Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

UB.LIFE-ийн хайрын түүхүүд | Хайр гэж юу вэ?


 Хайр гэж нүдэнд харагдах юу ч үгүй атлаа хэмжээлшгүй том утга агуулга бүхий хязгааргүй эзлэхүүн байх агаад үүн дотор ертөнцийн 7 тэрбум хүний 7 тэрбум түүх, 7 тэрбум мэдрэмж багтах нь гайхалтай. Эдгээр мэдрэмжүүд бүгд үнэн байх бөгөөд, түүх хэрхэн төгсөхөөс үл хамааран хайр гэдэг нь эцсийн эцэст хүн төрөлхтний үнэ цэн, мөн чанарыг улам дээш өргөж, биднийг ямар ч тохиолдолд өчигдрийнхөөсөө илүү сайн нэгэн болгон өөрчилж, утга учрыг эргэцүүлэхэд хөтөлдөг хамгийн унтаршгүй итгэл найдвар мэт. 

Энэ гайхалтай мөртлөө ээдрээтэй зүйлтэй учирсан таны түүх ямар вэ? Та хэзээ, амьдралынхаа ямар шатан дээр үүнтэй учирч, одоо аль гишгүүр дээр зогсож байна вэ? Дурлалт хосуудын баярын өдрөөр хүндэт уншигчидтайгаа хуваалцах хайрын түүхүүдээ UB.LIFE зэхлээ.

Ц.Ариунаа: “Хамт байх ёстой хүмүүс бол юуг ч даваад гардаг. Тийм үйлийн үр үгүй бол алтаар гагнаад ч нэмэргүй”

Бямба бид хоёр 33 жил хамт байгаа юм байна шүү. Энэ тоог урд нь хэзээ ч гаргаж байгаагүй бөгөөд хэдхээн жилийн өмнө учирсан юм шиг л санагдаж байна. Энэ он жилүүдэд хамтдаа байхад нөлөөлсөн чухал зүйл хэн хэний маань хошин шогийн мэдрэмж юм уу гэж санагдана. Бие биенээ үргэлжид шоглож “явуулан”, элдэв инээдтэй нэр хоч өгдөг нь хөгжилтэй байдаг юм. Бодвол хөгжилтэй үе нь хөгжилгүй үеээсээ арай их болохоор л хамт байгаад байдаг байх. Би Бямбад Дарамбазар, ТТ - Талын Тарковский (сайхан зантай үедээ), Тэвчишгүй тэнэг (муухай зантай үедээ), Норовын намтар гэх мэт олон нэр хайрласан. Тэр ч бас дутахгүй, сайхан зантай үедээ намайг багадаа их хайртай байгаад бухалд ороод бүтэж үхсэн ишигнийхээ нэрээр Зу-Зу, Борной гэж дуудна. Ааш нь хөдлөхөөрөө Ариунаа болно доо. 

Бямба угийн дуу цөөтэй хүн, өөрийгөө саяхан ‘’ажиглагч’’ гэж тодорхойлсон. Анх танилцах үед бид хамтдаа нэг кино төсөл дээр ажиллаж таарсан юм. Тэр дассан сурсанаараа хүнд ‘харагдахгүй’ ажиглаад л яваад байсан байна лээ. Тэгээд намайг яагаад өөрийг нь “ажиглахгүй” байна вэ гэж гайхсан гэсэн. Нэг өндөр, аятайхан залуу, шал хэлгий, намуухан хоолойгоор нэг их этгээд асуултыг олон хүний дунд гэнэт асуусан юм даг. Тэгээд би ийм асуулт асуудаг энэ ямар хүн бэ гээд л анх анзаарсан.  Ярих завшаан гарч, сүүлд уншсан таалагддаг номынхоо тухай ярьсан чинь бид хоёулаа М.Булгаковын “Мастер Маргарита хоёр”-т дуртай байж таарав. Гэхдээ би их өнгөцхөн уншсан байхад миний харсан өнцгөөс бүүр илүү нарийн мэдэрч уншсан байсан нь надад их таалагдаж билээ. Ямар ч ном, кино ярьсан яг л нэг зүгийн үзэл бодолтой байсан нь намайг алмайруулж орхисон. Өөрийнхөө нөгөө талтай уулзсан гэдгээ тэгэхэд шууд л ойлгосон доо. 

