагаад гадаадын музей уран зураг, баримлын арвин баялаг сан хөмрөгтэй байдаг юм бэ гэвэл тухайн улс орон төрийнхөө бодлогоор уран бүтээлчдэдээ даалгавар өгч, хамгийн шилдэг сайчуудыг бүтээлээр нь төрүүлж, алдаршуулж, урамшуулан дэмжиж байдгийнх. Одоо манайд түүхэн томоохон музей байгуулагдах нь тодорхой болсон учраас ид туурвих цаг юм. Болдогсон бол Засгийн газраас томоохон дуурь, балет, жүжиг бичих даалгавар өгч, цар тахлын хөл хориог уран бүтээлчдийг бодлогоор идэвхжүүлэх цаг хугацаа болгон ашиглавал үр дүнтэй байхсан гэж бодох юм. Цар тахал, хөл хорио гэдгээс ч илүү том шалтгаан бол аливаа улс оронд сонгодог урлаг зогсолтгүй хөгжих, цаг ямагт туурвигдаж байх учиртай. Даалгавар өгөхгүй бол уран бүтээлч цаг хугацааг хий хоосон өнгөрүүлсээр байхыг ч үгүйсгэхгүй. Даалгавар өгөгдөж гэмээнэ бүтээгчид зорилготой ажиллаж, ур чадварын хувьд задарч тэлж, тэднийхээ хийсэн бүтээснийг хүртэх хэрээр ард түмний оюун санаа ариун, хүчирхэг болдог зүй тогтолтой юм.

-Аливаа уран бүтээл туурвигчийнхаа ертөнц, үзэл санааг илэрхийлэхээс гадна амьдран буй цаг үе, нийгмийнхээ тусгал болж, түүхийг өгүүлж, бас чиг хандлагыг шинэчилж байдаг. Та яг одоо Монголын дүрслэх урлагт, ялангуяа уран зурагт ямар нэг шинэ трэнд гэмээр зүйл ажиглаж байна уу?

-Манай уран бүтээлчдийн сэтгэлгээний онцлог гэж бас байна л даа. Тал газрын хүмүүс учраас яалт ч үгүй зах хязгааргүй, түүгээрээ өвөрмөц. Монгол зургийн тиг, дэг сургуулийн уламжлал гэхэд л маш хүчтэй. Дэлхийн чиг хандлагыг манайхан бүтээлдээ ашиглана аа, гэхдээ дор нь хувиргачих жишээний. Монголын онцлог уран бүтээлчдийн ажилд их гоё илэрдэг. А.Очирболдын “Ухамсар” баримлыг НҮБ төв байрандаа тавьсан. Москва хотын Хүндэтгэлийн дэнжид түүний Ялалтад тэмүүлсэн морьд хөшөө бий. Гэхчлэн Монголын урчуудын бүтээлийг хаа сайгүй залж байна.    

-Монголоос дэлхийд ямар зураг, баримал сайн зарагддаг юм бэ?   

-Монгол зургийн арга барилаар бүтээгдсэн зургууд гаднын сонирхогчдын анхаарлыг илүүтэй татсаар ирсэн. Монгол ахуй, нүүдэлчдийн соёл, байгаль гээд яг л монгол сэдэвтэй бүтээлүүд хамгийн ихээр гадаадын зах зээл дээр зарагддаг. Сүүлийн үед Монголын контемпорари уран бүтээлүүд дэлхийд гарч эхэлсэн нь сайшаалтай ч баярлах эрт. Монголд 16 сая төгрөгөөр зарагддаг баримал олон улсын зах зээлд 16 мянган евро болж байна. Тэгэхээр сая доллараар үнэлэгдсэн бүтээлийн дараа баярлаж болох юм. Олон улсын галерейн үнэлэмжээр бүтээл нь борлогддог тийм уран бүтээлчид бий болвол Монголын дүрслэх урлаг маш баялаг болох юм. Өнөөгийн байдлаар дэлхийн зах зээл дээр өндөр ханштай монгол уран бүтээлч гэвэл Занабазараас өөр хараахан төрөөгүй л байна.

-Та жишээ нь, кураторын хувьд зөвхөн өөрт таалагдсан уран бүтээлчдийг сонгодог уу, хэрхэн хамтран ажилладаг вэ?

