Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Энэ дэлхий дээр илүү олон эрдэмтэн эмэгтэйчүүд хэрэгтэйг батлах 10 баримт


Өнөөдөр шинжлэх ухааны салбарт ажилладаг охид, эмэгтэйчүүдийн олон улсын өдөр. Нэг үгээр хэлбэл эрдэмтэн эмэгтэйчүүдийн өдөр юм. 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаас жил бүрийн хоёрдугаар сарын 11-нд энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоол гаргаснаар энэ жил 6 дахь удаагаа тэмдэглэж буй билээ. 2021 оны энэ өдрийг Ковидтой тэмцэхэд тэргүүн эгнээнд ажиллаж буй эрдэмтэн, судлаач эмэгтэйчүүдийг дэмжихэд чиглэн тэмдэглэхээр онцолжээ. 

Дэлхий даяарх нийт эрдэмтэн судлаачдын 30 хүрэхгүй хувийг эмэгтэйчүүд эзэлж буй нь энэ өргөн салбарт хүйсийн тэнцвэрт байдлыг хангах хэрэгцээ, шаардлага өндөр болохыг харуулж буй. Монголд л гэхэд Шинжлэх ухааны академийн 59 гишүүний 3 нь эмэгтэй хүн байна.

 Хүн бид хүйс хамаарахгүйгээр шинжлэх ухааны ашиг тусыг хүртэж, эцсийн хүлээн авагч нь болдог. Тиймээс үүнийг бүтээж буй тархи оюун, зүрх сэтгэл мөн адил хүйсийн хамааралгүй, эн тэнцүү оролцоотой байх нь зүй. Ингээд дэлхий дээр эмэгтэй эрдэмтэд илүү олон байх хэрэгтэй гэдгийг батлах 10 баримттай танилцана уу. 

1. Охид шинжлэх ухааныг дурлан судлах нь хөвгүүдтэй ижил боловч...

Стэнфордын их сургуулийн сэтгэл зүйч Жеймс Гросс өөрийн 13 настай охиноо математик, байгалийн шинжлэх ухаанд ямар дуртай, авьяастай болохыг ажиглажээ. Тэрээр өөрийн мэргэжлийн дагуу ажиглалт хийж, түүнээ тэмдэглэхдээ “Охин минь одоогоор дур сонирхолтой зүйлээ судлаж, түүндээ сэтгэл хангалуун байна. Ангийнхаа хоёр хөвгүүнтэй хамт хичээлээс гадуур төрөл бүрийн төсөл туршилт хийж, авьяаслаг эрдэмтэн болох магадлалтай гэдэг нь харагдаж байна. Гэхдээ хоёр жилийн дараа гэхэд эмэгтэй хүн шинжлэх ухаан судлах нь тийм ч түгээмэл биш гэдгийг анзаарч эхэлмэгцээ, тэр энэхүү мэдлэгийн салбарт ганцаардаж эхлэх болно. Ингэснээр тэр хэр их амжилтанд хүрч чадахаа ч мэдээгүй байхдаа цаашдын амьдралдаа хийх сонголт боломжуудаа хумиж эхлэнэ” гэжээ. Энэ бол эрдэмтэн эмэгтэйчүүдийн тоо яагаад бага байдгийн томоохон шалтгаан юм. 

2. Шинжлэх ухааны байгууллагууд эмэгтэй эрдэмтэд ажиллуулахыг хүсдэг, гэвч...

Эмэгтэйчүүдийг ажилд авахыг олон институциуд хүсдэг л дээ. Гэхдээ нийгэм соёлын уламжлалт хүчин зүйлүүд садаа болдог. Охидод багаас нь хүйсийн ялгаварлалд тулгуурласан шинжтэй чиглэл, мэргэжлүүдийг санал болгохоос өгсүүлээд эрчүүд ихтэй ажлын орчинд бэлгийн дарамтанд өртөх эрсдэл, за тэгээд биологийн жам ёсоороо хүүхэд тээж төрүүлэхэд карьерт нь завсарлага ирдэг гэхчлэн олон шалтгаан бий. Энэхүү олон давааг амжилттай давлаа ч эрчүүд давамгай энэ салбарт удирдагч болж, карьерын шатаа ахиулахад бэрхшээлтэй. 