Хамт амьдарч эхэлсэн эхний жилүүдэд өөр өөрсдийхөө орон зай “эго”-ныхоо бүрэн бүтэн байдлын төлөө зөрчилдөх үе мундахгүй. Хэчнээн үнэт зүйлс, гоо зүй, амьдралын хэв маяг, хүмүүжлийн хувьд ижил төстэй зүйл ихтэй ч, эр эм хоёр хүн чинь шал өөр хоёр хүйс, бие физиологи, эрхэмлэх зүйлсийн эрэмбэ дараалалтай. Дээр нь аль аль нь хийж бүтээх нийгмийн болон хувь заяаны тодорхой захиалгатай байхад дундын газар нутгийнхаа хил хязгаар, тэгийг татахад маш их ур чадвар, ухаан, тэвчээр, итгэл, золиос хэрэгтэй гэдгийг ойлгосон. Гэвч эцсийн эцэст хамт байх ёстой хүмүүс бол юуг ч даваад л гардаг. Тийм үйлийн үр үгүй бол алтаар гагнаад ч нэмэргүй. 

Ер нь хоёр хүний цуг байхын хамгийн чухал зүйл бол хамтдаа ахуй амьдрал, оюун санаа, үзэл бодлоороо байнга дээш чиглэх хөдөлгөөнтэй, хувиран өөрчлөгдөх чадвар гэж би боддог. Хэн нэг нь илүү, нөгөөдөх нь шимэгч юм уу, эсвэл гал тогооны ерөнхий менежер хийж амьдралаа золиослох шаардлагагүй.

Хүмүүсийн бие махбодийн сонирхол дуусахад, итгэл үнэмшлээрээ  цуг үлдэж чадаж байвал тэр бол хайр. Хүмүүс заримдаа хайр, секс хоёрыг нэг дор тавьж, андуураад байдаг шүү дээ. Нөгөө талаас хайр бол олон жилийн оюуны болон цаг хугацааны “хөрөнгө оруулалт” ба түүний харилцааг зохицуулах бичигдээгүй гэрээ. Зөвхөн нэг нь хайраа өгөөд нөгөө нь аваад л явна гэж байхгүй. Бие биендээ хамгийн их хэрэгтэй зүйлийг нь мэдэж авах, харамгүй өгөх ба “гэрээндээ” хүлээсэн үүрэгтээ үнэнч байх. Энэ их амархан юм шиг мөртлөө хэцүү ажил. Гэхдээ бага багаар хийгээд дадал болгочихвол хайрын дугуй өөрөө л нэг өдөр эргэлдээд эхлэнэ.  

Г.Удвал: “Аливаа зүйлийг хамт туулснаар бидний дунд үүсэж байгаа итгэлцэл, хариуцлага, үгээр илэрхийлж чадахгүй байгаа тэр зүйлс бол хайр”

6 жилийн өмнө оюутан болоод МУИС дээр хувиараа авах гээд дугаарлаж зогсохдоо бид анх бие биенээ харж байсан юм. Тэр үед нөхөр маань намайг хараад, танилцахыг хүссэн ч чадалгүй өнгөрч, дахиж тааралдалгүй нэг жил өнгөрч. Харин би тэгэхэд “энэ залуу юугаа хараад байгаа юм бол оо” гэж бодож өнгөрснөө санадаг. Дараа жил нь хичээл эхлэхэд бид өдөр бүр тааралдаж, нэгнээ харж, зөрж өнгөрсөөр, хавар нь нэг өдөр сургуулийн хонгилд алхаж байтал тэр араас гүйж ирж, гараас татан танилцахыг  хүссэн юм. Тэгж биеэрээ ирж танилцсанд, сошиал медиагаар ‘Hi taniltsay’ гэж бичээгүйд баярладаг шүү бурхан минь. 