-Кураторын систем Монголын урлагт харьцангуй шинэ харилцаа л даа. Өөр өөрийн өвөрмөц ертөнц бүхий уран бүтээлчидтэй хамтарна гэдэг бол бас их тэвчээр шүү дээ. Уран бүтээлчтэй ажиллах гэдгийг хүмүүс их л аз жаргалтай гоё зүйл гэж санадаг. Мэдээж сайхан л даа, гэхдээ ер нь их л зүйл үзэж байж ажиллахыг хэлнэ (инээв). Яг академид заасан хичээлээр, куратор бол уран бүтээлчээ хүндэтгэж, бүр хайрлах ёстой. Яагаад гэвэл тэд бурхадын хүүхдүүд. Бурханы хүссэн гоо сайхныг зураач, барималчид бий болгодог. Тиймээс гоо сайханд татагдах хүний амьдралын баяр баясгаланг бүтээж буй тэр хүмүүсээс куратор хэнтэй нь ажиллахаа сонгоно гэдэг өөрөө их онцгой зүйл, мэдээж. Уран бүтээлчид гэдэг чинь эрх дураараа, урам л өгч байхгүй бол болдоггүй сонин улс шүү дээ. Бас дутагдал ч бий. “Би”-гийн хэнээ яагаа ч үгүй тусах гээд байдаг талтай. Куратор уран бүтээлчтэйгээ хамтран ажиллахад дан ганц торгон мэдрэмжтэй л байхад хангалттай ч юм биш. Бас шаггүй сэтгэлзүйч байж ард нь гарна шүү. Хэрэв Монголыг дэлхийд таниулах, үнэхээр л бурхан тэнгэрийн ид шид гэмээр сод бүтээлийг эх орондоо туурвих хүнийг хэрэв би хардаг л юм бол чөтгөр байсан ч хамтрахад бэлэн. Миний хувьд олон улсад үзэсгэлэн гаргахдаа Монголын шилдгүүдээсээ л сонгон шигшиж ажилладаг. Хувь уран бүтээлчтэй хамтарсан туршлага чамлахааргүй болж байгаа ч хамгийн амжилттай болсон үзэсгэлэн бол Ж.Ойланы уран зургийн “Хөх тэнгэрийн орон” төсөл. Түүний бүтээлийн хөх өнгө, дүрслэн илэрхийлэл, сэдэв өгүүлэмжид сэтгэл татагдсан анхны харцаараа би Ж.Ойланыг шууд сонгосон. Түүний үзэсгэлэнгээр эх орноо, Монголын орчин цагийн дүрслэх урлагийг сурталчлах зорилгоо ч биелүүлсэн. Биднийг Петропавлоскийн цайзад үзэсгэлэнгээ нээчихээд байж байтал Репиний академийн том академичид зорьж хүрч ирээд дуу алдсан юм шүү. “Монголд сюрреализм ингэтлээ хөгжсөн гэж үү” гээд гайхацгаасан. Тэдний андуурлыг Ж.Ойлан тайлж чадахыг хараад би кураторынх нь хувьд магнай хагарах шахсан. 

-Монголын дүрслэх урлагийн хүрээнд ажиллахад сорилт болдог зүйл юу вэ?

-Нийгмийг сайн сайхан руу түлхдэг гол хүч бол сонгодог урлаг, дуурь, балет, уран зураг, баримал. Дүрслэх урлагийг хөгжүүлэх төрийн бодлого, алсын хараа алга гэж би дээр бас хэлсэн шүү дээ. Оройн дээд байгууллага нь ч алга. Урчуудын эвлэлийн хороо цагтаа Хөдөлмөрийн баатар, ардын зураач, Төрийн шагналт Н.Цүлтэмээр удирдуулж, яамны хэмжээнд академик түвшинд ажиллаж байсан. Шүүмжилье гэвэл улс төрийн суртал ухуулгын даалгавар авч ажиллаж байсан ч ахмад уран бүтээлчид маань социалист нийгэмдээ гайхалтай сайн ажиллажээ. Тэд ажлаа алсын хараатай бодлогоор хийдэг, уран бүтээлчдийг урамшуулан сайшаадаг, идэвхжүүлэн нэгтгэдэг аймаг, хот бүрт сүлжээ бүхий байгууллагатай байсандаа өнөөгийн монголчуудад дүрслэх урлагийн өв уламжлалаа, мөн боловсон хүчнээ үлдээсэн байгаа юм. Одоо бол систем алдагдаад, түвшин нь жижгэрчихсэн. Соёлын яамны харьяа дүрслэх урлагийн сургууль нь байлаа. Шаазангийн үйлдвэр, гар урлалын үйлдвэрүүд ажиллаж, айл гэрт урлагийн бүтээлүүдийг хүргэдэг байлаа. Одоо тийм боловсон хүчний бодлого нь ч, үйлдвэрүүд нь ч алга. 2017 онд МУЭХ-ны 75 жилийн ойг тэмдэглэх ажлын продюсерээр ажиллахдаа Ерөнхийлөгч, Шадар сайд, Боловсролын сайдтай уулзаж, бид мэргэжлийн сургуулиа СУИС-ийн харьяаллаас гаргах, Үндэсний Уран зургийн академи байгуулах, гадаадын нэр хүндтэй шагнал хүртсэн уран бүтээлчдээ үнэлдэг системтэй болох, Монгол Улсад тогтмол зохион байгуулдаг олон улсын биеннальтай болох зэрэг дүрслэх урлагийн салбарын цаашдын хөгжилд нэн чухал хэдэн алхам хийж дэмжихийг санал болгосон. Засгийн газар Чингис хааны музей, Их хаадын музей, дараа нь Байгалийн түүхийн музей байгуулах шийдвэр гаргасныг би дүрслэх урлагийн салбарт ирэх том хөрөнгө оруулалт, уран бүтээлчдийн хувьд том боломж гэж дээр хэллээ л дээ. Одоо эдгээр төслийг амжилттай хэрэгжүүлье гэхэд л бидэнд урчуудаа нэгтгэсэн нэгдсэн бодлоготой систем, академи дутагдаж байна шүү дээ. 