3. Агуу нээлт, тооцооллуудыг хийсэн эмэгтэйчүүд хэчнээн их гээч

                                                                                                                              Мари Кюри, Лизе Мейтнер

Шинжлэх ухааны сод авьяас, залуу охид, эмэгтэйчүүдийн үлгэр жишээ, Нобелийн хоёр удаагийн шагналт Мари Кюрийгээс авахуулаад маш олон бүсгүйчүүд энэ салбарт гайхалтай амжилт гаргасан байдаг. Зарим нь зүгээр л нэр нь дурдагдалгүй өнгөрсөн нь ч бий. Атомын задралаас үүсэх энергийн хэмжээг тооцоолон гаргаж, цөмийн шинжлэх ухаанд агуу нээлт хийсэн Герман эрдэмтэн Лизе Мейтнерт л гэхэд зохих нэр хүндийг олголгүй, хамтран зүтгэгч эрдэмтэн эр Отто Ханнд Нобелийн шагнал олгосон байдаг. Гэсэн ч охид эмэгтэйчүүдийн шинжлэх ухааны авьяас чадвар хоргодох нь үгүй юм. Орчин цагт молекул биологи, невробиологи, генийн шинжлэх ухаан, одон орон судлал, астрофизик зэрэг салбаруудыг өнгөлж буй эмэгтэй эрдэмтэд олон байна. 

4. Монгол охид, эмэгтэйчүүд ч амжилт гаргасаар байна

                                                                                                                               Д.Хонгорзул, Б.Дэлгэрбат

Шилдэг эмэгтэй судлаачдад олгодог “OWSD-Elsevier Foundation Award” буюу Дэлхийн хөгжиж буй орнуудын эмэгтэй судлаачдын байгууллагын шагналын эзнээр энэ жил монгол математикч бүсгүй Д.Хонгорзул тодорсон. Тэрээр шинжлэх ухаан, инженерийн салбарын хэрэглээний болон онолын математикийн салбар болох бутархай дифференциал тэгшитгэлийг судалдаг эрдэмтэн юм. Мөн Австралийн Аустек эмнэлзүйн лабораторийн мэргэжилтэн, микробиологич, биотехнологич элэгний тѳвийн эрдэмтэн, судлаач монгол бүсгүй Б.Дэлгэрбатыг дурдаж болно. 

5. Шинжлэх ухааны салбарт эрчүүд давамгайлснаар ямар уршигтай вэ?

Зүрхний, даралтны, нойрны олон төрлийн эмийг шинжлэх ухаан эрэгтэй хүний бие махбодод тааруулан бүтээсэн гэдгээ сүүлийн жилүүдэд л мэдэж, эмийн тун, найрлагыг эмэгтэй хүнд зориулж өөрчилж эхэлсэн. Яагаад гээч? Яагаад гэвэл эрчүүд давамгай шинжлэх ухааны салбарт судалгаа шинжилгээгээ хүртэл эр хүний бие махбодийн онцлогт тааруулан хийж, тэр бүү хэл лабораторийн харх хүртэл дийлэнх нь эр харх байдаг байна. Эмэгтэй хүний болон эмэгчин амьтны дааврын өөрчлөлт, түүнээс үүдэх үр дагавар өөр байхыг шинжлэх ухаан системтэйгээр тооцоолдоггүй гэсэн үг. Энэ нь санаатай хэрэг биш, зүгээр л судалгаа шинжилгээний ажилд хүйсийн тэнцвэрт байдлыг эрхэмлэх зан үйл төлөвшөөгүйд буй юм. 