Үерхэж эхэлснээс хойш бидэнд тулгарах бэрхшээл зөндөө л байсан. Эцсийн эцэст хамт байхын тулд хүн өөрсдийнхөө болон бие биенийхээ алдаа дутагдалтай “тэмцэж, бие биенийхээ төлөө улам хичээж, бууж өгөхгүй тэвчээртэй байж чаддаг юм билээ. Танилцсан эхний өдрөөс л тэр бүхэн эхэлдэг. Одоо ч үргэлжилж байна. Ерөөсөө л хайр гэдэг хоёр хүн тасралтгүй суралцаж, хөгжих урт хугацааны үйл явц юм уу даа. 

Би нөхрийнхөө зоригтой, үнэнч, миний төлөө зогсолтгүй урагшилж, чадах бүхнээ хийж, надад хүрэх гэж өдөр бүр тэмүүлж байдагт нь маш их хайртай. Хамгийн чухал нь цаг хугацаа өнгөрсөн ч анх байсан тэр л хэвэндээ бат байдагт нь үргэлж талархдаг. 

Би бие давхар болж, амаржих болоход төрөх орон дээр гарчихаад буруу дүлээд болж өгдөггүй. Олон бүтэлгүй дүлэлт хийж өөрөөрөө төрнө гэсэн итгэлээ алдан, цөхөрч байтал тэр минь ‘хүүхдийн толгой бараг л гараад ирлээ, дахиад жаахан хичээгээрэй’ гээд нулимстай хэлэх тэр мөчид надад “Би яадаг ч байсан энэ хүний хүүхдийг төрүүлж өгөх ёстой юм байна, би чадна” гэсэн бодол төрсөн юм. Тэгэхэд энэ залууд ямар их хайртайгаа мэдэрсэн билээ. 

Бид хоёр ер нь нэлээн дэггүй, хамт хачин сонин, солиотой гэмээр зүйлс их хийдэг л дээ. Тэдэн дундаас амьдралдаа бидэнд тохиолдоно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй хамгийн инээдтэй зүйл нь хамтдаа хэсэг хүмүүстэй зодолдсон явдал. Бид хоёрт хамт л байвал ер нь бүх зүйл хөгжилтэй болж хувирдаг. Ямар ч утгагүй тэнэг зүйл ч инээдтэй болчихдог. Тэр өдөр хоёулаа зодуулаад, нөхрийн маань хамар хугараад, маргааш нь хамрыг нь тэгшлүүлэх гэж аймар царайтай хоёр хүн өдөржин эмнэлгээр явж билээ. Бодохоос инээдтэй. 

Хүн бүрийн зүрх сэтгэлдээ мэдэрсэн онцгой, нандин бүхэн хайр мөн. Бид хоёрын хувьд бол аливаа зүйлийг хамт туулахад бидний дунд үүсэж байгаа тэр мэдрэмж, тэр хариуцлага, тэр нэг үгээр илэрхийлж чадахгүй байгаа тэр зүйлс. Бас анх удаа хайртай гэдэг үгийг өөрөө ч гүйцэд ойлголгүйгээр хэлчихээд тэр үгэндээ эзэн болох гэж хичээж яваа бидний хичээл зүтгэл. 