-Уран бүтээлчид Таны яриад байгаа тэр нэгдсэн бодлоготой систем, оройн дээд байгууллага гэдгийг хүсэмжилж үгүйлдэг юм болов уу. Харин ч хайрцаг саванд барих гэлээ гэж дургүйцэж мэдэх биш үү?

-Зах зээлд гарчихсан уран бүтээлч бол хэний ч тусламж дэмжлэггүй ажиллаад явчихдаг. Миний хэлэх гээд байгаа зүйл бол, хайран сайхан эгэл авьяастнууд бүтээл хийхгүй үлдчих гээд байна шүү дээ. Монголд дүрслэх урлагийг хөгжүүлэх бодлоготой байгууллага, академи байвал нийгмийн захиалгыг тэр Дорж, тэр Дулмаа гэдэг уран бүтээлчид олж өгөх, музейтэй нь холбох координатор болох учиртай юм. Жишээ нь, одоо Чингис хааны музейн гол үзмэр болох их хааны хөргийг хэн зурах вэ? Монголын энэ цагийн хөрөг зургийн нэрт мастер, соёлын гавьяат зүтгэлтэн Н.Орхонд л зурах хүсэлт, урилгаа өгөх ёстой, академи байж гэмээнэ. Тэрнээс биш Чингис хааны хөргийг хэн зурах юм бол доо гэдэг тендер зарлах нь буруу байхгүй юу. Чингис хааны хөргийг бүтээх үйл явц өөрөө түүх болно. Тэр түүхийг бүрнээ хүлээн зөвшөөрөгдсөн зураач туурвиж байж жинхэнэ хөрөг, жинхэнэ түүх болно шүү дээ. 

-Монгол Улс үндэсний чинээлэг хөрөнгөтнүүдтэй болж буйг гэрчлэх нэг элемент нь уран зураг, баримал болж байх шиг. Ханандаа сайхан зураг өлгөж таашаах, эсвэл ингэж элит болж харагдах хуурамч хүсэл хоёрын дунд хэр их зааг ялгаа байдаг юм бол?

-Уран зураг гэдэг өөрөө том соёл шүү дээ. Зураг хараад нэг ч гэсэн хүн гийж л байвал болж байна. Нэг ч гэсэн айлын босгоор уран зураг давж, хүүхдүүд нь бага балчраасаа уран зураг харж өсвөл болох нь тэр. Түүнээс биш жинхэнэ хүсэл үү, худлаа юу гэдэг тийм чухал гэж үү. Элит болж харагдахын тулд худалдан авсан уран зураг нь өөрөө соёл л юм хойно ийм үйлдлийн муу муухай бага явдал, харин гарах үр дүн нь эерэг л байж таарна. Уран зураг ойлгохгүй, зургаа уншиж мэдэхгүй ч гэсэн зураг хожим үнэ цэнээ алдахгүй хөрөнгө болдог юм байна гэх гагц бодлоор худалдаж авах хүн кураторын зөвлөгөөг сонсож, дүрслэх урлагт хөрөнгө оруулбал бас сайн л үйл. Уран бүтээлч бид нийгмээ соён гэгээрүүлэхийн тулд сайн ажиллах үүрэгтэй. Хүүхдүүдээ багаас нь урлагт дуртай болгох, соёлыг бодлогоор нийгэмдээ түгээмээр байна. Цэцэрлэг, сургуулийн хөтөлбөрт үндэсний ёс заншил, өв уламжлалыг соёлоор, урлагаар таниулж өгмөөр байна шүү дээ. Социализмын үед ил захидлын нүүрнээс хүртэл монголчууд үндэсний урчуудынхаа бүтээлтэй танилцдаг, Я.Үржнээ гуайн, Д.Амгалан гуайн зургуудыг мэдэхгүй хүнгүй л соёлтой байлаа шүү дээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
5
0
0
0
1
6