6. Үүнээс үүдэн хүний олон хэрэгцээ дундаж эр хүнд зориулсан стандартаар бүтээгдсэн

Өдөр тутмын олон олон хэрэгцээ эрчүүдийн стандартаар загварчлагдсанаар энэ дэлхийд эмэгтэй хүмүүст зориулагдаагүй зүйлс олон болсон. Инженерчлэлд эрчүүдийн сэтгэхүй давамгайлснаар наад зах нь автомашины суудлын бүс, хамгаалалтын дэр хүртэл дундаж эр хүний анатомид тохирч, жижиг биетэй, жирэмсэн эмэгтэйчүүдийг хамгаалж чадах магадлал нь буурч ирэх жишээтэй. Таны ажилладаг оффисын өрөөний температур хүртэл эрэгтэй хүний биеийн дулааны хэмжигдэхүүнд зохицсон байдаг гэвэл та итгэх үү? За тэгээд л хөдөлмөрийн багаж зэвсгүүд аль ч хүйст тохирсон эргономик шийдэлтэй байхаас илүү эрчүүдэд тохирсон хүнд, хатуу байх нь элбэг. Гэтэл эмэгтэй зохион бүтээгчид, инженерүүд ажилладаг салбарын инноваци маш ухаалаг, хүйсээс хамаарахгүй хэн бүхэнд тохирсон байдаг нь гайхалтай. 

7. Шинжлэх ухааны салбарт хүйсийн тэнцвэрт байдал яагаад хэрэгтэй вэ?

Мэдээж дээр дурдсан бэрхшээлүүд цөөрч, хүмүүсийн амьдралын чанар дээшилнэ. Түүнээс гадна эрчүүдийн олж хараагүй маш олон мэдлэгийн салбарыг эмэгтэйчүүд олж харж, шинжлэх ухааны ололт амжилт өргөжинө. Үүнийг олон салбарын амжилт баталж байна. Биологи, анагаах ухаан, түүх, примат судлал гээд л охид, эмэгтэйчүүдийн оролцоо шууд нэмэгдснээр гайхалтай хөгжсөн салбарууд бий. Хүний генийн бүтцийг судалдаг геномын салбар гэхэд л эмэгтэй эрдэмтэд олширсноор бүтээлч байдал, судалгааны хөгжил, инновацийн ололт нь түргэн хугацаанд өссөн тод жишээ юм. 

8. Эмэгтэйчүүдийн оролцоо, эдийн засгийн ашигт үйл хоёр шууд хамааралтай

Колумбын их сургууль, Голдман Сакс нарын хамтарсан судалгаагаар эмэгтэй ажилтан олонтой компаниуд зах зээл дээрх өрсөлдөгчдөө эдийн засгийн үр ашгаараа тэргүүлж байдаг сонирхолтой үр дүн гарчээ. Мөн эмэгтэйчүүд нийтийн эрх ашигт анхаарал хандуулж, тэгш хамруулах тал дээр маш чадамгай бол эрчүүд ямарваа зүйлийн гүйцэтгэлийг сайн хийхэд чиглэсэн сэтгэхүйтэй байдаг тул эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх тусам асар их эерэг үр дүн гардаг тухай Стэнфордын сэтгэл судлаачид өгүүлжээ. 

9. Интернэт ертөнц эрчүүдийн бичсэн кодоор тодорхойлогдож байна

Интернэт ертөнцийг эрчүүд дангаараа бүтээж байна. “Bro-coding” буюу код бичих эрчүүдийн аргачлалаар бүхий л интернэт харилцаа сүндэрлэж байна. Ингэснээр наад зах нь бидний өдөр тутмын хэрэглээ болсон сошиал платформууд нийгмийн олон талт, онцлог шинжийг үйл ажиллагаандаа үл тусгаж, нас, хүйсийн болон бэлгийн өвөрмөц шинжтэй нийгмийн бүлгүүдийг хаалганы гадна үлдээх зэрэг үзэгдлүүд гарсаар байна. 

10. Илүү сайхан дэлхий ертөнц- илүү олон эмэгтэй эрдэмтэд

Бидэнд зоригтой, авьяастай охид байна. Одоо тэднийг гэр бүлийн хүрээнд, ажлын орчны хүрээнд, институцийн бодлогын хүрээнд дэмжих хэрэгтэй. Тэдний авьяас чадварыг бүрэн гүйцэд хөгжүүлэн, ашиглахын тулд тэднийг удирдах шатанд ажиллуулах хэрэгтэй. Шалтгаан нь маш энгийн. Ерөөсөө л илүү сайн сайхан дэлхий ертөнцийг бүтээхийн тулд. 

Энэхүү нийтлэлийг Монгол дахь НҮБ-тай хамтран бэлтгэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.