Д.Төртүших: “Хүн бүр хайр дурлалтай учраад яаж төгсөхийг нь мэдэхгүйгээр, нүдээ аниад л нэгэн том давааны өмнө хөтлөлцөн зогсдог”

 

10 жилийн өмнө, өвлийн нэгэн хүйтэн үдэш сургуулийн номын санчийн ширээн дээрээс чиний картан дээрх зургийг харж, утасны дугаарыг чинь цээжилж авснаар бидний түүх эхэлж билээ. Энгийн даруухан тэр охин сэтгэлийг минь шууд татаж, анхны болзоогоороо кино үзсэн тэр өдөр чиний холоос алхан ирж явсан дүр төрхийг би одоо ч тод санаж байна. Түүнээс хойшхи энэ 10 жилд бид их зүйл тууллаа. Холоос хоёр биенээ санаж, хүрээд очиж чадахгүйн зовлонг ч эдэлж үзлээ. Гэвч хол байх бүхий л хугацаанд чи миний бодлоос огт гараагүй, сэтгэлээс ямх ч холдоогүй ээ...

Хүн бүр хайр дурлалтай учраад, хэрхэн өрнөх, яаж төгсөхийг нь мэдэхгүйгээр, нүдээ аниад л нэгэн том давааны өмнө хөтлөлцөн зогсдог. Энэ давааг хамт туулахаар шулуудаж, саад бэрхшээлийн өмнө бие биенээ түшиж, тулж, хамгийн гайхалтай сайхан дурсамжуудыг хамтдаа бүтээж, эцэг эх болох нандин мөчийг бэлэглэсэн чамдаа баярлалаа. 

Миний бодлоор хайр гэдэг нь үргэлжийн тогтвортой нэг төлөв биш, эхэндээ оргилон буцалж байгаад цаг хугацааны эрхээр, он жилийн уртад өөрчлөгдөн хувирч, олон сорилт бэрхшээлтэй тулгардаг зүйл юм болов уу.  Анх төрдөг байсан догдлол, мэдрэмжүүд хуучирч, хувь хувьдаа эзлэх орон зай томорч, хамтын орон зай багасаж гэхчлэн цаг явах тусам хайранд арчилгаа, тордолгоо, усалгаа, хичээл зүтгэл улам их хэрэгтэй болдог шиг. Амьдрал гэдэг мөнхийн хөдөлгөөн, улиран өнгөрөх цаг хормууд дунд хүн ч гэсэн өөрчлөгдөж, мэдрэмжүүд өөрчлөгддөг нь үнэндээ тийм ч нууц зүйл биш шүү дээ. Гагцхүү тэр бүх өөрчлөлттэй хамт хайрыг зөнд нь хаяж болохгүй мэт. 

Зарим хүмүүс ирээдүйнхээ төлөө хэмээн өдөр шөнөгүй ажиллаж, хөдөлмөрлөж, он жилийн туршид хичээсээр амжилтанд хүрдэг боловч эргээд харахад өөрсдийгөө алдсан байдаг. Бие биенийхээ төлөө гэж бодож явсан боловч хаана ч юм зай завсар гарч, түүгээр нь хүйтэн агаар сийгсэн байдаг. Энэ бүхнийг эн тэнцүү тордон амьдрах ухаан бүх хүнд заяаж чаддаг болов уу? Гэвч бид эцсээ хүртэл хичээх ёстой юм. 

Өнгөрсөн хугацаанд бүх л чадлаараа хичэээсэн чамдаа дахин баярлалаа. Хэрэв надад ямар нэг амжилт, ололт бий бол тэр бүхэн чиний гавьяа юм шүү. Чамдаа Валентины баярын мэнд хүргэе!

М.Энхмаа: “Хайр гэдэг биестээ итгэх итгэл, бие биенийхээ хувь хүн гэдгийг ойлгон харилцах хүндлэл”

Нэг шөнө би ингэж зүүдэлсэн юм. Зүүдэнд минь нэгэн хархүү намайг хөтлөн явах бөгөөд бид хоёрын ард цэнхэр өнгийн гэрлээр чимсэн томоос том алсыг харагч “London Eye” харагдаад л...

Арван жилийн өмнө би Лондонд сургуулиа төгсөөд удаагүй байсан үе юм. Визээ сунгуулах хүсэлтээ мэдүүлчихсэн байсан тул ажил олж хийхээр шийдэж, хотын баруун захын үйлчилгээний газруудаар анкетаа өгч явангаа найзтайгаа хамт “Noodle shop”-д хоол идэв. Хооллоод гарахдаа зүгээр гарсангүй, анкетаа үлдээгээд гарлаа. Хэдэн өдрийн дараа өнөөх газраас залгаснаар ажилтай золгов оо. Ажлын анхны өдөр тэр өдрийн ээлжийн ахлагч залуу намайг хүлээж авлаа. Өөрийнхөөрөө, захирангуйдуу, нэлээн шударга, түс тас залуу байсан учир нэг ээлжинд гарахдаа би тийм ч дуртай байдаггүй байлаа. Гэтэл нэг орой ажлынхнаараа хоолонд гарах болтол бүгд шалтаг тоочин явснаар бид хоёр үлдэж, санаандгүй дотносох шалтгаан болсон юм. Ингээд л өнөөдөр өнөөх “захирангуй” гээд дургүй байсан залуутайгаа нэг тогоонд хошуу холбоод сууж байна даа. 

Лондон гэж аварга том хотын баруун захад ажиллана гэж бодож, ажил хайж явсан би санамсаргүй хотын төв дэх "London Eye"-ийн хажуухан дахь ресторанд ажилд орж, түүнтэйгээ учран, дараа нь мөн л "London Eye"- ийн хажуухан байранд дэр нэгтгэн айл болсон нь өнөөх зүүдэнд минь хөтлөн явсан залуугаа олсондоо бат итгэх учиг болж билээ. 

Нөхөр минь Итали хүн. Бид хоёр үерхэж эхлэхэд соёлын ялгаа зөрөөнөөс авахуулаад олон өөр зүйлc байсан. Гэхдээ хэцүү байна гэж бодохоос илүү бие биенээсээ суралцах боломж гэж хардаг байлаа. Аз болж ертөнцийг үзэх үзэл, юмсыг харах өнцөг төстэй болохоор амьдрал дээр бодит бэрхшээл харьцангуй бага тулгарсан. Италичуудын гэр бүлсэг, халуун ам бүлээрээ байх дуртай, өдөр оройн хоолоо заавал ширээ тойрч суугаад хамтдаа иддэг, ажлаасаа ирж амжихгүй нь заавал утасдаж хэлдэг гэх мэт сайхан чанарууд надад их таалагддаг юм. Тийм соёлоор хүмүүжсэн залуутай хамт амьдрахад хүний нутагт байгаа надад түшиг тулгууртай байдаг байлаа. 

Анх эх орноосоо явахдаа удахгүй буцаж ирж, Монголдоо амьдарна гэж бодсоор ниссэн боловч хувь тавилангийн эргүүлгээр гэх үү энэ бүхэн өөрчлөгджээ. Гэвч бид бүл нэмэн гурвуулаа болж, хөөрхөн охинтой болсон тул энэ л амьдралдаа талархаж явахаас аргагүй ээ. 

Одоо 10 жилийн дараа, хамтдаа бүтээсэн бүхнээсээ үндэслэн дүгнэхэд хайр гэдэг бол бие биедээ итгэх итгэл, биенийхээ хувийн орон зайг хүндлэх хүндлэл, биенийхээ хувь хүн гэдгийг ойлгон харилцаж, байгаагаар нь хайрлах, жаргал зовлон алинд ч хамт байх, хамтдаа өөдөө дээшээ тэмүүлэх хичээл зүтгэл юм уу даа. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
2
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
3
2023.06.30
UB.LIFE-ийн түүхүүд: Эрчүүд, хөвгүүд сэтгэлийн үгээ дайсан нь
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Maral 2021.02.14 172.69.252.145

<3<3<3<3<3<3<3<3<3<3

0 Хариулах


Bishrel 2021.02.14 172.69.252.151

❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️

0 Хариулах